| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
| Хэргийн индекс | 112/2016/0023/з |
| Дугаар | 221/МА2017/0113 |
| Огноо | 2017-02-02 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2017/0113
2017 оны 02 сарын 02 өдөр Дугаар 221/МА2017/0113 Улаанбаатар хот
Иргэн Ш.М-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Ш.М-ны нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 24 дүгээр шийдвэрээр: Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.М-ны “Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрх болон Төрийн албаны тухай хууль зөрчигдсөн болохыг тогтоолгох” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн шүүх нотлогдсонгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Учир нь мөрдөн шалгах зарчим баримталдаг, албан тушаалтны давуу байдлыг тэнцвэржүүлж нотлох баримтыг өөрөө бүрдүүлдэг шүүх нотлогдсонгүй гэхээр хувийн эрх зүйн процессийн маргаан шийдэж буй мэт эсхүл шүүгч өөрөө үүргээ биелүүлсэнгүй гэдэгтэй адил утгагүй шийд, дүгнэлт байна ... Хэрэг шийдвэрлэх ажиллагааны хугацаа алдаж 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн нэхэмжлэл 4 сар болж 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шийдэгдэж сунжирсан ... Шүүх өөрийн санаачилгаар нэг ч баримт бүрдүүлсэнгүй, шахалтаар 14 илгээх бүх баримтыг нэхэмжлэгч эх сурвалж авах арга хэлбэрийг хүсэлтээр арай гэж хийлгүүлсэн. Жишээ нь сошиалд үзлэг хийлгүүлэх хүсэлт 4 удаа гаргаж байж, шинээр төрийн албаны шалгаруулалтгүй түр орлон хийлгүүлэх хүсэлт 4 удаа гаргаж байж ... Хамааралтай бүрдүүлэх баримтын уртаас урт жагсаалт бичиж тайлбарлан байж, бичиж өгөхөд 2, 3 удаа ач холбогдол утгыг тайлбарлан байж хэдэн баримт бүрдүүлсэн ... Төрийн албаны зөвлөлөөс н.Л, н.Б, Ундрах сонгон шалгаруулалтгүй тавигдсан лавлагаа аваад өгөөч гэх хүсэлт амаар өгөөд хийхгүй аргаа бараад 4, 5 удаа хүсэлт өгөхөөр тойруулаад авсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д уг хуулийн 14.1-14.5-д заасан хугацаа хүндэтгэх шалтгааны улмаас хэтэрвэл 3 жилийн дотор сэргээж болохоор хуульд заажээ. Нэхэмжлэлийн тухайд илт хууль бус тул хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх шаардлага үгүй гэж үзсэн. Ерөнхий хууль шинэ хууль бус Үндсэн хууль бусад хуулийн үзэл баримтлалаар захиргааны үйл ажиллагаатай холбоотой маргааныг шийдвэрлэдэг байсан асуудлыг шинээр нарийвчлан өөр хуулиудаас иш татаж бус зөвхөн ерөнхий хуулиар л нарийвчлан зохицуулсан хууль тул хэрэгжүүлэх тухай ойлголт үгүй. Шүүгч эхнээсээ л хуралдаан дээр чиний ярьж буй зүйл нотлогдохгүй гэж үзэл бодлоо шууд илэрхийлсэн. Гэрч н.Б, н.Д нарын мэдүүлэгт н.М-ны ажлыг хүчээр авсан гээд нотлоод байхад нотлогдоогүй гэж буруу дүгнэсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэсэн нь зөв байна.
Нэхэмжлэгч Ш.М нь Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан “аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бусад тооцуулан, хүчингүй болгуулж, эрхэлж байсан Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулан, хууль бус шийдвэрийг улмаас хохирсон хохирол болох цалингийн зөрүүг гаргуулж хохиролгүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/15 дугаар О.Б-ийг томилсон тушаалыг хүчингүй болгож, илт хууль бусад тооцуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Харин нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд дээр “Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, бусад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дах заалт, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоол, Ш.М-ны 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн өргөдөл зэргийг тус тус үндэслэн “Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ш.М-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.Л-ыг тус эмнэлгийн ерөнхий эмчээр томилсон” 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга гаргажээ.
Дээрх тушаалыг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлээ Ш.М нь “би аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон атал Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар чөлөөлөгдсөн, мөн Эрүүл мэндийн газрын дарга нь аймгийн Засаг дарга дарамтлаад байна хэл амгүй өргөдлөө өг гэснээр аргагүй шахалтаар “жилийн чөлөө олгоно уу суралцана” гэсэн өргөдлийг бичиж өгөхөд “Эрүүл мэндийн газрын дарга Т.Г өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн” гэж миний өргөдлийг өөрийн гараар цэнхэр балаар зассан” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар болон энэ хэрэгт авагдсан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Т.Г-д хандаж гаргасан нэхэмжлэгч Ш.М-ны “Эрүүл мэндийн тухай хуулийн 12.2-г үндэслэн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж, эрүүл мэндийн чиглэлээр 2014 оны 3 дугаар сараас суралцах болсон тул 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс нэгдсэн эмнэлгийн даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү, цаашид миний бие Нэгдсэн эмнэлгийн стратеги төлөвлөлт хариуцсан орлогч даргаа томилж өгнө үү” гэсэн өргөдөл, мөн гэрч Х.Б-ын шүүхэд гаргасан мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар Ш.М-ыг дарамталж аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн ажил, албан тушаалаас чөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө” гэж зааснаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийг томилж, чөлөөлөх эрх бүхий этгээд нь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга болох нь нотлогдож байгаа.
Тиймээс дээрх дүгнэлтээр Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, захиргааны актыг илт хүчин төгөлдөр болохыг тогтоолгох нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “захиргааны актыг гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан”, 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хуулийг зөрчсөн” гэж, мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж тус тус зааснаар Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 дугаар тушаалыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх болон тогтоох үндэслэл байхгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “захиргааны актыг илт хууль бусад тооцуулах” гэж тодорхойлсон бөгөөд шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын үндэслэл, хүрээнд захиргааны актад дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй юм.
Тиймээс “Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай иргэн Ш.М-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Дээрх дүгнэлтүүдээр “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарласан” гэх нэхэмжлэгч Ш.М-ны давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР