| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/00953/И |
| Дугаар | 183/ШШ2024/04730 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2024/04730
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.А /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 69 133 184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.А /РД:*******/-ийн,
Нэхэмжлэгч: У******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2019/003 дугаартай Түрээсийн гэрээний 5.2 заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, оруулсан хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн зардалд нийт 58 995 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э*******, Б.Б*******,
Хариуцагч Б.А*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.М*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч У******* ХХК нь хариуцагч Б.А*******ад холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 69 133 184 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.У******* ХХК нь Б.А*******тай 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2019/003 дугаар Түрээсийн гэрээг байгуулж, ****** талбайтай объектын 300 м.кв талбайг 2 жилийн хугацаагаар, эхний нэг сар 4 000 000 төгрөг, дараа сараас 8 000 000 төгрөг байхаар тохиролцож гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан. Ийнхүү үл хөдлөх хөрөнгийн 300 м.кв талбайд авто угаалгын чиглэлээр, өдөр тутам үйлчлүүлэгч олонтой, тогтвортойгоор үйл ажиллагаагаа 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл явуулсан. Б.А******* нь эхний сарын төлбөрүүдээ төлж байсан боловч 2020 оны 5 дугаар сарын төлбөрөөс эхлүүлэн 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буюу түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд түрээсийн төлбөр төлөөгүй болно. Манай компанийн зүгээс залуу хүний бизнесийг дэмжих, үйл ажиллагааг нь тасалдуулахгүй байх үүднээс гэрээгээ цуцлахгүй, үйл ажиллагааг нь зогсоохгүй явж байсан ба Б.А*******ын зүгээс үлдэгдэл түрээсийн төлбөрөө төлөх болохоо удаа дараа амлаж, баталгаажуулж байсан. Тухайлбал 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болон 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үйл ажиллагааг хэвийн буюу ажилтан хангалттай олж чадахгүй бол Авто угаалгын үйл ажиллагааг бүрэн зогсоох болгож тухайн өдрөөр тооцоог дуусгавар болгоно гэж амлалт өгч, өөрийн гараар бичиж өгсөн. Ийнхүү 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр объектоо хүлээлгэн өгөхдөө үлдэгдэл түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлаа удахгүй өгөхөөр амласан боловч өнөөдрийг болтол дээрх үүргээ биелүүлэхгүй манай компанийг хохироосоор байна. 2020 оны 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 6 сар 10 хоногийн түрээсийн төлбөр нь 50 666 600 төгрөг болсон. Үүнээс гэрээний 6.1-д зааснаар барьцаа болгож тушаасан 8 000 000 төгрөгийг хасвал 42 666 666 төгрөгийн түрээсийн үлдэгдэл төлбөрийн үлдэгдэлтэй болно. Мөн ашиглалтын зардал нь нийт гэрээний хугацаанд 17 229 485 төгрөг болсоноос 12 096 300 төгрөгийн ашиглалтын зардлыг төлсөн ба үлдэгдэл 5 133 185 төгрөгийг төлөөгүй үлдээсэн. Түрээсийн гэрээний 4.2-т зааснаар хариуцагч Б.А******* нь төлөх ёстой ашиглалтын зардал болно. Мөн Гэрээний 4.5-д зааснаар түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги түрээслэгчид төлөх үүргийн дагуу нэг хоногт төлөх алдангийн хэмжээ нь 127 999 төгрөг ба 24 319 999 төгрөгийн алданги бодогдсон боловч гүйцэтгээгүй үнийн дүн болох 42 666 666 төгрөгийн 50 хувиас хэтэрсэн тул 21 333 333 төгрөгөөр алдангийг тооцсон болно. Иймд хариуцагч Б.А*******аас 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2019/003 дугаар Түрээсийн гэрээний дагуу 69 133 184 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч У******* ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Ү.А*******тай Ү2203******* дугаарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бүхий 672 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөс 300 м.кв талбайг 2 жилийн хугацаагаар эхний 1 сар 4 000 000 төгрөг, 2 дахь сараас гэрээний хугацаа дуустал 8 000 000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан. Энэхүү түрээсийн гэрээгээр улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, хууль ёсын хэлбэрийн шаардлага хангуулсан. Ингээд түрээсийн гэрээний дагуу хариуцагч 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сар хүртэл үйл ажиллагаа явуулсан. Уг 2021 оны 11 дүгээр сар хүртэл үйл ажиллагаа явуулсан гэдэг нь хариуцагчийн өөрийх нь бичиж өгсөн баталгаа дээр 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулна, энэ хүртэл түрээсийн төлөгдөөгүй төлбөрөө нөхөн төлнө гэсэн баталгааг үндэслэж бид 11 дүгээр сарын 15-ны өдөр түрээсийн гэрээг дуусгавар болгосон. 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажилласан гэж үзсэн хариуцагч нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр болтол нийт 6 сар 10 хоногийн түрээсийн төлбөрийг төлөөгүй. Энэ нь хавтас хэргийн 13 дугаар хуудсанд бичиж өгсөн 5, 6, 7, 8, 9, 10 сарын түрээсийн төлбөр мөн хэрэглээний зардллыг төлөөгүй үнэн болно, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үлдэгдэл төлбөрөө бүрэн гүйцэт төлж дуусгах болно гэсэн баталагааны хуудсанд тодорхой харагдаж байгаа. Иймд 69 133 184 төгрөгийг дараах хэсгүүдэд хувааж шаардаж байна. Нэгдүгээрт 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл буюу 6 сар 10 хоногийн нийт төлөгдөөгүй түрээс 50 666 600 төгрөг болж байгаа. Үүнээс гэрээний 6.1 дэх хэсэгт заасны дагуу 8 000 000 төгрөгийн барьцаа авч үлдсэн. Уг барьцааны 8 000 000 төгрөгийг хасахаар түрээсийн үндсэн төлбөрт 42 666 600 төгрөг шаардаж байгаа. Ашиглалтын зардалд 5 133 185 төгрөг шаардаж байгаа. Энэ нь 2020 оны 05 дугаар сараас 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх ашиглалтын зардал байгаа. Мөн үүнийг хариуцагч нь төлөөгүй болохоо баталгаагаа гаргаж өгсөн. Мөн нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны өмнө 5 133 185 төгрөгийн тооцоог бичгээр гаргаж, хариуцагчид явуулж байсан нэхэмжлэхүүд, тухайн саруудад Худалдаа хөгжлийн банкны данснаас Улаанбаатар цахилгаан түгээх станц руу илгээж байсан QR код бүхий баримтыг гаргаж өгсөн. Нотлох баримт шинжлэн судлахад судлаад явъя. Нийт 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл түрээслэж байсан хугацааны нийт хэрэглээний зардал 17 229 485 төгрөг болсон. Үүнээс хариуцагч 12 096 300 төгрөг төлсөн. Уг 12 096 300 төгрөгийг хасахаар үлдэгдэл 5 133 185 төгрөгийн хэрэглээний зардлын өр гарсан. Бид гэрээний 4.2-т өөрийнх нь хэрэглэж байгаа хэрэглээний зардал, ус, цахилгааны төлбөрийг түрээслэгч тал хариуцна гээд гэрээнд заасан. Тийм учраас төлөгдөөгүй үлдсэн түрээсийн гэрээний төлбөрийг шаардаж байгаа. Гуравдугаарт алдангид 21 333 300 төгрөгийг шаардаж байгаа. Үндэслэл нь гэрээний 4.5-д төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээслэгчийн 0,3 хувийн алдангийг төлөгдөөгүй хоног тутамд төлөхөөр үүрэг болсон. Тэгээд 6 сар 10 хоногийн түрээсийн төлбөр төлөгдөөгүй алдангийн хугацаа байгаа. Нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд тооцож үзэхээр нэг хоногт төлөх алдангийн хэмжээ 127 999 төгрөг гарч байгаа. Үүнийг 6 сар 10 хоногт үржүүлэхээр 24 319 990 төгрөг болно. Уг үнийн дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байгаа тул үндсэн түрээсийн төлбөр болох 42 666 600 төгрөгийн 50 хувь болох 21 333 300 төгрөгийг гэрээний дагуу алдангад шаардаж байгаа. Ингээд нийт үндсэн түрээсийн төлбөр, ашиглалтын зардал, алдангид 69 133 184 төгрөгийг түрээсийн гэрээний дагуу хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.Хариуцагч Б.А******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1.У******* ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 2019/003 дугаартай Түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр 300 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хоёр жилийн хугацаатай авто машин угаалгын үйлчилгээний зорилгоор ашиглахаар тохиролцсон. Гэрээний хугацаанд барьцаа 8 000 000 төгрөгөөс гадна нийт 52 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр У******* ХХК-д төлсөн. Мөн ашиглалтын зардал буюу ус, дулаан, цахилгааны зардалд 12 186 500 төгрөг төлсөн. Үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд тухайн барилгад 25 000 000 төгрөгийн барилгын материал, бараа тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт засварын ажил хийсэн. Ажлын хөлсөнд 20 500 000 төгрөг төлсөн. Үүнд: Барилгын гадна талыг саарал өнгөөр будах захиалагаар бэлдэж хийлгэсэн ******* болон АВТО УГААЛГА гэсэн гэрэлт самбаруудыг барилгын нүүрэн талд байрлуулж цахилгааны монтаж хийж тогтоох дотор заалны хана будах, машин угаалгын газарт шаардлагтай бохир усны сувгийг шалан дээр гаргаж усны шүүлтүүр болон төмөр сараалж гагнаж сувгууд дээр байрлуулж стандартын дагуу шалтай тэнцүүлэх, дотор заалны таазанд захиалгаар хийлгэсэн туузан LED гэрлүүдийг суурилуулж цахилгааны монтаж хийх заал руу машин хаалгаар орох хонгилыг саарал өнгөөр будаж тусгайлан захиалгаар хийлгүүлсэн туузан LED гэрлүүдийг зурагт заасны дагуу бэхлэж байрлуулан цахилгааны монтаж хийх үйлчлүүлэгчдийн хүлээлгийн өрөөний дотор засварыг бүрэн хийж будах дотор заалны ажилчидын өрөө, агуулах, ариун цэврийн өрөөнүүдийн хаалгыг сольж тус бүрийг цоожтой болгох цэвэр усны шугамын засвар шинэчлэлтийн ажилд тоног төхөөрөмжийн худалдан авалтанд 300мкв шал цутгалтын ажилд 6 285 000 төгрөг гэрээний нэмэлтийн дагуу талууд хувааж төлсөн. Энэ бүх барилгаас салгаж үл болох барилгын засвар шинэчлэлийн ажил тухайн барилгад хөрөнгө оруулалт болон үлдэж өмчлөгчид бүрэн шилжсэн. Мөн авто угаалгын усан буу 3 ширхэг, нэг бүр нь 1тн усны сав 2 ширхэг, хийн компрессор 1 ширхэг, хогын сав 2 ширхэг, тоос сорогч 1 ширхэг хүлээлгийн өрөөний ширээ сандал нийт 7 200 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг үлдээсэн. Түрээслүүлэгч У******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгөд миний оруулсан хөрөнгө оруулалт, үлдээсэн тоног төхөөрөмжийг тооцоонд оруулан тооцох ёстой гэж үзэж байна. 25 000 000-20 000 000=5 000 000 төгрөгийн ашигтай ажиллахаар тооцоолж төсөөлж байсан юм. Гэвч 2020 оны 2 дугаар сараас эхлэн Монгол улсад Корона вирус (КОВИД-19) цар тахал дэгдсний улмаас Монгол улсын засгийн газараас зорчих хөдөлгөөн хязгаарлах, хөл хорио, хүн хоорондын зай барих, ажиллах цагийн хуваарийг багасгах, зөвхөн зайлшгүй тохиолдолд гэрээс гарах гэх мэт аж ахуйн нэгж болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн ажилд хүндээр нөлөөлөхүйц шийдвэрүүд гарсан. Үүнээс үүдэн үйлчилгээний газрууд болон манай авто угаалгын газрын үйлчлүүлэгчдийн тоо, орлого эрс буурсан. Улмаар 2020 оны 3 дугаар сараас эхлэн өдөрт дунджаар 8-10 машин ирж үйлчлүүлэх болсон. Үүнийг нэг сараар тооцвол миний бие нэг сарын хугацаанд ойролцоогоор 7-8 сая төгрөгийн бохир орлоготой ажилласан. Дээрх орлогоос зайлшгүй шаардлагатай ажилчдын цалинг цомхотгосон тоогоор төлж, үлдсэн мөнгийг тог усны төлбөрт төлж байсан. Ийм учир түрээсийн төлбөрийг төлж чадахгүй болсон. Энэ байдлын түрээслэгчтэй тухайн үед нь ярилцаад сарын түрээсийн төлбөрийг талаас илүү хувиар чөлөөлөх, өдрийн орлогоо төлж байх тохиролцоо хийсэн байсан. Тухайн үеийн тохиролцоогоор түрээсийн гарсан төлбөрийг барилгад оруулсан миний хөрөнгө оруулалт, үлдээх хөрөнгөөр дүйцүүлж хаахаар тохироо байсан юм. Иймд хариуцагч миний бие нэхэмжлэгч У******* ХХК-ийн нэмэжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2.Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Яагаад гэвэл тухайн үед буюу 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би гараар бичсэн хүсэлтдээ 6 сарын төлбөрийг төлөөгүй гэж бичсэн. Гэхдээ тухайн үед цар тахлын үе байсан учраас би түрээсийн төлбөрийг 4 000 000 төгрөг болгож байсан. Тухайн үед нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй уулзаад цар тахал болж байна, би 8 000 000 төгрөгөөр түрээслээд явах боломжгүй байна” гэж хэлэхэд “чи сүүлийн саруудаа 4 000 000 төгрөгөөр бодоод яваарай” гэж хэлсэн. Мөн гэрээний 11.1 дэх хэсэгт түрээсийн төлбөрийн талаар талууд харилцан тохиролцон гэж дурдсан. Тухайн үед дэлхий даяар гамшиг болж байсан. Би энэ үед түрээсийн төлбөрөө 100 хувь төлөөд явна гэхээр ямар ч боломжгүй болж байгаа юм. Гэхдээ бид хоёр аман хэлбэрээр ярьж тохиролцсон учраас ямар ч баримт байхгүй байна. Гэхдээ н.О эгчээс асуувал 4 000 000 төгрөгийн тохиролцоонд хүрье гэж хэлсэн байгаа. Ингээд бид хоёр тохиролцоонд хүрсэн болохоор би 11 сараас нь үргэлжлүүлээд явсан. Нийт 6 сарын өр төлбөр 24 000 000 төгрөг болж байсан. Тэгээд би н.О эгчид 24 000 00 төгрөгийн өр төлбөртэй болчихлоо яах вэ? гэж асуухад “одоо чи болио, наадахаасаа илүү явбал чи улам өрөнд орно, эрт больсон дээр” гэж хэлэхээр нь “би болоё, та өөр хүнд түрээслүүл, барьцааны 8 000 000 төгрөгийг хасуулаад 16 000 000 төгрөг үлдэж байгаа. Үүнээсээ үлдээсэн тоног төхөөрөмж, хүлээлгийн өрөө, тавилга, засал, гэрэлтүүлэг бүх зүйлээ хасахаар ойролцоогоор 6 000 000-7 000 000 төгрөгийн эд хөрөнгө үлдээсэн. Эдгээрийг хасуулаад 9 000 000 төгрөг үлдэхээр нь н.О эгчид хэлэхэд “За ойлголоо, чи боломжтой үедээ төлөөрэй” гэж хэлсэн. Үлдээсэн тоног төхөөрөмж нь н.О эгчийн хүүхдүүд авто угаалгын чиглэлээр ашиглаад явж байгаа. Би өмнөх анхан шатны шүүх хуралд зураг болон бичлэгээр үзүүлж байсан. Уг нь 9 000 000 төгрөгийн өрөнд ороод үүнийгээ боломжтой үедээ өгье гэж зөндөө хэлсэн. Мөн гэрээний 5.2-т талууд харилцан тохирролцсны үндсэн дээр түрээслэгч өөрөөр засвар үйлчилгээ хийж, засан сайжруулалтын үнийг түрээслүүлэгчээс шаардах эрхгүй болно гэсэн байгаа. Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.5-т Хөлслөгч хөлс төлөх шаардлагын эсрэг эд хөрөнгө хөлслөх гэрээтэй холбоотой, өөрийн шаардлагыг хангуулах буюу түүнийг тооцуулахаар шаардах эрхтэй бөгөөд энэхүү шаардах, тооцуулах эрхийг хязгаарласан гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Би хууль мэдэхгүй учраас анх гэрээ хийхдээ үүнийг анзаараагүй байж байгаад одоо гэнэт 69 000 000 төгрөгийн өрөнд орчихоод байна. Уг нь хүмүүс аман хэлбэрээр уулзаж, ярилцаад бүх зүйлээ тохиролцсон байхад жилийн дараа гэнэт 69 000 000 төгрөг төл гэж хэлж байгаа нь боломжгүй байна. Обьект нь 300 м.кв авто угаалгын газар байгаа. Хэрэв үнэтэй, үнэтэй шилэн барилгын 1 давхарыг түрээслэж байсан бол өөр хэрэг. Гэтэл сэндвич нь барилгы авто угаалгыг түрээслээд ажиллуулаад 6 сарын ашиглалтын зардал төлсөнгүй гээд 69 000 000 төгрөгийн өрөнд орно гэдэг нь боломжгүй зүйл болчихоод байна гэв.
2.3.Хариуцагчийн өмгөөөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид холбогдуулж гурван шаардлага гаргаж байна. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан үүн дээр маргаан байхгүй. Миний үйлчлүүлэгчийн зүгээс 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Ингээд гэрээний хугацаанд тухайн обьектыг түрээслэсэн. Тодруулж хэлэхэд 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, 10 дугаар сарын 01-ний өдрөөс тухайн обьектыг зориулалтын дагуу ашиглаж ирсэн. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс 9 сарын хугацаанд засан сайжруулалтыг өөрийнхөө хөрөнгө оруулалтаар хийсэн. Ингээд 10 дугаар сараас тухайн обьеъктыг түрээслэж эхэлж цар тахлын улмаас байгууллагын орлого буурсан учраас гэрээг дуусгавар болгосон байдаг. Үндсэн нэхэмжлэлийн нэг дэх шаардлагын хувьд түрээсийн гэрээнд нийт 42 666 600 төгрөг нэхэмжилж байгаа. Тэгэхээр талууд хэдийгээр 5.2 дахь хэсэгт засан сайжруулалтын төлбөрийг шаардахгүй гэж заасан боловч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.5 дахь хэсэгт хүчин төгөлдөр заасан учраас түрээсийн төлбөрийн шаардлагын эсрэг засан сайжруулалтыг тооцох үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт ашиглалтын зардлын хувьд тухайн обьект нийт 642 м.кв, 3 давхар обьеъкт. Уг обьектын нэг давхар буюу 300 м.кв талбайг хэсэгчлэн түрээслэсэн. Хариуцагчийн зүгээс тухайн обьектыг түрээслэх хугацаанд нийт 12 096 300 төгрөг төлсөн дээр маргаан байхгүй. Харин үлдэгдэл 5 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэх явуулсан гэж байгаа бол манай үйлчүүлэгч нэг ч нэхэмжлэх аваагүй. Нэхэмжлэгчийн зүгээс холбогдох ашиглалтын зардлыг төлсөн гэж байна. Тэгэхээр хэзээний ямар түрээс юм, тухайн обьект нь 642 м.кв юм уу 300 м.кв юм уу гэдэг нь тодорхойгүй. Тийм учраас зөвшөөрөхгүй байгаа. Алдангийн тухайд нийт 21 330 000 төгрөг шаардаж байна. Бид нотлох шаардлагагүй гэж үзсэн. Учир нь 2021 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл үүссэн учраас чөлөөлөх боломжтой гэж үзэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч Б.А******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:У******* ХХК нь түрээсийн гэрээний үлдэгдэл гэх төлбөр шаардаж байгаа ба миний бие тухайн гэрээг үндэслэж түрээслүүлэгч хуулийн этгээдийн емчлелд шилжүүлсэн болон түүний үл хөдлөх эд хөрөнгөд оруулсан херенгее шаардах эрхтэй гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Миний бие У******* ХХК-тай байгуулсан 2019/003 дугаартай түрээсийн гэрээний явцад түрээсийн төлбөр, барьцаа, ашиглалтын зардалд нийт 80 шахам сая төгрөг төлсөн байдаг. (энэ талаар тайлбартаа тодорхой дурьдсан) Гэрээ байгуулах үед түрэслүүлэгчийн өмчлөлийн барилгад автомашин угаалгын зориулалтаар хэвийн үйл ажиллагаа явуулахын тулд тухайн барилгыг засварлах болон тоног төхөөрөмжийн зардал гарах нь талуудын хэн алинд нь тодорхой байсан. Энэ талаар У******* ХХК нь хөрөнгө оруулалтыг түрээсийн гэрээний явцад түрээсийн гэрээний төлбөрт шингээж шийдвэрлэх тохиролцоо байсан боловч тийм зүйл болоогүй. Б.А******* би У******* ХХК-ий авто угаалыг барилгад барилгын материал, засварын ажилд 25 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Барилгын гадна талыг саарал өнгөөр будах захиалагаар бэлдэж хийлгэсэн ******* болон АВТО УГААЛГА гэсэн гэрэлт самбаруудыг барилгын нүүрэн талд байрлуулж цахилгааны монтаж хийж тогтоох дотор заалны хана будах машин угаалгын газарт шаардлагатай бохир усны сувгийг шалан дээр гаргаж усны шүүлтүүр болон төмөр сараалж гагнаж сувгууд дээр байрлуулж стандартын дагуy шалтай тэнцүүлэх дотор заалны таазанд захиалгаар хийлгэсэн туузан LED гэрлүүдийг суурилуулж цахилгааны монтаж хийх заал руу машин хаалгаар орох хонгилыг саарал өнгөөр будаж тусгайлан захиалгаар хийлгүүлсэн туузан LED гэрлүүдийг зурагт заасны дагуу байрлуулан цахилгааны монтаж хийх үйлчлүүлэгчдийн хүлээлгийн өрөөний дотор засварыг бүрэн хийж будах цэвэр усны шугмын засвар шинэчлэлтийн ажил дотор заалны ажилчидын өрөө, агуулах, ариун цэврийн өрөөнүүдийн хаалгыг сольж тус бүрийг цоожтой болгох, энэ бүх барилгаас салгаж үл болох барилгын засвар шинэчлэлтийн ажил тухайн барилгад хөрөнгө оруулалт болон үлдэж өмчлөгчийн мэдэлд бүрэн шилжсэн. Барилгын заслын ажилыг барилгын компаниар гүйцэтгүүлж гэрээгээр 20 500 000 төгрөгийн ажлын хөлс төлсөн. Барилгын 300мкв шал цутгалтын ажилд 6 285 000 төгрөг. Мөн авто угаалгын усан буу 3 ширхэг, нэг бүр нь 1 тонн усны сав 2 ширхэг, хийн компрессор 1 ширхэг, хогын сав 2 ширхэг, тоос сорогч 1 ширхэг хүлээлгийн өрөөний ширээ сандал нийт 7 200 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг үлдээсэн. Талууд гэрээг цуцлах үеийн тохиролцоогоор түрээсийн гарсан төлбөрт барилгад оруулсан миний хөрөнгө оруулалт, үлдэх хөрөнгөөр дүйцүүлж хаахаар тохироо байсан юм. Түрээслүүлэгч У******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгөд миний оруулсан хөрөнгө оруулалт, үлдээсэн тоног төхөөрөмж нь хуулийн этгээдийн мэдэлд үлдсэн бөгөөд миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хөрөнгөжсөн гэж үзнэ. Иймд хариуцагч миний У******* ХХК-ийн үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан гаргаж буй сөрөг нэхэмжлэлийг хангаж У******* ХХК-иас 55 842 500 төгрөгийг урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.
3.1.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд сөрөг нэхэмжлэлээ 3 152 800 төгрөгөөр нэмэгдүүлж байна.
3.2.Хариуцагч, түүний өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын эсрэг манай үйлчлүүлэгчийн зүгээс гурван нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч сүүлийн шаардлагаасаа татгалзаад нэгдүгээрт, 58 995 300 төгрөгийг засан сайжруулалтын төлбөр гэж шаардаж байгаа. Хоёрдугаарт түрээсийн гэрээний 5.2 дахь хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа. Эхний шаардлагын хувьд засан сайжруулалт буюу тухайн авто угаалгын обьектыг зориулалтаар нь түрээслэх боломжгүй байсан тул 2019 оны 09 дүгээр сард засан сайжруулалт хийсэн. Үүнтэй холбоотой баримтуудыг гаргаж өгсөн. Хоёрдугаарт түрээсийн гэрээний 5.2 дахь хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэж байгаа. Яагаад гэвэл талууд хэдий түрээсийн гэрээнд засан сайжруулахтай холбоотой зардлыг хариуцахгүй гэж харилцан тохиролцсон боловч энэ нь хуульд нийцэхгүй. Учир нь Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.5 дахь хэсэгт хөлслөгч хөлс төлөх шаардлагын эсрэг эд хөрөнгө хөлслөх гэрээтэй холбоотой, өөрийн шаардлагыг хангуулах буюу түүнийг тооцуулахаар шаардах эрхтэй бөгөөд энэхүү шаардах, тооцуулах эрхийг хязгаарласан гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасан учраас хүчин төгөлдөр нэхэмжлэл гаргаж байгаа. 2019 оны 09 дүгээр сараас 10 сар хүртэл хугацаанд хийсэн засан сайжруулахтай холбоотой зардал нийт 15 733 300 төгрөг болсон. Мөн тухайн засан сайжруулалтыг хийхдээ манайх З ХХК-тай барилгын дотоод засвар үйлчилгээ хийх ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу бид нар ажлын хөлс 2 500 000 төгрөг, бараа, материалд зардал 22 739 000 төгрөгийн зардал гаргасан. Ингээд 58 995 300 төгрөг болж байгаа. Манайхаас З ХХК-тай байгуулсан гэрээг өгсөн. Гэхдээ үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй байсан. Мөн бараа, материалын зардалтай холбоотой падаан өгөөгүй. Гэхдээ Хаан банкны дансны хуулгуудыг баримтын шаардлага хангуулаад өгсөн. Тэгээд бид тодруулаад дахиад Хаан банкны дансны хуулгыг баримтын шаардлага хангуулж 15 733 330 төгрөгийн зардал гарсан гэдгээ өгсөн. Хоёрдугаарт ХХК-тай байгуулсан гэрээний ажлын хөлсийн баримтуудыг өгч байгаа. Гуравдугаарт үүний дагуу засан сайжруулалт хийсэн 22 739 000 төгрөгийн баримтуудыг эх хувиар өгч байгаа юм гэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайнямбуу шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай обьеъкт нь Энхтайвны гүүрийн доор буюу хамгийн эрэлттэй, хажуудаа маш том авто бааз оршдог. Тийм ч учраас гарын үсэг зурж гэрээ хийсэн. Мөн төмөр каргаз гэж тайлбарлаж байна. Гэтэл өнөөдөр төмөр каргазад 58 000 000 төгрөгийн засан сайжруулалтыг 1 сар юм уу эсхүл 10 хоногийн дотор 2 өрөө байрны засан сайжруулалт хийсэн гэж манайхаас өмнө шаардаад байгаа. Анх баригдсан үеэсээ гараашын зориулалтаар буюу машин угаалгын зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгэхээр тийм 300 м.кв талбай дээр 2 өрөө байрны засан сайжруулалт хийгдсэн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг бид нар ойлгохгүй байна. Гэрээний 5.2-д тодорхой тугсаад өгсөн байгаа. Уг 5.2 гэсэн заалтыг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсгээр хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байна. Яагаад гэвэл 289 дүгээр зүйлийн 289.5 дахь хэсэгт заасан түрээслэгчийн эрхийг зөрчсөн заалт гэдэг байдлаар. Гэтэл 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт нь талууд өөрөөр тохиролцоогүй бол засан сайжруулалтын зардлаа нэхэмжлэх гаргах эрхтэй гэж заасан. Тэгэхээр уг хуулийн заалтад талууд өөрөөр тохиролцож болно гэдэг эрх хэмжээг олгосон заалт байгаа. Үүний хүрээнд бид нар 289.5 дахь хэсэгт заасны дагуу иргэний хуулийн гэрээний чөлөөтэй байдлын зарчмын дагуу гэрээний чөлөөт байдлын заалтыг оруулсан байгаа. Уг заалтад талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээслэгч өөрийн зардлаар засвар үйлчилгээ, засан сайжруулалтыг хийж болох ба энэ тохиолдолд засан сайжруулалтын үнийг түрээслэгчээс шаардах эрхгүй болно гэрээнд талууд гарын үсэг зурсан. Энэ зохицуулалт нь 289.2.5 дахь хэсэгт зааснаар талууд өөрөөр тохиролцсон үйл баримт болоогүй. Харин гэрээгээр тохиролцоогүй байсан бол 289.2.5 гэдэг хариуцагчийн хэлээд байгаа заалтыг ашиглах ёстой. Мөн 5.2 дахь заалтын нарийвчилсан зохицуулалт нь доор байгаа. Ямар засвар үйлчилгээ хийх, юу өөрчлөх, барилгын чанарт яаж нөлөөлөх, эргээд хийсэн засварын чанар эвдрэлийг хэдий хугацаанд хэн хариуцах талаар харилцан тохиролцож шаардлагатай тохиолдолд гурвалсан гэрээг байгуулах ба бүрэн ярилцаж шийдвэрлэсний дараа засвар оруулна гэдэг үүргийг гэрээгээр хүлээсэн байгаа. Мөн гэрээний 8.2 дахь хэсэгт түрээслүүлэгчтэй ярилцаж тохиролцсоны үндсэн дээр засвар оруулна гээд түрээслэгчийн эрх, үүрэг дээр тодорхой зааж өгсөн. Тэгэхээр нэгдүгээрт бид нар засварласан гэдгийг мэдэхгүй, яг ямар засвар яаж оруулсныг мэдэхгүй. Хэрэв үнэхээр засвар хийх байсан бол түрээслэгчдээ уг гэрээний 5.2-д зааснаар ярилцаж тохиролцож хаана, ямар засвар хийхээ зөвшөөрөл авч талууд хоёр талаасаа бичиг баримт үйлдэхээр заасан. Гэрээний дагуу харахаар хавтас хэргийн 10 дугаар хуудсанд гэрээний дагуу бид нэг ажлыг хамтарч хийсэн байгаа Тэр нь шалны засварын төлбөрийг 2 тал хувааж төлнө гээд хариуцагч хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Үүний нийт төлбөр 6 080 000 төгрөг буюу талыг нь гаргаад төлөх харилцаа байгаа. Тэгэхээр 5.2 дахь хэсгийн дагуу бид нарын хоорондоо харилцан тохиролцож хийгдсэн засан сайжруулалт бол шалны ажил байгаа. Үүнийг хариуцагч гэрээнд гарын үсэг зурахаас өмнө харилцан тохиролцож гэрээг хэрэгжүүлсэн үйл баримт байгаа юм.
Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 5.2 дахь заалт нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсгийг зөрчсөн буюу хэн нэгний эрхийг хязгаарласан заалт биш хэрэв чөлөөт байдлын зарчмын дагуу талууд өөрсдөө сайн дураар хүлээн зөвшөөрч байгуулагдсан хэлцэл байгаа. Мнө 58 995 300 төгрөгийг задаргааг харахаар Хаан банкны хуулгаар 15 733 000 төгрөг гэж байгаа. Тэгээд бид хаан банкны хуулгыг үзэхээр 05 сарын 02-ны өдрөөс эхэлсэн гүйлгээнүүдээ тодруулсан байгаа. Ганц дансны хуулгаар хэн нэгнээс 15 000 000 төгрөг нэхэмжилдэг болчихвол бид нар иргэний хэрэгт орох болгондоо тэр хугацаанд таарсан дансны хуулгаа харж байгаад ийм ийм зарлага гарсан гээд хүссэн юмаа тодруулаад өгчихвөл энэ нь хөдөлбөргүй үнэн гэсэн нотлох баримтаар үнэлэгдээд явах ямарч боломжгүй. Хэн ч үүнийг хийх боломжтой зүйл байгаа. Мөн кассын орлогын ордер гэсэн 10 250 000 төгрөгийн баримтыг үзэхээр хүлээн авсан болон хүлээн өгсөн гэдэг дээр хариуцагчийн гарын үсэг байгаа, бичгийн хэлбэр нь ижилхэн. Кассын орлогын баримт гэдэг нь ямар ч үед бэлэн байдаг хоёр талаас санхүүгийн тамга дарчих юм бол ямар ч үед хэдийд ч цаг хугацаанд хийгдэх боломжтой баримт баримт бичиг юм. Тийм учраас 10 250 000 төгрөгийн 2 ордерийн баримт үндэслэлгүй байгаа. Мөн хөндлөнгийн манай хүлээн зөвшөөрсөн актаас гадна өөр браимтаар нотлогдох ёстой. Хэрэв хариуцагч үнэхээр хаан банкны хуулгыг гаргаж зардал гаргасан гэж байгаа бол уг компани руу энэ мөнгийг шилжүүлсэн гэдэг баримт хавтас хэрэгт байхгүй. Тэгэхээр зөвхөн кассын орлогын баримтаар хүнээс мөнгө гаргуулах үндэслэлгүй. Энэ мэтээр үзвэл 300 м.кв талбайг шилэн барилга болтол нь засан сайжруулалт хийчихсэн юм шиг зардал нэхэмжлээд байгаа. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
5.Нэхэмжлэгчээс 2023.02.03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, У******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2019.08.31-ний өдрийн 2019/003 дугаар Түрээсийн гэрээ, 2022.11.14-ний өдрийн итгэмжлэл, 2020.10.15-ны өдрийн Б.А*******ын У******* ХХК-д гаргасан хүсэлт, 2022.12.16-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2022/21867 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хэргийн 3-14-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас 2023.05.15-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.А*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2019.09.02-ны өдрийн Барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ, фото зургууд, 2020.02.12-ны өдрийн Монгол улсын засгийн газрын 62 дугаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, 2020.02.13-ны өдрийн Монгол улсын засгийн газрын 63 дугаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоол, 2020.02.19-ний өдрийн Монгол улсын засгийн газрын 64 дүгээр бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, 2020.03.22-ны өдрийн Монгол улсын засгийн газрын 102 дугаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, 2020.04.29-ний өдрийн Монгол улсын засгийн газрын 147 дугаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, 2020.05.27-ны өдрийн Монгол улсын засгийн газрын 188 дугаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, журам батлах тухай тогтоол, 2020.06.30-ны өдрийн Монгол улсын засгийн газрын 134 дүгээр бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, 2020.07.10-ны өдрийн Монгол улсын засгийн газрын 01 дүгээр бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, 2020.07.19-ний өдрийн Монгол улсын засгийн газрын 31 дүгээр бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, 2020.08.25-ны өдрийн Монгол улсын засгийн газрын 70 дугаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, 2020.09.14-ний өдрийн Монгол улсын засгийн газрын 103 дугаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, 2020.10.28-ны өдрийн Монгол улсын засгийн газрын 159 дүгээр бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, 2020.10.30-ны өдрийн Монгол улсын засгийн газрын 164 дүгээр хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг зогсоох тухай тогтоол, 2020.11.04-ний өдрийн Монгол улсын засгийн газрын 171 дүгээр халдвараас урьдчилэн сэргээлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоол, 2020.11.11-ний өдрийн Монгол улсын засгийн газрын 172 дугаар хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай тогтоол, 2020.11.11-ний өдрийн Монгол улсын засгийн газрын 178 дугаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалт, 2020.11.15-ны өдрийн Монгол улсын засгийн газрын 181 дүгээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, 2020.11.18-ны өдрийн Монгол улсын засгийн газрын 182 дугаар хилийн боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг зогсоох тухай тогтоол, 2020.11.29-ний өдрийн Монгол улсын засгийн газрын 194 дүгээр бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол, төрийн байгууллагын үйл ажиллагааны горим, хуулийн этгээдийн үйл ажиллагааны горим, хүний үйл ажиллагааны горим, хязгаарлалтаас хамаарч тавигдах шаардлага, 2020.02.13-ны өдрийн Улсын онцгой комиссын даргын тушаал болон шадар сайдын тушаал, 2023.09.01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.09.04-ний өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гэрэл зургууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шилжүүлгийн баримт, зарлагын баримтууд, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, А*******ын 2020 онд төлбөр төлсөн баримт, нэхэмжлэх, шилжүүлгийн мэдээлэл /хэргийн 27-86, 95-98, 123-126, 210, 216, 218-229, 233-251-р хуудас/ гэсэн баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч У******* ХХК-ийн хариуцагч Б.А*******ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 42 666 600 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 466 584 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.А*******ын нэхэмжлэгч У******* ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлээс 7 156 100 төгрөгийг хангаж, үлдэх 51 816 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.А*******тай 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, *** 672 м.кв талбайтай обьектын 300 м.кв талбайг 2 жилийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцсон боловч хариуцагч нь түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй, 2020 оны 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртлэх 6 сар 10 хоногийн түрээсийн төлбөрт 42 666 666 төгрөг, ашиглалтын зардал 5 133 185 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 4.5-д зааснаар үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 21 333 333 төгрөгийн хамт нийт 69 133 184 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч У******* ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, 672 м.кв талбайтай обьектын 300 м.кв талбайг түрээслэхээр харилцан тохиролцсон боловч цар тахлын хязгаарлалтын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж түрээсийн төлбөрийг 4 000 000 төгрөг болгон бууруулахаар харилцан тохиролцсон тул төлөгдөөгүй 6 сарын түрээсийн төлбөр 24 000 000 төгрөгнөөс барьцаа 8 000 000 төгрөгийг хасч, гэрээг цуцлаж байрыг чөлөөлж өгөхдөө обьектод үлдээсэн тавилга эд зүйлийн үнэ, засан сайжруулалт хийсэн зардлыг хасч тооцохоор тохиролцсон гэж үгүйсгэсэн.
4.Хариуцагч Б.А******* нь нэхэмжлэгчид холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 5.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, оруулсан хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн зардалд нийт 58 995 300 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ авто угаалгын газрыг ажиллуулахын тулд гадны ханыг будах, гэрэлт самбарыг байршуулах, дотор хана будах, машин угаалгын газарт шаардлагатай бохир усны сувгийг шал дээр гаргаж, усны шүүлтүүр болон төмөр сараалж гагнаж сувгууд дээр байршуулах, лед гэрлийг суурилуулж цахилгаан монтаж хийсэн, дотор заалны ажилчдын өрөө, агуулахын өрөө ариун цэврийн өрөөнүүдийн хаалгыг сольж шинэ хаалга хийсэн бөгөөд ажлын зардал, ажлын хөлсөнд 50 000 000 төгрөгний зардал гарсан, шал цутгалтын ажилд 6 285 000 төгрөгний зардал гарсан бөгөөд уг зардлыг хоёр талаас хуваан төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгчид усан буу, усны сав, хийн компрессор, хогийн сав, тоос сорогч, хүлээлгийн өрөөний ширээ сандал зэрэг эд хөрөнгийг аваагүй үлдээсэн, уг эд зүйлийг нэхэмжлэгч гэрээний 5.3-д зааснаар буцаан өгөөгүй тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.5-д зааснаар засан сайжруулалт болон үлдээсэн эд хөрөнгийн үнийг шаардах эрхтэй байхад гэрээний 5.2-д хууль зөрчин засан сайжруулалтын үнийн шаардах эрхгүй гэсэн нь Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.5-д шаардах эрхийг хязгаарласан гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар гэрээний 5.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцож, засан сайжруулалтын зардал болон үлдээсэн тоног төхөөрөмж, эд зүйлийн үнэ болох 58 995 300 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэж тайлбарласан.
5.Нэхэмжлэгч У******* ХХК нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, хариуцагч нь засан сайжруулалт, барилгын ажил хийсэн гэх боловч баримтаар нотлогдохгүй, уг ажлыг хийхдээ нэхэмжлэгчийн зөвшөөрлийг аваагүй, танилцуулаагүй, түрээсийн зүйлийг засан сайжруулалт хийхгүйгээр ашиглах боломжтой байсан, зөвхөн шал цутгалын ажлын талаар л харилцан тохиролцсон тул бусад засан сайжруулалт, завсарын ажлыг зөвшөөрөхгүй, түрээсийн талбайд үлдээсэн гэх эд зүйлийн үнэлгээ нь баримтаар нотлогдохгүй, эд зүйл үлдээгээгүй, энэ талаар баримт үйлдээгүй, өөрөө салгаж болох эд зүйлсийг бүгдийг авсан, гэрээг хэн аль нь харилцан тохиролцож байгуулсан тул гэрээний 5.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасан талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд зайлшгүй гарах ёстой зардлаа шаардаж болох зохицуулалтад хамаарахгүй гэж маргасан.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судласан баримтууд талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1.Нэхэмжлэгч У******* ХХК нь хариуцагч Б.А*******тай 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 2019/003 дугаартай Түрээсийн гэрээ байгуулж ****тоот хаягт байрлах, У******* ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн Ү-2203******* дугаартай нийт 672 м.кв талбайтай обьектын 300 м.кв талбайг хоёр жилийн хугацаатай түрээсийн эхний сарын төлбөрт 4 000 000 төгрөг, 2-12 дахь сарын төлбөр 8 000 000 төгрөг, 13 дахь сараас төлбөрийг дахин ярилцахаар, төлбөрийг 3 сараар төлөх нөхцлийг харилцан тохиролцож талууд гарын үсэг зурж, тамга тэмдэгээр баталгаажуулжээ.
6.2.Зохигч талууд түрээсийн гэрээ байгуулсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй тул талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 318.3-д хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж тус тус заажээ.
6.3.Нэхэмжлэгч У******* ХХК, хариуцагч Б.А******* нарын хооронд байгуулагдсан 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2019/003 дугаар түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, хуульд заасан шаардлагыг хангаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байна гэж үзэв.
7.Талуудын маргааны зүйл нь түрээсийн гэрээний үүрэгт төлвөл зохих төлбөрийн хэмжээ буюу ковид19 цар тахлын улмаас түрээсийн төлбөрийг бууруулахаар тохиролцсон эсэх, гэрээний заримт заалт хүчин төгөлдөр эсэх болон түрээсийн зүйлийн засан сайжруулалтын зардлыг хэн хариуцах, хариуцагч үнэ бүхий тавилга, эд хогшлийг түрээсийн төлбөрөөс хасч тооцохоор үлдээсэн эсэх талаар маргаж байна, гэрээний төлбөр төлөгдөөгүй хугацаа болон шалны зардлыг хуваан төлөхөөр тохиролцсон үйл баримтад маргаагүй.
8.Нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт буюу төлөгдөөгүй түрээсийн төлбөрт 2020 оны 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртлэх 6 сар 10 хоногийн түрээсийн төлбөрт нийт 42 666 666 төгрөгийг төлөөгүй гэж шаардсан.
8.1.Хэрэгт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хариуцагчийн нэхэмжлэгчид хүргүүлсэн гар бичвэрт “У******* ХХК-ийн харьяа обьект болох 300 м.кв талбайг Л ХХК түрээслэн авто угаалгын чиглэлээр ажиллуулж байгаа бөгөөд 2020 оны 5,6,7,8,9,10 дугаар саруудын түрээс болон хэрэглээний зардлуудыг төлөөгүй болно. Тиймээс 2020 оныг дуустал өдөр бүр орж ирсэн орлогыг бүтнээр нь У******* ХХК хүлээн авах болно. Эхлэх огноо 2020 оны 10 дугаар сарын 19-нд” гэсэн баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Б.А******* нь түрээсийн гэрээний зүйл болох үйлчилгээний зориулалттай 300 м.кв талбайг хүлээн авч, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байсан, 2020 оны 5,6,7,8,9,10,11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртлэх түрээсийн төлбөрийг төлөөгүй талаар хүлээн зөвшөөрч маргаагүй боловч түрээсийн төлбөрийг ковид19 цар тахлын үед харилцан тохиролцож 1 сарын 4 000 000 төгрөг болгон багасгасан гэсэн боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй.
8.2.Талуудын байгуулсан түрээсийн гэрээний 4.1-д түрээсийн төлбөрийг 2-12 дахь сар болох сарын 8 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь түрээсийг 4 000 000 төгрөг болгон багасгасан талаарх баримтгүй, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг багасгасан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй болно.
8.3.Иймд хариуцагч Б.А*******аас 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2019/003 дугаар түрээсийн гэрээний үүрэгт буюу 2020 оны 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртлэх төлөгдөөгүй түрээсийн төлбөрт 50 666 600 төгрөгнөөс гэрээний 4.4-д заасан барьцаа 8 000 000 төгрөгийг хасч, үлдэх 42 666 666 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.
9.Харин нэхэмжлэгч нь ашиглалтын зардал 17 229 485 төгрөг болсноос 12 096 300 төгрөгийг нь хариуцагч төлсөн тул 2020 оны 5 дугаар сараас 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртлэх төлөгдөөгүй ашиглалтын зардал 5 133 185 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хэрэгт авагдсан хариуцагчийн гар бичвэр, “А*******ын 2020 онд төлбөр төлсөн байдал”, Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэх, шилжүүлгийн мэдээллээр нотлогдоно гэсэн.
9.1.Зохигч талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 4.2-д түрээсийн төлбөрт түрээсийн талбайд ногдох халаалт, цахилгаан, цэвэр бохир ус, хог хаягдал, цэвэрлэгээ, ашиглалтын зардал ороогүй. Түрээсийн гэрээний хугацаанд эдгээр зардлыг түрээслэгч хариуцан төлнө” гэж заажээ.
9.2.Гэвч хэрэгт авагдсан хариуцагч Б.А*******ын 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн гар бичвэрт “...2020 оны 5,6,7,8,9,10 дугаар саруудын түрээс болон хэрэглээний зардлуудыг төлөөгүй болно” гэсэн боловч хэдэн төгрөгний зардал гарсан нь баримтаар нотлогдоогүй, “А*******ын 2020 онд төлбөр төлсөн байдал” гэх баримтыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь үйлдсэн, Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэх, шилжүүлгийн мэдээллээр уг ашиглалтын зардал нь түрээсийн зүйл болох 300 м.кв зардал эсэх нь нотлогдохгүй байх тул хариуцагчаас ашиглалтын зардал 5 133 185 төгрөгийг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
10.Нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж алданги 21 333 333 төгрөгийг гаргуулахаар шаардаж, гэрээний 4.5-д энэ талаар харилцан тохиролцсон гэж тайлбарласан, хариуцагч нь дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон байхад алданги шаардаад байгаа нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.
10.1.Зохигч талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 4.5-д “түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги түрээслүүлэгчид төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй боловч хариуцагч, түүний өмгөөлөгчийн цар тахлын үед алданги тооцсон тул зөвшөөрөхгүй гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна гэж үзэв.
10.2.Учир нь алданги нь хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүйн хариуцлагад хамаарах бөгөөд Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 1 сарын 30-ний өдрийн 01/01 дугаартай Хилийн боомтыг түр хаах тухай зөвлөмж, Монгол улсын Засгийн газрын 2020 оны 2 сарын 12-ны өдрийн 62 дугаар Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол тус тус гарснаас хойших хугацаанд ковид19 цар тахлаас сэргийлэх зорилгоор худалдаа, үйлчилгээний салбарт хориглох хязгаарлах шат дараалсан арга хэмжээнүүд хэрэгжиж эхэлсэн нийтэд илэрхий үйл баримтад тооцогдоно.
10.3.Зохигч талууд 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан, хариуцагч нь 2020 оны 5 сараас эхлэн түрээсийн гэрээний үүргийг зөрчиж, түрээсийн төлбөрөө төлөөгүй болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч авто угаалгын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулж байсныг харгалзан үзвэл ковид19 цар тахлын улмаас эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон хязгаарлалт нь аж ахуйн нэгж, иргэдийг хэвийн үйл ажиллагаа явуулах, орлого олоход нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй тул алдангид тооцон нэхэмжилсэн 21 333 333 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
10.4.Иймд хариуцагч Б.А*******аас 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2019/003 дугаар түрээсийн гэрээний үүрэгт буюу 2020 оны 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртлэх төлөгдөөгүй түрээсийн төлбөрт 42 666 666 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс ашиглалтын зардал 5 133 185 төгрөг, алданги 21 333 333 төгрөг, нийт 26 466 518 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
11.Хариуцагч Б.А******* нь талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 5.2 дахь заалтыг хууль зөрчсөн буюу Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.5-д хөлслөгч хөлс төлөх шаардлагын эсрэг эд хөрөнгө хөлслөх гэрээтэй холбоотой, өөрийн шаардлагыг хангуулах буюу түүнийг тооцуулахаар шаардах эрхтэй бөгөөд энэхүү шаардах, тооцуулах эрхийг хязгаарласан гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардсан.
11.1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заажээ. Мөн хуульд заасан "хууль зөрчсөн хэлцэл” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ гэжээ.
11.2.Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 5.2-д “талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээслэгч өөрийн зардлаар засвар үйлчилгээ засан сайжруулалтыг хийж болох ба энэ тохиолдолд засан сайжруулалтын үнийг түрээслүүлэгчээс шаардах эрхгүй болно. Эхний удаад засварын хугацааг 30 өдөр хүртэл олгоно. Үүнд: ямар засвар үйлчилгээ хийх, юу өөрчлөх, энэ нь барилгын чанарт хэрхэн нөлөөлөх, эргээд хийсэн засварын чанар, эвдрэлийг хэдий хугацаанд хэн хэрхэн хариуцах талаар харилцан тохиролцож, шаардлагатай тохиолдолд гурвалсан гэрээ байгуулах ба бүрэн ярилцаж шийдвэрлэсний дараа завсар оруулна гэж харилцан тохиролцсон байна.
11.3.Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д хөлслөгч нь талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй байна гэжээ.
11.4.Дээрх зохицуулалтаас үзэхэд засан сайжруулалтын зардлыг гэрээний талуудын хэн нь ямар хэмжээгээр хариуцахыг гэрээгээр тохиролцохыг хориглоогүй байх тул маргаан бүхий түрээсийн гэрээний 5.2 дахь заалтыг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.
11.5.Өөрөөр хэлбэл хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2 дахь заалт нь хүчин төгөлдөр бус энэ нь Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.5-д заасныг зөрчсөн гэх боловч гэрээний заалтыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, уг заалтаар шаардах эрхийг хязгаарласан гэж үзэхгүй, хэрэв талууд харилцан тохиролцсон бол хөлс төлөх шаардлагын эсрэг гэрээтэй холбоотой, өөрийн шаардлагыг хангуулах буюу түүнийг тооцуулахаар шаардах эрхтэй байхаар заасан бөгөөд хариуцагч нь харилцан тохиролцсон талаарх баримтгүй байна гэж үзэв.
11.6.Иймд хариуцагч Б.А*******ын нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 5.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
12.Хариуцагч нь оруулсан хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн зардалд нийт 58 995 300 төгрөгийг гаргуулахаар шаардаж, энэ нь хэрэгт авагдсан хариуцагч Б.А*******ын эзэшлийн Хаан банкин дахь 5079 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, зарлагын баримтууд, кассын орлогын ордер, үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдоно гэсэн.
12.1.Нэхэмжлэгч нь оруулсан хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй, энэ талаар харилцан тохиролцоогүй, мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй тул төлөх үүрэггүй, мөн салган авах боломжтой тавилга эд зүйлсийг бүгдийг нь өөрөө аваад явсан, эд хөрөнгийн үнэлгээ байхгүй тул үлдсэн зүйл байхгүй, харин шал цутгалын зардал буюу шалны засварын мөнгийг л хувааж төлөхөөр харилцан тохиролцсон тул зөвшөөрч байгаа гэж тайлбарласан.
12.2.Зохигч талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 8.2.3-д “түрээслэгч тал өөрийн үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн түрээсийн талбайг тохижуулах, шаардлагатай засан сайжруулалтыг өөрийн зардлаар хийнэ”, 5.2-д “талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээслэгч өөрийн зардлаар засвар, үйчилгээ, засан сайжруулалтыг хийж болох ба энэ тохиолдолд засан сайжруулалтын үнийг түрээслүүлэгчээс шаардах эрхгүй болно. Эхний удаад засварын хугацааг 30 өдөр хүртэл олгоно. Үүнд: ямар засвар үйлчилгээ хийх, юу өөрчлөх, энэ нь барилгын чанарт яаж нөлөөлөх, эргээд хийсэн завсарын чанар, эвдрэлийг хэдий хугацаанд хэн хариуцах талаар харилцан тохиролцож шаардлагатай тохиолдолд гурвалсан гэрээ байгуулах ба бүрэн ярилцаж шийдвэрлэсний дараа засвар оруулна” гэж харилцан тохиролцжээ.
12.3.Хариуцагчаас түрээсийн зүйлд засан сайжруулалт хийсэн завсарын зардал гарсан гэх боловч энэ талаар харилцан тохиролцсон баримтгүй, анх хүлээн авсан байдал болон засвар хийсний дараах нөхцөл байдлын талаар гэрээний 5.1-д зааснаар акт үйлдээгүй, 12.3-д зааснаар хөрөнгө хүлээлцсэн протокол хавсаргаагүй байх тул түрээсийн зүйлд хийгдсэн засвар буюу засан сайжруулалтын зардлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.
12.4.Харин талууд гэрээндээ “Нэмэлт: Шалны завсарын төлбөрийг 2 тал хувааж төлнө” гэж харилцан тохиролцсон, энэ үйл баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй тул шалны зардал 6 285 000 төгрөгийг зохигч талууд 50, 50 хувиар хариуцах нь зүйтэй байна гэж үзэж, нэхэмжлэгчээс 3 142 500 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзэв.
12.5.Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6-д хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхтэй гэж заасныг үндэслэн бичгийн баримтаар нотлогдож байгаа хэмжээгээр үлдээсэн тавилга, эд зүйл гэж нэхэмжилсний заримыг хангах үндэслэлтэй байна.
12.6.Учир нь тус дүүргийн шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр цахим мэдээллийн инстраграмм цэсний UB carwash хуудсанд 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нийтлэгдсэн дүрс бичлэгт үзлэг хийсэн ба уг дүрс бичлэгт үзэгдэх ширээ, сандал, буйдан, усны сав, усан буу, ус цэвэрлүүлэх төхөөрөмж, авто угаалгын хаяг самбар, хогийн сав, тоос сорогч зэргийг өөрийн үлдээсэн эд хогшил гэж тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй.
12.7.Хариуцагч Б.А*******ын эзэмшлийн Хаан банкин дахь 5079 дугаарын данснаас 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн усны сав гэх утгатай 520 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ширээ сандал гэх утгатай 340 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хаяг гэх утгатай 1 000 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн буйдан гэх утгатай 250 000 төгрөг, 2019.10.2 гэрэл гэх утгатай 383 600 төгрөг, 320 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн зарлагын баримтаар 1 200 000 зурагт нийт 4 013 600 төгрөг нь зарлагын гүйлгээгээр түрээслүүлэгчид үлдээсэн тавилга, тоног төхөөрөмжийн үнэлгээ нотлогдож байна гэж дүгнээд 4 013 600 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.
12.8.Иймд нэхэмжлэгч У******* ХХК-иас засан сайжруулалт буюу шалны зардлын 50 хувь болох 3 142 500 төгрөг, тавилга, эд зүйлийн үнэ 4 013 600 төгрөг, нийт 7 156 100 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.А*******ад олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 51 839 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
13.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгч У******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 503 700 төгрөг, хариуцагч Б.А*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573 594 /438 000+70 200+65 394/ төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А*******аас 371 283 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч У******* ХХК-иас 129 448 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Б.А*******аас 42 666 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 466 518 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч У******* ХХК-иас 7 156 100 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.А*******ад олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51 816 200 төгрөгийг болон 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 2019/003 дугаартай Түрээсийн гэрээний 5.2 заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн, 56.2-д зааснаар нэхэмжлэгч У******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 503 700 төгрөг, хариуцагч Б.А*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573 594 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А*******аас 371 283 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У******* ХХК-д, нэхэмжлэгч У******* ХХК-иас 129 448 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.А*******ад тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН