Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/32

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        *******т холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Баясгалан

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2231003210250 дугаартай, 175/2023/0017/Э/208/2023/0022 индекстэй 2 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* Хүрэлбаатар, ******* улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “ ” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Төв гудамж 1-37 тоотод тоотод оршин суух хаягтай, /РД: /,

Урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 20 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 17-ноос 22-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 9,132,7 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

 

Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх дэх заалтад заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаагаар буюу 02 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэн,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулан,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулан,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.3, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******ын хууль бус ашиглалтаас өртөгдсөн эдэлбэр газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамалд учирсан хохирол буюу байгаль экологид учирсан хохирол, хор уршиг 9,132,7 /есөн сая нэг зуун гучин хоёр мянга хоёр зуун далан долоон/ төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 2,697,000 /хоёр сая зургаан зуун ерэн долоон мянга/-н төгрөг, нийт 11,829,7 төгрөгнөөс улсын орлогод оруулсан 9,000,000 /есөн сая/ төгрөгийн үнэлгээ бүхий “Нуundai 2900” маркийн экскаваторын үнийг хасч тооцон, үлдэгдэл 2,829,7 /хоёр сая найман зуун хорин есөн мянга хоёр зуун далан долоо/-н төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 9,000,000 /есөн сая/ төгрөгийн үнэлгээ бүхий “Нуundai 2900” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, Улсын орлогод оруулан,

Иргэний нэхэмжлэгч ******* ******* овогт ******* ******* нь “Нуundai 2900” маркийн экскаваторын үлдэгдэл мөнгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1,880,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар хийцийн алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 1 ширхэг, 1 бүр нь 360,000 төгрөгийн үнэлгээ бүхий арлын дугааргүй, марк тодорхойгүй, ус татах насос /помп/ 2 ширхэгийг тус тус хураан авч устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хураагдсан эд хөрөнгө болон эд мөрийн баримтыг устгахтай холбогдуулан гарах бүх зардлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч *******аас гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох “Ойт бүс” ХХК-ны үнэлгээний зардал 3,500,000 төгрөгний үлдэгдэл 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан тус компанид олгож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7,5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 9 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий “Нуundai 2900” загварын экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, улсын орлогод оруулж, иргэний нэхэмжпэгч намайг тээврийн хэрэгслийн үлдэгдэл мөнгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэлээ гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна.

Учир нь ******* УБ улсын дугаартай, “Нуundai 2900 LC-3” загварын тээврийн хэрэгсэл нь 2020 оны 03 сарын 18-ны өдөр ******* миний нэр дээр олгогдсон, тээврийн хэрэгслийн эзэмшигч нь хэвээр байгаа бөгөөд шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед түүний эзэмшилд уг экскаватор нэр дээр нь  шилжээгүй байхад тээврийн хэрэгслийг хураахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хуульчлахдаа 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл; түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан.

Гэтэл тухайн экскаватор шүүгдэгчийн өмчлөлд шилжээгүй байхад түүний өмчлөлийн эд хөрөнгө мэтээр тайлбарлаж хураан авч улсын орлого болгосон нь хуулийг буруу тайлбарлаж  шийдвэрлэсэн  гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрзг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд   халдаан   хэрэглэж   болохгүй.”   гэсэн   шудрага   ёсны   зарчимд   нийцээгүй дүгнэлтийг анхан шатны шүүх гаргасанд маш их гомдолтой байгаа тул хэргийг бүхэлд нь  хянан үзэж, тээврийн хэрэгслийн өмчлөгчид буцаан олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би иргэний нэхэмжлэгчтэй худалдах худалдан авах гэрээ байгуулж экскаваторыг 45.000.000 төгрөгөөр зээлээр авсан. Экскаваторын үнэд эхлээд 25.000.000 төгрөг дараа нь цувуулаад өгсөөр 55.000.000 төгрөгийг одоогоор өгсөн. Энэ баримтууд бүгд надад байгаа тул энэ  экскаватор минийх болсон. Хэрэгт орсоны дараа надад экскаваторын гэрчилгээ шилжүүлэхгүй дахин түрээс гэж мөнгө нэхэмжлээд байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй.  Зөвхөн бичиг баримтыг ашиглан экскаваторыг авах гэж байгаа нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд гомдлыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Иргэний нэхэмжлэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд экскаваторыг *******т худалдсан түүний өмч мөн гэж тодорхой мэдүүлсэн атлаа өнөөдөр минийх гэж буцаан гаргуулахаар гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.  Иргэний нэхэмжлэгчийн өмч мөн гэдгийг тогтоосон нотлох баримт байхгүй. Харин ******* нь гэрээнийхээ дагуу 55.000.000 төгрөгийг төлсөн нь *******ын өмчлөлд бүрэн шилжсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Тиймээс иргэний нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ 85 УБ улсын дугаартай “хюндай робекс” маркийн экскаваторыг *******т 45.000.000 төгрөгөөр худалдаж, 35.000.000 төгрөгийг нь авсан. Үлдэгдэл 10.000.000 төгрөгийг аваад, өмчлөх эрхийн бүртгэлийг шилжүүлж болно. Миний нэр дээр бүртгэлтэй боловч дээрх экскаватор нь *******ын эзэмшилд байгаа... гэх мэдүүлгээр тухайн экскаватор нь *******ын өмчлөлд шилжсэн болохыг нотолж байх тул анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураан авч, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн зорилт, шударга ёсны зарчимд нийцэж байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.  

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2231003210250 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 17-ноос 22-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ойн сан бүхий газар газарт хамаарах “Сангийн гол” нэртэй газарт 0,08 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтыг техник, машин механизм ашиглаж үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч О.Анхбаяр, Б.Батсайхан, Л.Пүрэвжав  нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон  байна.

3.Шүүгдэгч ******* нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа шар өнгийн Hyundai LCТ2900 маркийн ******* УБ улсын дугаартай экскаватор, гитаран буу буюу алт угаах төхөөрөмж, ус татах насос зэргийг ашигласан, шүүгдэгч нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдсан үйлдлийн улмаас байгаль орчинд 9,132,7 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан нь “Ойн бүс” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 22/03 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

4.Анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн шүүгдэгчээс гэм буруугийн болон ял шийтгэл ногдуулсан талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.

5.Харин иргэний нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанаар хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний асуудлыг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж давж заалдах гомдол гаргасан байна.

6.Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai LCТ2900 маркийн ******* УБ улсын дугаартай экскаватор нь иргэний нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн хөрөнгө гэдэг нь тээврийн хэрэгсэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байхад шүүх шууд хураан авч улсын орлого болгосон гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь иргэний нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн Hyundai LCT2900 маркийн ******* УБ улсын дугаартай экскаваторыг шүүгдэгч *******тай  2019 оны 05 сарын 09-ний өдрийн  тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах  гэрээгээр 45.000.000 төгрөгөөр худалдаж,  экскаваторын үнийн төлбөрт 35.000.000 төгрөгийг авч үлдэгдэл 10.000.000 төгрөгийг төлсний дараа өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцон экскаваторыг *******ын эзэмшилд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт болох талуудын хооронд байгуулсан  гэрээ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчийн өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т эд хөрөнгө шилжснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийн шилжүүлснээр  гэрээг байгуулагдсанд тооцохоор заасан тул иргэний нэхэмжлэгч ******* шүүгдэгч нарын хооронд гэрээний гол нөхцөл болох төлбөр төлөх хэмжээ, төлбөр төлөх хугацаа, эд хөрөнгө болон эрх шилжүүлэх    талаар     тохиролцож     экскаваторыг     *******ын   эзэмшилд        шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан  худалдах худалдан авах гэрээ  байгуулагдсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч *******ыг  маргаан бүхий  Hyundai LCT2900 маркийн ******* УБ улсын дугаартай эксковаторыг өмчлөгч гэж үзнэ.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө орлогыг  хураан авах албадлагын арга хэмжээ авах зохицуулалтыг тусгасан. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж тодорхойлсон бөгөөд тухайн хөрөнгийг хураан авч  хохирлыг нөхөн төлөх, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт оруулахаар  хуульчилсан.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техникийг шүүх хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь иргэний нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй  зөрчөөгүй байна.

 

8.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгчийн  гаргасан давж заалдах гомдлын  хангахгүй орхих  нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/24 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                        

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН