| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2022/03389/И |
| Дугаар | 102/ШШ2022/04511 |
| Огноо | 2022-12-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2022/04511
| 2022 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2022/04511 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, тоотод оршин суух, Б ургийн овогтой Цын Б /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүрэг, байр, 403 тоотод байрлах, Л ХХК-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, тоотод оршин суух хаягтай, Д ургийн овогтой Д Б /РД:ЧЛ67122002/,
Нэхэмжлэлийн шаардлага:2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үр дагаврыг арилгуулах, Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, тоот орон сууцыг Л ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А
Хариуцагчийн төлөөлөгч Г.Ч
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Л ХХК-д холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үр дагаврыг арилгуулах, Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, тоот орон сууцыг Л ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлолдоо: Л ХХК нь иргэн Д овогтой Б тай 2018 оны 05 сарын 08-ны өдөр хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх тул тус хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэл гаргаж байна. Ц.Б миний бие Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 баг, 13 хороолол, тоот орон сууцыг Л ХХК-тай 2017 оны 12 сарын 18-ны өдөр 03 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан захиалж ашиглалтад орсон цагаас хойш амьдарч байгаа. Л ХХК нь захиалагчийн захиалсан байрны үл хөдлөх, хөрөнгийн гэрчилгээг захиалагч талд гарган өгөх үүрэгтэй, захиалагчдыг шаардах үед "удахгүй гаргаж өгнө" гэдэг байсан боловч санаатайгаар өөрийн байгууллагын нэр дээр гаргуулж, улмаар худалдан авагчдын захиалсан, ашиглалтад орсон өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байгаад байрны өмчлөх эрхийг 2018 оны 05 сарын 06-ны өдөр өр төлбөртөө м.кв-ийн үнийг 972,850 төгрөгөөр, нийт 58,215,344 төгрөгөөр тооцон өгөхөөр харилцан тохиролцож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд сайн дураараа хүсэлт гаргаж Доржийн Б гэх хүнд шилжүүлсэн байна. Ийнхүү шилжүүлэхдээ нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Хожим Д.Б гэдэг хүн ирээд "Чиний амьдарч байгаа энэ байр одоо миний байр болсон" гэх утга бүхий шаардлага тавьж намайг энэ байрнаас гарах тухай албадсан. Гэтэл Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1-д "Худалдагч нь тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдах тохиолдолд уг эд хөрөнгийг тэргүүн элжинд худалдан авах давуу эрх бүхий этгээдэд мэдэгдэх үүрэгтэй" гэж заасны дагуу Л ХХК нь мэдэгдэх үүрэгтэй байсан. Мөн 270 дугаар зүйлийн 270.2-т Худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авах давуу эрх бүхий этгээдэд эрхээ хэрэгжүүлэх хугацаа тогтоох бөгөөд энэ хугацаанд давуу эрх бүхий этгээд эрхээ хэрэгжүүлээгүй бол худалдагч гуравдагч этгээдтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж болно." гэж заасны дагуу мэдэгдэж, миний зүгээс худалдан авах давуу эрхээ хэрэгжүүлээгүй бол гуравдагч этгээдэд шилжүүлэх байна. Тус хуулийн зохицуулалтыг зөрчиж байгаа нь Л ХХК-аас надтай байгуулсан гэрээний үүрэг, миний хуулиар хамгаалагдсан эрх, хууль, хэлцэлд итгэх итгэлцлийг ноцтой зөрчиж байна. Улмаар ийнхүү миний захиалан бариулсан, урьдчилгаа төлбөр авсан, миний эзэмшилд хүлээлгэн өгсөн байрыг бусдад дур мэдэн, хуулиар тогтоосон журмыг зөрчин шилжүүлж байгаа нь ИХ-ийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 "хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл" гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.4. "Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно" гэж заасан байх тул тус хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 баг, 13 хороолол, Ласти Таун хотхоны 44 айлын орон сууц шилжүүлсэн хэлцлээс миний захиалан бариулсан 10А байрны 58 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Б д шилжсэн хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үр дагаврыг арилгуулах буюу тус байрын өмчлөх эрхийг буцаан Ласти ХХК-ны өмчлөлд шилжүүлэх тухай шаардлага гаргаж байна гэжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Ц.Б нь орон сууцны гэрээтэй байсныг хөрөнгө оруулагч Д.Б , н.Дөлгөөн, шийдвэр гүйцэтгэх алба мэдэж байсан. "Л " ХХКомпани өмч болох 44 айлын орон сууцыг Д.Б д, 53 айлын орон сууцыг н.Дөлгөөнд хуваарилсан. Энэ хуваарилалтыг хийхээр 5 дугаар сарын 11-нд улсын бүртгэлийн албанд жагсаалтаар хүргүүлсэн. Шийдэгдэхгүй байж байгаад Улсын бүртгэлийн Ерөнхий газар 2019 оны 02 сарын 18-ны өдөр сонсох ажиллагаа хийж, нэхэмжлэгч Ц.Б ын байрыг Д.Б д шилжүүлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн албанд Д.Б , Б. нар гуравдагч этгээд гарч ирсэн тохиолдолд бид бүхэн эрсдэлээ хүлээнэ. Дотор байгаа хүмүүстэй харилцан зохицож үнэ төлбөрийг барагдуулна гэсний үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаа хийсэн. Б.Дөлгөөн айлуудаа 30 хувиа төлж, "Л " ХХКомпани маргаантай асуудлыг шийдэж, айлуудтайгаа эвлэрч байгаа. Д.Б айлуудтайгаа эвлэрэхгүй, байранд байгаа хүмүүсийн эрх ашиг зөрчиж, анх тохирсон хэлцээ биелүүлэхгүй байгаа. Ц.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Б 2014 онд "Л " ХХК-д хөрөнгө оруулалтын гэрээ хийж, анхны хөрөнгө оруулалтыг бүрэн хийсний үндсэн дээр энэ бүх барилга боссон. Гэрээ хийсний дараа үйл ажиллагаа явж байхад 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Д.Б "Л " ХХК-тай барьцааны гэрээ байгуулж, 46 айлын орон сууцыг албан ёсны барьцаанд, бүртгэл хийлгэсэн. 46 айлын орон сууцны бүртгэлд өнөөдрийн маргаад байгаа 10а байрын 58 тоот орон сууц байдаг. "Л " ХХК бусдыг хохироосон үйлдлээ өөр нэг хүн рүү, хөрөнгө оруулагч руу оруулж байгаа нь зохистой асуудал биш юм. Д.Б гийн тухайд анх байгуулсан гэрээний дагуу оруулсан хөрөнгөө авах гээд "Л " ХХК-иас мөнгө нэхэж, "Л " ХХК нь төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй учраас Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хандаж 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 183 эвлэрлийн гэрээг байгуулсан. Энэ эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн шүүгч баталж, захирамж гаргасан. Тухайн захирамжийн дагуу "Л " ХХК нь Д.Б д төлөх ёстой байсан хөрөнгө оруулалтын хоёр тэрбум таван зуун сая төгрөгийнхөө төлбөрт Д.Б д барьцаалсан 46 орон сууцыг шилжүүлэх үйл ажиллагаа явагдсан. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Д.Б 58 тоот орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр өмчлөх эрхтэй болсон. Хэрэгт цугларсан материалыг хараад үзэхээр 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр энэхүү орон сууцыг барьцаалсан байсан атлаа 2016 оны 4 дүгээр сарын 29-нд "Л " ХХК өөрөө н.Цэрмаа гэдэг хүнтэй тухай орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийсэн байсан. Барьцаанд байгаа хөрөнгийг бусад худалдах, худалдан авах гэрээ хийсэн, төлөх боломжгүй байгаа учраас н.Ц шүүхэд хандаж 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр "Л " ХХК-аас 58 тоот орон сууцыг худалдах авахаар төлсөн төлбөрөө буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа. Үүний дараа нэхэмжлэгч Ц.Б гэдэг хүнтэй "Л " ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрээ хийсэн. Анхны хөрөнгө оруулалтын гэрээ, барьцааны гэрээ дээр бусад худалдан борлуулах барьцаалсан тохиолдолд заавал Д.Б гэдэн хүнээс зөвшөөрөл авах зохицуулалтай байсан. Гэтэл "Л " ХХКомпани өөрөө бусад мэдэгдэхгүйгээр хэн нэгэнд барьцаалж, худалдан борлуулсан нь дамжуулсан үйл ажиллагаагаа Д.Б гийн буруу үйлдэл гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Нөгөө талаас нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн шаардаад байгаа нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдаад байгаа 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18/60 дугаартай албан бичгийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээд байна. Гэтэл энэ албан бичиг нь өөрөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд "Л " ХХК-иас Д.Б д өгөх ёстой болсон төлбөрт тооцуулж өгөхөөр болсны дагуу 58 тоот орон сууцыг шилжүүлж өгсөн албан бичиг байгаа. Энэ хүсэлтийг Иргэний хуульд заасан гэрээ болон хэлцлийн шинж агуулаагүй байгаа учраас хэлцэл гэж үзэх боломжгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн өөрсдөө ямар журмаар Д.Б гийн өмчлөлд шилжсэнийг мэдэж байсан учраас нэхэмжлэгч 2022 оны 07 дугаар сарын 2-ны өдөр Д.Б тай эвлэрлийн гэрээ байгуулж энэ орон сууцыг худалдан авахаар тохирсон гэрээ хийгдсэн. Энэ баримт хавтас хэрэгт авагдсан. Ц.Б төлбөрөө төлж чадахгүй хэмжээнд хүрээд ирэхээр энэ хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ маргаан бүхий байрнуудтай холбоотойгоор, өмчлөх эрхийн 2 гэрчилгээ гарсан. Үл хөдлөх хөрөнгийн хийгдсэн бүртгэл өөрөө ямар хууль зөрчөөгүй, хуулийн дагуу хийгдсэн гэдгийг Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүхээр тогтоогдсон. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа шаардлага үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Хэрэгт нэхэмжлэгчээс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ /хх-ийн 5,6/, Л ХХК-ийн хөрөнгө болох Дархан-Уул аймаг Дархан сум 11-р баг 13-р хороололд байрлах 144-н айлын орон сууцнаас иргэн Д.Б гийн төлбөрт төлөх байрны жагсаалт /хх-ийн 7/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 94,95/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 96,97/, хариуцагчаас 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тооцоо нийлсэн баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 92/, 144 айлын захиалагчдын жагсаалт /хх-ийн 98-100/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 101,102/, гуравдагч этгээдээс Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 189 дугаар тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 68/, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаар шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 69-78/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 79/, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 84/, Л ХХК-ийн хөрөнгө болох Дархан-Уул аймаг Дархан сум 11-р баг 13-р хороололд байрлах 144-н айлын орон сууцнаас иргэн Д.Б гийн төлбөрт өгөх байрны жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 86/, шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 107/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/03568 дугаар захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 107,108/, Дархан 144 айлын оршин суугчдад /хх-ийн 109/, Ц.Б ын гаргасан хүсэлт /хх-ийн 109/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 110/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 111/, орон сууц худалдах, худалдан авах гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 117,118/, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 120/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 120/, итгэмжлэл /хх-ийн 121/, шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6/9621 тоот албан бичиг /хх-ийн 34/, хавсралт /хх-ийн 35-59/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ц.Б миний бие Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 баг, 13 хороолол, Ласти Таун, 10А байрны 58 тоот орон сууцыг Л ХХК-тай 2017 оны 12 сарын 18-ны өдөр 03 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан захиалж ашиглалтад орсон цагаас хойш амьдарч байгаа. Л ХХК нь захиалагчийн захиалсан байрны үл хөдлөх, хөрөнгийн гэрчилгээг захиалагч талд гарган өгөх үүрэгтэй. Захиалагчдыг шаардах үед "удахгүй гаргаж өгнө" гэдэг байсан боловч санаатайгаар өөрийн байгууллагын нэр дээр гаргуулж, улмаар худалдан авагчдын захиалсан, ашиглалтад орсон өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байгаад байрны өмчлөх эрхийг 2018 оны 05 сарын 06-ны өдөр өр төлбөртөө м.кв-ийн үнийг 972,850 төгрөгөөр, нийт 58,215,344 төгрөгөөр тооцон Л.Б д өгөхөөр харилцан тохиролцож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд сайн дураараа хүсэлт гаргаж Доржийн Б гэх хүнд шилжүүлсэн байна. Миний захиалан бариулсан, урьдчилгаа төлбөр авсан, миний эзэмшилд хүлээлгэн өгсөн байрыг бусдад дур мэдэн, хуулиар тогтоосон журмыг зөрчин шилжүүлж байгаа нь ИХ-ийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Хүчин төгөлдөр бус хэлцийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасны дагуу өмчлөх эрхийг хариуцагч Л ХХК-д буцаан шилжүүлэхээр шаардаж байна. гэж тайлбарласан.
3.Хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа ...Хөрөнгө оруулагч Д.Б нь Ц.Б ыг орон сууц захиалан бариулах тэрээтэй болохыг мэдэж байсан. "Л " ХХК-иас 44 айлын орон сууцыг Д.Б д, 53 айлын орон сууцыг н.Дөлгөөнд хуваарилсан. Үүний нэг нь нэхэмжлэгч Ц.Б ын байрыг Д.Б д шилжүүлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн албанд Д.Б , Б.Дөлгөөн нар нь гуравдагч этгээд гарч ирсэн тохиолдолд бид эрсдэлээ хүлээнэ. Дотор байгаа хүмүүстэй харилцан зохицож үнэ төлбөрийг барагдуулна гэсний үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаа хийсэн. Д.Б айлуудтайгаа эвлэрэхгүй, байранд байгаа хүмүүсийн эрх ашиг зөрчиж, анх тохирсон хэлцээ биелүүлэхгүй байгаа. Иймд Ц.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: ...Д.Б 2014 онд "Л " ХХК-д хөрөнгө оруулалтын гэрээ хийж, анхны хөрөнгө оруулалтыг бүрэн хийсний үндсэн дээр энэ бүх барилга боссон. Гэрээ хийсний дараа үйл ажиллагаа явж байхад 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Д.Б нь "Л " ХХК-тай барьцааны гэрээ байгуулж, 46 айлын орон сууцыг барьцаалсан бүртгэл хийлгэсэн. 46 айлын орон сууцны бүртгэлд өнөөдрийн маргаад байгаа 10а байрын 58 тоот орон сууц байдаг. Д.Б оруулсан хөрөнгөө авах гээд "Л " ХХК-иас мөнгө нэхэж, "Л " ХХК нь төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй учраас Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хандаж 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 183 эвлэрлийн гэрээг байгуулсан. Энэ эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн шүүгч баталж, захирамж гаргасан. Тухайн захирамжийн дагуу "Л " ХХК нь Д.Б д төлөх ёстой байсан хөрөнгө оруулалтын 2,500,000,000 төгрөгийнхөө төлбөрт Д.Б д барьцаалсан 46 орон сууцыг шилжүүлэх үйл ажиллагаа явагдсан. Д.Б 58 тоот орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр өмчлөх эрхтэй болсон. Барьцаанд байгаа хөрөнгийг бусад худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Барьцааны гэрээ зүйлийг бусад худалдан борлуулах, барьцаалсан тохиолдолд заавал Д.Б гаас зөвшөөрөл авах зохицуулалтай байсан. Гэтэл "Л " ХХКомпани өөрөө бусад мэдэгдэхгүйгээр худалдан борлуулсан байна. Нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа нь үндэслэлгүй байна. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 18/60 дугаартай албан бичгийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээд байна. Энэ албан бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдсэн албан бичиг байгаа. Энэ хүсэлт Иргэний хуульд заасан гэрээ болон хэлцлийн шинж агуулаагүй учраас хэлцэл гэж үзэх боломжгүй. Мөн нэхэмжлэгч ямар журмаар Д.Б гийн өмчлөлд шилжсэнийг мэдэж байсан учраас 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Д.Б тай эвлэрлийн гэрээ байгуулж, орон сууцыг худалдан авахаар тохирсон гэрээ хийгдсэн. Үл хөдлөх хөрөнгийн хийгдсэн бүртгэл хууль зөрчөөгүй, хуулийн дагуу хийгдсэн гэдгийг Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүхээр тогтоогдсон. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа шаардлага үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэлийн үндэслэл, түүний тайлбарын агуулгаас үзвэл нэхэмжлэгч Ц.Б нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, тоот орон сууцыг Л ХХК, Д.Б нар 2,500,000,000 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлэхээр харилцан тохиролцсон хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн дагуу Д.Б д шилжүүлсэн 58 тоот орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг шаардахыг Л ХХК-д даалгахаар шаардсан байна.
6.Нэхэмжлэгч Ц.Б , хариуцагч Л ХХК-ийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 03 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ бичгээр байгуулагдсан байх бөгөөд гэрээгээр Л ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 11 дүгээр баг, орон сууцны барилгын 10а байрны 2 дугаар орц, 62.7м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг ашиглалтад оруулан захиалагчид шилжүүлэх, нэхэмжлэгч Ц.Б нь орон сууцны үнэ 78,375,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 5-6/
7.Дээрх гэрээний агуулга Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалтад хамаарч байх тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хэн аль хүсэл зоригийнхоо дагуу гэрээг байгуулсан талаар маргаагүй, хуульд заасан хэлбэрийн шаардлага зөрчөөгүй учир хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэв.
8.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
9.Гэрээний дагуу хариуцагч Л ХХК нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, тоот орон сууцыг барьж, ашиглалтад оруулан нэхэмжлэгч Ц.Б ын эзэмшилд шилжүүлэн өгсөн байна. Мөн өмчлөх эрхийг орон сууцны үнэ бүрэн төлөгдөж дууссаны дараа шилжүүлэхээр гэрээгээр тохиролцсоны дагуу өмчлөх эрхийг шилжээгүй, нэхэмжлэгч орон сууцны төлбөрийг бүрэн төлж дуусгаагүй боловч талуудын хэн аль нь гэрээнээс татгалзаагүй, гэрээний харилцаа дуусгавар болоогүй байна.
10.Гэвч Ласти интернешнл ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2018/08942 дугаар Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжийн дагуу Д.Б д 2,500,000,000 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Д.Б , төлбөр төлөгч "Л " ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр "Л " ХХК-ийн 44 орон сууц, үүний дотор маргааны зүйл болсон 58 тоот орон сууцыг 2,500,000,000 төгрөгийн төлбөрт тооцон Д.Б д шилжүүлэхээр тохиролцсон байна. /хх-ийн 84-85/
11.Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл, зохигчдын тайлбараар төлбөр авагч Д.Б нь төлбөрт тооцож өгөхөөр санал болгосон орон сууцанд "Л " ХХК-тай орон сууц захилгын гэрээний дагуу эзэмшигч байгаа, өмчлөх эрхийг шилжүүлэн авах нь гуравдагч этгээдийн эрх зөрчигдөх нөхцөл байдал үүсгэхийг мэдэж байсан нь тогтоогдож байна. /хх-ийн 101-102/
12.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүртэй боловч өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд төлбөр төлөгчөө 58 тоот орон сууцыг төлбөрт тооцож авахаар тохиролцохдоо уг хэлцэл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөж байгааг мэдсэн боловч хэлцэл хийсэн нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцэхгүй.
13.Иймд хариуцагч Л ХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Б нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хийсэн хэлцлээс Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, тоот орон сууцыг 2,500,000,000 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлсэн хэсэг нь хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдож байна гэж үзэв.
14.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар Д.Б д хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн 58 тоот орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Л ХХК буцаан шилжүүлж авахыг даалгахаар шаардах эрхтэй.
15.Иймд Л ХХК нь Д.Б д 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 2,500,000,000 төгрөгийн төлбөрт тооцож 44 орон сууц шилжүүлэхээр тохиролцсон хэлцлээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, тоот орон сууцыг төлбөрт тооцон шилжүүлэхээр харилцан тохиролцсон хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийг Д.Б гаас буцаан шилжүүлж авахаар шаардахыг Л ХХК-д даалгах нь зүйтэй байна.
16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449,027 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 378,872 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Л ХХК-иас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4-т заасны дагуу Л ХХК нь Д.Б д 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 2,500,000,000 төгрөгийн төлбөрт тооцож 44 орон сууц шилжүүлэхээр тохиролцсон хэлцлээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, тоот орон сууцыг төлбөрт тооцон шилжүүлэхээр харилцан тохиролцсон хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, уг орон сууцны өмчлөх эрхийг Д.Б гаас буцаан шилжүүлж авахаар шаардахыг Л ХХК-д даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч Ц.Б аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 449,027 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 378,872 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Л ХХК-иас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР