Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 14

 

С.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/00759/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  12 дугаар сарын 11-ний өдрийн 1238 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.О-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч С.Т--д холбогдох

“Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч С.Т-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ч-, хариуцагч С.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч С.О- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие С.О- нь өөрийн төрсөн эх өндөр настан Д.С-ын хамт амьдардаг болно. Ээж минь хэвтэрт ороод 2 жил гаруй хугацаанд миний бие асран хамгаалагчийнхаа үүргийг хүүгийн зүгээс биелүүлж байгааг минь том ах, эгч, дүү нар
гэрчилнэ. Миний төрсөн ах С.Т- удаа дараа ямар нэг шалтаг гарган өсөж торнисон 
гэх шалтгаанаар гэрт ирж ээж болон миний биед сэтгэл санааны дарамт үүсгэн хүнд биетэй ээжийн минь хажууд хэрүүл маргаан үүсгэн энэ байрыг надад өг, би эндээс явахгүй гэх мэтээр эхнэрийнхээ хамт сэтгэл зүйн дарамт үзүүлж эхнэр хүүхдийн хамт 5 сар гаруй миний гэрт амьдрахдаа ахуйн хэрэглээний төлбөр тооцоог хийж байгаагүй. Иймд С.Т-ийг гэр бүлийн хамт яаралтай албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Т- шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд С.О- нь С.Т- надад холбогдуулж гэр бүлийн хамтаар гэр чөлөөлж албадан гаргуулах шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн үндэслэлдээ С.О- өөрийн төрсөн эх Д.С-ын хамт амьдардаг болно гэж худал бичсэн байна. Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол, 9-р байр, ******* тоот 55,7 м.кв талбайтай 4 өрөө орон сууц нь аав ээж 2 өмч хувьчлалын үед эцэг, эхийн хамт наймуулаа байсан байр буюу бидний гэр бүлийн бүх гишүүдийн гал голомт. Бид гэр бүлийн хамт өмнө ч байсан. Одоо ч амьдарч байгаа. С.О- бид 2 төрсөн ах дүүс. Манай гэр бүлийг гэрээс хөөж шүүхэд нэхэмжлэл гаргасан мөн бидэнд мэдэгдэлгүйгээр 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байрны гэрчилгээг ээжийн хамт өөрийн нэр дээр хоёр хүний өмчөөр бүртгүүлж авсан байна. Гэрчилгээг гаргуулж авахаас өмнө надад мэдэгдэж, надаас зөвшөөрөл авах ёстой байсан. Би өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр сөрөг нэхэмжлэл гаргана. Байрнаас гарахгүй. Байрны өмчлөх эрх дээр маргана. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч С.Т- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

С.Т- миний бие С.О-ын хамгийн том төрсөн ах юм. Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр хороолол 9 дүгээр байрны ******* тоот 4 өрөө орон сууц нь өмч хувьчлалаар олгогдсон бидний төрсөн эцэг Содов, эх Д.С-аа нарын гал голомт юм. Уг байранд бид ах дүүгээрээ амьдардаг байсан. Би энэ байрыг дүү С.О-ын хамтаар өмчлөх эрхтэй. Энэ байрны өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн мэдүүлгүүдэд миний нэр бүртгэгдээгүй байгааг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтуудыг хараад маш их гайхаж байна. Би тус байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж уг шаардлагатайгаа холбогдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт шалгуулах, цуглуулах, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой бүх хэлцлийн нэр, гарын үсгийн үнэн зөвийг тусгай мэдлэгтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах болно. Иймд Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр хороолол 9 дүгээр байрны ******* тоот 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ.

Нэхэмжлэгч С.О- сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

С.О- миний бие нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр хороолол 9 дүгээр байрны ******* тоот 4 өрөө байранд амьдрах албан ёсны эзэмшигч нь билээ. Миний төрсөн ах болох С.Т- нь миний өвлөж авсан энэхүү байрыг өөрийн эхнэрийн хамтаар эзэмших эрхтэй хэмээн нэхэмжлэл гаргасныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэж байна. С.Т- нь 1 дүгээр сараас эхлэн гэр бүлийн хамтаар одоог хүртэл байр, гэрэл, ус дулааны төлбөрт нэг ч удаа нэмэр болоогүй. Манай гэрт байх хугацаандаа бохир заваан, үргэлж хэрүүл хийж төрсөн эгч дүүсийг минь элдвээр доромжилж, хэвтэрт байдаг өвчтэй эхийг минь хүн гэж тоолгүй орилж чарлаж, бидний тайван амьдрах нөхцөлийг үгүй хийж байна. Уг байр нь өв уламжлал болон миний ээж, С-аа болон төрсөн ах, эгч, дүү нарын хүлээн зөвшөөрснөөр надад албан ёсоор өвлөгдсөн билээ. Иймд С.Т-ын гаргасан сөрөг нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй, албан ёсны бус, ээж Д.С-аа болон надтай хамт амьдрах эрхгүй гэдгийг миний бүрдүүлсэн нотлох баримт орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрчүүдийн нэр, гарын үсэг нотлох болно. Иймд С.Т-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул миний асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1238 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 182 дугаар зүйлийн 182.1-т заасныг баримтлан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003009324 дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 9 дүгээр байрны ******* тоотод байрлах орон сууцыг хариуцагч С.Т- болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч С.Т-ын гаргасан орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч С.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг, хариуцагч С.Т-ас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Т-ас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.О-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Т- давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

С.Т- миний бие нэхэмжлэгч С.О-ын хамгийн том төрсөн ах юм. Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны ******* тоот 4 өрөө орон сууц нь анх өмч хувьчлалаар миний төрсөн ээж Д.С-аад хувьчлалаар олгогдсон бид эцэг эх, ах дүүсийн хамтаар энэ байрандаа өсөж том болцгоосон бидний гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн юм.

Одоо энэ байрыг отгон дүү ганцаараа өмчлөгчөөр өөрийгөө тогтоолгон улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байдлаараа намайг байрнаас минь хөөж тууж байгаад үнэндээ гомдолтой байна.

С.О- байрыг өвлөх эрхийн дагуу өөрийн өмчлөлд авсан гэж тайлбарлаж байгаа боловч яг үнэндээ манай ээж Д.С-аас хуулийн дагуу шилжүүлж аваагүй ээж маань хүнд өвчтэй, баруун гар нь бичих чадваргүй, хэвтэрт байдаг учраас улсын бүртгэлийн байгууллагад биеэр очоогүй өмнөөс нь гарын үсэг зурсан гэдгээ С.О-ын хэлсэн шүүх хуралдааны тэмдэглэл, камерын бичлэгт үлдсэн байгаа.

Би анхан шатны шүүхэд гарын үсгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй. Хэрэв гарын үсгийн хэвний шинжээч томилсон бол ээжийн гарын үсгийг дуурайлган зурсан нь тогтоогдох ба улмаар би нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж С.О-ын өмчлөлд хууль бусаар шилжсэн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох шаардлага гаргах боломжтой байсан. Хэрэгт авагдсан байгаа улсын бүртгэлийн мэдүүлэг, хэлцлүүдийн гарын үсгийн үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай байна.

Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.О- хариуцагч С.Т-д холбогдуулж, өөрийн өмчлөлийн орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч С.Т- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргалдагч талууд төрсөн ах дүүс, эцэг эхээс 11- үүлээ байх бөгөөд  маргаж буй Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны ******* тоотын 4 өрөө орон сууц нь анх Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1999 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шийдвэрээр Д-ийн С-аагийн нэр дээр өмчлөгдөж, хамтран өмчлөгчөөр С.О-, С.О-, С.О-, С.Б- нар улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Улмаар тухайн орон сууцны өмчлөгч нь 1999 оноос 2020 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд “Хамтран өмчлөгч нэмэх”, “Хамтран өмчлөгч хасах” хэлцлүүд, “Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх” гэрээгээр  6 удаа өөрчлөгдөж, /хх-ийн 21-48/ сүүлд 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч С.О-ын өмчлөлд бүртгэгдэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000783983 дугаартай  Улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. /хх-ийн 59/

Мөн тухайн маргаж буй орон сууц нь нэхэмжлэгч С.О-ын өмч мөн болохыг баталсан дээрх бичгийн баримтуудаас гадна Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1055 дугаартай албан бичиг, төрсөн эгч, дүү нар болох гэрч С.М-, С.У-, С.О- нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр  нотлогдоно.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж зааснаар тухайн байрны өмчлөгч нь С.О- мөн байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж зааснаар өмчлөгч С.О-д өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж, аливаа халдлагаас хамгаалах эрх хуулиар олгогджээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч С.О- бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө  шаардах эрхтэй байна.

Эрхийн улсын бүртгэлийн  Ү-2003009324 дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байрны ******* тоотын орон сууцыг хариуцагч С.Т- болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шийдвэр зөв байна.                

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Маргаж буй байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай маргаан нь өмнө нь давж заалдах шатны шүүхээр хянагдаж, хэргийн оролцогч буюу хариуцагч С.Т-ын хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн, түүний гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй үндэслэлээр шийдвэр хүчингүй болж, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан.

Анхан шатны шүүх хариуцагч С.Т-ын өмгөөлөгчийн гаргасан Д.С-ын гарын үсгийг шинжлүүлэх хүсэлтийг хүлээн авч, хариуцагчийн өмгөөлөгчийн шинжээч томилуулах тухай хүсэлт нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй гэж дүгнээд 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар хариуцагч С.Т- болон түүний өмгөөлөгч дээрх захирамжид гомдол гаргаагүй байна.

Хариуцагч С.Т- би төрсөн цагаасаа эхлэн энэ маргаж буй байранд хамтран амьдарч, өмчлөгч мөн байсан бөгөөд миний зөвшөөрөлгүйгээр намайг өмчлөгчөөс хассан, миний хамтран амьдарч байсан болон өмчлөгч мөн болохыг багийн Засаг даргын тодорхойлолт нотолно гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан баримтаар тухайн орон сууц 1999 онд ээж, ах, эгч, дүү нарынх нь нэр дээр хувьчлагдсанаас эхлээд удаа дараагийн өмчлөх эрх өөрчлөгдсөн эрхийн улсын бүртгэлд С.Т-ын нэр бүртгэгдээгүй байна.

Талуудын шүүхэд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүдээр хариуцагч С.Т- 1991 онд тусдаа гарч,  гэр бүл зохион амьдарч ирсэн бөгөөд 2019 оноос маргаж буй орон сууцанд хууль бусаар амьдарч иржээ.

Хариуцагч С.Т-ас шүүхэд гаргасан багийн Засаг даргын тодорхойлолт түүнийг тус байрны өмчлөгч мөн болохыг нотолсон, хуулийн шаардлага хангасан баримт биш болно.

Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хуульд зааснаар үнэн зөв үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Талууд Иргэний хуулийн 182 дугаар зүйлд заасан Улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн талаар маргаагүй, зөвхөн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор харилцан маргасан байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан зөвтгөж, шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1238 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын

“Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 182 дугаар зүйлийн 182.1-д заасныг баримтлан Эрхийн улсын бүртгэлийн  Ү-2003009324 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байр, ******* тоотод байрлах орон сууцыг хариуцагч С.Т- болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч С.Т-ын гаргасан “орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

            “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Эрхийн улсын бүртгэлийн  Ү-2003009324 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 9 дүгээр байр, ******* тоотод байрлах орон сууцыг хариуцагч С.Т- болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасныг баримтлан хариуцагч С.Т-ын гаргасан “орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч С.Т-ас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                          

 

 

                                                                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                            ШҮҮГЧИД                                  М.МӨНХДАВАА

                                                                                                                                                               Л.АМАРСАНАА