Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 00049

 

 

 

 

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00049

 

Н.М.Х.Г-ын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02953 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.М.Х.Г хариуцагч Б.Эд холбогдуулан гаргасан 22 589 550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Э.Амараа, Д.Баянхүү нарын нэхэмжлэлтэй, Н.М.Х.Гт холбогдох гэм хорын хохирол буюу зээлийн хүү төлсөн 31 725 028 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг гурван шатны шүүхээр хянагдаж, хариуцагч Н.М.Х.Г-аас 22 320 000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн. Н.М.Х.Г улсын байцаагч Б.Эгийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 02-07-89/830 тоот Байрны ашиглалт, төлөв байдлын тухай дүгнэлт гаргахдаа үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг орон сууцны зориулалттай гэж тодорхойлсны улмаас тус дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч Н.Батцэцэг нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул Тэнгэр 2, Да Хүрээ гудамж, 103 дугаар байрны В-7 тоотын 49.81 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайн зориулалтыг өөрчлөн орон сууцны зориулалтаар бүртгэсэн гэдэг. Улмаар уг орон сууцыг Б.Баасанцэцэг худалдан авч, орон сууцандаа 2013 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс амьдарч эхэлснээс хойш 8 сарын хугацаанд толгой өвдөх, даралт ихсэх болж худалдан авсан орон сууцны чанар, нөхцөл байдал, хүний эрүүл мэндэд тохирохгүй байсан учраас эргэлзэж, уг орон сууцны дэлгэрэнгүй лавлагааг бүртгэлийн байгууллагаас авч үзэхэд худалдаж авсан орон сууц нь зургийн дагуу анх баригдаж, комиссын актаар ашиглалтад ороход орон сууцны зориулалтынх биш болохыг олж мэдсэн гэсэн. Тэд Н.М.Х.Гт уг орон сууцанд хүн амьдрах боломжтой орон сууц мөн эсэх талаар хандахад, улсын байцаагч Б.Э нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02-07-089/504 тоот өөр дүгнэлтээр тус байрыг орон сууцны зориулалтаар ашиглах боломжгүй болохыг тогтоосон байгаа нь өмнө гаргаж байсан 02-07-89/830 тоот дүгнэлтээ үгүйсгэсэн байдаг. Дээрх 2 өөр дүгнэлтийг аль нь зөв болохыг тогтоолгохоор тус газрын Мониторингийн албанд хандахад Н.М.Х.Г дарга, бүсийн улсын ахлах байцаагч Л.Эрдэнэчулуун хүсэлтийг хянаад 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02-01/11 тоот шийдвэрээр 02-07-39/830 тоот дүгнэлтийг хүчингүй болгосон. Улсын байцаагч Б.Эгийн дүгнэлтийн улмаас 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Э.Амараа нь орон сууц худалдан авах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн гэрээг Хаан банктай байгуулсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндсэн дээр Хаан банктай байгуулсан 20 жилийн хугацаатай Ипотекийн зээлийн гэрээ хаагдсан. Өнгөрсөн 5 жил гаруй хугацаанд Хаан банктай байгуулсан Орон сууцны ипотекийн гэрээний дагуу зээлийн хүүд нийт 31 725 028 төгрөг төлсөн нь өөрсдөд нь учруулсан хохирол гэж үзсэн. Ийнхүү гэм хорын хохиролд Э.Амараа, Д.Баянхүү нар нь 31 25 028 төгрөгийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд гэм хорын хохиролд 22 320 000 төгрөг, тус нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 550 төгрөгийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулж Э.Амараа, Д.Баянхүү нарт олгохоор шийдвэрлэсэн байдаг. Энэхүү улсын байцаагч Б.Эгийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 02-07-89/830 тоот дүгнэлтээр орон сууцны зориулалтаар ашиглаж болно гэж гаргасан буруу дүгнэлтийн улмаас бусдад болон Н.М.Х.Гт гэм хор учруулсан үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3, 37.1.8, 37.1.13 дахь заалтуудыг тус тус зөрчиж хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх, хуулиар олгосон болон албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д тус тус заасны дагуу Н.М.Х.Г нь гэм буруутай албан тушаалтан буюу тус газрын улсын ахлах байцаагч Б.Эгийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 02-07-89/830 тоот дүгнэлтээр орон сууцны зориулалтаар ашиглаж болно гэсэн буруу дүгнэлтийн улмаас дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдэд зааснаар Н.М.Х.Гт учирсан хохирол болох 22 589 550 төгрөгийг Н.М.Х.Г Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Эгээс гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Амараа, Д.Баянхүү нарын нэхэмжлэлтэй Н.М.Х.Гт холбогдох хэрэгт нэхэмжлэгч Д.Баянхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай гэж шийдвэрлэсэн. Э.Амараа, Д.Баянхүү нарын нэхэмжлэлтэй гэм хорын төлбөрийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулах шат шатны шүүхийн шийдвэр гарч байсан. Иймд Н.М.Х.Г нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Н.М.Х.Гт гэм хорын хохирол учруулсан гэх нэхэмжлэлд дурдсан 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 0-07-89/830 тоот дүгнэлтийг Н.М.Х.Г дарга, Улсын ахлах байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02-01/11 дүгээр шийдвэрээр хүчингүй болгосон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т /Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэсэн заалтын хэрэгжилтийг хангуулах үүднээс Н.М.Х.Г нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Эгээс 22 589 550 /хорин хоёр сая таван зуун наян есөн мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулан Н.М.Х.Гт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Д.Эрдэнэсүрэнгээс 270 898 /хоёр зуун далан мянга найман зуун ерэн найман/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Э.Амараа, Д.Баянхүү нарын нэхэмжлэлтэй гэм хорын төлбөрийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраар гаргуулах шат шатны шүүхийн шийдвэр гарч байсан. Н.М.Х.Г нэхэмжлэлээр тус газарт гэм хор учруулсан гэх үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаж 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2953 дугаартай шийдвэр гаргасан бөгөөд шийдвэрийн тогтоох хэсэгт миний биеийг Н.М.Х.Гт гэм хор учруулсан гэх үндэслэлээр буруутган 22 589 550 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн шүүх намайг Н.М.Х.Гт гэм хор учруулсан эсэхийг нягтлаагүй, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 5 сарын 08-ны өдрийн 214 дугаартай тогтоолын биелэлтийг хангуулаагүй орхигдуулж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Н.М.Х.Г нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв оновчтой сонгож хэрэглэж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Н.М.Х.Г нь хариуцагч Б.Эд холбогдуулан гэм хорын хохиролд 22 589 550 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан бол ажил олгогч хариуцлагыг хүлээнэ” гэж маргажээ.

Хариуцагч Б.Э нь Н.М.Х.Гт улсын байцаагчийн  албан тушаал эрхэлдэг ба Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Саруул Тэнгэр 2, Да Хүрээ гудамж, 103 дугаар байрны В-7 тоотын 49.81 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх хөрөнгийг анх зургийн дагуу үйлчилгээний зориулалтаар баригдаж, улсын комиссын актаар ашиглалтад орсон байхад 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “... орон сууцны зориулалтаар ашиглах боломжтой ...” гэж 02-07-89/830 тоот дүгнэлт гаргасан. Иргэн Э.Амараа, Д.Баянхүү нар  дээрх үл хөдлөх хөрөнгийг орон сууцны зориулалтаар худалдан авч  2013 оны 07 сарын 14-ний өдрөөс амьдарч эхэлсэн боловч тэдний биеийн эрүүл мэндэд тодорхой өөрчлөлтүүд гарч байснаас үүдэн Н.М.Х.Гт уг орон сууцанд дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 02-07-089/504 тоот дүгнэлтээр тэдний амьдарч буй байрыг “...103 дугаар байрны В давхрын ариун цэврийн өрөөнөөс бусад өрөө тасалгааны агаар сэлгэлт муу, өрөө тасалгаа чийгтэй, бохир усны шугам жигд ажиллагаагүй, байгалийн гэрэлтүүлэг хангалтгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-т заасан шаардлагыг хангаагүй ...” гэж дүгнэж, мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01-01/11 тоот шийдвэрээр улсын байцаагч Б.Эгийн 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02-07089/830 тоот дүгнэлтийг хүчингүй болгосон байна./хх11-12, 14/

Хэргийн 20-39 дүгээр талд нэхэмжлэгч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохиролд 22 320 000 төгрөгийг иргэн Э.Амараа, Д.Баянхүү нарт олгож шийдвэрлэсэн тухай Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02  сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/00370 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 761 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 05 сарын 08-ны өдрийн 001/ХТ2020/00214 дугаар тогтоол зэрэг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд авагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүлйийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Н.М.Х.Г нь өөрийн ажилтны буюу хариуцагчийн бусдад учруулсан гэм хорын хохирлыг төлөх нь тодорхой болсон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5. дах хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.

Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь  зөв, хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзнэ.

   Харин шүүх талуудын маргааныг шийдвэрлэхэд хамааралтай Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

   Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02953 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “498.1” гэснийг “498.5” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 900 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                                 А.МӨНХЗУЛ

                                                                                          Б.НАРМАНДАХ