Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2018/0028

 

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2018/0028

Улаанбаатар хот

 

 

А.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Г.Б, хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0800 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн давж заалдах гомдлоор, А.Г-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0800 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж буй эсэхэд хяналт тавиагүй эс үйлдэхүй болон иргэн А.Г-ийн 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тооцож авсан Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, “2016 оны 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож аваагүй Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмжид хамруулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д зааснаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс  давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйл /шимтгэл төлсөн хугацаа/-ийн 1-д “Энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно”, мөн зүйлийн 3-д “Төр, аж ахуйн нэгж байгууллагаас дараах хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно”

1. Хөдөлмөрийг гэрээгээр ажиллагч болон төрийн албан хаагч аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар ажиллаас чөлөөлөгдөж суралцсан хугацаа

2. Цэргийн жинхэнэ албыг байлдагч, түрүүчээр хаасан хугацаа

3. Тэтгэмжтэй чөлөө авч хүүхдээ асарсан хугацаа

4. Хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацаа

5. Хууль бусаар ажлаас халагдсан хугацаа

6. Иргэний хамгаалалтыг болон бусад дайчилгааны хугацаа

7. Хөдөлмөрийн чадвар түр алдсан, жирэмсэн болон амаржсаны амралттай байсан хугацаа

8. Хууль заасан бусад хугацаа гэж маш тодорхой хуульчилж өгсөн бөгөөд Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-аар дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн төлөхийг зохицуулж өгсөн.

Монгол Улсын хэмжээнд нийгмийн даатгалын шимтгэл төлж, нийгмийн даатгалын НД7, НД8 тайлан гарган ирүүлж буй 40780 аж ахуйн нэгж буюу төсвийн байгууллага энэ хууль болон журмын дагуу дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зөвхөн тэтгэврийн буюу тэтгэмжийн даатгалын санд төлж тайлагнаж байна.

Шүүхийн шийдвэрийн 12 дугаар хуудсанд “...хууль бусаар ажлаас халагдсан хугацааны шимтгэлийг тэтгэврийн буюу тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор заасан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1/-д заасан даатгалын бусад төрлүүдийг ажил олгогчоор төлүүлэхийг хязгаарласан агуулгагүй байна...” гэжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2 дугаар зүйлийн е/-д зааснаар “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө” гэж хязгаарласан байна.

Иргэн А.Г-ийн хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 7.8 хувиар /тэтгэвэр 7 хувь, тэтгэмж 0.8 хувь/ тооцож нийгмийн даатгалын санд төлсөн нь өнөөдрийн дагаж мөрдөж, Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байна.

 Иймд ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж буй эсэхэд хяналт тавиагүй эс үйлдэхүй болон иргэн А.Г-ийн 4, 5 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тооцож авсан Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.Г нь “Т.Б.В” ХХК-ийн захирлын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12/137 дугаар тушаалаар 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл С... рестораны угаагчаар ажиллаж байгаад 12/29 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/04036 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 1,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийж баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэжээ.

Энэхүү үйл баримтын талаар маргаангүй байна. Харин “ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хэдэн хувиар төлүүлэх, түүнд ажилгүйдлийн болон эрүүл мэндийн даатгалыг хамаарах эсэх” талаар маргажээ.

“Хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу иргэн А.Г-ийн 2016 оны 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг 7.8 хувиар (тэтгэвэр 7 хувь, тэтгэмж 0.8 хувь) тооцож тэтгэвэр, тэтгэмжийн санд “Т.Б.В” ХХК-иар төлүүлсэн нь хуульд нийцэхгүй байна” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

1. Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэртээ тухайлан “эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, зохих бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн” байхад хариуцагчийн зүгээс төлүүлээгүй зөвхөн “тэтгэвэр 7 хувь, тэтгэмж 0.8 хувь” төлүүлсэн нь буруу байна.

2. Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2 дугаар зүйлийн е/-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө” гэж заасны дагуу “Т.Б.В” ХХК-ийг нэхэмжлэгч А.Г-ийн ажилгүй байсан хугацааны буюу 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн төлбөл зохих хувиар буюу Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр төлүүлэх нь нийгмийн даатгалын байгууллагын нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах талаарх Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д заасан чиг үүрэгт нийцнэ.

3. Хэрвээ хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаачлан “зөвхөн тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэл болох 7.8 хувь”-ийг төлүүлнэ гэж үзэх нь тэгш бус байдал үүсгэж байна. Өөрөөр хэлбэл тухайн ажилтныг хуулийн дагуу ажиллуулж буй аж ахуйн нэгж нийгмийн даатгалын шимтгэл 10 хувь төлдөг, харин ажилтнаа дур зоргоороо, хууль бусаар халдаг аж ахуйн нэгж 7.8 хувь төлж ашиг олохоор байна. Хууль бус үйлдэл гаргасныхаа төлөө харин ч давуу байдал олж авч байгаа нь шударга ёсонд нийцэхгүй.

4. Нөгөө талаар нэхэмжлэгч А.Г-г шүүхийн шийдвэрийн дагуу ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор түүний эрх зүйн байдал нь өмнө нь ямар байсан тэр байдалдаа шилжих учиртай.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж буй эсэхэд хяналт тавиагүй эс үйлдэхүй болон иргэн А.Г-ийн 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тооцож авсан Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

А.Г-ийн 2016 оны 06 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 148 дугаар албан бичигт хавсаргаж ирүүлсэн баримтаар нотлогдож байгаа бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.

Хэдийгээр 2016 оны 06 сарын нийгмийн даатгалын шимтгэлийн талаар маргахгүй байгаа боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай холбогдуулан дараах байдлыг тодруулж дүгнэх нь зүйтэй гэж үзэв. Тэрээр тайлбарлахдаа “ажилласан цагийн бүртгэл байхгүй тул 6 сард ямар нэгэн шимтгэл төлөхгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч иргэн ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй, сүүлийн 9 сар тасралтгүй шимтгэл төлөөгүй тасрах, түүнчлэн сүүлд өндөр насны тэтгэвэрт гарах үедээ дараалсан 5 жилийн дундаж болох зэрэгт сөргөөр нөлөөлөхөөр байдлыг зориуд үүсгэж байна. Нийгмийн даатгалын байгууллага, түүний ажилтны зорилго нь ямар нэг байдлаар тэтгэвэр, тэтгэмж өгөхгүй байхад чиглэгдэх ёсгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хүрээ”-ний талаар заасан бөгөөд дээрх зүйлээс үзэхэд иргэн А.Г нь албан журмаар даатгуулагч байна. Иймд сар бүр ажил олгогч болон ажилтан заавал нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Ингэхдээ мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “...даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу сар бүр төлөхөөр байна.

Нэгэнт А.Г нь 6 сарын хөдөлмөрийн хөлсийг хүлээн авсан тул түүндээ нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. Энэ шимтгэлийг ч гэсэн нийгмийн даатгалын байгууллага авах ёстой байжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...А.Г-ийн ажилласан цагийн бүртгэл байхгүй, ажиллаагүй” хэмээн тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй. А.Г-ийн орлого бол нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс чөлөөлөгдсөн орлого биш юм. Нөгөө талаар нийгмийн даатгалын шимтгэлийг олж буй орлогод ногдуулах болохоос ажилласан цагт ногдуулахгүй. Өөрөөр хэлбэл 30 цаг ажилласан бол 5%, 176 цаг ажилласан бол 10% гэх мэтээр хууль тогтоогч тогтоож өгөөгүй, ажил олгогч ажилтанд хөдөлмөрийн хөлс, орлого шилжүүлж л байгаа бол холбогдох шимтгэлийг төлөх ёстой, үүнд нийгмийн даатгалын байгууллага хяналт тавих үүрэгтэй.

Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох “Ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмжид хамруулахыг даалгах” тухайд:

  А.Г ажлаасаа чөлөөлөгдсөний дараа ажилгүйдлийн тэтгэмж авахаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст /хуучнаар/ 2016 оны 03 дугаар сарын 15-нд хандахад, мөн анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа  5 дугаар сарын 11-ний өдөр ажилгүйдлийн тэтгэмж авах талаар хандсан боловч эрх үүсээгүй буюу хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал гараагүй тул бүртгэхээс татгалзжээ.

Үүний дараа 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Т.Б.В” ХХК-ийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” 12/149 дүгээр тушаал гарснаар нэхэмжлэгч А.Г 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст /хуучин нэрээр/ дахин хандахад 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн, 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэх шалтгаанаар хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэрээр А.Г-аас Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хууль бус эс үйлдлийг зөвтгөн ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй байгаа Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажилгүйдлийн тэтгэмжид хамруулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч тэрээр давж заалдах гомдол гаргаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан боловч шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт гомдол гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу шийдвэрийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2017/0800 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                    Э.ЗОРИГТБААТАР