Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 19

 

Д.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2020/00947/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  01 дүгээр сарын 05-ны өдрийн 30 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

“А- Б- ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үнэлсэн №ҮХХ/820-62, №ҮХХ/820-63 дугаартай хөрөнгийн үнэлгээнүүдийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Э-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Нэхэмжлэгч Д.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1241 дугаар захирамжаар Капитал банканд 86.404.246,80 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэгдсэн. Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг шийдвэрийг үндэслэн миний өмчлөлд байгаа Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 17 дугаар багш нарын байрны зүүн хойд талд байрлалтай 000214347 улсын бүртгэлийн дугаартай 90м.кв талбай бүхий амины орон сууц, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 17 дугаар багш нарын байрны ард талд байрлалтай 000451710 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Дархан-Уул аймаг Дархан сум 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 4 дүгээр 178 тоот 18м.кв 000166987 улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д зааснаар хөндлөнгийн шинжээч буюу “А- Б-” ХХК-аар үнэлүүлсэн.

“А- Б-” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр №ҮХХ/820-62 дугаартай үнэлгээний тайлангаар 000214347 улсын бүртгэлийн дугаартай 90м.кв талбай бүхий амины орон сууц, 000451710 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 95.160.848 төгрөгөөр, №ҮХХ/820-63 дугаартай үнэлгээний тайлангаар 18м.кв 000166987 улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууцыг 38.065.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.

Миний бие энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар гаргаж байна. Өнөөгийн байдлаар миний 1 өрөө орон сууц 45.000.000 төгрөг, 157,8м.кв хувийн сууц газрын хамт 213.300.000 төгрөг байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон хөндлөнгийн шинжээч болох “А- Б-” ХХК-ийн №ҮХХ/820-62, №ҮХХ/820-63 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1241 дүгээр шийдвэрээр Дархан Хан жаргалан ХХК-аас 86.404.246 төгрөгийг гаргуулж Капитал банканд олгох гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч 19070779 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2003016383 дугаартай, Дархан-Уул аймаг Дархан сум 9 дүгээр баг, 17 дугаар багш нарын байрны зүүн хойд талд байрлалтай 90м.кв бүхий амины орон сууц, 20 жилийн хугацаатай 000451710 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Ү-2003005380 дугаартай Дархан сум 10 дугаар баг 5 дугаар хороолол 4 дүгээр байрны 178 тоот 18м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 19070779/08, 19070779/09 дугаар тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үүнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20/25 тоот тогтоолоор “А- Б-” ХХК-г шинжээчээр томилсон.

“А- Б-” ХХК нь амины орон сууц, газрын хамт 95.160.848 төгрөгөөр, орон сууцыг 38.065.000 төгрөгөөр тус тус тогтоосон талаар 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үнэлгээний тайланг хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д.Э- нь биечлэн ирж танилцан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулан мэдэгдсэн гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-д заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан А- Б- ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Э-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч  Д.Э- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхэд иргэн Д.Э- миний бие “А- Б-” ХХК-ний 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 95.160.848 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон. Шүүхээс “...одоогийн бодит үнэ ханш 213.300.000 төгрөг байгаа гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй...” гэж үзээд үл хөдлөх хөрөнгийн үнийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.

Гэтэл миний орон сууцны бодит зах зээлийн үнэлгээ 213.300.000 төгрөгөөр үнэлэгдэх учир гомдолтой байна. Манай үл хөдлөх хөрөнгө хотын “А” зэрэглэлийн байршилд байрлалтай, сургууль, цэцэрлэг зэргийн төвд байрлалтай. Анх 90м.кв 1 давхар барьсан боловч явцын дунд 2 давхар болгож 157м.кв болсон тул 213.300.000 төгрөгөөр үнэлэгдэх байсан. Байр барьцаанд байсан болохоор гэрчилгээ дээр өөрчлөлт хийлгэж чадаагүй байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Э- нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан “А- Б-” ХХК-ний 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргасан ҮХХ/820-62, ҮХХ/820-63 тоот үнэлгээний тайлангуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчээс ҮХХ/820-62 тоот үнэлгээний тайлангаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол 4 дүгээр байрны 178 тоот 18м.кв байрыг 38.065.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийнхээ уг шаардлагаас татгалзсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур үнэлэгдэж байгаа гэдгийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдан шүүх хуралдаанаар судлагдсан баримтуудаас үзвэл Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1241 дүгээр шийдвэр, тус аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 20 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 840 дугаар тогтоолуудаар “Дархан хан жаргалан” ХХК-аас 86.404.246,8 төгрөгийг гаргуулан Капитал банканд олгож, төлбөрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Хариуцагч байгууллагаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлжээ.

Шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангиас Д.Э-гийн өмчлөлийн хувийн сууцыг гэр бүлийн хэрэгцээний газрын хамт битүүмжлэн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хураан авч, талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн саналыг авч, харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөрөнгө даатгал хохирлын үнэлгээ хийх эрх бүхий “А- Б-” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээний тайлан гаргуулсан хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хэрэв хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй бол зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдгээрээ иргэний эрх зүйн үндсэн зарчим оршдог.

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар талууд тохиролцоогүйгээс шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь шинжээчийн дүгнэлт хуульд нийцээгүй гэж маргадаг боловч зах зээлийн жишиг үнэлгээнээс доогуур миний хөрөнгийг үнэлсэн нь буруу гэх тайлбараа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч тал ийнхүү нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө болох хувийн сууцыг газрын хамт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгүүд болон захиалагчийн өгсөн мэдээлэл, салбарын судалгаа, цахим мэдээллийн эх үүсвэр, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн байдалтай газар дээр нь очиж танилцсан үзлэгийн мэдээлэл зэргийг ашиглан байршил, дэд бүтэц зэрэг нийт 16 шалгуурыг үндэслэн жишиг үнийг 95.160.848 төгрөгөөр тогтоосныг буруутгах боломжгүй.

Иймд нэхэмжлэгч Д.Э-гийн “...миний үл хөдлөх эд хөрөнгө 213.300.000 төгрөгөөр үнэлэгдэх боломжтой...” гэх агуулга бүхий гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах эсхүл хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоохгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Э-гийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                                                                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                           ШҮҮГЧИД                             Л.АМАРСАНАА

                                                                                                                                                         М.МӨНХДАВАА