Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2016/0125/З |
Дугаар | 613 |
Огноо | 2016-09-02 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 613
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э** б***й” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагч нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “...Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 210201529 тоот актыг өөрчилж, хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварын дүн дээр 1,018,223,028.20 төгрөг нэмж бичихийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э** б***й” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мө*****л, Т.Бу***н, хариуцагч татварын улсын байцаагч П.От******н, Р.До******н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ал******ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Жанчивдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э** б***й” ХХК-ийн гүйцэтгэх захирал Де*****в.Г.В болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мө*****л, Т.Бу***н нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Тус компани нь 2009 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2010 оны 3 сараас эхлэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн.
Манай байгууллага нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 15.1.1 “нэмэгдсэн өртгийн албан татварыг илүү төлсөн албан татвар төлөгч нь түүнийг буцаан авах хүсэлтээ татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр гаргах” гэж заасны дагуу өөрийн илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах хүсэлт гаргаж улмаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Бу***н, Ч.Эн*****н нар 2009-2012 оны 09 дүгээр сарын 30-ыг дуусталх хугацааны санхүүгийн анхан шатны баримт, туслах болон ерөнхий журнал, тайлан тэнцэл, татварын тайлангууд, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, гаалийн мэдээ, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт шалгалт хийсэн.
Шалгалт хийх хугацаандаа тус дүүргийн татварын хэлтсээс Татварын ерөнхий газрын эрх зүйн хэлтэст хайгуулийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид худалдан авалтын хасалт хийж болох эсэх талаар лавлагаа явуулсан. Татварын ерөнхий газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга О.Тэ****с нь 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 8/2637 тоот албан бичгээр хайгуулын компанийн худалдан авалтанд төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцно гэсэн хариу ирүүлсний дагуу 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 251205 актаар тус компанийн төсвөөс буцаалт хийх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 1,013,172.3 мянган төгрөгөөр баталгаажуулсан.
Ингээд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн хяналт шалгалтаар давхар баталгаажуулалт хийлгэх явцад Татвар хураалтын хэлтсийн дарга С.Т**лын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4/3287 тоот албан бичиг ирсэн бөгөөд үүнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.16 болон 14.7-д заасны дагуу хайгуулын үйл ажиллагаанд зориулсан худалдан авалтад хасалт хийхгүй гэсэн бичиг ирсэн.
2013 оны 11 сард Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс дахин шалгалтад ор гэснээр баримтаа шалгуулж байтал 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 145 тоот Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Ам*****ны тушаалаар 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 251205 тоот актыг хүчингүй болгосон гэсэн.
Ингээд Сүхбаатар дүүргийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Н.Э*******н, Л.На******а нар 2010-2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд дахин шалгалт хийж 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах актаар /дугааргүй/ тус компанийн төсвөөс буцаалт хийх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 1057202,8 мянган төгрөгөөр бууруулж 6392,7 мянган төгрөгний илүү төлөлттэй болгон баталгаажуулсан.
Бид дээрх актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзээд Нийслэлийн Маргаан Таслах зөвлөлд хандсан ба эхний удаагийн хурлаар хайгуулын компанийн худалдан авалтыг хасахгүй гэсэн заалт байхгүй, гэхдээ үндсэн хөрөнгөнд төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татвараа салгаад ир гэсэн.
Бид Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн шатанд бүтэн жил гацсаны дүнд ерөөсөө Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалттай холбоотой гомдлыг манай маргаан таслах зөвлөл шийдэхгүй Татварын ерөнхий газарт давхар баталгаажуулалтаар ор гэсэн.
Энэ хугацаанд Татварын ерөнхий газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганцэцэг 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 26/2035 тоот албан бичигтээ хайгуулын компанийн худалдан авалтыг хасч тооцно гэсэн утгатай бичгийг бүх Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст явуулсан байсан.
2015 оны 03 дугаар сараас хойш Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч 3.Э*****а, П.От******н, Р.До******н нар хяналт шалгалт хийж 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 210201529 тоот актаар 10559371,5 мянган төгрөгийн зөрчилд ногдох нөхөн татвараар тус компанийн буцаан авах татварын дүнг бууруулж баталгаажуулсныг татвар төлөгч эс зөвшөөрч Татварын ерөнхий хуулийн 42.1-т заасны дагуу Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.
Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102 дугаар тогтоолоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.16, 14 зүйлийн 14.7 дэх заалтыг үндэслэн Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 210201529 тоот актыг хэвээр баталгаажуулах шийдвэр гарсныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
1.Дээрх актад дурдсан 13.1.16 заалт нь “энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүн”-ийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө” гэсэн заалт бөгөөд 12.1.7-д “экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн”-ний Нэмэгдсэн өртгийн албан татвар нь 0 хувь байна. гэж тус тус заасан. Энэ хоёр заалт нь экспорттой холбоотой заалт гэж ойлгож байна. Хэрэв дотоодод борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүнд мөн адил хамаарна гэж үзвэл дотоодод борлуулж байгаа нүүрс, зэс, жонш, элс хайрга, барилгын материалууд, бензин шатахуун гэх мэт уул уурхайн бүтээгдэхүүнүүд бүгд л Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө.
Гэтэл одоо бүгд л Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох бараа гэж тооцож тайлагнаж байгаа. 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд дээрх 13.1.16 заалтыг 13.1.13 болгон оруулахдаа зөвхөн “экспортод” гэсэн үг нэмсэн нь энэ хуулийн заалтыг экспорттой холбоотой заалт гэдгийг батлан харуулж байна.
2. Сангийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-ын 5.1.3-д хасагдах Нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг тодорхойлохдоо Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох борлуулалтын орлогын дүнг нийт борлуулалтын орлогын дүнд хувааж, нийт борлуулалтад эзлэх Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох борлуулалтын хувийг тодорхойлоод уг хувиар нийт худалдан авалтад төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг үржүүлж, хасагдах Нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг гаргана гэж заасан. Гэтэл манай борлуулалт нь 100 хувь Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалт байхгүй. Тухайлбал шатахууны борлуулалт, үндсэн хөрөнгийн борлуулалт өөр борлуулалт байхгүй.
3.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд төлбөртэйгээр шилжүүлэх, ажил үйлчилгээг төлбөртэйгээр гүйцэтгэхийг хэлнэ гэж заасан. Бид дээрх 13.1.16 заалтад хамрагдах уул уурхайн бүтээгдэхүүнийг ямар нэг байдлаар борлуулаагүй болох нь санхүүгийн анхан шатны баримт, туслах болон ерөнхий журнал, тайлан тэнцэл, татварын тайлангууд, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, гаалийн мэдээ, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт хийсэн шат шатны хяналт шалгалтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл чөлөөлөгдөх борлуулалт хийгээгүй.
2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мөрдөгдөж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт хийхгүй бараа, ажил үйлчилгээг 14 дүгээр зүйлийн 14.4-т зааж өгсөн байдаг ба үүнд “хайгуулын үйл ажиллагаатай холбоотой худапдан авалт”-ыг хасахгүй гэсэн заалт байхгүй ба 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан шинэчилсэн хуульд 14.6.5 дээрхи заалтыг тусгайлан оруулж өгсөн байна.
Хайгуулын компанийн онцлог нь хэдийгээр тухайлсан ашигт малтмал хайж байгаа боловч эцсийн үр дүн нь тодорхойгүй 13.1.16 заасан бүтээгдэхүүн гарч ирэх нь тодорхой бус, гараад ирвэл олборлоод борлуулалт хийх хугацаа нь таамаглал, төсөөлөл төдий байдаг. Гэтэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд хайж буй бүтээгдэхүүнээ олтол эсвэл борлуултал нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийхгүй, буцаан авалтаа баталгаажуулахгүй гэсэн заалт байхгүй. Харин 15 дугаар зүйлийн 15.5 заалтанд илүү төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварыг татвар төлөгчид улиралд нэг удаа улсын төсвөөс буцаан олгоно гэсэн заапт байна.
Хайгуулын үйл ажиллагаа явуулдаг Аж ахуйн нэгжийн худалдан авалтанд төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийхгүй гэдэг үзэл санаа /хуулийн заалт биш/ 2012 оны 12 сараас хойш дэлгэрсэн. Үүнээс өмнө хайгуулын компаниуд буцаан авалтаа төсвөөс авч байсан. Гэтэл 2006 оны 06 дугаар сарын 29-нд батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2016 он хүртэл хэвээрээ л мөрдөгдөж байсан. Татварын хууль тогтоомжийг нэг мөр дагаж мөрдөх тайлбарлан таниулах үүрэг хүлээсэн хэрэгжүүлэгч нь Татварын өрөнхий хууль байтугай бүх татвар төлөгчтэй тэгш, шударга байх үндсэн зарчимаа хөсөрдүүлж байна. Энэ нь хуулийг дээдлэн цаг тухайд нь татвар, шимтгэлээ төлдөг татвар төлөгчидөд эрсдэл учруулж, төлөөгүйд нь боломж олгож, улмаар хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшилд сөргөөр нөлөөлж байна.
Иймд Татварын ерөнхий газрын улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 210201529 тоот актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч “Э** б***й” ХХК-ийн гүйцэтгэх захирал Де*****в.Г.В шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасган өөрчлөхдөө:
“...Тус компанийн өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагад Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 210201529 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэснийг өөрчилж дээрх актанд тусгасан суудлын автомашин, түүний сэлбэгт төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татвар 16,850,110.7 төгрөг, хувийн болон ажилчдын хэрэглээнд төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татвар 6,658,248 төгрөг, чөлөөлөгдөх үйлдвэрлэлд зориулсан худалдан авалтад төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татвар 1,638,793.10 төгрөгийн татваруудыг төсөвт төлөх татвараас хасч тооцохгүй, мөн оршин суугч бус этгээдээс худалдан авсан бараа ажил үйлчилгээнээс суутган төлбөл зохих Нэмэгдсэн өртгийн албан татвар 19,290,194.9 төгрөгийн нөхөн татварыг төлөхөөр баталгаажуулсныг тус тус хүлээн зөвшөөрч бусад худалдан авалтад төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татвар болох 1,018,223,028.20 төгрөгийг төсөвт төлөх татвараас хасахгүй гэж баталгаажуулсныг эс зөвшөөрч байгаа тул маргаан бүхий 210201529 тоот актыг өөрчилж, хасагдах Нэмэгдсэн өртгийн албан татварын дүнд 1,018,223,028.20 төгрөгийг нэмж бичихийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч татварын улсын байцаагч З.Э*****а, П.От******н, Р.До******н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэстэй харилцдаг “Э** б***й” ХХК-ийн 2010-2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч П.От******н, Р.До******н, З.Э*****а бид хяналт шалгалтын хэлтсийн даргын томилолтын дагуу хяналт шалгалт хийж 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 210201529 тоот акт үйлдсэн.
Нэмэгдсэн өртгийн албан татварын дахин баталгаажуулалтын актыг үйлдэхдээ хуульд тогтоомжид заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулсан бөгөөд шалгалтаар нийт 10,559,371,495.1 төгрөгийн зөрчил илэрсэн Үүнд:
1. 2012 онд 192,901,949.10 төгрөгийг Монгол Улсад оршин суугч бус гадаадын хуулийн этгээдийн үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан суутган авч тайлагнаж төсөвт төлөөгүй.
2. 2010-2013 оны онуудад өрөмдлөгийн ажил гүйцэтгүүлэх, шатахуун худалдан авах, геофизикийн хайгуулын ажил гүйцэтгүүлэх, техникийн түрээс төлөх, шинжилгээ хийлгэсний хөлсийг төлөх зэрэг хайгуулын үйл ажиллагаатай холбоотой 10,182,230,282.00 төгрөгийн худалдан авалт хийж, 1,018,223,028.20 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцаан авахаар тайлагнасан.
3. 2010-2013 онуудад нийт 666,746.00 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлого дутуу тайлагнасан. Татвар төлөгч нь дээрх гурван зөрчлөөс гадагшаа шилжүүлсэн төлбөр болон орлого дутуу тайлагнасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн.
Татвар төлөгчийн гаргасан гомдолтой танилцаж, дараах тайлбарыг өгч байна. Үүнд:
Нэг. Татвар төлөгчийн гомдолд дурдсан 2010-2013 оны худалдан авсан 10,182,230,282.00 төгрөгийн худалдан авалтад ногдох 1,018,223,028.20 төгрөгийг Монгол Улсын Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийг үндэслэн хуулийн дараах заалтуудыг мөрдлөг болгон хасч тооцсон.
1. Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, мөн хуулийн 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”, мөн хуулийн 14.7-д “Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно.” гэж тус тус заасан.
2. Монгол Улсын Сангийн сайдын 283 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах харилцааг зохицуулах журам”-ын 5.1.1-т “үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, уур, ус, цахилгаан болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг үндэслэн зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг хийнэ.” гэж заасан.
Гэтэл алт хайх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн дагуу алт хайх хайгуулын ажилд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсвөөс буцаан авахаар тайлагнасан байна.
Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, 14.7-д заасны дагуу хасалтыг хийхдээ мөн хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн буюу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж байгаа орлого олохтой холбоотой худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасалт хийхээр зохицуулсны дагуу тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлогод хувь тэнцүүлэн худалдан авалтын хасалтыг хийж /төсвөөс буцаан олгож/ акт үйлдсэн болно.
Харин “Э** б***й” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдон гарсан худалдан авалтад төлсөн 1,018,223,028.20 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг Монгол Улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.2, 14.7-д заасан, мөн Монгол Улсын Сангийн сайдын 283 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах харилцааг зохицуулах журам”-ын 5.1.1-т тус тус заасны дагуу төсөвт төлөх албан татвараас хасч тооцохгүй болно. Иймд нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 2015 оны 210201529 тоот актыг хянаж, хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Татварын ерөнхий газрын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 8/2637 тоот албан бичгээр “Ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг компани нь үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар бараа, ажил үйлчилгээ авсан тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу төсөвт төлөх татвараас хасч тооцохоор байна” гэсэн чиглэлийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст хүргүүлсэн байна.
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр 05-ны өдрийн 253432 /251205/ тоот актаар “Э** б***й” ХХК-ийн 2009-2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх төсвөөс буцаан авах НӨАТ-ын татварын үлдэгдлийн дүнг 1013172,3 мянган төгрөг болгон баталгаажуулсан байна.
Гэтэл Татварын ерөнхий газрын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4/3287 тоот албан бичгээр “... Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д худалдан авсан бараа, ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулсан бол зөвхөн НӨАТ ногдох үйлдвэрлэл үйлчилгээнд ашигласан хэсгийг хасч тооцохоор заасныг үндэслэн чөлөөлөгдөх уул уурхайн бүтээгдэхүүний хайгуулын ажилд төлсөн НӨАТ-ын татварын хасалтыг хийхгүй болохыг уламжилъя” гэсэн тодруулгыг хүргүүлсэний дагуу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргын 2013 оны 145 дугаар тушаалаар “Э** б***й” ХХК-г шалгасан тухай Татварын улсын байцаагчийн 2012 оны 251205 /актын дугаар алдаатай бичигдсэн/ актыг хүчингүй болгожээ.
2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Э*******н, Л.На******а нар нэхэмжлэгч компанийн 2010 оны 03 дугаар сарын 12-ноос 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж төсвөөс буцаан авах үнийн дүнг 6392,7 мянган төгрөгөөр баталгаажуулжээ.
Татварын ерөнхий газраас 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2б/2035 тоот албан бичгээр “...хайгуулын ажилд зориулан худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ын татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно” гэсэн зааварчилгааг харъяа дүүргийн Татварын хэлтсүүдэд хүргүүлсэн байна.
Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Э*******н, Л.На******а нарын 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тогтоосон актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Нийслэлийн маргаан таслах зөвлөлд хандахад 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/320 тоот албан бичгээр “...Татварын ерөнхий газарт хандан шийдвэрлүүл...” гэсний дагуу гомдол гарган, улмаар нэхэмжлэгч компаний 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг тус газрын харъяа Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч З.Э*****а, П.От******н, Р.До******н нар шалгаж, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 210201529 тоот акт тогтоон төсвөөс буцаан авах үнийн дүнг 7648079.9 төгрөгөөр баталгаажуулжээ.
Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар нэхэмжлэгчийн зүгээс дээрх маргаан бүхий захиргааны актыг хянуулахаар гомдол гаргасны дагуу асуудлыг хэлэлцээд 102 тоот тогтоолоор уг актыг хэвээр баталгаажуулсан, улмаар Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/265 дугаар тушаалаар уг тогтоолыг баталгаажуулсан тухай Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 394 тоот албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэний дагуу гомдлоо шүүхэд гаргасан байна.
Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч З.Э*****а, П.От******н, Р.До******н нар “Э** б***й” ХХК-ийн 2010-2013 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн татварын улсын байцаагчийн 210201529 дугаар актаар суудлын автомашин, түүний сэлбэгт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид НӨАТ гэх/ 16,850,110.7 төгрөг, хувьдаа болон ажилчдын хэрэгцээнд зориулж худалдан авсан бараа ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ 6,658,248 төгрөг, НӨАТ-аас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулан импортлосон болон дотоодоос худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ 1,638,793.1 төгрөг, бусад худалдан авалтад төлсөн НӨАТ 1,018,223,028.2 төгрөгийн татваруудыг төсөвт төлөх татвараас хасч тооцохгүй, мөн оршин суугч бус хуулийн этгээдээс худалдан авсан ажил үйлчилгээнээс суутган төлбөл зохих НӨАТ 19,290,194.9 төгрөгийн нөхөн татвар ногдуулахаар шийдвэрлэснийг “Э** б***й” ХХК-ийн зүгээс эс зөвшөөрч, уг актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий 2015 оны 210201529 дугаар актаар тогтоосон зарим зөрчил, тэдгээрт ногдуулсан төлбөрийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч зөвхөн бусад худалдан авалтад төлсөн НӨАТ болох 1,018,223,028.2 төгрөгийг төсөвт төлөх татвараас хасч тооцохгүй гэсэн эс үйлдэхүйтэй маргаж уг актад өөрчлөлт оруулан хасагдах НӨАТ-ын дүнд дээрх 1,018,223,028.2 төгрөгийн дүнг нэмж бичихийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгчийн зүгээс “Маргаан бүхий акт гаргах хугацаанд үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.16-д “Дараахь барааг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө: энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүн” гэж заасан байна. Уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д “Экспортод гаргасан дараахь бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувь /“0”/-тай тэнцүү байна: экспортод гаргасан уул уурхайн болон ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүн.” гэснээс үзвэл эдгээр заалт нь экспортод гаргасан бүтээгдэхүүнтэй холбоотой заалтууд бөгөөд манай компанийн зүгээс хуулийн дээрх заалтуудад хамаарах бүтээгдэхүүнийг борлуулаагүй, өөрөөр хэлбэл чөлөөлөгдөх борлуулалт хийгээгүй. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дараахь бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй: суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг; хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ; энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортолсон болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ.” гэсэнд хайгуулын үйл ажиллагаа хамаарахгүй” гэж, харин хариуцагчийн зүгээс маргаж буй гол үндэслэлээ “...хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Yйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно.” гэсэнд хамааруулан, хуулийн уг заалтын дагуу хасч тооцохгүй гэж тайлбарлаж байна.
“Э** б***й” ХХК нь 2010-2013 оны хугацаанд Ашигт малтмалын газраас тус компанид эзэмшүүлж буй хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу өрөмдлөгийн ажил, геофизикийн хайгуулын ажил, шинжилгээ хийлгэсний хөлс, шатахуун худалдан авах болон техникийн түрээс төлөх зэрэг үйл ажиллагаатай холбоотой 10,182,230,282 төгрөгийн худалдан авалт хийж, 1,018,223,028.2 төгрөгийн НӨАТ-ын илүү төлөлтийг буцаан авахаар тайлагнасан байна.
Гэтэл хариуцагчийн зүгээс хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.3-д “Дараахь бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй: энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортолсон болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ.” гэсэнд хайгуулын үйл ажиллагааны явцад хийсэн худалдан авалт хамаарна гэж хуульд тусгайлан заагаагүй бараа, ажил үйлчилгээг “бусад” гэсэн агуулга руу хамааруулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, мөн хуулийн 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” гэж заасны дагуу нэхэмжлэгч Э** б***й ХХК-ийн 2010 оны 3 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны худалдан авалтыг хуулийн дээрх заалтад хамааруулж, нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцох нь зүйтэй байна.
Ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа нь “Э** б***й” ХХК-ийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл болох нь тус компаний 9019050018 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн дүрмээс тогтоогдож байна.
Мөн тус компани нь Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 7501Х, ашиглалтын тусгай зөвшөөрлийн МV-016831 дугаар бүхий тусгай зөвшөөрлүүдийг маргаан бүхий онуудад эзэмшиж байсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байхад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.7-д “Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно.” гэж заасныг маргаан бүхий актад баримталсан нь үндэслэлгүй байна.
Захиргааны байгууллага, албан тушаалтан өөрийн эрх хэмжээний хүрээнд өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, өөрчлөх эрхтэй боловч, хуулийг тайлбарлах нэрийдлээр өөр өөрийн зөрүүтэй байр суурийг илэрхийлэн бусдын хуулиар олгогдсон эрхэд халдаж, хууль бус захиргааны акт гаргаж байгаа нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан нэмэгдсэн өртгийн албан татварын хууль, холбогдох журамд нийцээгүй, нэхэмжлэгч “Э** б***й” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 210201529 тоот актыг өөрчилж, хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварын дүн дээр 1,018,223,028.20 төгрөг нэмж бичихийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.6, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан/ 13 дугаар зүйлийн 13.1.16, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э** б***й” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 210201529 тоот актыг өөрчилж, уг актын хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнд 1,018,223,028.20 /тэрбум арван найман сая, хоёр зуун хорин гурван мянга хоёр зуун хорин найман төгрөг хорь/ мөнгийг нэмэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг актын хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварын дүн дээр 1,018,223,028.20 /тэрбум арван найман сая, хоёр зуун хорин гурван мянга хоёр зуун хорин найман төгрөг хорь/ мөнгийг нэмж бичихийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОДМАА