Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/364

 

2023          10             17                                  2023/ШЦТ/364

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х,      

улсын яллагч Г.А,

шүүгдэгч М.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч М.М-д холбогдох эрүүгийн 2309000000503 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, М.М

Шүүгдэгч М.М нь;

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн харъяа Биеийн тамирын сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр суралцаж, төгсөөгүй атлаа,

Биеийн тамирын багш мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй, 2019 онд төгссөн гэх D дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багшаар томилогдож 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч М.М “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Л.О “...М.М 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ажилд орсон, манай сургууль сонгон шалгаруулалт зарлаж, шалгаруулалтаар авсан. ...маш сайн мэдлэгтэй, ажил мэргэжилдээ их дуртай багш нарын маань нэг байгаа юм. Мөнх-Эрдэнэ ажиллаж байх хугацаандаа хүүхдүүддээ эрдэм мэдлэгээ харамгүй хайрлаж, сурагч нараа тэмцээн уралдаан болон дээд байгууллагаас ирэх шалгалтад амжилттай оролцуулж байсан болохоор сургуулийн зүгээс болон миний зүгээс гомдол, санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 111-112 дахь тал/,

хохирогч Г.О “...Боловсролын яамны зүгээс гол баримталж байгаа зүйл нь хэрэг тус бүрт зохих шатны ажиллагаа явуулж, хариуцлага тооцуулах хүсэлтэй байгаа.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 115-116 дахь тал/,

гэрч Ч.Э “...Манай байгууллагад ESIS, HEMIS гэсэн үндсэн хоёр программ ашиглагддаг, HEMIS программд бүх их, дээд сургууль төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг, харин ESIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40 дэх тал/,

гэрч А.Т “...шалгалтыг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд явуулсан. ...Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил илэрсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-48 дахь тал/,

яллагдагч М.М “...2015 онд Монгол Улсын Боловсролын их сургуульд биеийн тамирын багш мэргэжлээр суралцаж байгаад төгсөх дөрөвдүгээр курст суралцаж байхад эхнэр О амаржих болоод сургуулиасаа гарчихсан, ... 2020 онд аав Мэндбаярын төрсөн ах Зоригоо гэх хүнээс фэйсбүүкээр сургуулийн диплом гаргадаг хүний талаар мэдээд “...би Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын багшаар суралцаж байгаад сургуулиасаа гарчихсан юм, одоо үлдэгдэл кредит цагийн тооцоог хийгээд сургуулийнхаа дипломыг авч болох уу” гэхэд “болно,  төлбөр нь 3.000.000 төгрөг” гэхээр нь мөнгөө тухайн хүний хэлсэн дансанд шилжүүлж байсан. ...Улсад нийт 1 жил 7 сар ажилласан. ...Би анх диплом авч байхдаа хуурамч гэдгийг мэдээгүй, мөн биеийн тамирын багш мэргэжлээр суралцаагүй биш суралцаж байсан болохоор дипломыг жинхэнэ гэж бодоод авч ажилд орсон. ...би өөрөө сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг, мөн биеийн тамирын багш мэргэжлээр ажиллах хүсэл, зорилготой байсан учраас уг дипломыг ашигласан. Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын -- сургуульд биеийн тамирын багшаар 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. ...диплом гаргаж өгсөн хүнийг Монгол Улсын Боловсролын их сургуулийн ажилтан гэж бодсон. ...учруулсан гэх хохирлыг өөрийн ажил, хөдөлмөрөөрөө болон биеэр төлсөн гэж бодож байгаа, энэхүү хохирлыг хуулийн дагуу төлөх шийдвэр гарвал би тодорхой хэмжээний ажил, хөдөлмөр эрхэлж хохирлыг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 118-120 дахь тал/,

Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад П.Т “...Боловсрол, шинжлэх ухааны яамнаас улсын хэмжээний нийт багш нарын их, дээд сургуулийн дипломын дугаарт тулгалт хийж, хяналт, шалгалтыг зохион байгуулахад нэр бүхий багш нар нь хуурамч диплом ашиглан ажиллаж байж болзошгүй.” гэх мэдээллийг Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт /хавтаст хэргийн 11-35 дахь тал/,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/17 дугаартай тушаал /хавтаст хэргийн 68 дахь тал/,

Цэнхэр өнгийн нэг хавтастай хоёр хуудастай бичмэл баримтыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 87 дахь тал/,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 101-108 дахь тал/,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаартай тушаал /хавтаст хэргийн 121 дэх тал/,

“Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “...нийт 22.621.284 төгрөгийн цалин хөлс тооцогдож, үүнээс нийгмийн даатгалын шимтгэлд 5.429.000 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 1.707.984 төгрөгийг тус тус улсын төсөвт тушаасан. Мөн тооцоолсон цалингаас хамтын санд 206.188 төгрөг, үйлдвэрчний эвлэлд 160.000 төгрөгийг тус тус суутган, М.М гарт нийт 17.945.665 төгрөгийг олгосон байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 197-199 дэх тал/ зэрэг болно. 

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч нараас, гэрч нараас мөн М.М-эс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч М.М гэм буруутайд тооцох;

шүүгдэгч М.М нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн харъяа Биеийн тамирын сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр суралцаж, төгсөөгүй атлаа,

Биеийн тамирын багш мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй, 2019 онд төгссөн гэх D дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багшаар томилогдож 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Л.Оч “...М.М 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ажилд орсон.” гэх,

хохирогч Г.О “...Боловсролын яамны зүгээс гол баримталж байгаа зүйл нь хэрэг тус бүрт зохих шатны ажиллагаа явуулж, хариуцлага тооцуулах хүсэлтэй байгаа.” гэх,

гэрч А.Т “...шалгалтыг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 9 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд явуулсан. ...Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил илэрсэн.” гэх,

яллагдагч М.М “...2020 онд аав Мэндбаярын төрсөн ах Зоригоо гэх хүнээс фэйсбүүкээр сургуулийн диплом гаргадаг хүний талаар мэдээд “...би Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын багшаар суралцаж байгаад сургуулиасаа гарчихсан юм, одоо үлдэгдэл кредит цагийн тооцоог хийгээд сургуулийнхаа дипломыг авч болох уу” гэхэд “болно,  төлбөр нь 3.000.000 төгрөг” гэхээр нь мөнгөө тухайн хүний хэлсэн дансанд шилжүүлж байсан. ...Улсад нийт 1 жил 7 сар ажилласан. ...би өөрөө сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг, мөн биеийн тамирын багш мэргэжлээр ажиллах хүсэл, зорилготой байсан учраас уг дипломыг ашигласан. Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.” гэх мэдүүлгүүд,

Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад П.Т “...Боловсрол, шинжлэх ухааны яамнаас улсын хэмжээний нийт багш нарын их, дээд сургуулийн дипломын дугаарт тулгалт хийж, хяналт, шалгалтыг зохион байгуулахад нэр бүхий багш нар нь хуурамч диплом ашиглан ажиллаж байж болзошгүй.” гэх мэдээллийг Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хүлээн авсан тэмдэглэл,

Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/17 дугаартай, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаартай тушаалууд,

“Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “...нийт 22.621.284 төгрөгийн цалин хөлс тооцогдож, үүнээс нийгмийн даатгалын шимтгэлд 5.429.000 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 1.707.984 төгрөгийг тус тус улсын төсөвт тушаасан. Мөн тооцоолсон цалингаас хамтын санд 206.188 төгрөг, үйлдвэрчний эвлэлд 160.000 төгрөгийг тус тус суутган, М.М гарт нийт 17.945.665 төгрөгийг олгосон байна.” гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох  баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

“Боловсролын диплом” гэж их, дээд буюу тусгай мэргэжлийн сургууль төгссөн ба холбогдох мэргэжил олгосон, түүнчлэн эрдмийн зэрэг хүртээсэн тухай баримт бичгийг хэлнэ.”,  

“хуурамч болохыг мэдсээр байж” гэж баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж эрх олгуулах, үүргээс чөлөөлүүлэх, давуу байдал үүсгүүлэх, эдийн болон эдийн бус баялагийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах зорилгоор хэрэглэх.”-ийг тус тус ойлгоно.   

Шүүгдэгч М.М дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй байна.

Гэмт этгээд нэг гэмт санаа, зорилгоор нэг обьектод нэг төрлийн буюу эсвэл өөр, өөр үйлдэл хийж хоёр буюу түүнээс дээш удаа халдсан бөгөөд үйлдэл тус бүр нь гэмт хэрэг болохгүй, тэдгээр нь нийлж нэг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байхыг үргэлжилсэн үйлдэл, эс үйлдэхүй гэж ойлгох бөгөөд “хуурамч баримт бичиг ашиглах” үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль, алийг нь  агуулдаг тул шүүгдэгч М.М үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын дипломыг ... хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч М.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг “боловсролын дипломыг ... хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч М.М үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн,

шүүгдэгч М.М өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож, “...ар гэрийн ахуй амьдралыг минь харгалзан торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

          Шүүх шүүгдэгч М.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний ар гэрийн байдал, оюутан зэрэг хувийн байдлыг болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулж,

 

шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Бусад асуудал;

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч М.М нь 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын -- сургуулийн биеийн тамирын багшаар ажиллахдаа D дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлсэн тул түүний энэ хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж,

2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч М.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын дипломыг ... хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдэж эрхлэх ёсгүй албан тушаалыг хашиж, олгогдох учиргүй цалин хөлсийг орлогоор олсон тул гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзнэ.

“Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “...нийт 22.621.284 төгрөгийн цалин хөлс тооцогдож, үүнээс нийгмийн даатгалын шимтгэлд 5.429.000 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 1.707.984 төгрөгийг тус тус улсын төсөвт тушаасан. Мөн тооцоолсон цалингаас хамтын санд 206.188 төгрөг, үйлдвэрчний эвлэлд 160.000 төгрөгийг тус тус суутган, М.Мөнх-Эрдэнийн гарт нийт 17.945.665 төгрөгийг олгосон байна.” гэсэн тайлан хавтаст хэргийн 197-199 дэх талд авагдсан боловч шүүх хуралдааны үед улсын яллагч нь шүүгдэгчээс 12.645.661 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх” санал гаргасныг шүүх хүлээн авсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан D дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч М.М-г Эрүүгийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын дипломыг ... хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-г зургаан нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.М шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

          дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.М-эс 12.645.661 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан D дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэднийг хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.Э