Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 00048

 

 

 

 

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00048

 

Ч.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2020/02856 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.Бийн хариуцагч В.От холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би В.Отай 2008 оноос хамт амьдарч, 2012 оны 05-р сарын 08-ны өдөр охин Б.М төрсөн. В.О нь охиноо 3 сар хүртэл хамт байж байгаад гэр бүлээс гадуур хүнтэй харилцаатай болж тусдаа амьдарсан. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй, хүүхдээ анх эцгийн нэрээр овоглож гэрчилгээ авсан боловч эцэг байх үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй, өөр хүнтэй хамт амьдарсан тул 2014 оны 8-р сарын 8-нд өөрөөрөө овоглож гэрчилгээ авсан. Одоо охин Б.Б.М нь 8 нас хүрсэн. Өнгөрсөн хугацаанд В.Оаас охиндоо нэг ч удаа тусламж, мөнгө авч байгаагүй. Иймд В.Оаас охин Б.Б.Мд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа шүүхэд гаргасан тайлбартаа: В.О нь Б.Б.Мг өөрийн төрсөн охин гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч миний бие 11-17 насны гурван хүүхдийнхээ хамт Сүхбаатар дүүргийн 6-р хороо, 38 дугаар байр 12 тоот хаягт амьдардаг. Хүүхдүүдийн маань ээж анх надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхээр шийдвэрлүүлсэн боловч бидний хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд эвлэрч, улмаар 2017 оноос 3 хүүхдийг минь надад хариуцуулж үлдээсэн. Миний хувьд хүүхдүүдээ өмсөж, зүүх идэх уухаар дутаахгүй өсгөж байгаа бөгөөд хүүхдүүдээ тэжээн тэтгэхийн төлөө хөдөө, нутагт, тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж байна. Би охиндоо нэмэр, тус болохыг боддог боловч төдийлөн тусалж, түүнийг тэжээн тэтгэж чадахгүй байгаадаа харамсаж явдаг. Ч.Бийн нэхэмжлэлээс үзэхэд миний охин Б.Б.Мг тэжээн тэтгэхэд хүндрэлтэй байна гэж В.О надад ойлгогдож байна. Түүнчлэн тэрээр охинтой минь хаана, хэний өмчлөлийн ямар орон байранд амьдарч байгаа талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Ч.Б нь өөрийн нэхэмжлэлд дурдсаны дагуу охин Б.Б.Мг тэжээн тэтгэхэд хүндрэлтэй, түүнд хэцүү байгаа бол миний бие охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Миний 3 хүүхэд буюу эцэг нэгтэй ах, эгч нар нь том болсон тул охиныг минь намайг эзгүйд харж хандаад байх бүрэн бололцоотой гэж үзэж байгаа бөгөөд миний бие Ч.Бээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүйгээр охиноо аваад явах боломжтой гэж бодож байна. Иймд миний бие охин Б.Б.Мг өөрийн асрамжид авахаар сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: В.О миний бие Ч.Бийн В.О надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгтэй хамтатган шийдвэрлүүлэхээр энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Би охин Б.Б.Мг өөрийн төрсөн охин гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд миний бие 2017 оноос хойш 11-17 насны гурван хүүхдийнхээ хамт Сүхбаатар дүүргийн 6-р хороо, 38 дугаар байр 12 тоот хаягт амьдардаг өрх толгойлсон эцэг юм. Миний хувьд хүүхдүүдээ өмсөж, зүүх идэх уухаар дутаахгүй өсгөж байгаа бөгөөд хүүхдүүдээ тэжээн тэтгэхийн төлөө хөдөө, нутагт, тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж байна. Би охиндоо нэмэр, тус болохыг боддог боловч төдийлөн тусалж, түүнийг тэжээн тэтгэж чадахгүй байгаадаа харамсаж явдаг. Ч.Бийн нэхэмжлэлээс үзэхэд миний охин Б.Б.Мг тэжээн тэтгэхэд хүндрэлтэй байна гэж В.О надад ойлгогдож байна. Ч.Б нь өөрийн нэхэмжлэлд дурдсаны дагуу охин Б.Б.Мг тэжээн тэтгэхэд хүндрэлтэй, түүнд хэцүү байгаа бол миний бие охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Миний 3 хүүхэд буюу эцэг нэгтэй ах, эгч нар нь том болсон тул охиныг минь намайг эзгүйд харж хандаад байх бүрэн бололцоотой гэж үзэж байгаа бөгөөд миний бие Ч.Бээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүйгээр охиноо аваад явах боломжтой гэж бодож байна. Иймд охин Б.Б.Мг төрсөн эцэг нь болох В.О миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: В.О нь өсвөр үеийн 11-17 насны, насанд хүрээгүй З хүүхдээ асрах хүнгүй орхин бие даасан гэж үзэн өөрөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа нь Гэр бүлийн тухай хуулийг зөрчиж хүүхдийг хараа хяналтгүй явуулж, сурлага хүмүүжил, төлөвшилд байнга санаа тавихгүй, эцгийн үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа нь нэхэмжлэлд дурдсанаар тодорхой байна. Миний охин О.Б.М 7 жилийн турш өдөр тутам ээж, эмээгийнхээ хайр халамжид тав тухтай тохилог өөрийн эзэмшлийн орон сууцанд өсөн торниж, төлбөртэй цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвд явж, Герман-Монголын хамтарсан улсын сургуульд суралцан, балет, бүжиг, шатар, stеаm, төгөлдөр хуурын дугуйлан, сургалтад явж оюун ухаан, бие бялдар, гоо зүйн талаас хөгжиж, суурь хүмүүжилтэй зөв төлөвшилтэй сайн хүүхэд болон өсөж байгаа учраас эцэг В.От хараа хяналтгүй хүүхдээ асруулах хүсэлтээс татгалзаж байна. Миний бие В.Отай хамтран амьдарч байх 7 жилийн хугацаанд удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртөн зодуулж, толгойдоо гэмтэл авч өвлийн хүйтэнд хөл нүцгэн амь тэмцэн гэрээсээ зугтан, сэтгэл санааны болон биеийн маш хүнд шарх авч байсан. Мөн уурласан үедээ гэр орныхоо эд хогшил болох зурагт, хөргөгч, тавилга гэх мэт олон зүйлийг эвдэн сүйтгэж байсан. Энэ бүх үйлдлийг В.О эрүүл үедээ үйлдэж байсан нь сэтгэл мэдрэлийн гоц эмгэгтэй, уурласан үедээ араатан мэт авирлаж ухаан санаагаа алддаг болохыг хамтран амьдрагчийн зүгээс гэрчилж байгаа юм. Иймд охин маань над шиг гэр бүлийн хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэлтэй тул В.От хүүхдээ өгөхгүй гэжээ.

            Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 05-р сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Б.Мг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг В.Оаар тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан охин Б.Б.Мг эхийн асрамжинд үлдээж, түүнийг асрамжиндаа авахыг хүссэн В.Оын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч В.Оаас 70 200 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанчлан Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжпийн хэлтсийг шинжээчээр томилж, хүүхдийн асрамжийн талаарх дүгнэлтийг гаргахыг даалгасан шүүгчийн захирамжууд гарсан. Уг захирамж биелэгдсэн, өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс захирамжийг биелүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан тодорхойгүй байдлууд тодорхой болж, хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох, мэтгэлцэх зарчим хэрэгжих учиртай байсан. Түүнээс гадна шинжилгээ хийх ажиллагаанд нэхэмжлэгч оролцсон тухай баримт хавтаст хэрэгт авагдаагүй байтал зөвхөн хариуцагчийг оролцоогүй гэж дүгнэсэн нь илт нэг талыг барьсан, шүүх хөндлөнгийн байх зарчмыг зөрчсөн явдал гэж үзэхээр байна. Энэ жилийн хувьд дэлхий нийтэд тархсан Ковид-19 өвчинтэй холбоотойгоор Монгол Улсын Онцгой комиссоос удаа дараа хорио, цээр тогтоосон захирамжууд 2020 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд гарч байсан ба хорио цээр тавигдаж байх үед буюу шүүгчийн захирамж гарснаас хойш хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надтай Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс нэг ч удаа холбогдоогүй. Гэтэл шүүх хуралдаан болохоос өмнө тус хэлтсээс хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч гэх хүнтэй 99104807 дугаарын утсаар холбогдоход ажиллаагүй байж, яагаад зардал нэхээд байгаа юм, гэртээ хүн оруулах боломжгүй гэх зэргээр тайлбар өгч шинжээчийн баг ажиллуулахаас татгалзсан” гэсэн үндэслэлгүй хариуг ирүүлсэн байдаг. ИХШХШТХуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “ Шүүхийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ”, 53 дугаар зүйлийн 53.1-т “ Шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ” 53.1.1 “шинжээч.... шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт нь хамаарахгүй бол ажлын хөлс”, 56 дугаар зүйлийн 56.1-т “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжпэгчээр нөхөн төлүүлнэ” гэж тус тус тодорхой заасан. Гэтэл Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс энэ мэтээр үндэслэлгүйгээр зардлыг урьдчилан хариуцагч талаас нэхэж, зардпыг урьдчилан өгөхгүй байна гэсэн үндэслэлээр дээрх шүүгчийн захирамжийг биелүүлээгүй. Гэтэл анхан шатны шүүх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр буюу шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хариуцагчийн хүсэлтийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нь зохигчийн эрхийг болон хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны журмыг ноцтой зөрчсөн явдал гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэн хариуцагчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэж дүгнэсэнд гомдолтой байна. Түүнчлэн дээр дурдсан шүүгчийн захирамж биелэгдээгүй нь анхан шатны шүүхийн “...хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардпага, үндэслэлийг нотлоогүй, насанд хүрээгүй хүүхдүүд нь хэний асрамжид байдаг нь тодорхойгүй, бага насны хүүхэдтэйгаа байгаагүй" гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл биш гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.01-ний өдрийн 102/ШШ2020/02856 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих зарим хуулийг зөв оновчтой сонгож хэрэглэж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч В.От холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч охин Б.Б.Мг өөрийн асрамжид авахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

Ч.Б, В.О нарын дундаас 2012 оны 5 сарын 08-ны өдөр охин Б.Б.М төрж, тэрээр эх Ч.Бээр овоглож, түүний асрамжид байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх 1, 5/

Талууд хамтран амьдрах хугацаанд В.О нь гэр бүлээс гадуур өөр хүнтэй харьцаатай болж, зан харьцааны хувьд таарамжгүй, хэрүүл маргаантай, хүчирхийлэл үйлддэг зэрэг шалтгааны улмаас 2014 оноос тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх эрхтэй талаар шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагч В.О сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хүүхдийн асрамжийн талаар дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж, шүүх Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийг хоёр удаа шинжээчээр томилсон боловч хариуцагч оролцоогүй, хөдөө орон нутагт ажилладаг, гэртээ оруулахгүй, утас нь холбогдохгүй байх зэрэг шалтгааны улмаас шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсан байна. /хх54, 57/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “шинжээч дүгнэлт гаргах тухай шүүгчийн захирамж хэрэгжээгүй, хариуцагчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлт хангагдаагүй” гэсэн үндэслэлээр гомдол гаргасан байх боловч хүүхдийн асрамжийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай, хэрэгт ач холбогдолтой гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь, хүүхэд  төрснөөс хойш одоог хүртэл эхийн асрамжид 8 жилийн хугацаанд амьдарч ирсэн, хүүхдийн ээнэгшин дассан орчны одоогийн асрамжийг өөрчлөх бодитой шалтгаан байхгүй, хүүхэд эхийн асрамжид байснаар түүний эрх ашигт сөргөөр нөлөөлөх эргэлзээтэй нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж заасан.

Хэргийн 42 дугаар талд авагдсан “Хүүхдийн санал асуусан тэмдэглэл”-ээс үзэхэд охин Б.Б.Мгийн ээжтэйгээ амьдрах санал гаргасныг шүүх харгалзан үзсэн болно. Иймд охин Б.Б.Мг эх Ч.Бийн асрамжид үлдээж, эцэг В.Оаас охин Б.Б.Мг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасанд нийцжээ.

Харин шүүх талуудын маргааныг шийдвэрлэхэд хамааралтай Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зарим зохицуулалтыг зөв оновчтой тайлбарлаж хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Зохигчид “... В.О нь өөр гэрлэлтээс төрсөн 11-17 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эцэг болох ...” талаар тайлбарласан байх бөгөөд хариуцагч нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд гаргуулах тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу юм.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2020/02856 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг “3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч В.О нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай.” гэж, 3 дахь заалтыг “4” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

                                       ШҮҮГЧИД                                 А.МӨНХЗУЛ

                                                                                        Б.НАРМАНДАХ