| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 135/2020/00947/и |
| Дугаар | 17 |
| Огноо | 2021-02-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 17
Н.Д-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2020/00947/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1229 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Н.Д-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Г-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг
Хариуцагч Б.Г-ын давж заалдсан гомдлыг үндэслэн
2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч Н.Д- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид 2002 онд танилцаж, 2002 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсон. Бидний дундаас 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр охин Г.М-, 2009 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүү Г.Ө-, 2005 оны 08 дугаар сарын 15-ны өдөр охин Г.Э- нар төрсөн. Бидний амьдралын эхний жилүүдэд бусдын адилаар сайхан амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр маань архи ууж агсан согтуу тавьж зоддог болсон. Б.Г-ын хий хоосон хардалтаас болж хэрүүл маргаан үүсдэг. Архи ууж ирэх бүрт хүүхдүүдээ авч гараад унтахаар нь гэртээ орж ирэн 15 жил хүүхдүүдээ бодон амьдарч ирсэн.
Бидний хамтын амьдралын явцад байнгын гэр бүлийн хүчирхийлэл, дарамттай байсаар ирсэн. Б.Г- намайг зодож, ах дүү нар нь намайг элдвээр харааж, дээрэлхсээр ирсэн. Миний биед 6 сорив байгаа. Бүгд энэ хүний учруулсан сорив. Ах дүү нар нь цагдаад битгий хэл гэж дарамталдаг байсан болохоор би хэлдэггүй, хүүхдүүддээ бодоод шүүхэд өгдөггүй байсан. Гэтэл надад гаргадаг ааш авираа хүүхдүүддээ гаргадаг үүнээс болж том охин маань амиа хорлох тухай бодож байна. Хүүгийн хувьд аутизмтай учраас бусдын үйлдлийг яг дуурайдаг. Хүүхдэд намайг муулж элдвээр хэлж байна. Хүү тэрийг нь шууд хүлээн авч байна. Тиймээс цаашид нэг гэрт амьдрах боломжгүй. Би энэ хүнээс илүү мөнгө нэхээгүй. Хүүхдүүдийн тэтгэмж л хүссэн.
Мөн шүүгчийн захирамж гарсны дараа уг захирамжийг зөрчин 6-7 удаа гэртээ ирсэн. Би 3-4 удаад нь л мэдэгдсэн. 12 дугаар сарын 04-ний өдөр ирэхдээ архи ууж агсам тавьсан. Цагдаад дуудлага өгсөн. Хэсгийн байцаагч 25,000 төгрөгөөр торгосон. Ирээд агсам тавихдаа манай ахын байр, хүүхдүүдээ аваад зайл гэж хэлсэн. Ер нь иймэрхүү хандлага гаргадаг байсан. Тиймээс би 3 хүүхдээ өөрийн асрамжид авах, гэр бүлээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлт шүүхэд гаргаж байна гэжээ.
Хариуцагч Б.Г- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид 2001 онд танилцаад 2002 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 3 хүүхэд төрсөн. 2005 онд том охин. 2009 онд дунд хүү, 2012 онд бага охин төрсөн. Манай ахын сольсон машиныг тэр хүндээ өгсөн. Намайг гэр оронд минь оруулдаггүй. Ээжийнх нь эгч нар хүртэл хэрвээ та 2 салах юм бол Н.Д-д хүүхдээ битгий өгөөрэй, өсгөж чадахгүй шүү гэж хэлдэг. Хөл хугархай гарч чадахгүй байхад намайг орхиж явчхаад, охиныг маань хамгаалах байр руу амттай юм авч өгье гэж хэлээд хуурч авч явсан байсан. Энэ талаар надад манай хадам ээж хэлсэн. Би хадам аав ээжтэйгээ 8 жил хамт амьдарч байна. Надад их сайн байдаг. Энэ хүн өөр хүнтэй уулзаад байгаа. Тэр хүнтэйгээ нийлж хууль бус зүйл хийсэн. Тэр нь баригдаад, одоо тэр хүнд нь мөнгөний хэрэг гарахаар надаас салж надаас мөнгө авч өгөх гэж байна гэж би бодож байна. Гадуур явж явж гэртээ ирээд гурав л хонодог. Тэгээд хүүхдүүдийнхээ хажууд өөр хүнтэй хайрт минь гэж ярьдаг. Энэ талаар хүүхдүүд надад ээж өөр хүнтэй хайрт минь гэж ярьж байна гэж хэлсэн. Манай хадам ээж өөрийгөө өмгөөл миний хүү гэж надад хэлсэн. Худлаа хэлж намайг баривчилгаанд өгсөн. Би гэрлэлтээ цуцлуулах хүсэлгүй, хүүхдүүдээ бодох хэрэгтэй гэж бодож байна гэв.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 1229 дүгээр шийдвэрээр:
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар С- овогт Н-гийн Д- /регистрийн дугаар **********/, Т- овогт Б-ын Г- /регистрийн дугаар **********/ нарын гэрлэлтийг цуцалж,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Г.М-, 2009 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Г.Ө-, 2005 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Г.Э- нарыг эх Н.Д-ын асрамжид үлдээж,
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Г.М-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр, 2009 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Г.Ө-, 2005 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Г.Э- нарыг 16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тус тус эцэг Б.Г-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэг жилд төлөгдөх тэтгэлгийн үнийн дүнгээс ногдох улсын тэмдэгтийн хураамж 139,153 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж,
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учрыг дурдаж,
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдэж,
Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол өргөдөл гарган гэрлэлтээ сэргээж болохыг мэдэгдэж,
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Тогтоход даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.Г- давж заалдсан гомдолдоо:
Хариуцагч миний бие анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч эхнэр Н.Д-аас гэрлэлт цуцлуулах хүсэлгүй байгаа тухайгаа илэрхийлсэн. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. Манай хадам ээж Д-ыг өөр хүнтэй болж, тэр хүнтэйгээ хамтран хууль бус зүйл хийж улмаар өрөнд орж мөнгөний хэрэг гарсан гэж хэлсэн. Иймд надаас салж хөрөнгө авах зорилгоор анхнаасаа цагдаад худал дуудлага өгч удаа дараа намайг баривчилгаанд явуулж салах шалтаг гаргадаг.
Энэхүү шалтаг нь үнэн болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Миний том охин Г.Э- 16 настай, хүү Г.Ө- 12 настай, бага охин Г.М- 9 настай. Н.Д-ыг өөр хүнтэй дотно харьцаатай болсныг манай хадам ээж, хүүхдүүд гээд бүгд мэддэг. Н.Д- гэртээ ирэхгүй олон хоногоор явдаг, анхан шатны шүүх хурлын дараа гэртээ байхдаа нойлын өрөөнд орж нөгөө хүнтэйгээ “... чи түр хүлээж байгаарай, удахгүй хөрөнгөө авахаараа 3 хүүхдээ үлдээгээд чам дээр яваад очно шүү дээ, чи хүүхдийнхээ хичээлийг хийлгэж байгаа биз дээ, би чамд хайртай” гэж ярихыг манай хүүхдүүд сонссон байна. Энэ үгийг сонссон хүүхдүүд маань сэтгэлээр ихэд унасан. Нэгэнт Н.Д-ын сэтгэл хөрж, өөр хүнтэй хамтран амьдрахаар сэтгэл шулуудан шийдсэн учир миний бие гэрлэлт цуцлуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна.
Гэвч Н.Д- нь он гарахын өмнө үр хүүхдээ орхиж явна гэх зэргээр нөгөө хүнтэйгээ ярьж байгаа хүнд өөрийн хүүхдүүдээ итгээд түүний асрамжид үлдээх хүсэлгүй байна. Үүгээр ч зогсохгүй Н.Д- нь хөнгөн хэлбэрийн аутизмтай хүү Г.Ө-ыг айлган дарамталж хүүд маань “... чамайг хаяж явна, галзуугийн эмнэлэгт чинь хүргээд өгчихнө...” гэж дарамталсан байна. Үүнээс харахад Н.Д- нь өөр хүнтэй амьдрахын тулд үр хүүхдээ хүртэл хаяад явах хэмжээний толгой нь эргэсэн байна. Ийм хүний асрамжид үр хүүхдүүдээ үлдээж чадахгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж охин Г.Э-, хүү Г.Ө-, бага охин Г.М- нарыг миний асрамжид үлдээж шийдвэрлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Н.Д- хариуцагч Б.Г-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Н.Д-, Б.Г- нар нь 2002 онд танилцан хамтран амьдарч байгаад 2005 онд оны 08 дугаар сарын 15-ны өдөр охин Г.Э-г төрүүлж, 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулан иргэний гэр бүлийн байгууллагад бүртгүүлэн 2009 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүү Г.Ө-, 2012 оны 02 дугаар сарын 17-нд охин Г.М- нар төрсөн болох зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврүүдээс үзвэл Б.Г- нь охин Г.М-, хүү Г.Ө- нарыг биед нь хохирол учруулахгүйгээр зодох, эхнэр Н.Д-ын гадуур хувцас, гутал цүнхийг хутгаар урж эрх чөлөөнд нь халдах, охин Г.Э-гийн хоолойг нь боож багалзуурдах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн 2019 оны 03 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрүүдийг хүртэл нийт 3 удаа 10-20 цагийн албадан сургалтад хамрагдан, 7-21 хоног баривчлах шийтгэл эдэлж байжээ.
Түүнчлэн Н.Д- нь 2017 оноос 2020 онуудад хүүхдийн тусламжийн 108 дугаарт хандан дуудлага өгч байсан талаар Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ирүүлсэн мэдээллээс үзвэл Б.Г- нь эхнэр болон хүүхдүүддээ байнга бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг байсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 25-29-р тал/
Анхан шатны шүүх гэрлэгчдийг хоорондын таарамжгүй харилцааны улмаас байнга маргаантай байдаг, нөхөр Б.Г- нь эхнэр Н.Д-, охин Г.М-, хүү Г.Ө- нарын эрх чөлөөнд халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн баривчлах шийтгэл эдэлж байсан, эхнэр Н.Д- цаашид гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж охин Г.Э-, Г.М-, хүү Г.Ө- нарыг эхийн асрамжид үлдээн, хүүхдүүдийн тэтгэлгийг тогтоон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасан.
Гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхдүүд болох охин Г.Э-, Г.М-, хүү Г.Ө- нар нь 8-15 настай байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...ээж бидэнд илүү их анхаарал халамж тавьдаг, цаашид ээжтэйгээ амьдарна...” хэмээн санал өгчээ.
Шүүх дээрх байдлыг харгалзан үзэж Г.Э-, Г.Ө-, Г.М- нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэснийг “...Н.Д- нь гэртээ ирэхгүй олон хоногоор явдаг, өөр хүнтэй дотно харьцаатай, хөнгөн хэлбэрийн аутизм өвчтэй хүүхдийг минь галзуугийн эмнэлэгт хүргэж өгнө хэмээн дарамталдаг...” гэх агуулга бүхий давж заалдсан гомдолд үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулан хүүхдүүдийн асрамжийг өөрчлөн тогтоох боломжгүй юм.
Түүнчлэн хариуцагч Б.Г- нь дээрх байдлаа анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.
Харин шүүх шийдвэрийнхээ “үндэслэх нь” хэсэгт “...гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасны дагуу гэрлэлтийг цуцлах нь зүйтэй...” хэмээн дүгнэсэн атлаа гэрлэгчдийн гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар цуцалсан нь буруу болжээ.
Иймд энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Г-ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Цаашид нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан хэн аль нь хүүхдүүдийнхээ асрамжийг өөрчлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр, магадлал саад болохгүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1229 дүгээр шийдвэрийн “ТОГТООХ нь” хэсгийн 1 дэх заалтад
“...Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д...” гэснийг
“...Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т...” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА
М.МӨНХДАВАА