Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2022/03198

 

               

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Д.Мөнгөнтуул, шүүгч Да.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Тэлмүүн хотхон, 43б байр, 211 тоотод оршин суух, Цахар овогт Дархижавын Баттуяа /РД:ЖЙ87112360/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Роял грийн вилла, 1а байр, 201 тоотод оршин суух, Боржигон зурхайч овогт Дэрэмчимэдийн Одзаяа /РД:УШ91121822/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ногдох хөрөнгө болон хохирол 24 327 556 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Роял грийн вилла, 1а байр, 201 тоотод оршин суух, Боржигон зурхайч овогт Дэрэмчимэдийн Одзаяа /РД:УШ91121822/-ийн,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Тэлмүүн хотхон, 43б байр, 211 тоотод оршин суух, Цахар овогт Дархижавын Баттуяа /РД: ЖЙ87112360/-д холбогдох

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 36 507 758 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Баттуяа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн,

Хариуцагч Д.Одзаяа,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Одгариг,

Иргэдийн төлөөлөгч: Н.Галсанлхагва,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Баттуяа нь хариуцагч Д.Одзаяад холбогдуулан 24 327 556 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Д.Баттуяа миний бие Д.Одзаяатай 2019 онд Мам девелопмент центр ХХК-ийг үүсгэн байгуулж ээж хүүхдийн хөгжлийн төв чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Миний хувьд Мам девелопмент центр ХХК-ийн 40 хувийг эзэмшдэг бөгөөд харин Д.Одзаяа нь 60 хувийг эзэмшдэг. Бид харилцан тохиролцож компанийхаа нэр дээр ээж хүүхдэд зориулсан ээж төвийг хамтран байгуулж үйл ажиллагаагаа 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс албан ёсоор эхлүүлэн Д.Одзаяа гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж, миний бие үйл ажиллагаа хариуцан ажиллаж байсан болно. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 3-4-нд шилжих шөнө Д.Одзаяа нь Мам девелопмент центр ХХК-ний нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгүүдийг хамтран эзэмшигч надад болон гэрээт байгууллагуудад хэлэлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МПМ комплексоос шөнийн 23-06 цагийн хооронд бүлэг хүмүүстэй нууцаар зөөн хувьдаа авч явсныг манай компанийн ажилчид болон миний бие 11 дүгээр сарын 04-ний өглөө 9 цагт ажилдаа очих үедээ гэнэт мэдсэн. Үүнээс хойш миний бие компанийн эд хөрөнгийг хууль бусаар авч явсан үйлдэлд нь хариуцлага хүлээлгэх хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч миний хувийн эд хөрөнгө хэмээн худал мэдүүлж, улмаар тус хэргийг бүрэн шалгалгүй Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэлгүй татгалзаж иргэний журмаар шийдвэрлүүлэхээр гомдлыг хүлээн аваагүй болно. Миний бие Компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигч мөн бөгөөд компанийн харилцах дансаар үйл ажиллагаа явуулсаны үр дүнд худалдан авсан эд хөрөнгө болон хэвийн үйл ажиллагааг сэргээх гэсэн боловч илүү олон хувьцаа эзэмшиж байгаа хүний өмнөөс ямар нэг арга хэмжээ авч чадахгүй хохироод байна. Д.Одзаяагийн хувьдаа завшсан компанийн эд хөрөнгүүдийг доорх эх үүсвэр болох компанийн нэр дээр хийсэн хамтран ажиллах гэрээний дагуу хүлээн авсан төлбөрүүд бөгөөд компанийн дансны хуулгатай тохирч байгаа. Үүнд 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Грийн гэйт интернэшнл ХХК-аас 15 000 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Грийн гэйт интернэшнл ХХК-аас 12 000 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баясах интернэшнл ХХК-аас 10 000 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Абико ХХК-аас 5 000 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Грийн гэйт интернэшнл ХХК-аас 3 000 000 төгрөг. Мөн Д.Одзаяагийн зүй бус үйлдлээс шалтгаалан хэвийн явагдаж байсан сургалт цуцлагдсанаас болж Аз жолооны курст хувиасаа төлсөн 989 333 төгрөг, үйл ажиллагаа явуулж байсан байр талбай болох МПМ комплексоос эд хөрөнгө зөөх явцдаа байр талбайд учруулсан гэмтлийг засч янзлахад 3 398 731 төгрөгийг миний бие гуравдагч талуудад хувиасаа төлж барагдуулсан тул нийт 4 388 064 төгрөгийг мөн нэмж нэхэмжилж байна. Д.Одзаяа нь компанийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүхий л хөрөнгө, тавилга эд хогшлыг дур мэдэн авч явснаас үүдэн одоог хүртэл үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул дээрх байгууллагууд болон миний хувиасаа оруулсан хувьцаанд ноогдох хөрөнгийг гаргуулан хохиролгүй болгох шаардлагатай байгаа тухай олон удаа мэдэгдсэн боловч татгалзсан тул иргэн Д.Одзаяагаас Мам девелопмент центр ХХК-ний хөрөнгөөс тус компанийн 40 хувийн хувьцаа эзэмшигч Д.Баттуяа надад ногдох хувь болох 19 939 492 төгрөг, дээрх хууль бус үйлдлээс шалтгаалан гуравдагч талууд болох Аз жолооны курс болон МПМ комплекст учирсан эд хөрөнгийн хохирлыг миний зүгээс хувийн хөрөнгөөр төлж барагдуулсан 4 388 064 төгрөг, нийт 24 327 556 төгрөг гаргуулахаар Иргэний хуулийн 492 болон 497 дугаар зүйлийн дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа, нэхэмжлэгч, хариуцагч нар нь компани үүсгэн байгуулсан, компанид нийт 45 000 000 төгрөгний хөрөнгө оруулалт орж ирсэн талаар зохигч маргахгүй байна. Компанийн 40 хувийг эзэмшигч нь Д.Баттуяа байхад хариуцагч нь хамаг хөрөнгөө авч явснаас нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдөөд байна. Тиймээс хариуцагчийг хамаг хөрөнгөө дур мэдэн авч явсан гэм буруутайд тооцож, ногдох хөрөнгө болон гэм буруутэй үйлдлийн улмаас учирсан хохирлыг гаргаж өгнө үү. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шаардаж байна гэв. 

 

2.Хариуцагч Д.Одзаяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд хавсаргасан хөрөнгийн жагсаалт болон Богд банк, Хаан банкны дансны хуулгууд нь хамтран ажиллах гэрээний дагуу орсон орлогоос авсан хөрөнгүүд гэж тайлбарласан боловч хэзээ, ямар компанитай байгуулсан гэрээ болохоо нотлоогүй бөгөөд нэхэмжлэлд дурьдсан Грийн гэйт ХХК, Баясах интернэшнл ХХК, Абико ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Мам девелопмент центр ХХК ямар үйл ажиллагаа явуулсан, тухайн компаниудаас орж ирсэн мөнгөнд тооцогдох үйл ажиллагааг хэн хэрхэн хэрэгжүүлж дүгнэсэн, тэр нь компанид оруулсан хувь хөрөнгийн хэдэн хувьд яаж ногдох талаарх санхүүгийн баримт байхгүй байна. Мөн нэхэмжлэлд дурьдагдсан хөрөнгүүд нь Мам девелопмент центр ХХК-ний санхүүгийн бүртгэлд бүртгэгдсэн эсэх, компанийн үйл ажиллагаанд хэрхэн зарцуулагдсан, тайлан тооцоонд хэрхэн тусгагдсан талаарх баримт байхгүй байхад зөвхөн банкны дансны хуулгаар компанийн хөрөнгө гэдгийг нотлох гээд байгаа нь үндэслэлгүй байна. Зарим дансны хуулгад Мам девелопмент центр ХХК-иас нэхэмжлэгч Д.Баттуяагийн хувийн данс руу орсон байхад компаний хөрөнгө гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Бодит байдалд Д.Баттуяа нь компаний санхүүг хариуцаж байсан бөгөөд санхүүгийн зөрчил илрэхэд миний зүгээс компанийхаа санхүүгийн тайлан, тооцоог хөндлөнгийн нягтлан бодогчоор шалгуулах гэтэл Д.Баттуяа нь санхүүгийн тайланд нэвтрэх кодыг өөрөө өөрчлөн ажлаа хаяж явсны улмаас Д.Одзаяа нь дээрх компаниудтай байгуулсан гэрээний төлбөрт ногдох үйл ажиллагааг өөрөө хэрэгжүүлэн тооцоо дуусгасан. Компаний тухай хуульд компанид оруулсан хөрөнгө, түүнд ногдох хувь, компаний үйл ажиллагааны зардал нь санхүүгийн тайлангаар нотлогддог учраас энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч өөрөө компаний дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуульд заасны дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, тайлан гаргаагүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлага үндэслэлгүй, нотлогдоогүй байна. Мөн нэхэмжлэлд Д.Одзаяагийн зүй бус үйлдлээс шалтгаалж хэвийн явагдаж байсан сургалт цуцлагдсанаас Аз жолооны курст төлсөн 989 333 төгрөг, үйл ажиллагаа явуулж байсан МПМ комплексоос хөрөнгө зөөх явцад байр талбайд учруулсан гэмтлийг засч янзлахад 3 398 731 төгрөгийг хувиасаа төлж барагдуулсан гэсэн боловч тухайн хохирсон гэх байгуууллагуудаас гаргасан нэхэмжлэл, сургалтын гэрээ, сургалт цуцлагдсан тухай мэдэгдэл, байр талбайд хохирол гэмтэл учирсан талаарх нэхэмжлэл, нотлосон баримт байхгүй, энэ талаарх асуудлыг гүйцэтгэх захирлын хувьд өөрөө хариуцан төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байна гэж үзэж байна. Учир нь Компанийн хөрөнгийн талаар Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан байгаа. Энэ хуулийн дагуу нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Компанийн дүрмээр өөрийнх нь оруулсан хөрөнгө компанийн хөрөнгө гэж ойлгож байгаа. Бүх хөрөнгийг авч явсан гэж яриад байна. Хариуцагч өөрийн найзуудын бэлэглэсэн хөрөнгийг авч явсан гэж өөрөө хэлж байна. Эрүүгийн журмаар явагдаж байгаа нь шалгагдаад үнэн нь тогтоогоогүй байхад иргэний журмаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх болно гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч үзээд байна. Энэ нь тус тусдаа хуультай. Гэм хорын асуудал биш, хариуцагч нь учирсан хохирлыг болон ажилчдын цалин хөлсийг гүйцэтгэх захирлын хувьд өөрөө төлсөн, тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

 

3.Хариуцагч Д.Одзаяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Мам девелопмент центр ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Д.Одзаяа 60 хувийг эзэмшиж, гүйцэтгэх захирлаар ажиллаж, Д.Баттуяа 40 хувийг эзэмшиж үйл ажиллагаа хариуцсан захирлаар буюу өөрөө мэргэшсэн нягтлан бодогч тул компаний бүх санхүү хариуцан ажиллаж байсан билээ. Үйл ажиллагаа явуулж байх хугацаанд 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 15 000 000 төгрөг, 8 дугаар сарын 21-ний өдөр 12 000 000 төгрөг, 10 дугаар сарын 06-ны өдөр 3 000 000 төгрөг тус тус Грийн гэйт ХХК-иас, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баясах интернэшнл ХХК-аас 10 000 000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Абико ХХК-аас 5 000 000 төгрөг хамтран ажиллах гэрээний төлбөр гэж нийт 45 000 000 төгрөг орж ирсэн. Гэтэл Д.Баттуяа нь Компанийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар дээрх мөнгийг компанийн хөрөнгөд бүртгэж, санхүүгийн бичиг баримтанд огт тусгаагүй мөртлөө компаний хөрөнгө гэж Д.Одзаяагаас нэхэмжилсэн. Нэхэмжлэлээ нотлох зорилгоор Мам девелопмент центр ХХК-ний данснаас хувийнхаа данс руу шилжүүлэн авч, Д.Баттуяагийн данснаас төлөгдсөн банкны гүйлгээний баримтууд гаргаж өгсөн боловч дээрх хуулиудын дагуу компаний хөрөнгөд авсныг нотлож байна гэж үзэх боломжгүй юм. Компаний үйл ажиллагаа Компаний тухай хуульд заасны дагуу явагддаг учраас орж ирсэн мөнгө, эд хөрөнгө компаний санхүүгийн бүртгэлд бүртгэгдэж, компаний үйл ажиллагаанд зарцуулагдсан тайлан тооцоонд тусгагдаж байж компаний хөрөнгө болдог болохоос хэн нэгний хувийн данс руу орсон мөнгийг компаний хөрөнгө гэж үзэх нь хуульд нийцэхгүй. Мөн дээр дурдсан 3 компанитай хийсэн гэрээний төлбөрийг би хувиасаа төлж барагдуулсан. Ийм учраас Д.Баттуяа нь өөрөө Мам девелопмент центр ХХК-ны санхүүг хариуцаж, бүх гүйлгээг захиран зарцуулж байсан мөртлөө тухайн мөнгийг хэрхэн яаж зарцуулсан талаар санхүүгийн тайлан бүрдүүлээгүй, татварт бүртгүүлээгүй, яаж зарцуулсан талаар компаний хувьцаа эзэмшигчид мэдэгдээгүй мөн дээрх компаниудаас орж ирсэн мөнгийг Мам девелопмент центр ХХК-д хэрхэн зарцуулсан нь нотлогдохгүй байх тул 36 507 758 төгрөгийг Д.Баттуяагаас гаргуулж өгнө үү. Манай компанийн зүгээс 9 дүгээр сарын 12-ны өдөр нээлтээ хийгээд 100 гаруй хүн ирэхэд энэ хүний найз гэх 2,3 хүн ирсэн. Бусад нь миний таньдаг хүн, найз нөхөд хамтран ажилладаг хүмүүс байсан. Эдгээр хүмүүс бүгд л надад итгэж, манай компанитай хамтран ажиллахаар хөрөнгөө оруулсан байсан тул би эдгээр компаниудад орж ирсэн хөрөнгийг нь өөрөө буцаан төлсөн тул нэхэмжлэгчээс энэ мөнгөө нэхэмжилж байгаа юм гэв.

 

4.Нэхэмжлэгч Д.Баттуяа шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Д.Одзаяа нь манай компанийн авсан санхүүжилт болох 3 компанийн 45 000 000 төгрөгөөс и-баримтын системд 2020 оны жилийн эцсийн тайланд шивэгдсэн 8 492 242 төгрөгийг хасаад үлдэгдэл дүн болох 36 507 758 төгрөгийг надаас нэхэмжилжээ. Уг нэхэмжлэл нь бүхэлдээ ойлгомжгүй, хэргийн материалтай бүрэн гүйцэд танилцаагүй, санхүү, татварын албанаас дутуу лавлагаа мэдээлэл авсан, мэргэжлийн бус мэдлэггүй нягтлан бодогчоор дутуу хянуулан гаргасан нэхэмжлэл байх тул дараах байдлаар нотлох баримт, тайлбар гаргаж байна.

Үүнд Монгол Улсад аж ахуй нэгж байгууллагууд сайн дурын үндсэн дээр тайлангаа гаргаж татвараа мэдүүлдэг ба төрийн 2 байгууллага болох харьяа дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэс болон татварын албанд тайлан мэдээгээ цахимаар илгээдэг. Татварын албанд илгээхдээ цахим татварын систем болох ибаримтаар орлого, зарлагаа баталгаажуулж илгээдэг ч өнөөгийн нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг бүх хувь хүн болон байгууллагууд тус системд бүрэн нэвтрээгүй учраас ибаримт олгодоггүй газрууд байсаар байгаа. Дээрх 3 компанийн санхүүжилтын гэрээний дагуу бид төвийнхөө засвар тохижилтод зарцуулсан болох нь компанийн дансны хуулгаар нотлогдож байгаа. Засварын ажил хийгдэх явцад зайлшгүй шаардлагатай материалыг 100 айлын барилгын материалын захаас авч эдгээр нь ибаримт авах боломжгүй байсан тул тухай бүртээ Д.Одзаяатай ярилцаж шийдвэрлэж авсан байдаг. Мөн ибаримтгүй худалдан авалт хийлээ гээд энэ нь компанийн санхүүгийн тайланд тусгагдахгүй гэсэн үг огтоосоо биш бөгөөд санхүүгийн тайландаа тайлагдаж болно, харин зөвхөн татварын тайланд татвар ногдох орлогоос л хасагдахгүй зардлаар тайлагнадаг юм. Миний бие нэхэмжлэлдээ дээрх 3 компанийн санхүүжилтээс худалдан авсан Мам девелопмент центр ХХК-н хөрөнгийг 60 хувийн хувьцаа эзэмшдэг Д.Одзаяа нь ямар нэгэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэргүйгээр гэнэт дур мэдэн шөнийн цагаар зөөж, хувьдаа завшсан үйлдлийн гэм хорыг тогтоолгохоор шаардлагатай бүх нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаад байгаа билээ. Д.Одзаяа ч өөрөө тайлбар мэдүүлэгтээ хөрөнгүүдийг зөөснөө үгүйсгээгүй, 3 компанийн санхүүжилтээр авсанаа ч дурьдсан байдаг. Д.Одзаяа нь нийт авсан 45 000 000 төгрөгийн санхүүжилтээс зөвхөн ибаримтын дүн болох 8 492 242 төгрөгийг хасаад үлдэгдэл дүнг нэхэмжилж байгаа нь өөрөө маш ойлгомжгүй хийсвэр дүн бөгөөд 2020 оны 11-р сарын 3-4-нд шилжих шөнө бүх хөрөнгө зөөхдөө компани дээр байсан бичиг баримт, нотлох баримтуудын хамт авч явсан байтлаа намайг санхүүгийн тайланд тусгаагүй, компанийн хөрөнгө гэдгийг нотлох боломжгүй гээд байгааг нь санаатай үйлдэл гэж харж байна. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10.1-10.3 дугаар заалтад 10.1. Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн жил тухайн оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. 10.2 Шинээр байгуулагдсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн эхний тайлангийн жил нь улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. 10.3 Энэ хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага нь эхний хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн санхүүгийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ гэсний дагуу тайлангаа 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор хүргүүлэх байсан боловч компанийн тайланд тусгагдах хөрөнгө 11 дүгээр сарын 3-4-нд алдагдаж тооллого тооцоо хийх боломжгүй болж хязгаарлагдмал нөхцөл байдал учраас 2020 оны 2 дугаар сарын 10-нд тайлангийн хугацаанд заавал тайлан мэдээгээ илгээх ёстой байсан тул миний бие ибаримтын системд байгаа анхан шатны баримтыг үндэслэн тайланг илгээсэн байдаг. Гэхдээ энэхүү 8 492 242 төгрөг нь зөвхөн зардалд тооцогдох дүн байсан бөгөөд нийт ибаримтын дүн нь 27 460 615 төгрөгийн худалдан авалт шивэгдсэн байдаг. Зөрүү дүн нь ибаримтгүй худалдан авалт болон цалин зэрэг бусад зардал байсан нь компанийн дансны хуулгаар бүрэн нотлогдоно.  Д.Одзаяа нь тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ намайг санхүү хариуцаж тайлан гаргах ёстой гэх боловч өөрөө гүйцэтгэх захирал байсан хэрнээ надтай ямар нэгэн санхүү, татварын тайлан гаргах гэрээ хэлэлцээр хийгээгүй миний бие тайлан гаргаж баримт бүрдүүлэх үүрэг хүлээгээгүй байсан. Мен компанийн данснаас ямарч гүйлгээ хийж байгаагүй гэдэг нь худал бөгөөд олон гүйлгээг хийж байсны нэг нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн танил Х.Номинсувд гэх хүнд нягтлан цалин гэж шилжүүлсэн байсан нь Д.Одзаяаг худал ярьж буйг бүрэн нотлож байна. Мөн өөрөө нягтлан бодогч ажилд авч урьдчилж цалин шилжүүлсэн хэрнээ яагаад тэр нягтлан нь тайлан гаргалгүй намайг тайлан гаргаж баримт бүрдүүлээгүй гээд байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй байна. Дээрх олон нотлох баримтыг үндэслэн Д.Одзаяа нь шүүхэд санаатайгаар худал мэдүүлж, өөрийн зүгээс ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөхгүй хэрнээ санаатайгаар намайг гүтгэж байгаа зэргийг судлан үзэж сөрөг нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Д.Баттуяагаас Ч.Пүрэвсүрэнд олгосон итгэмжлэл, Хамтран ажиллах гэрээний дагуу орсон орлогоос дараах хөрөнгүүдийг авч байсан тухай хавсралт1, Д.Баттуяагийн иргэний үнэмлэхний лавлагаа, Хуулийн этээд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа, Д.Баттуяагийн 8170000338 тоот дансны хуулга, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шилжүүлгийн баримт, Грийн гэйт интернеэйшнл ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ, хавсралт, Грийн гэйт интернейшнл ХХК-ийн албан бичгүүд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2022/02661 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний  өдрийн 183/ШЗ2022/08146 дугаар Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирам, гэрэл зургийн хавсралтууд, Д.Баттуяагийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдлийн хуулбар, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Д.Баттуяагийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хариу мэдэгдэх хуудас, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3059 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 33 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, өмгөөлөгчийн гаргасан гомдол, Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 170 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/387 тоот Гомдлын хариу гэх албан бичиг, Д.Баттуяагийн данснаас төлөгдсөн Мам девелопмент центр ХХК-ийн төлбөрийн жагсаалт гэх хүснэгт, Д.Баттуяагийн дансны шилжүүлгийн баримтууд, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар, Мам девелопмент центр ХХК-ийн санхүүгийн тайлан, Мам девелопмент центр ХХК-ийн худалдан авалтын жагсаалт, О.Ариунзаяагийн 102700644086 тоот дансны хуулга, Д.Одзаяагийн 102000045375 тоот дансны хуулга, Мам девелопмент ХХК-ийн дүрэм /1хх-ийн 4-23, 81-91, 95-204, 225-236, 237-238, 2хх-ийн 45-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас иргэний үнэмлэхний лавлагаа, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Д.Одзаяагаас С.Одгаригт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Грийн гэйт интернейшнл ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 269 тоот албан бичиг, Д.Одзаяагийн 102000045375 тоот дансны хуулга, Абико ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/258 тоот Хохирол барагдуулсан тухай албан бичиг, Ви интернеэйшнл ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Хохирол барагдуулсан тухай албан бичиг, Тод эрхэс ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 22/24 тоот Хохирол барагдуулсан тухай албан бичиг, Мам девелопмент ХХК-ийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/01453 дугаар шийдвэр, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Д.Одзаяа, С.Одгариг нарын Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, Д.Одзаяагийн 5069382879 тоот дансны хуулга, Д.Одзаяагийн хувийн данснуудаас Мам девелопмент ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж гаргасан зарлагын жагсаалт гэх хүснэгт, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Мам девелопмент ХХК-ийн А.Болорчимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн М.Энхчимэгтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Мам девелопмент ХХК-ийн А.Бурмаатай байгуулсан гэрээ, Асрагч ээжийн ажлын байранд мөрдөгдөх журам, Ажлын байрны тодорхойлолт, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Мам девелопмент ХХК-ийн Д.Долгортой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Мам девелопмент ХХК-ийн Баярцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Мам девелопмент ХХК-ийн Н.Одмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Мам девелопмент ХХК-ийн П.Эрдэнэтөгөлдөртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ /1хх-ийн 26, 31-32, 56-65, 71, 216-218, 239-250, 2хх-ийн 1-2, 3-36-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Хаан банк ХХК-иас Д.Одзаяагийн 5069382879 тоот дансны 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, Мам девелопмент центр ХХК-ийн 5069376955 тоот дансны 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гэрч Д.Одзаяагийн өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн хүсэлтээр гар утасны зурагт үзлэг хийсэн, e-balance сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 38-47, 208-211, 2хх-ийн 42-44, 52-53-р хуудас/-ийг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг болон сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Одзаяатай хамтран Мам девелопмент центр ХХК-ийг үүсгэн байгуулсан, компанийн 40 хувийг эзэмшдэг, гэтэл компанийн 60 хувийг эзэмшигч хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө компанийн эд хогшлийг дур мэдэн авч явсан тул компанийн хөрөнгөөс өөрт ногдох хувь болох 19 939 492 төгрөг, мөн хариуцагчийн эд хогшлоо дур мэдэн авч явсан гэм буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 4 388 064 төгрөг, нийт 24 327 556 төгрөгийг гаргуулахаар шаардсан.  

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Баттуяатай хамтран Мам девелопмент центр ХХК-ийг үүсгэн байгуулсан, компанид хамтран ажиллах гэрээний дагуу 45 000 000 төгрөгний хөрөнгө оруулалт орж ирсэн, гэвч хариуцагчтай үл ойлголцол гарсны улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, түрээсийн байраа чөлөөлж, өөрийн болон өөрийн хамаарал бүхий хүмүүсийн өгсөн хөрөнгөө авч явсан, компанийн захирлын хувьд компанийн ажилчдын цалин болон бусад өр төлбөрийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

4.Хариуцагч Д.Одзаяа нь нэхэмжлэгчид холбогдуулан компанийн санхүүгийн тайлан тооцоог бүртгээгүй, үйл ажиллагаанд зарцуулсан тайлан тооцоонд тусгагдах хөрөнгийг тусгаагүйгээс үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болж, өөрийн оруулсан хөрөнгөө авч, компанийн хамтран ажиллах гэрээний дагуу өр төлбөрийг өөрөө төлж барагдуулсан тул 36 507 758 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

5.Нэхэмжлэгч Д.Баттуяа нь хариуцагч нь компанийн хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө болох 45 000 000 төгрөгний санхүүжилтээс зөвхөн татварын системд бүртгэгдсэн дүн болох 8 492 242 төгрөгийг хасаад үлдэх 36 507 758 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, өөрөө компанийн хөрөнгийг бүгдийг авч явсан, санхүүгийн бичиг баримтуудын хамт авч явсан байтлаа намайг санхүүгийн тайланд тусгаагүй, компанийн хөрөнгө гэдгийг нотлох боломжгүй гээд байгаа нь санаатай үйлдэл гэсэн үндэслэлээр няцаасан.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Баттуяа, хариуцагч Д.Одзаяа нар нь Мам девелопмент центр ХХК-ийн үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигч болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн №000192938 дугаартай гэрчилгээ, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа, компанийн дүрмээр тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаанд “Д.Баттуяа нь хөрөнгийн хэмжээ 40 хувь, хөрөнгийн хэмжээ 1,6 хувь, Д.Одзаяа хөрөнгийн хэмжээ 60 хувь, хөрөнгийн хэмжээ 2,4 хувь” гэсэн байх бөгөөд Мам девелопмент центр ХХК-ийн дүрэмд “компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Д.Одзаяа, Д.Батзаяа нар бүртгэлтэй” байх бөгөөд дүрмийн 3.13-д “компанийн тухай хуулийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасны дагуу Д.Одзаяа-г компанийн захирал бөгөөд эрх бүхий албан тушаалтанд тооцно”, 4.4-д “компанийн эрх бүхий албан тушаалтан нь Компанийн тухай хуулийн 84, 85 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүлээнэ” гэж заажээ.

 

7.Талуудын маргааны зүйл нь компанийн хөрөнгө хуваах, хохирлын талаар байна, компанийг үүсгэн байгуулсан, үйл ажиллагаа явуулж байсан, компанид хамтран ажиллах гэрээний дагуу 45 000 000 төгрөгний хөрөнгө оруулалт орж ирсэн талаар маргаагүй байна.

 

8.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь  компанийн 40 хувийн хувьцаа эзэмшигчийн эрхийг нь зөрчиж, түүнд мэдэгдэлгүйгээр компанийн хөрөнгийг зөөж явсан, хариуцагчийн гэм буруутай үйлдлийг улмаас хохирол учирч, учирсан хохирлыг төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ тодорхойлж, шаардах эрхээ хэрэгжүүлж байна гэсэн.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нь Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д зааснаар компанийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх тул гэм хор учруулаагүй, өөрийн хуульд заасан эрхийн хүрээнд хөрөнгөө захиран зарцуулсан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй гэж мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь компанитай хамтран ажиллах гэрээний дагуу орсон орлогоос дараах хөрөнгүүдийг авч байсан бөгөөд эдгээр нь компанийн дансны хуулгаар бүрэн баталгаажна гэж тайлбарлаад хөрөнгийн жагсаалт, дансны хуулга, тайлан, гэрэл зураг гэх баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

Хэрэгт авагдсан Мам девелопмент центр ХХК 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хөрөнгийн жагсаалтаар нийт 41 хөрөнгө 55 057 149 төгрөгөөр, бага үнэтэй түргэн элэгдэх 36 нэр төрлийн эд зүйлс  2 611 581 төгрөгөөр, нийт хөрөнгийн дүн 57 668 730 төгрөг, үүнээс Д.Одзаяагийн төлсөн 7 820 000 төгрөгийг хасаад үлдэх 49 848 730 төгрөгнөөс хувьцааны 40 хувьд ногдох 19 939 492 төгрөг болно гэж тайлбарласан.

 

Зохигч талууд Грийн гейт интернэшнл ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 15 000 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 12 000 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 3 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг, Баясах интернэшнл ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөг, Абико ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 45 000 000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний дагуу Мам девелопмент центр ХХК-нд шилжүүлсэн талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй.

Нэхэмжлэгч нь дээрх хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 45 000 000 төгрөг нь компанийн хөрөнгөд хамаарах бөгөөд дээрх мөнгөөр компанийн эд зүйлсийг авсан болох нь түүний болон хэрэгт авагдсан компанийн дансны хуулгаар тогтоогдоно, компанид байсан хөрөнгүүд нь гэрэл зургаар баталгаажна гэсэн боловч Мам девелопмент цент ХХК-ийн хавсралт1 гэх баримтад авагдсан хөрөнгийн жагсаалтаас ямар хөрөнгүүдийг нь дээрх компанийн хөрөнгөөр авсан эсэх, ямар хөрөнгүүдийг нь хариуцагч Д.Одзаяа нь өөрийн хөрөнгөөр авсан эсэх нь тодорхойгүй, баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

Мөн зохигч талууд нь компанийн үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигчид бөгөөд Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д “Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ”, 30.5-д “Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компанийн дүрэмд тусгасан байна” гэж заасан.

Мам девелопмент центр ХХК-ийн дүрмийн 5.2-д “Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 4 000 төгрөг ба нэг бүр нь 40 төгрөгний нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг энгийн хувьцаа байна”, 5.2.1-д “компанийн хувь нийлүүлэгчид дараах байдлаар гаргасан хувьцааг эзэмшинэ. Д.Одзаяа 60ш, Д.Баттуяа 40ш”, 5.3-д “Компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг Компанийн тухай хуулийн 30.2 дахь хэсэгт зааснаар тодорхойлно” гэж тусгасан, Мам девелопмент центр ХХК-ийн 2020 оны 4 дүгээр улирлын санхүү байдлын тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, өмчийн өөрлөлтийн тайлан, Мам девелопмент центр ХХК-ийн худалдан авалтын жагсаалтаар компанийн өр төлбөрийг хасаад үлдсэн хэсэг нь компанийн өөрийн хөрөнгө болох талаар баталгаажсан тайлан, компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хэрэгт ирүүлээгүй болно.

Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д “Компанийг нэгээс дээш этгээд үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчид нь компани үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд уг гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана” гэж зааснаар компанийн хувьцаа эзэмшигч нар нь дээрх асуудлыг тусгасан гэрээ хэлцэл байгуулаагүй талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөн хариуцагчийг нэхэмжлэгчийн эрх, эд хөрөнгөд санаатайгаар гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй, хэн аль нь компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нар байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг компанийн эд хөрөнгийг авч явснаас компанийн үйл ажиллагаа доголдож, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны улмаас учирсан хохирол болох түрээсийн талбайд эд хөрөнгийг зөөх явцад учруулсан гэмтлийг засч янзлах зардал 3 398 731 төгрөг, Аз жолооны курст 989 333 төгрөгийг хувиасаа төлсөн болох нь баримтаар нотлогдоно гэж тайлбарласан бөгөөд энэ нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр 2020 оны 11 дүгээр сарын 19-нд Д.Баттуяагаас Нар урт ХХК-нд 3 398 731 төгрөгийг “Баттуяагаас талбай ашиглалт, буулгалт” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2020 оны 11 дүгээр сарын 16-нд Д.Баттуяагаас Д.Булганчимэгт 989 333 төгрөгийг “Ээж төвөөс үлдэгдэл жолоо тооцоо Баттуяагаас” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Гэвч тус дүүргийн шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2021/01453 дугаартай шийдвэрээр Нар Урт ХХК нь Мам девелопмент центр ХХК-нд холбогдуулан хамтран ажиллах гэрээ цуцлагдсанаас учирсан хохирол гаргуулах, хариуцагчийн хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд болохыг тогтоолгож 46 500 000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлээс Д.Баттуяагийн төлсөн 3 398 731 төгрөгийг хасч,  Мам девелопмент центр ХХК-иас 7 347 229 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн, уг мөнгө нь хамтран ажиллах гэрээ цуцлагдсанаас учирсан хохирол буюу дотор заслыг буцаан засварлах ажлын үнэлгээний мөнгө байх бөгөөд  дээрх 7 347 229 төгрөгийг хариуцагч Д.Одзаяа нь төлж барагдуулжээ.

 

Иймд компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нар нь компанийн бусдад учруулсан буюу хамтран ажиллах гэрээ цуцлагдсанаас учирсан хохирлыг төлж барагдуулсан гэж үзэхээр байна.

Мөн хэрэгт авагдсан Грийн гейт интернэшнл ХХК-иас ирүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Хохирол барагдуулсан тухай” албан бичигт “...2020 оны 7 дугаар сарын 21-нд Мам девелопмент центр ХХК-тай гэрээ байгуулж 30 000 000 төгрөг шилжүүлсэн, талбайн зохион байгуулалтад 8 000 000 төгрөгний зардал гарсан, нийт 38 000 000 төгрөгийн зардал гарсан гүйцэтгэх захирал Д.Одзаяа нь учирсан хохирлын 60 хувь буюу 22 800 000 төгрөгийг төлж барагдуулсан”.

Абико ХХК-иас ирүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 21-нд Б/258 дугаар “Хохирол барагдуулсан тухай” албан бичигт “...бид 2020 оны 8 сард Ээж төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, 5 000 000 төгрөг шилжүүлсэн, захирал Д.Одзаяа нь гэрээний хохирлыг 100 хувь барагдуулсан нь үнэн болно”.

We интернэйшнл ХХК-иас ирүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 22-нд 22а/145 дугаар “Хохирол барагдуулах тухай” албан бичигт “...манай компани Мам девелопмент центр ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг 2020.9 сарын 08-ны өдөр шилжүүлсэн, 60 хувийн хувьцаа эзэмшигч Д.Одзаяа нь манай компанид учирсан хохирлын 60 хувь болох 6 000 000 төгрөгийг барагдуулсан нь үнэн болно”.

Тод эрхэс ХХК-ийн ирүүлсэн Аз авто сургуулийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 22/24 дугаартай “Хохирол барагдуулсан тухай” албан бичигт “...2020 оны 9 сард Ээж төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан 2020 оны 10 сараас үйл ажиллагаа нь зогссоноос үүдэн төлбөрийн үлдэгдлийн 60 хувийг Д.Одзаяа 2 428 000 төгрөгийг дансанд төлсөн нь үнэн” гэсэн байх бөгөөд дээрх компанитай байгуулсан хамтран ажиллах гэрээний өр төлбөрүүдийг хариуцагч нь төлж барагдуулжээ.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ”, 9.5-д “хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж зааснаар хариуцагч нь дээрх өр төлбөрийг хариуцан төлснийг буруутгах үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч нь Грийн гейт интернэшнл ХХК-иас надаас 40 хувьд ногдох өр төлбөрийг нэхэмжилсэн гэсэн боловч үүнийг төлсөн талаарх баримтгүй байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагчийн гэм бурууг тогтоохоор эрүүгийн журмаар хандсан гэсэн боловч 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3059 дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор “Мам девеломпмент центр” компанийн үүсгэн байгуулагчид болон хувьцаа эзэмшигчдийн хоорондох иргэний эрх зүйн харилцаа бүхий маргаанаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй гэж хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан байна.

 

Иймд хариуцагчийг гэм буруутай буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэж, нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан ногдох хувь буюу хохирол 24 327 556 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

9.Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Баттуяад холбогдуулан компанид оруулсан хөрөнгө болох 45 000 000 төгрөгнөөс компанийн тайланд зарлагаар бүртгэгдсэн 8 492 242 төгрөгийг хасч, үлдэх 36 507 758 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Одзаяагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, компанийн хөрөнгө оруулалтаар авсан хөрөнгийг өөрөө бүгдийг нь зөөгөөд авч явсан, гүйцэтгэх захирлын хувьд өөрөө хяналтаа тавих эрхээ хэрэгжүүлээгүй гэж няцаасан.

Хариуцагч Д.Одзаяа нь Мам девелопмент центр ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2019 оны 10 дугаар сарын 30-ний өдөр бүртгэгдсэн, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд компанийн үйл ажиллагаанд зориулж хувийн данснуудаас 2020 оны 8 дугаар сарын 14-нөөс 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 26 285 675 төгрөг, ХААН банкны дансаар ажилчдын цалин олгосон 6 768 050 төгрөгийг шилжүүлсэн гэж ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны танилцуулгыг ирүүлсэн, мөн хувиасаа Баясах интернэйшнл ХХК-д 6 000 000 төгрөг, Абико ХХК-нд 5 000 000 төгрөг, Грийн гэйт интернэйшнл ХХК-нд 22 800 000 төгрөгийг буцаан төлсөн, нийт 66 853 725 төгрөгийг зарцуулсан гэж тайлбарлаад Хаан банкны депозит дансны хуулгыг шүүхэд ирүүлсэн.

 

Гэвч хариуцагч нь өөрийн хөрөнгөөр компанийн үйл ажиллагаанд зарцуулсан 66 853 725 төгрөгийг зарцуулсан боловч хамтран ажиллах гэрээний дагуу орж ирсэн 45 000 000 төгрөгнөөс компанийн тайланд зарлагаар бүртгэгдсэн 8 492 242 төгрөгийг хасаад үлдэх 36 507 758 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь ойлгомжгүй, дээрх 45 000 000 төгрөгнөөс компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан, мөн дээрх 45 000 000 төгрөгнөөс авсан компанийн үйл ажиллагаанд зориулан хэрэглэж байсан эд хөрөнгүүдийг зөөж авч явсан талаараа хүлээн зөвшөөрсөн атлаа нэхэмжлэгчээс шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.   

Хариуцагч нь нэхэмжлэгчээс дээрх 36 507 758 төгрөгийг шаардсан хууль зүйн үндэслэл буюу шаардах эрхээ тодорхойлохдоо өөрт ногдох компанийн хөрөнгө болон нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй, хариуцагч нь компанийн тухай хууль болон компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээнд зааснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн өр төлбөрийг хариуцах, төлж барагдуулах үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хуульд зааснаар хэн аль нь эрх нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд мэдүүлэх эрхтэй бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрсдөө тодорхойлох, энэ эрхээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд хэрэгжүүлэх ба зохигч талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар тодорхойлсон тул шүүх талуудын шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно. 

Иймд хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 36 507 758 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

10.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Галсанлхагва нь “...аж ахуйн нэгжийн болон хувь эзэмшигчийн хуулиар шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг гаргасан болохыг дурьдах нь зүйтэй.

 

11.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 279 588 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 340 488 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Баттуяагийн хариуцагч Д.Одзаяад холбогдуулан гаргасан ногдох хөрөнгө болон хохирол 24 327 556 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч Д.Одзаяагийн нэхэмжлэгч Д.Баттуяад холбогдуулан гаргасан 36 507 758 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Баттуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 588 төгрөг, хариуцагч Д.Одзаяагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340 488 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.ХУЛАН

     

      ШҮҮГЧ                            Д.МӨНГӨНТУУЛ

 

                                                 ШҮҮГЧ                            Да.ЭНХЦЭЦЭГ