Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2020/02856

 

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2020/02856

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1-р хороо, 0 тоотод оршин суух, Н овогт Ч-ын Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 18-р хороо, 0 тоотод оршин суух,О овогт В-ийн О-т холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн, Ч.Б-д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би О-тай 2008 оноос хамт амьдарч, 2012 оны 05-р сарын 08-ны өдөр охин М төрсөн. В.О нь охиноо 3 сар хүртэл хамт байж байгаад гэр бүлээс гадуур хүнтэй харилцаатай болж тусдаа амьдарсан. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй, хүүхдээ анх эцгийн нэрээр овоглож гэрчилгээ авсан боловч эцэг байх үүрэг хариуцлагаа ухмсарлаагүй, өөр хүнтэй хамт амьдарсан тул 2014 оны 8-р сарын 8-нд өөрөөрөө овоглож гэрчилгээ авсан. Одоо охин Б.М нь 8 нас хүрсэн. Өнгөрсөн хугацаанд В.О-аас охиндоо нэг ч удаа тусламж, мөнгө авч байгаагүй. Иймд В.О-аас охин Б.М-д тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан тайлбартаа: М.А миний бие тус шүүхэд хянагдаж буй Ч.Б-ийн нэхэмжлэлтэй В.О-т холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Миний бие нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжлэлтэй В.О-т холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлох баримттай танилцаад дараах тайлбарыг түүний өмнөөс гаргаж байна. В.О нь Б.М-г өөрийн төрсөн охин гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч миний бие 11-17 насны гурван хүүхдийнхээ хамт Сүхбаатар дүүргийн 6-р хороо, 38 дугаар байр 12 тоот хаягт амьдардаг. Хүүхдүүдийн маань ээж анх надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхээр шийдвэрлүүлсэн боловч бидний хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд эвлэрч, улмаар 2017 оноос 3 хүүхдийг минь надад хариуцуулж үлдээсэн. Миний хувьд хүүхдүүдээ өмсөж, зүүх идэх уухаар дутаахгүй өсгөж байгаа бөгөөд хүүхдүүдээ тэжээн тэтгэхийн төлөө хөдөө, нутагт, тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж байна. Би охиндоо нэмэр, тус болохыг боддог боловч төдийлөн тусалж, түүнийг тэжээн тэтгэж чадахгүй байгаадаа харамсаж явдаг. Ч.Б-лийн нэхэмжлэлээс үзэхэд миний охин Б.М-г тэжээн тэтгэхэд хүндрэлтэй байна гэж В.О надад ойлгогдож байна. Түүнчлэн тэрээр охинтой минь хаана, хэний өмчлөлийн ямар орон байранд амьдарч байгаа талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Ч.Б нь өөрийн нэхэмжлэлд дурдсаны дагуу охин Б.М-г тэжээн тэтгэхэд хүндрэлтэй, түүнд хэцүү байгаа бол миний бие охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Миний 3 хүүхэд буюу эцэг нэгтэй ах, эгч нар нь том болсон тул охиныг минь намайг эзгүйд харж хандаад байх бүрэн бололцоотой гэж үзэж байгаа бөгөөд миний бие Ч.Б-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүйгээр охиноо аваад явах боломжтой гэж бодож байна. Иймд миний бие охин Б.М-г өөрийн асрамжид авахаар сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: В.О миний бие Ч.Б-ийн В.О надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгтэй хамтатган шийдвэрлүүлэхээр энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. В О миний бие Б.М-г өөрийн төрсөн охин гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд миний бие 2017 оноос хойш 11-17 насны гурван хүүхдийнхээ хамт Сүхбаатар дүүргийн 6-р хороо, 38 дугаар байр 12 тоот хаягт амьдардаг өрх толгойлсон эцэг юм. Миний хувьд хүүхдүүдээ өмсөж, зүүх идэх уухаар дутаахгүй өсгөж байгаа бөгөөд хүүхдүүдээ тэжээн тэтгэхийн төлөө хөдөө, нутагт, тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж байна. Би охиндоо нэмэр, тус болохыг боддог боловч төдийлөн тусалж, түүнийг тэжээн тэтгэж чадахгүй байгаадаа харамсаж явдаг. Ч.Б-ийн нэхэмжлэлээс үзэхэд миний охин Б.М-г тэжээн тэтгэхэд хүндрэлтэй байна гэж В.О надад ойлгогдож байна. Ч.Б нь өөрийн нэхэмжлэлд дурдсаны дагуу охин Б.М-г тэжээн тэтгэхэд хүндрэлтэй, түүнд хэцүү байгаа бол миний бие охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Миний 3 хүүхэд буюу эцэг нэгтэй ах, эгч нар нь том болсон тул охиныг минь намайг эзгүйд харж хандаад байх бүрэн бололцоотой гэж үзэж байгаа бөгөөд миний бие Ч.Б-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүйгээр охиноо аваад явах боломжтой гэж бодож байна. Иймд охин Б.М-г төрсөн эцэг нь болох В.О миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: В.О нь өсвөр үеийн 11-17 насны, насанд хүрээгүй З хүүхдээ асрах хүнгүй орхин бие даасан гэж үзэн өөрөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа нь Гэр бүлийн тухай хуулийг зөрчиж хүүхдийг хараа хяналтгүй явуулж, сурлага хүмүүжил, төлөвшилд байнга санаа тавихгүй, эцгийн үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа нь нэхэмжлэлд дурдсанаар тодорхой байна. Миний охин О.М 7 жилийн турш өдөр тутам ээж, эмээгийнхээ хайр халамжид тав тухтай тохилог өөрийн эзэмшлийн орон сууцанд өсөн торниж, төлбөртэй цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвд явж, Герман-Монголын хамтарсан улсын сургуульд суралцан, балет, бүжиг, шатар, stеаm, төгөлдөр хуурын дугуйлан, сургалтад явж оюун ухаан, бие бялдар, гоо зүйн талаас хөгжиж, суурь хүмүүжилтэй зөв төлөвшилтэй сайн хүүхэд болон өсөж байгаа учраас эцэг В.О-т хараа хяналтгүй хүүхдээ асруулах хүсэлтээс татгалзаж байна. Миний бие О-тай хамтран амьдарч байх 7 жилийн хугацаанд удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртөн зодуулж, толгойдоо гэмтэл авч өвлийн хүйтэнд хөл нүцгэн амь тэмцэн гэрээсээ зугтан, сэтгэл санааны болон биеийн маш хүнд шарх авч байсан. Мөн уурласан үедээ гэр орныхоо эд хогшил болох зурагт, хөргөгч, тавилга гэх мэт олон зүйлийг эвдэн сүйтгэж байсан. Энэ бүх үйлдлийг О эрүүл үедээ үйлдэж байсан нь сэтгэл мэдрэлийн гоц эмгэгтэй, уурласан үедээ араатан мэт авирлаж ухаан санаагаа алддаг болохыг хамтран амьдрагчийн зүгээс гэрчилж байгаа юм. Иймд охин маань над шиг гэр бүлийн хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэлтэй тул О-т хүүхдээ өгөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б нь В.О-т холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч нь Ч.Б-д холбогдох хүүхдээ асрамжиндаа авахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Ч.Б, В.О нар нь 2008 оноос гэр бүл болох зорилгоор хамт амьдарч байгаад 2012 оны 05-р сарын 08-нд охин Б.М-г төрүүлж өсгөжээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Хэдийгээр талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй.

 

Харин талууд хамт амьдарсан хугацаанд В.О нь гэр бүлээс гадуур өөр хүнтэй харьцаатай болсон, зан харьцааны хувьд таарамжгүй, хэрүүл маргаантай, хүчирхийлэл үйлддэг шалтгааны улмаас цаашид хэн аль нь хамт амьдрах боломжгүй болж, улмаар 2014 оноос тусдаа амьдарч байгаа нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Тусдаа амьдарснаас хойш эцэг В.От нь охин М-г тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй байх ба хуульд заасан журмаар тэтгэлэг тогтоож тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь охин М-г асрамжиндаа авахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний хүсэлтийг хангаж, шүүгчийн 2020 оны 02-р сарын 19-ний өдрийн 102/ШЗ2020/02922 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилж, хүүхдийн асрамжийн талаарх дүгнэлтийг 2020 оны 04-р сарын 20-ны дотор гаргахыг даалгажээ.

 

Шинжээч дүгнэлт гаргах ажиллагаанд хариуцагч В.О оролцоогүй байх ба дахин хүсэлтийг хангаж, шүүгчийн 2020 оны 05-р сарын 27-ны өдрийн 102/ШЗ2020/08445 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилж, хүүхдийн асрамжийн талаарх дүгнэлтийг 2020 оны 06-р сарын 20-ны дотор гаргахыг даалгасан байна.

 

Шинжээч дүгнэлт гаргахдаа талууд болон хүүхдүүдийн сэтгэл зүй, амьдарч байгаа орчин нөхцөл, эцэг эхийн ёс зүй, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд тэдний оролцоо, халамж зэргийг нарийвчлан судалж, уулзалт, ярилцлага хийж бодит байдлыг судалж дүгнэлтээ гаргах ба эдгээр ажиллагааг гүйцэтгэхэд хариуцагч оролцоогүй нь хөдөө орон нутагт ажилладаг, гэртээ оруулахгүй байх, утас нь холбогдохгүй байх зэрэг шалтгаантай холбоотойгоос гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, хүүхдийн эрх ашигт нийцээгүй гэх үндэслэлтэй. Харин шинжээчийн зардал төлсөн тохиолдолд шүүх хуульд заасан журмаар хуваарилна.

 

Нөгөө талаас, хариуцагч нь охин М-г өөрийн асрамжинд авах сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүйгээс гадна түүний хөдөө орон нутагт ажилладаг, насанд хүрээгүй хүүхдүүд нь хэний асрамжинд байдаг нь тодорхойгүй, охин Б.М-ийн эцэг эх нь тусдаа амьдарсан 2014 оноос хойш эхийн асрамжинд өссөн, эцэг В.О нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй, бага насны хүүхэдтэйгээ хамт байгаагүй зэрэг нөхцөл байдлуудаас түүний асрамжинд үлдээх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Ч.Б нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, асран тэтгэх, хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөл, өөр өөрийн амьдрах орон байраар хангагдсан байх ба Б.М-ийн ...ээжтэйгээ хамт амьдарна гэсэн санал, хүсэл зоригийг үндэслэн түүнийг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.

 

Харин нэхэмжлэгч нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3-т заасан хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхийг зөрчихгүй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 63-р зүйлийн 63.3-т төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36-р зүйлийн 36.1-д төлөөлөгч төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд гүйцэтгэхээр тус тус заасан байна. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг шинжилгээ хийх ажиллагаанд оролцуулах үүргээ шударгаар, хуулийн хүрээнд гүйцэтгээгүй, хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэлээ.

Түүнчлэн шүүх хуралдааны шатанд ...хүсэлт хангаагүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг орхиж гарсан нь шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, шүүх хуралдааны дэгийг сахих үүргээ биелүүлээгүй гэж үзэж түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 05-р сарын 08-ны өдөр төрсөн охин Б.М-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг В.О-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан охин Б.М-ааг эхийн асрамжинд үлдээж, түүнийг асрамжиндаа авахыг хүссэн В.О-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч В.О-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА