Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2023/04199

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 21 өдөр               Дугаар 102/ШШ2023/04199           Улаанбаатар хот

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 170.596.875 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

                    

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         1.Нэхэмжлэгч “И ” ХХК, хариуцагч С.Т т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 170.596.875 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

        2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

        3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

И ” ХХК барьцаалан зээлдэх үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд.

Үүний хүрээнд хариуцагч С.Т тэй зээлийн гэрээний харилцааг тооцоо нийлэх замаар 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 0 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан.

 Гэрээгээр зээлдэгч 135.000.000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн.

Зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу үндсэн зээл 135.000.000 төгрөг, хүү 18.731.250 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн.

Гэтэл энэ хугацаанд хариуцагч манайхтай байгуулсан гэрээний 40.000.000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлсөн.

40.000.000 төгрөгийг төлсөнтэй холбоотой хүүгийн төлбөр 18.731.250 төгрөгнөөс 40.000.000 төгрөгийг хасаад 21.000.000 төгрөгийг суутган, үндсэн зээл 135.000.000 төгрөгнөөс 113.731.250 төгрөг болж алданги 56.865.652 төгрөгийг нэмээд нийт 170.596.875 төгрөгийг гаргуулахаар байна.

Хавтаст хэрэгт авагдсан гурван тээврийн хэрэгслийг барьцаалсан.

Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан гэж маргадаг.

Манай зүгээс машиныг зарсан нь үнэн боловч эд хөрөнгийг талуудын байгуулсан гэрээгээр барьцаа хөрөнгийг 85.000.000 төгрөгөөр үнэлэн үнэлгээг гаргасан.

          Хавтаст хэргийн 11-24 дүгээр талд авагдсан дансны хуулга, талуудын 106.000.000 төгрөгнөөс тооцоо нийлсэн баримт, хүү нийт 135.000.000 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу төлөх ёстой үүрэг хүлээсэн агуулгатай гэрээг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан.

           Мөн хариуцагчийн хэлсэнчлэн гурван тээврийн хэрэгслийг барьцаалсан байгаа үүнээс “ланд-200” маркийн тээврийн хэрэгслийг миний зөвшөөрөлгүй худалдан борлуулсан тайлбарт нэхэмжлэгчийн зүгээс маргахгүй.

          “Ланд-200” маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан 85.000.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцохыг зөвшөөрч байна.

          Үлдсэн хоёр тээврийн хэрэгслийн өмчлөх эрх манай байгууллага дээр байгаа боловч эзэмших, ашиглах эрх С.Т т байдаг.

          Энэ хэрэг шийдэгдсэнээр хоёр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэхэд татгалзах зүйлгүй.

Байгууллага С.Т тэй өмнө нь үүссэн зээлийн гэрээний тооцоог үндэслэн дээрх гэрээг байгуулсан.

Хавтаст хэргийн 19, 24, 25 дугаар хуудсанд авагдсан “Хаан” банкны дансны хуулгаар нийт 106.000.000 төгрөгийг 2018 оноос хойш С.Т т хэд хэдэн удаагийн гүйлгээгээр шилжүүлэн тооцоо нийлж, тохиролцоод 135.000.000 төгрөгийг, 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаанд тэнцүү хувааж төлөхийг зөвшөөрсөн.

Зээлдэгч үүргийнхээ дагуу төлбөрөө төлөөгүй тул 2020 оны 03 дугаар сард байгуулсан гэрээний биелэлтийг шаардаж байна.

 “Хаан” банкны дансны хуулгаар 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 27.000.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 12.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 700.000 төгрөг нийт гэрээ байгуулах өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 106.000.000 төгрөгийг бодитоор шилжүүлсэн.

Талууд өмнөх гэрээнд тухайн үед тодорхой хэмжээний хүү төлөөрэй гээд аман хэлбэрээр хэлцлийг байгуулсан байдаг.

Ингээд өмнө нь байгуулсан гэрээний тооцоог үндэслээд 135.000.000 төгрөгийн үлдэгдэлд зээлийн гэрээгээр байгуулсан.

Нийт үндсэн төлбөр 135.000.000 төгрөг, 6 сарын хүү 18.731.250 төгрөг.

Үүнээс 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 40.000.000 төгрөгийг төлсөнд маргаан байхгүй.

Иймээс 40.000.000 төгрөгөөс 18.731.250 төгрөгийн хүүг хасаад үлдэгдэл хүү 21.268.750 төгрөг болж байна.

Тооцолбол үндсэн зээл 135.000.000 төгрөг, хүү 18.731.250 төгрөгийг нэмээд 153.731.250 төгрөгнөөс 40.000.000 төгрөгийг хасаад 113.731.250 төгрөг дээр алданги 56.865.625 төгрөгийг нэмээд нийт 170.596.875 төгрөг болсноос барьцааны хөрөнгө машиныг үнэлсэн 85.000.000 төгрөгийг хасаад 85.596.875 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

          4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан тайлбартаа:

            Хариуцагч С.Т т холбогдох иргэний хэргийн материалыг уншиж танилцахад нэхэмжлэгч 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 200302 дугаартай Зээлийн гэрээгээр 135.000.000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн тухай дурьджээ.

            Гэтэл хэргийн материалд хавсаргасан банкны хуулгаас үзвэл 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлдэгч С.Т ийн “Хаан” банк ХХК-ийн 5058-0313-66 дугаартай дансанд 106.067.528 төгрөгийг шилжүүлсэн байна.

            2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 200302 дугаартай зээлийн гэрээгээр 135.000.000 төгрөгийг С.Т зээлсэнийг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэх боломжгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

          5.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

          6.Нэхэмжлэгчээс 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/30 дугаартай “Итгэмжлэл”, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө, өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, Барьцаа хөрөнгийн жагсаалт, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай Шилжүүлгийн мэдээлэл, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай Шилжүүлгийн мэдээлэл, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай Шилжүүлгийн мэдээлэл, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай Шилжүүлгийн мэдээлэл, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай Шилжүүлгийн мэдээлэл, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай Шилжүүлгийн мэдээлэл, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай Шилжүүлгийн мэдээлэл, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай Шилжүүлгийн мэдээлэл, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0дугаартай Шилжүүлгийн мэдээлэл, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай Шилжүүлгийн мэдээлэл, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай Шилжүүлгийн мэдээлэл, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай Шилжүүлгийн мэдээлэл, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай Шилжүүлгийн мэдээлэл, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн0дугаартай Шилжүүлгийн мэдээлэл, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай Шилжүүлгийн мэдээлэл, 0 дугаартай Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх  гэрчилгээ, “И ” ХХК-ийн дүрэм,

 

      7. Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0 дугаартай “Итгэмжлэл”

 

      8. Шүүхийн журмаар 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 244 дугаартай “Албан бичиг”, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 302 дугаартай Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагааг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

   

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нэхэмжлэлийн шаардаа эрхийн үндэслэлээ “ Хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн төлбөрийг төлөх ёстой. Бид тооцоо нийлээд гэрээ байгуулсан. Барьцааны хөрөнгөөс нэг машиныг зарсан. Үлдсэн хоёр тээврийн хэрэгслийг буцааж өгөхөд татгалзах зүйлгүй” гэж тайлбарлав.

 

        3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э “Зээлдүүлэгч 106.067.528 төгрөгийг шилжүүлж, 135.000.000 төгрөгийг зээлсэнийг нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж татгалзлаа илэрхийлж байна.

          

        4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

         5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргах энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхээр заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э д 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цаг 00 минутанд товлогдсон шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах түүний 000000000 дугаартай гар утсанд залгаж мэдэгдэхэд “за ойлголоо гэсэн хариуг хэлж хүсэлт ирүүлсэн байна”. Уг хүсэлт нотлох баримт гаргуулах хүсэлт бөгөөд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, хуульд заасан холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзээд эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

 

        6.Нэхэмжлэгч “И ” ХХК, хариуцагч С.Т тэй 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 0 дугаартай “Барьцаат эээлийн гэрээ” байгуулж, 135.000.000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд “Тоyota land cruiser-100” маркийн, улсын 0000-УНЦ, арлын 0 дугаартай, хар өнгийн, 2003 онд Монгол улсын хилээр орж ирсэн, гэрчилгээний 02185734 дугаартай, “Тоyota land cruiser-200” маркийн, улсын 0000-УНЦ, арлын 0 дугаартай, цагаан өнгийн, 2014 онд Монгол улсын хилээр орж ирсэн, гэрчилгээний 0 дугаартай, “Infinity QX-60” маркийн, улсын 0000-УНК, арлын 0 дугаартай, хар өнгийн, 2014 онд Монгол улсын хилээр орж ирсэн, гэрчилгээний 0 дугаартай суудлын зориулалттай автомашнуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зохигчдын шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байна.

     

         7.Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэлээ.

 

         8.Хавтас хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан 0 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэн явуулах эрхтэй хуулийн этгээд болох нь батлагдаж байна.

 

         9.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээлсэн мөнгө түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалсан эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах эрхтэй.

 

       10.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч, зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр заасны дагуу нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч төлбөрөө төлөөгүй үндэслэлээр үндсэн зээл, хүү, алдангийг нэхэмжилжээ.

 

        11.Зохигчдын тайлбар, нотлох баримтуудаас үзэхэд, талууд зээл авсан, зээлийн төлөлтийг төлж байсан тухайд маргаагүй харин зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийн хангуулах барьцааны хөрөнгийн талаар маргаж байна.

 

        12.Иймээс хариуцагч зээлийн гэрээний салшгүй хэсэг зээл эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй болох нь бичгийн баримтаар тогтоогдож, талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байх тул хуульд заасан хугацааны алдангийг төлөх үүрэгтэй.

          

        13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч, нэхэмжлэгчийн тооцоо нийлж үлдэгдэл 135.000.000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан, өмнөх зээлд хүү тооцоогүй, сүүлд байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 0 дугаартай гэрээнд хүүг тооцохоор бичгээр тохиролцсон гэх тайлбарыг нотлох баримтаар нотлож үгүйсгэж чадахгүй байна.

 

        14.Иймээс үндсэн зээлд 135.000.000 төгрөг, хүү 18.731.250 төгрөг нийт 153.731.250 төгрөгнөөс хариуцагчийн төлсөн 40.000.000 төгрөгийг хасаад 113.731.250 төгрөг, алданги 56.865.625 төгрөг нийт 170.596.875 төгрөгийг нэхэмжилснээс “Тоyota land cruiser-200” маркийн, улсын 0000-УНЦ дугаартай автомашины гэрээгээр тохиролцож үнэлсэн үнэ 85.000.000 төгрөгийг хасаж тооцон нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 85.596.875 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

       15.Түүнчлэн зээлдэгчээс хөдлөх хөрөнгө барьцаалсан нь алданги тооцоход саад болохгүйг дурдах нь зүйтэй.

          

       16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.010.934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 85.596.875 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 585.934 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

       

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

       115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

        

        1.Иргэний хуулийн 286 дүгээр зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Т өөс зээлийн гэрээний үүргийн биелэлт 85.596.875 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И ” ХХК-д олгосугай.        

      

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.010.934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 585.934 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АРИУНАА