Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2023/04245

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 23 өдөр                   Дугаар 102/ШШ2023/04245            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 137.698.000 төгрөг гаргуулах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад   

                        

            Шүүх хуралдаанд оролцогч:

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Г

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г , С.С

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн өмгөөлөгч Б.З

           Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Д

           Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.М

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

 1.Нэхэмжлэгч “М ” ХХК, хариуцагч “Ө ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 137.698.000 төгрөг гаргуулах, хариуцагчийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

        2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:

 

        3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Манай компани 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Ө ” ХХК-тай махны цехийн тоног төхөөрөмжийг 190.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

           Гэрээгээр  27 нэр төрлийн 38 ширхэг махны тоног төхөөрөмж худалдан авагчид хүлээлгэж өгч, худалдан авагч урьдчилгаанд 30.000.000 төгрөгийг төлсөн.

           Иймээс харуцагчийн өгсөн 30.000.000 төгрөг мөн, 22.000.000 төгрөгийн махны өртэй байсныг хасаж үлдэгдэл төлбөр 137.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

           4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, үл хөдлөх хөрөнгөтэй, зоорьтой, жижиг хэрэглээний тоног төхөөрөмжтэй объектыг худалдаж авсан гэж ойлгосон.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсэлж байсан объект “М ” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө биш, гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгө байгаа тул гэрээний үүрэгт шаардаж буй үнийн дүнг төлөх боломжгүй, гэжээ.

 

            5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Шүүх хуралдаанд оролцож буй хоёр талуудын хооронд үүссэн маргааны объект цогцолбор Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн өмч.

Үүнийг бусдад түрээслүүлдэг байсан.

Цогцолборын тодорхой хэсэг зоогийн газрын доод талын гурван өрөө байрыг түрээсэлсэн.

“М ” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дуусаж, өр төлбөрийн тооцоогүй болсон. Мөн бүх гэрээ хууль ёсны дагуу байгуулсан.

Зоорь гээд ярьж байгаа нь албан ёсны мах хөлдөөх зориулалттай зоорь биш зоогийн газрын өрөөний хажууд байрлах хоосон өрөөг “М ” ХХК түрээсээр ашиглаж, өөрөө засаж тоног төхөөрөмжийг байрлуулан мах хөлдөөх зориулалтаар ашиглаж байсан, гэжээ.

 

          6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

         Сөрөг нэхэмжлэлийн агуулга нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр гаргасан.

        Энэ гэрээ хийгдэж, гэрээний хавсралтаар гурван үл хөдлөх өрөөтэй, дагалдах хэрэгслүүдийн хамт 190.000.000 төгрөгийн үнэлгээтэй байгуулсан.

         Мөн 190.000.000 төгрөг дотор нэр бүхийн таван хүний өр төлбөрийг төлж, “М ” ХХК-д гэрээний үүрэгт 190.000.000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн.

          Энэ гэрээг хариуцагч хууль зүйн мэдлэггүйн учраас төөрөлдөж хийсэн.

          Үл хөдлөх хөрөнгө худалдаж аваагүй, үл хөдлөх хөрөнгө гуравдагч этгээдийн өмч байхаас гадна өглөг өгөх нэр бүхий таван хүнээс зөвшөөрөл аваагүй нөхцөл байдал илэрсэн тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

         Хэлцлийн гол үндэслэл худалдах, худалдан авах асуудал.

         Нэхэмжлэгчид гэрээний гол нөхцөл зээлээр худалдах, худалдан авах юм бол Ю.М-н хувьд үл хөдлөх хөрөнгө зоорь гол нь байсан.

         Тухайн гэрээнд тусгагдсанаар 27 нэр төрлийн 38 ширхэг махны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг “М ” ХХК, “Ө ” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн бөгөөд гэрээний хавсралтын тоног төхөөрөмжийн жагсаалтанд мах хөлдөөх зоорь-70, мах сэрвээлэг зоорь-6, мах сэрвээлэг зоорь-6 нийт 3 зоорийг дурдаж бичсэн байдаг.

             Гэвч зоорь “М ” ХХК-ийн өмч биш бөгөөд “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг “ ТББ-ын эзэмшлийн агуулах болон хөргүүрээр ашиглах зориулалттай тасалгаа байсан.

             Нэхэмжлэгч зоорийг өөрсдийн эзэмшил мэтээр ойлгуулан гэрээний тоног төхөөрөмжийн жагсаалтанд оруулан гэрээ байгуулсан.

             Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч, худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхийг зөрчсөн хууль бус эрхийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүн гэж үзэх үндэслэлтэй.

           Мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт заасны дагуу “худалдагч худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй” гэж заасан.

          Үүнээс гадна зээлийн гэрээнд “Ө ХХК-аас 70.000,000 төгрөгийг авч, 120.000.000 төгрөгийг “М ” ХХК-ийн өглөг бүхий 5 хүнд хариуцагч төлөхөөр тохиролцсон.

          “М “ХХК өр бүхий 5 этгээдтэй гэрээ байгуулах шаардлагатай бөгөөд тухайн зээлийг төлөх үүргээ гэрээний үндсэн дээр “Ө ” ХХК төлөх үүрэгтэй.

           Иймээс хариуцагч өрийг шилжүүлэхдээ гэрээ байгуулсан нь үндэслэлгүй, тул гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

         Дээрх нөхцөл байдлаар “М ХХК”, “Ө ” ХХК-ын хооронд 2021 оны 02 сарын 01-ний өдөр байгуулсан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү, гэжээ.

 

          7.Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

             Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Зоорийг худалдах боломжгүйг хариуцагч мэдэж байгаа гэв.

 

          8.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

          9.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.Э, С.С т олгосон итгэмжлэл, “М ” ХХК, хариуцагч “Ө ” ХХК-уудын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ, хавсралт, өмгөөлөгч Б.Г ,С.С нартай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, “Ө ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, жингийн гэрэл зураг,

 

        10.Хариуцагчаас сөрөг нэхэмжлэд төлсөн улсын тэмдэгтийн хураамж, “Ө ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ю.М-н иргэний үнэмлэхний хуулбар, С.Н , М.Б  нарт олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Б.З тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гэрэл зургууд, Хөрөнгө үнэлгээний тайлан

 

        11.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс улсын бүртгэлийн гэрчилгээ, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн дүрэм, “М ” ХХК, хариуцагч “Ө ” ХХК-уудтай байгуулсан түрээс, ажлын байрны гэрээ, өмгөөлөгч С.М тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

 

       12.Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, “М ” ХХК-аас түрээсийн гэрээнүүд, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлт, Нийслэлийн мал эмнэлэгийн лабортарийн шинжилгээний хуудас, Улсын мал эмнэлэгийн ариун цэврийн төв лабортарийн шинжилгээний хуудсууд, гэрч О.Х н мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, Монгол улсын Батлан хамгаалах яамнаас ирүүлсэн албан бичиг, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх хөрөнгийн мэдүүлэг, Батлах хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн албан бичиг, товч танилцуулга, Батлах хамгаалахад туслах нийгэмлэгийн авто сургуулийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, үнэлгээний тайлан, газар эзэмших гэрээ, авто сургуулийн кадастрын зураг, авто сургуулийг ашиглалтад хүлээлгэн өгөх, хүлээн авах техникийн комиссын дүгнэлт, акт, хөрөнгийн гэрчилгээ гаргуулах хүсэлт, эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг,   дугаартай орлогын ордерын тасалбар, Батлах хамгаалахад туслах нийгэмлэгийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн албанд гаргасан хүсэлт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ солиулах хүсэлт,  дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Батлах хамгаалахад туслах нийгэмлэгийн даргын тушаал, Батлах хамгаалахад туслах нийгэмлэгийн Төв зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол, авто сургуулийн гэрэл зургууд, Авлигатай тэмцэх газрын албан бичиг, Батлах хамгаалахад туслах нийгэмлэгээс байр олгосон ажилтнуудын жагсаалт, эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай дүгнэлтийн хуудас, орон сууцны байр олгох тухай тушаал, бэлэглэлийн гэрээнүүд, Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын лавлагаа гаргуулах, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн нотлох баримтууд,  кассын орлогын баримт, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2016/ 0 дугаартай Шүүгчийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн албан бичиг, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаартай Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын зөвшөөрөл хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг, хянах хязгаардах тухай, 2023 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШЗ2023/0 дугаартай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тогтоолыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

           1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

           2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Г нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Бид гэрээ байгуулж, эд хөрөнгөө худалдаад надад 30.000.000 төгрөг өгсөн. Зоорийн тухайд манай компанийн өмч биш. Түрээслэж байсан. Энэ зоорь хийсэн талбайг би өөрийн хөрөнгөөр мах хадгалах зориулалтаар янзалж сэнс, хөргөлт байрлуулж ашигласан. Талбай түрээслэх гэрээг Батлан хамгаалахад туслах нийгэмлэгтэй байгуулсан. Гэрээнд тухайн үедээ сайн мэдэхгүй зоорийг оруулсан байна. Би 5 хүнд өглөгтэй байгаад Ю.М ыг өгөх төлбөрөөс энэ хүмүүст өгөөрэй гэж ярилцаж тохиролцсон” гэж тайлбарлав.

 

           3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н “Нэхэмжлэгч гэрээгээр зоорь худалдахаар тохиролцсон зоорийг хүлээлгэн өгөөгүй буюу бусдын зөвшөөрөлгүйгээр өр төлбөрөө төлүүлэх гэрээ байгуулсныг зөвшөөрөхгүй. Мөн гуравдагч этгээдтэй гэрээ байгуулахдаа гадна талбайг ашиглах түрээсийн гэрээ байгуулсан гэж ойлгосон. Түүнээс зоорь түрээслэх гэрээ байгуулаагүй” гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

           4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Д “Талуудын маргаад байгаа зоорь анхнаасаа зоорь байгаагүй. Зоогийн газрын зориулалттай байсан талбайг С.Г мах, махан бүтээгдэхүүн хадгалах зорилгоор өөрийн хөрөнгөөр тохижуулан манай байгууллагатай гэрээ байгуулан ашигласан. Өнөөдөр энэ байрны өмчлөгч “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг” Төрийн бус байгууллага. Энэ хоёр компанийн хэнд ч объектыг зарсан зүйл байхгүй” гэж тайлбарлав.

 

          5.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

           6.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

       

          7.Нэхэмжлэгч  “М ” ХХК, хариуцагч “Ө ” ХХК-тай 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээгээр махны тоног төхөөрөмж, хөргөлт, 3 ширхэг зоорь, 2 ширхэг автомашин зэрэг 27 нэр төрлийн 38 ширхэг эд хөрөнгийг 190.000.000 төгрөгөөр үнэлж үүнээс 2021 оны 05 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 40.000.000 төгрөгийг С.Г ын эзэмшлийн “Хаан” банкны дансанд шилжүүлж, үлдэгдэл төлбөр 120.000.000 төгрөгийг “М ” ХХК-аас авлагатай 5 хүнд худалдан авагч төлж талуудын хоорондох төлбөр тооцоо дууссахаар гэрээ хийгдсэн болох нь зохигчдын тайлбар, бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

        8.Иймээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж  дүгнэлээ.

 

        9.Дээрх гэрээ байгуулагдсан, гэрээний үнийн дүн болон хариуцагч “Ө ” ХХК, нэхэмжлэгчид худалдан авсан эд хөрөнгийн төлбөрөөс 30.000.000 төгрөгийг төлсөн талаар хэн аль нь маргахгүй байна.

 

       10.Харин хариуцагч гэрээний дагуух 3 ширхэг мах хөлдөөх, сэрвээлэгтэй зоорийг өгөөгүй, 5 хүнд мөнгө төлөх ёсгүй гэж, нэхэмжлэгч зоорийг зараагүй, түрээслэж байгаад доторх эд хөрөнгийг худалдсан, 5 хүнд өгөх миний өрийг Ю.М зөвшөөрөөд гэрээ байгуулсан гэж мэтгэлцэж байна.

 

       11.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч, худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээхээр заажээ.

 

       12.Хэрэгт авагдсан баримт, зохигч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын тайлбараар Хан-Уул дүүрэг, 0дугаар хороо, Үйлдвэр-3, Ажилчдын гудамжны 0 тоотод байрлах Авто сургуулийн цогцолбор барилгын зориулалттай, 8085.2 метр квадрат талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг” Төрийн бус байгууллага байх бөгөөд дээрх байрны зоогийн газар байрлах хэсгийн талбайг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 0 дугаартай Түрээсийн гэрээ, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 0 дугаартай Худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээгээр “Батлан хамгаалахад туслах нийгэмлэг” ТББ, “М ” ХХК-тай, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Ө ” ХХК-тай мах, махан бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар 88 метр квадрат талбайг түрээслэж эзэмшүүлэхээр харилцан тохиролцож гэрээг байгуулсан нь бичгийн баримтаар нотлогдож байна.

 

       13.Иймээс хариуцагч гэрээг байгуулсан цаг үед тухайн үйлдлээрээ “М ” ХХК зоорийн өмчлөгч биш гэдгийг мэдсэн байх боломжтой тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй.

 

       14.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч гэрээний дагуу үлдэгдэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ нотлох баримтаар нотлож чадаагүй буюу зоорь, 5 хүнд төлөх төлбөрөөс бусад эд хөрөнгийн талаар маргахгүй байна.

      

       15.Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж хуульчилжээ.

 

       16.Өөрөөр хэлбэл, зохигчдын байгуулсан гэрээний хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээлэл гэх хүснэгтийн нэр, төрөл хэсэгт “...зоорь...”, тоног төхөөрөмжийн жагсаалтын хавсралтын 1-3 дугаарт 3 ширхэг зоорь, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “...120.000.000 төгрөгийг нэр бүхий 5 хүний өрөнд худалдан авагч төлнө” гэж бичигдсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд зохигчид эдгээр заалтуудад маргаан үүсгэж тайлбараа гарган мэтгэлцсэн тул шүүх хэлцлийн дээрх хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, үлдсэн хэсгийг хүчин төгөлдөр хэвээр үлдээхээр шийдвэрлэж, хариуцагчийн төлөх 190.000.000 төгрөгнөөс нэр бүхий 5 иргэнд төлөх 120.000.000 төгрөг, махны тооцоо 22.000.000 төгрөг, урьдчилгаанд төлсөн 30.000.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 40.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

       17.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

       18. Хариуцагч “Ө ” ХХК, нэхэмжлэгч “М ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

       19.Талууд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, худалдан авагч гэрээний төлбөрөөс тодорхой хэмжээний мөнгөн төлбөрийг төлж, зоориос бусад эд хөрөнгийг хүлээн авсан талаар маргаан үүсгээгүй, эд хөрөнгийг хүлээн авснаа илэрхийлсэн нь хариуцагчийн тайлбар, гэрэл зургаар тогтоогдож байна.

 

       20.Иймээс шүүх гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, үлдсэн хэсгийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

          21.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 846.440 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1.107.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 40.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 357.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн        

          115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

        1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ө ” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 40.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М ” ХХК-д олгож, үлдсэн 150.000.000 төгрөг, хариуцагчийн зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 846.440 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1.107.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 357.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.АРИУНАА