Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 00047

 

 

 

 

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00047

 

Б.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/03549 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Эгийн хариуцагч М.Гд холбогдуулан гаргасан 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Н.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э миний бие М.Гд 12,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Зээлийн гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр хийн, нотариатаар гэрчлүүлсэн. Тус гэрээнд М.Г нь 2018 оны 06 сарын 10-ны өдрөөс, 2018 оны 11 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд cap бүр 2,000,000 төгрөгийг зээлдүүлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэтэл М.Г нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн зээлийг эргүүлэн төлөөгүй бөгөөд Б.Э миний бие зээлийг эргүүлэн төлөхийг удаа дараа шаардсан хэдий ч зээлүүлсэн мөнгөө авч чадалгүй өнөөдрийг хүрлээ. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д Зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 %-ийн алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэсэн байдаг. Иймд зээлийн үндсэн төлбөрийг алдангийн хамт нэхэмжилж байна. Иймд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу М.Ггаас зээлийн үндсэн төлбөр, алдангийн хамт нийт 18,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Р.Пүрэвлхам шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Э нь нэхэмжлэлдээ .... миний бие М.Гд 12 сая төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр хийж нотариатчаар гэрчлүүлэн хүүгүйгээр зээлүүлсэн гэжээ. М.Г нь Б.Этэй амаар тохиролцон 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 25 сая төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр авсан бөгөөд дээрхи мөнгийг Б.Эгийн Хаан банкны 5034409337 тоот дансруу нийт 27,504,000 төгрөгийг дансаар төлсөн бөгөөд 2016 оны 1 болон 2 дугаар сарын хүүд тооцон 2,500,000 төгрөг, 6 дугаар сарын хүү 1,250,000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын хүү 1,000,000 төгрөг нийт 4,750,000 төгрөгийг бэлнээр өгснөөр Б.Эд 32,254,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хариуцагч М.Ггийн хууль зүйн мэдлэг дутмаг байдлыг далимдуулан хууран мэхэлж их хэмжээний төлбөрийг хуулийн байгууллага ашиглан гаргуулах гэсэн башир арга хэрэглэн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр огт өгөөгүй, дахин нэмж зээл олгоогүй атлаа 12 сая төгрөгийг хүүгүй зээлсэн гэх зээлийн гэрээ байгуулжээ. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 25 сая төгрөгийг зээлж авсан нь үнэн боловч тухайн үед зээлийн гэрээг амаар байгуулсан байх бөгөөд бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хуульчилсан бөгөөд дээрхи зээлийн гэрээ нь бичгээр хийгдээгүй учир хүү авах эрхгүй байна. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж хуульчилсан байх бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл болох нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Р.Пүрэвлхам шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус шүүхэд Б.Э нь М.Гд холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ нь бодитойгоор хийгдээгүй буюу мөнгө олгогдоогүй гэрээ бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр бодитойгоор шилжүүлсэн мөнгө буюу эд хөрөнгө байхгүй нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байх тул анхнаасаа хүчинтөгөлдөр бус хэлцэл гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Э нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 5 хувийн хүүтэй зээлийг аман гэрээний дагуу хариуцагч М.Гд шилжүүлсэн байх бөгөөд М.Г нь 2015 оны 12 дугаар сарын 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хугацаанд дансаар нийт 27,504,000 төгрөг бэлнээр 4,750,000 төгрөг нийт 32,254,000 төгрөгийг төлж барагдуулжээ. Харин 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ хийсэн өдрийн байдлаар нийт нийт 27,504,000 төгрөг бэлнээр 4,750,000 төгрөг нийт 32,254,000 төгрөгийг төлж барагдуулжээ. Харин 2018 оны 4 дүгээр сарын 13- ны өдрийн зээлийн гэрээ хийсэн өдрийн байдлаар 32,104,000 төгрөгийг төлсөн байсаар атал дахин хүү авна хэмээн нөхрийн хамт ирж айлган сүрдүүлж 12 сая төгрөгийн зээлийн гэрээг хүчээр хийлгэсэн байна. Өөрөөр хэлбэл огт мөнгө өгөөгүй атлаа зээлийн гэрээ байгуулан дээрхи гэрээгээ үндэслэн төлбөр нэхэж байгаа үйл баримт нь хууль зөрчсөн хэлцэл болох бөгөөд харин зээлдүүлсэн гэх мөнгөө ИХ-ийн 282.3-т заасныг зөрчин хүүгийн хамт авсан атлаа айлган сүрдүүлж, дарамтлан зээлийн гэрээ байгуулсан нь ИХ-ийн 60 дугаар зүйлд заасан хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж үзэхээр байна. Иймд 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг хүчинтөгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.3-т заасныг баримтлан хариуцагч М.Ггаас 17,870,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлээс 130,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,      Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй тул зохигчийн хооронд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид зохигчийн төлсөн 247,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч М.Ггаас 247,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр тодорхой бөгөөд ойлгомжтой байх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэрт ... зохигч хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлээс татгалзжээ... гэсэн байна. Хэрвээ зохигч шүүхэд хандан гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан бол ИХШХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.3, 106 дугаар зүйлийн 106.3 дах хэсэгт зааснаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийншаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх учиртай. Гэтэл анхан шатны шүүх дүгнэлтийнхээ эсрэг шийдвэр гаргасан байна. Хэрвээ шүүх хариуцагч 12 000 000 төгрөгийг биетээр хүлээн аваагүй, харин өмнөх зээлээс үлдсэн гэх зээлийн үлдэгдэлд бичгээр гэрээ байгуулсан гэж дүгнэж байгаа бол сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах шийдвэрлэх үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч тал ч 12 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагч хүлээн аваагүй талаар маргаагүй гэдгийг шүүх шийдвэртээ заасан байна. Нэгэнт нэхэмжлэгч 12 000 000 төгрөгийг биетээр хариуцагчид шилжүүлэн өгөөгүй болохоо хүлээн зөвшөөрсөн байхад шүүх санаачлагаараа илт үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэх бүрэн үндэстэй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу заавал мөнгө зээлдэгчид шилжүүлсэн тохиолдолд зээлийн гэрээ байгуулсанд тооцохоор хуульчлагдсан. Гэтэл мөнгө шилжүүлсэн үйл баримтгүй байхад анхан шатны шүүх зээлийн гэрээ байгуулагдсан гэж илт үндэслэлгүй дүгнэлтийг хийгээд зогсохгүй нэгэнт хуулийн шаардлагад нийцээгүй гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй гэж үзэн хугацаа хэтрүүлсэн 647 хоногийн алданги хэмээн 6 000 000 төгрөгийг үндсэн зээл гэх 12 000 000 төгрөгийн хамтаар хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж энэ төлбөрөөс 2018 оны 4 сарын 13-ны өдрөөс хойш төлсөн 130 000 төгрөгийг хасаж тооцсон нь огт ойлгомжгүй төдийгүй илт хууль бус шийдвэр болжээ. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч М.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 2018 оны 4 сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Талуудын маргааны зүйл болж буй 2018 оны 4 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг байгуулах болсон үндэслэл нь өмнө нь шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн тооцооноос  үүдэлтэй гэсэн тайлбар зохигчид гаргасан учраас шүүх өмнөх зээлийн гэрээний харилцааны талаар дүгнэх учиртай.

 

Б.Э нь 2015 оны 11 сарын 20-ны өдөр 25 000 000 төгрөг М.Гд шилжүүлэн өгсөн нь тогтоогдсон, энэ талаар зэлийн гэрээг бичгээр хийгээгүй үйл баримт зохигчдын тайлбараар мөн тогтоогдсон. Хариуцагч уг мөнгөн хөрөнгийг авснаас хойш 32 254 000 төгрөг төлсөн гэж тайлбарлах боловч, тэрээр 33 019 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн болох нь  Хаан банкны дансны хуулгаар нотлогдсон./хх41-50/

 

            Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө, төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө, эсхүл мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг.

Зээлдэгч мөнгөн хөрөнгийг буюу 25 000 000 төгрөгийг буцаан өгсөн төдийгүй, хариуцагч зарим хэсгийг хүү гэх утгаар зөвшөөрч төлсөн байх тул түүний төлсөн төлбөрийг буцаах хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасан болно.

Түүнчлэн, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор зохицуулсан.

Талуудын хооронд 2018 оны 4 сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч 12 000 000 төгрөгийг 7 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн гэх бичгийн баримт хэрэгт авагдсан байна. /хх4/

Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ дээрх 2018 оны 4 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг зааж байгаа боловч уг гэрээний дагуу 12 000 000 төгрөгийг зээлдэгчид бодитоор шилжүүлэн өгсөн гэх баримт хэрэгт байхгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд 2018 оны 4 сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлгүй тул хариуцагчид энэ гэрээгээр үүрэг үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч  12 000 000 төгрөгийн гэрээтэй холбоотой гэрээний үүрэг болон алданги шаардах эрхгүй юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбар, гомдол үндэслэлтэй.

Гэтэл анхан шатны шүүх “2018 оны 4 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ”-ний дагуу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу бөгөөд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэг заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2018 оны 4 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ нь бичгээр хийгдсэн, гарын үсэг зурж, алдангийн талаар хуульд зааснаар тохиролцон хэлбэрийн шаардлага хангагдсан хэдий ч уг гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлээгүйгээс зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно. Мөн тухайн гэрээг байгуулахдаа дарамталж, хүч хэрэглэсэн гэх нөхцөл тогтоогдоогүй, байгуулагдаагүй гэрээг заавал хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээгүй тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гомдлыг хангах боломжгүй юм. 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/03549 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч М.Гд холбогдуулан гаргасан 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтын “үлдээж” гэснийг “үлдээсүгэй.” гэж, “хариуцагч М.Ггаас 247 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгосугай” гэснийг хасч тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

                                       ШҮҮГЧИД                                А.МӨНХЗУЛ

                                                                                       Б.НАРМАНДАХ