| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/02392/И |
| Дугаар | 102/ШШ2024/00121 |
| Огноо | 2024-01-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/00121
| 2024 оны 01 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2024/00121 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэлийн шаардлага: 7.100.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч М.Э
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б
Хариуцагч Б.Т
Хариуцагч Б.Тын өмгөөлөгч Б.А
Хариуцагч “Т ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.Э, хариуцагч Б.Т, “Т ББСБ” ХХК, Ж.Бд холбогдуулан 7.100.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Тын facebook дээрх зарын дагуу “Nissan note” автомашиныг худалдан авахаар урьдчилгаанд “G” маркийн улсын 0000-УБД дугаартай машиныг 200.000 төгрөгийг хамт өгсөн бөгөөд ингэхдээ гарын үсэг, иргэний үнэмлэх, “G” маркийн автомашины гэрчилгээг өгч, бид нар бичгээр гэрээ хийсэн.
Хариуцагч Б.Тын зээлийн төлбөрт 2022 оны 11 дүгээр сарын 30-ны 600.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 700.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 600.000 төгрөгийг Ж.Бгийн “Хаан” банкны 0 дугаартай дансанд шилжүүлсэн.
Сүүлийн хоёр төлөлт болох 2023 оны 03 дугаар сарын 02, 04 дүгээр сарын 02-ны өдрийн төлөлтөө цалин буугаагүй байсан учраас хийгээгүй.
2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр цалин бууж мөн өдөр банк санхүүгийн байгууллагын ажилчин ирсэн бөгөөд энэ хумууст одоо төлөлтөө хийлээ гэж хэлэхэд банк санхүүгийн байгууллага дээр очиж уулз гэж хэлээд машиныг авч явах замдаа осолд орж тэдний буруутай үйлдлээс эвдэж сүйтгэсэн.
“Nissan note” автомашины үнэ, зээлийн төлөлтөд 7.100.000 төгрөгийг
өгсөн.
Б.Тд хохирлыг барагдуул гэх мэдэгдлийг банк санхүүгийн байгууллага өгсөн боловч хариуцахгүй, Б.Ттай асуудал шийдээрэй гэх хариуг өгсөн.
Машиныг худалдан авсан талаар “Т ББСБ” ХХК-д хэлээгүй.
Мөн Б.Тд 7.100.000 төгрөгийг буцаан өгч хохирол барагдуулах хүсэлтийг тавьсан боловч хохирлыг төлөхөөс татгалзсан тул хариуцагч Б.Таас 5.000.000 төгрөг, “Т ББСБ” ХХК-аас 1.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч Ж.Бгаас татгалзаж байна, гэжээ.
4.Хариуцагч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би анх “Т ББСБ” ХХК-аас 16.500.000 төгрөгөөр “Nissan note” маркийн автомашиныг 3.200.000 төгрөгийн урьдчилгаа төлж худалдаж авсан. Ингээд машинаа 5 сар унаж байгаад фейсбүүк хаяг дээр машинаа зарна, банк бус дээр байгаа, банк бус санхүүгийн байгууллага дээр зээл судлуулж, зээл гарах боломжтой хүнд зарна гэх зар оруулахад М.Э эгч холбогдож, эгчид нь ямар ч зээл байхгүй, нийгмийн даатгал төлдөг тул асуудалгүй, банк бус дээр очиход шууд зээл гарна гэхэд нь болж байна, урьдчилгаа 5.000.000 төгрөг гэж байгаа гэхэд “эгчид нь нэг машин байгаа, машин сонирхох уу?” гэж хэлсэн.
Ингээд М.Э эгч надад “grand mark-2” маркийн машиныг үзүүлж, наймаагаа хийхээр тохиролцсон.
Миний зүгээс та машинаа 5.000.000 төгрөгт тооцож, торгуулийн 300.000 төгрөгийг та төлчнө биз гэж хэлээд наймаа хийсэн.
Налайхад надаас очиж машинаа хүлээж авсан тул шууд хотын төв рүү оръё гэж хэлээгүй бөгөөд М.Э эгч энэ долоо хоногтоо багтаагаад “Т ББСБ” ХХК руу очиж, зээлээ шууд өөр дээрээ болгоод авна гэж хэлсэн. Миний зүгээс М.Э эгчид юмыг яаж мэдэхэв хоёулаа гэрээ хийе гэсний үндэс дээр бичгээр гэрээ байгуулсан. Мөн би М.Э эгчид сэв зураасгүй машин хүлээлгэж өгсөн. Хоёулаа долоо хоноод гэрээгээ шилжүүлье гээд хоорондоо наймаагаа тохирсон.
Гэтэл М.Э эгч 5 дахь өдөр өвлийн идшиндээ явах гээд амжихгүй байна гэхэд нь та зээлээ хугацаандаа төлөөд явж байгаарай гэхэд “эгчдээ итгэлтэй байгаарай” гэж хэлсэн. Дараа сард нь зээлээ хийгээрэй гэж сануулж хэлэхэд хийсэн гэх хариу өгсөн. Миний зүгээс энэ сард гэрээгээ шилжүүлье гэхэд “эгч нь урагшаа хөдөө явж ажиллах гээд байгаа юм” гэхээр нь итгээд явуултал сүүлийн хоёр сарын зээлийн төлбөрийг төлөөгүй автомашиыг унаад явсан.
Ингээд машины зээл миний нэр дээр байсан тул “Т ББСБ” ХХК-аас над руу ярьсан учраас би М.Э эгч рүү залгаад “одоо 9 цаг гээд хийнэ, өнөөдөр орой цалин орж ирнэ, тэгээд хийнэ” гэх хариуг өгсөн.
Гэтэл “Т ББСБ” ХХК маргааш орой нь ирээд машиныг хураагаад аваад явлаа гээд над руу залгаж хэлсэн.
М.Э эгч “Т ББСБ” ХХК-д машинаа өөрөө бариад явъя, очоод төлбөрөө хийж, нэр дээрээ шилжүүлье гэж хэлэхэд “Т ББСБ” ХХК-ийн ажилчин уурлаад урд талд нь гараад давхиад явахад М.Э эгч араас нь хүний машин гуйгаад явж байтхл урд нь хурдтай явж байсан машин 30 минутын дараа осолд ороод зам дээр өнхөрсөн байдалтай жолооч нь харин зүгээр байсан.
Би өөрөө очоод машинаа харахад авах юмгүй болсон байсан.
Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй банк бус санхүүгийн байгууллага төлөх ёстой гэж үзэж байна, гэжээ.
5.Хариуцагч “Т ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани Б.Ттай 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 49 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 13.200.000 төгрөгийг, сарын 2.9 хувь, жилийн 34.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай автомашин худалдан авахад зориулж зээлсэн.
Мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан. “Nissan note” маркийн 2013 онд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслийг манай компанийн нэр дээр шилжүүлж, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд фидуцийн гэрээний автомашиныг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон.
Улмаар Б.Т 2023 оны 01 дүгээр сар хүртэл зээлээ хуваарийн дагуу хэвийн төлсөн. Харин дараагийн төлөлтөд хуваарийг зөрчиж, хугацаа хожимдож төлсөн.
Тухайлбал 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд нийт 7 сарын эргэн төлөлт хийсэн. Зээлийн эргэн төлөлтийг хийхдээ Б.Т гэх нэрээр гүйлгээ хийдэг байсныг дурдах нь зүйтэй байна. Зээлдэгч 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 2, 3, 4 дүгээр саруудад зээлээ төлөөгүй бөгөөд компанийн ажилчид холбогдоход утсаа авахгүй, холбогдох боломжгүй блоколсон байдаг.
Ингээд байгууллагын ажилтан өөр хүний гар утсаар холбогдон зээл эргэн төлөх шаардлагыг тавихад Б.Т “манай дүү машиныг унаж яваад авч ирэхгүй байна, гэрээний дагуу машиныг хурааж аваа” гэх тайлбарыг өгсөн. Компанийн ажилчин н.Лхагвасүрэн “Nissan note” маркийн, улсын 0000-УНП дугаартай автомашиныг хураан аваад буцах замдаа буюу 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 05 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 0 дүгээр багийн “Т” гэх газарт онхолдон зам тээврийн осол гарсан. Тус машин 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр даатгалд даатгуулсан байсан учраас даатгалын компаниас 9.716.400 төгрөгийн нөхөн олговрыг манай компанид олгосон.
Үүнээс 20 хувьтай тэнцэх буюу 1.943.280 төгрөгийг татварт суутгасан. Зээлдэгч үндсэн зээлд 11.110.273.85 төгрөг, хүү 720,611.2 төгрөг нийт 11.110.273.88 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа хариуцагч Б.Таас 5.200.000 төгрөг, манай байгууллагаас 1.900.000 төгрөгийг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 496 дугаар зүйлд бусдын зардлаар буюу өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих гэх хууль зүйн зохицуулалт байдаг.
Тодруулбал хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэсний дагуу М.Э рүү мөнгөн хөрөнгө шилжүүлсэн бөгөөд энэ мөнгийг “Т ББСБ” ХХК-аас зээл авсан Б.Тын зээлд тооцож авсан.
Нэхэмжлэгч тухайн зээлийг мэдээд банк бус санхүүгийн байгууллагад төлсөн нь Б.Т өөрийнхөө хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж үзэж хууль зүйн үндэслэлтэй.
Энэ агуулгаараа “Т ББСБ” ХХК ямар нэгэн байдлаар мөнгөн хөрөнгө төлөх үндэслэлгүй харин нэхэмжилж байгаа 1.900.000 төгрөгийг Б.Таас нэхэмжлэх нь зүйтэй байна.
Мөн фидуцийн гэрээний талаар дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Сая тайлбар дээрээ тодорхой дурдсан.
Зээлийн гэрээний үүргийг Б.Т зөрчсөн.
Ингээд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 49 дугаартай фидуцийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт дараахь тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч фидуцийн зүйлийн өмчлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан.
Зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд эд хөрөнгийг хураан авах эрхийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.15 дахь хэсэгт зааснаар тохиролцсон байдаг.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж зохицуулсан.
Энэ хуулийн зүйл заалтаас харахад нэгэнт зээлийн гэрээний үүргээ зөрчиж, банк бус санхүүгийн байгууллага үүргийг биелүүлээгүй тул тухайн авто машиныг өөрийн эзэмшил, өмчлөлдөө авсан, фидуцийн гэрээ дууссаны дараа авто машин осол гарсан.
Үүн дээр зээлийн гэрээний үүрэг зөрчсөн шаардлага гаргах боломжгүй. Хавтаст хэрэгт Б.Т, М.Э нарын хооронд бичгээр байгуулсан гар бичмэл авагдсан байдаг.
Б.Тын зүгээс эрх, үүргээ шилжүүлсэн тул фидуци болон зээлийн гэрээгээр хүлээж байгаа эрх, үүргийг шилжүүлж авсан тул шууд банк бус санхүүгийн байгууллагад нэхэмжлэл гаргах ёстой гэх тайлбарыг өгч байна.
Энэ тохиролцоо хүчин төгөлдөр бус тохиролцоо байсан гэдгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа тайлбарласан.
Манай компаниас эрх, үүргийг шилжүүлэхтэй холбоотой зөвшөөрлийг албан ёсоор аваагүй.
Тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлж байгаа талаар огт мэдээгүй. Зээлдүүлэгчид автамашиныг худалдсан тухай мэдэгдээгүй.
Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 буюу 56.5 дахь хэсэгт зааснаар өгсөн авснаа буцаах шаардлага гаргаад байгаа юм болов уу? гэж ойлголоо.
Хэрвээ өгсөн авснаа буцаах тохиолдолд 7.100.000 төгрөгийг Б.Таас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй.
Осол болсон автомашины тухайд фидуцийн гэрээ дуусгавар болсон тул тайлбар байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, гэжээ.
6.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд:
7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, гэрэл зураг, М.Э ийн “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй хуулга, М.Э ээс Ж.Ч-т олгосон итгэмжлэл
8.Хариуцагч Б.Т аас хариу тайлбар, гэрэл зураг, Б.Т ын Б.Х-д олгосон итгэмжлэл, хувийн гэрээ нэртэй баримт
9.Хариуцагч “Т ББСБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М.Цт олгосон итгэмжлэл, Б.Ттай байгуулсан зээл болон фидуцийн гэрээ, автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, “П” даатгалын ХХК-ийн тээврийн хэрэгслийн “Nissan note” маркийн нөхөн төлбөр шилжүүлсэн дансны хуулга, Б.Тын хүсэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зээлдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, “Т ББСБ” ХХК-ийн Авто тээврийн үндэсний төвд гаргасан хүсэлт, “П” даатгал ХХК-аас даатгалын нөхөн төлбөр хүссэн хүсэлт, Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн тодорхойлолт, “Хас” үнэлгээний ХХК-ийн үнэлгээний дүгнэлт, тээврийн хэрэгслийн осолын гэрэл зураг, зээл төлөлтийн хуваарь
10.Нэхэмжлэгч, хариуцагч “Т ББСБ” ХХК-ийн хүсэлтээр Авто тээврийн үндэсний төв, “Хаан” банк ХХК, Хил хамгаалах ерөнхий газраас нотлох баримтуудыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч М.Э “Б.Таас зээлийн барьцаанд тавьсан автомашиныг зээлийг үргэлжлүүлэн төлөхөөр худалдан авахдаа банк бус санхүүгийн байгууллагад хэлээгүй. Машины үнийн 5.000.000 төгрөгт “grand mark-2” маркийн суудлын автомашин, 200.000 төгрөгийг өгсөн. Ингээд “т” нэрээр зээлд 1.900.000 төгрөгийг төлж, энэ хугацаанаас хойш зээлийг төлөөгүй автомашиныг унаад явж байтал банк бус санхүүгийн ажилтан хураан авч явах замдаа осолд орж машиныг дахин ашиглах боломжгүй болсон учраас хариуцагч нараас мөнгөө нэхэмжилж байна” гэж шаардах эрхийн үндэслэлээ тайлбарлав.
3.Хариуцагч Б.Т “Т ББСБ” ХХК-аас “Nissan note” маркийн суудлын автомашиныг худалдан авахаар 16.500.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж зээлсэн. Энэ машинааа М.Э эгчид худалдсан. Ингэж худалдахдаа банк бус санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй бөгөөд бид хоёр хоорондоо тохиролцоод миний төлөх зээлийн үлдэгдлийг нэхэмжлэгч төлөхөөр харин би зарсан машины үнийн 5.000.000 төгрөгт “grand mark-2” маркийн суудлын автомашины хамт 200.000 төгрөгийг аваад, “Nissan note” маркийн суудлын автомашинаа өгсөн. Гэтэл автомашиныг банк бус санхүүгийн байгууллагын ажилтан хураан авч унаж явахдаа осолд орж ашиглах боломжгүй болгосон учраас нэхэмжлэгчийн нэхэж байгаа мөнгийг банк бус санхүүгийн байгууллага төлөх ёстой” гэж,
Хариуцагч “Т ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц “Б.Т манай компанитай зээл болон фидукцийн гэрээ байгуулсан хэдий ч автомашины эрх үүргийг шилжүүлэхтэй холбоотой зөвшөөрлийг М.Э, Б.Т нар албан ёсоор аваагүй. Тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн талаар зээлдүүлэгч мэдээгүй мөн мэдэгдээгүй. Автомашины осол болж фидуцийн гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж татгалзлаа илэрхийлж байна.
4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Анх хариуцагч Б.Т, “Т ББСБ” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 49 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 13.200.000 төгрөгийг, сарын 2.9 хувь, жилийн 34.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрөө 0 дугаартай Фидуцийн гэрээг байгуулан “Nissan note Б-12” маркийн, улсын 0000-УНП дугаартай, улаан өнгийн суудлын автомашины үнэлгээг 16.500.000 төгрөгөөр харилцан тохиролцож барьцаалсан болох нь гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
6.Дараагаар нь нэхэмжлэгч М.Э, хариуцагч Б.Т нар 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Хувийн гэрээ хийх нь” нэртэй гэрээг байгуулж, харилцан зөвшилцөөд “Т ББСБ” ХХК-ийн өмчлөлийн, 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсад орж ирсэн,“N” маркийн, арлын 0, улсын 0000УНП дугаартай, улаан өнгийн суудлын автомашиныг өмчлөгчийн зөвшөөрөлгүй мэдэгдэхгүйгээр хоорондоо худалдаж, М.Э, Б.Тд автомашины үнийн 5.000.000 төгрөгт улсын 0000-УБД дугаартай, “T” маркийн, мөнгөлөг өнгийн суудлын автомашиныг тооцон өгч, нэмж 200.000 төгрөгийг дансаар шилжүүлж, зээлийн үлдэгдэл төлбөрийг үргэлжүүлэн төлөхөөр тохиролцсон нь талуудын тайлбар, “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар нотлогдож байна.
7.Иймээс Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
8.Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэл шалтгаан, маргаан үүссэн нөхцөл байдал нь барьцааны автомашиныг худалдан авсан М.Э гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчсөний улмаас зээлдүүлэгч, зээлдэгчээс зээлийн төлбөрийг төлөхийг шаардан, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан “Nissan note Б-12” маркийн, улсын 0000УНП дугаартай автомашиныг нэхэмжлэгчийг хөдөө орон нутагт унаад явж байхад нь банк бус санхүүгийн байгууллагын ажилтан хураан авч, Улаанбаатар хот руу ирэх замд зам тээврийн осол гарган хөдөлгөөнд оролцож ашиглах боломжгүй болгосон нь “П” даатгал ХХК-ийн даатгалын нөхөн төлбөр шилжүүлсэн баримт, Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн тодорхойлолт, “Хас үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгслийн ослын гэрэл зураг зэрэг баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.
9.Улмаар зээлдүүлэгч “Т ББСБ” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу зээлдэгч Б.Т зээлийн төлбөр төлөх үүргээ автомашиныг худалдаж шилжүүлэх хүртэл биелүүлж байсан буюу нэхэмжлэгчид автомашиныг худалдсаны дараа зээл эргэн төлөх хуваарь зөрчигдсөн талаар маргаагүй.
10.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч, худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр заажээ.
11.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч Б.Т улсын 0000УБД дугаартай, “Grand mark-2” суудлын автомашиныг эргүүлэн өгөх боломжгүй гуравдагч этгээдэд улсын 0000УЕН дугаартай болж өөрчлөгдөн зарагдсан мөн 200.000 төгрөгийг авсан төлөхгүй, хариуцагч “Т ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц нэхэмжлэгчийн эзэмшлийн “Хаан” банк ХХК-ийн 0 дугаартай данснаас “tl” гэх нэрээр 3 удаагийн гүйлгээгээр харицуагч ”Т ББСБ” ХХК-ийн захирал Ж.Бгийн “Хаан” банкны 0 дугаартай дансанд 1.900.000 төгрөгийг шилжүүлсэн тухайд зөвшөөрсөн тайлбарыг гаргаж мэтгэлцэж маргаагүй.
13.Тодруулбал, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Т тээврийн хэрэгслийн өмчлөгч “Т ББСБ” ХХК-ийн зөвшөөрөлгүй, эрхийн доголдолтой эд хөрөнгийг худалдаж мөн автомашиныг худалдан авагч, худалдагч, банк бус санхүүгийн байгууллагын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй болох нь талуудын тайлбар, бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, хэлцэл хийсэн талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаар нотлож, үгүйсгэж чадаагүй ба “П” даатгал ХХК-ийн даатгалын нөхөн төлбөрт олгосон 9.716.400 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллага хүлээн авч, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар “Nissan note Б-12” маркийн улсын 0000УНП дугаартай автомашин сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгслийн үзлэгт хамрагдаагүй, ашиглагдаагүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсанаар хариуцагч Б.Таас 5.200.000 төгрөг, “Т ББСБ” ХХК-аас 1.900.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
15. Нэхэмжлэгч М.Э, хариуцагч Ж.Бгаас татгалзсныг дурдах нь зүйтэй.
16.Хариуцагч банк бус санхүүгийн байгууллага зээлдэгч Б.Таас зээлийн төлбөрийг нэхэмжлэхэд энэ шийдвэр саад бодохгүйг дурдах зүйтэй байна.
17.Хавтас хэргийн 4.5, 9, 10, 32-35 дугаартай хуудсанд авагдсан баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
18.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182.550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Таас 5.200.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 98.150 төгрөг, хариуцагч “Т ББСБ” ХХК-аас 1.900.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 45.350 төгрөг, улсын орлогоос нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 35.050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Таас 5.200.000 төгрөг, “Т ББСБ” ХХК-аас 1.900.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Э д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182.550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Т аас улсын тэмдэгтийн хураамж 98.150 төгрөг, хариуцагч “Т ББСБ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 45.350 төгрөг, улсын орлогоос нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 35.050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА