| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/02997/И |
| Дугаар | 183/ШШ2022/03457 |
| Огноо | 2022-11-22 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2022/03457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Шинэ өглөө хотхон, 23 дугаар байрны 20 тоотод оршин суух, Сайн овогт Адъяагийн Цэлмэг /РД:ЧЛ70010677/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /РД:5368138/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 19 хаягт байрлах, Худалдаа хөгжлийн банк ХХК /РД:2635534/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саруултөгөлдөр,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсайхан,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Одбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.Цэлмэг нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Иргэн А.Цэлмэг миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг үндслэл болгон энэхүү гомдлыг шүүхэд гаргаж байна. Худалдаа хөгжлийн банк болон Эс Пи Си Эм Ойл ХХК, А.Цэлмэг, Свийтстандарт ХХК нар нь 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр №102 “А” дугаартай Эвлэрлийн гэрээг байгуулж “Эс Пи Си Эм Ойл” ХХК нь зээл, хүүгийн төлбөрт 3 813 034 718,48 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкид төлөх, хэрэв төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох иргэн А.Цэлмэгийн өмчлөлд байх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035931, Ү-2201035932, Ү-2201054882 дугаарт бүртгэгдсэн Сонгинхайрхан дүүргийн 27-р хороо, 21-р хороолол, /18082/ 13 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд, Свийтстандарт ХХК-ийн эзэмшилд байх нэгж талбарын 1802301250 болон 18635311743407 дугаарт бүртэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, 21-р хороолол, 18082 гудамж, 13 тоот хаягт байрлах газруудаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцож, улмаар 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 183/ШЗ2020/06896 дугаартай “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамж, түүнчлэн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, Шүүхийн гүйцэтгэх хуудас гаргаснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн байдаг. Төлбөр төлөгч “Эс Пи Си Эм Ойл” ХХК нь цар тахлын нөлөөгөөр бизнесийн хэвийн үйл ажиллагаа доголдож, алдагдалтай ажиллаж байгаа тул шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөх боломжгүй байгаа билээ. Хэдий тийм боловч бидний зүгээс гуравдагч этгээдэд барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар төлбөл зохих төлбөрийг төлж барагдуулах, эсхүл тухайн төлбөрт хүрэлцэхүйц эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх байдлаар төлбөрийг хаахаар харилцан ярилцаж байна. Хэдий талуудын хооронд харилцан яриа хэлэлцээр явагдаж байгаа ч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үргэлжилж байна. Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Мөнхцэцэг нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хооронд байрлах хөрөнгийн үнэлгээтэй ирж танилц гэсний дагуу 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр А.Цэлмэг миний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саруултөгөлдөр очиж танилцахад 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Үнэлгээний мэдэгдэл” гэх албан мэдэгдэлтэй танилцуулж, улмаар тус үл хөдлөх эд хөрөнгийг 2 648 802 400 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдсэн бөгөөд миний бие тухайн үнэлгээг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Үнэлгээний мэдэгдэл” гэх албан мэдэгдэлд төлбөр төлөгч Б.Төрбат гэх этгээдийн талаар дурьдсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Б.Төрбат гэх этгээд оролцоогүй, түүнчлэн тийм нэртэй этгээдийн аливаа хөрөнгийг битүүмжилж, хураан аваагүй. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035931, Ү-2201035932, Ү-2201054882 дугаарт бүртэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, 21-р хороолол, /18082/ 13 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ гуравдагч этгээдийн буюу бусдын өмчлөлд байх үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаа явуулах мэтээр хамтад нь үнэлжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, 21-р хороолол, /18082/ 13 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн 2 дугаар давхарын урд хэсэг нь гуравдагч этгээдийн өмчлөлийн хөрөнгө бөгөөд тухайн хөрөнгө нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай огт хамааралгүй болно. Харин тус давхарын хойд хэсэг /Ү-2201035931/ буюу 270 м.кв талбай нь А.Цэлмэг миний өмчлөлийн хөрөнгө болно. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхдээ бусдын өмч хөрөнгөд халдаж болохгүй бөгөөд хэрэв энэ үнэлгээгээр дуудлага худалдаа явуулбал бусдын өмчлөлийн хөрөнгөнд хууль бусаар халдах нөхцөл үүснэ. Иймд “Мөнх-Оргил трейд” ХХК-н 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 20/Ш тоот үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Нэгт Худалдаа хөгжлийн банк ХХК болон Эс Пи Си Эм Ойл ХХК, иргэн А.Цэлмэг, Свийтстандарт ХХК нар нь 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Эвлэрлийн гэрээг байгуулсан байдаг ба уг эвлэрлийн гэрээний хүрээнд тухайн хэргийн нэхэмжлэгч буюу одоогийн гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХХК нэхэмжлэлийн шаардлагадаа 3 813 034 718.48 төгрөгийн зээлийн төлбөрийг шаарддаг. Хариуцагч тал буюу одоогийн нэхэмжлэгч тал болох А.Цэлмэг болон Эс Пи Си Эм Ойл ХХК нь тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд эвлэрлийн гэрээ байгуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэнтэй холбоотой хууль ёсны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодорхой эрх зүйн хүрээнд иргэн А.Цэлмэгийн өмчлөлийн зээлийн барьцаа хөрөнгийг битүүмжилж үнэлгээ хийлгүүлсэн байдаг. Битүүмжилж, үнэлгээ хийсэнтэй холбоотой Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие гомдол гаргасан. 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Үнэлгээний мэдэгдэл” гэх албан мэдэгдлийг мэдэгдээгүй. Хоёрт, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035931, Ү-2201035932, Ү-2201054882 дугаарт бүртэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, 21-р хороолол, 13 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ гуравдагч этгээдийн буюу бусдын өмчлөлд байх үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаа явуулах мэтээр хамтад нь үнэлсэн байдаг. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, 21-р хороолол, 13 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгөд хөрөнгийн үнэлгээ хийсэн ба 2 дугаар давхарын урд хэсэг нь бусдын өмчлөлийн хөрөнгө бөгөөд тухайн хөрөнгө нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай огт хамааралгүй. Харин тус давхарын хойд хэсэг /Ү-2201035931/ буюу 270 м.кв талбай нь нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгө юм. Хөрөнгийн үнэлгээчид хуульд зааснаар эрх бүхий этгээдээс томилогдон шинжээчийн дүгнэлт буюу хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан байдаг. Ингэхдээ шинжээч томилсон шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг үндэслэж үнэлгээ хийсэн. Үнэлгээний тайланд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээ хийх үндэслэл, зориулалт, үнэлгээ хийх хугацаа, хөрөнгийн үнэлгээ хийх хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаар мэдээлэл, өмчлөгчийн талаарх мэдээлэл зэргийг бүгдийг дурдсан байдаг. Гэвч үүнд нэг алдаа гарч байгаа. Хөрөнгийн үнэлгээчин тогтоолдоо 270 м.кв буюу талбайн нийт хэмжээгээр дурдаад тухайн тогтоолын дагуу хөрөнгийн үнэлгээчин тэнд байгаа бүх обьектэд нэг үнэлгээ хийсэн байдаг. Нэг үнэлгээ хийснийг миний зүгээс буруутгаагүй ба тухайн газар дээр байгаа холбоо хамааралтай хөрөнгүүдийг нийтэд нь үнэлэх ёстой. Уг обьект нь 3 давхар бөгөөд гурвуулаа 450 м.кв бөгөөд 2 давхрын 270 м.кв нь төлбөр төлөгчийн хөрөнгө ба бусад хэсэг болох 180 м.кв талбай нь бусдын өмчлөлийн хөрөнгө юм. Үүнтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн газраас лавлагаа авахад тухайн байршилд буюу Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, 21-р хороолол, 13 тоот хаягт байрлах обьектийн 2 давхрын урд хэсэг 180 м.кв үл хөдлөх хөрөнгө нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр шилжсэн н.Сумъяабазар гэдэг хүний өмчлөлд анх бүртгэгдэж 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Х компанийн өмчлөлд шилжсэн байна гэж бүртгэгдсэн байдаг. Үүнийг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох хангалттай хэмжээний баримт гэж үзэж байна. Тиймээс бусдын өмчлөлийн 180 м.кв талбайг төлбөр төлөгчийн 270 м.кв талбайтай хамтад нь 450 м.кв гэж үнэлсэнг зөвшөөрөхгүй. Ийм байдлаар үнэлсэн нь бидний эрх ашгийг зөрчсөн гэхээс илүү бидний биш хөрөнгөд хөрөнгийн үнэлгээ хийж, бидний хөрөнгийг үнэлээд байгаа үнэлгээ нь хөрөнгийн үнэлгээний тайлан, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар буруу явагдсан гэж үзэж байгаа. Тиймээс хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцох нь үндэслэлтэй. Иймд үүнтэй холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийг энэ үнэлгээгээр ийм байдлаар албан дуудлагаанд оруулж хөрөнгийг үнэлгээ хийвэл энэ хүмүүсийн эрх ашиг хөндөгдөнө. Хөрөнгийн үнэлгээний тайланд дурдагдсанаар хөрөнгийн үнэлгээ хийсэн үндэслэл, хөрөнгийн мэдээлэл нь зөрүүтэй байгаагаас үзэхэд хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тиймээс хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсайхан шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 6896 дугаар захирамжаар “Эс Пи Си Эм Ойл” ХХК, “Свийтстандарт” ХХК, А.Цэлмэг нараас 3 813 064 718 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд, Хан-Уул дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 193 дугаар шийдвэрээр “Эс Пи Си Эм Ойл” ХХК-аас 6 926 412 658 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжпийн банкинд олгохоор тус тус шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул “Эс Пи Си Эм Ойл” ХХК, “Свийтстандарт” ХХК, А.Цэлмэг нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035931 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 21 дүгээр хороолол, Баянхошуу гудамж 13 тоот хаягт байрлах 450 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035930 дугаарт бүртгэлтэй 450 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035932 дугаарт бүртгэлтэй 450 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201054882 дугаарт бүртгэлтэй 129.54 м.кв талбайтай авто машины зориулалттай үл хөдлөх хөрөнгө, “Свийтстандарт” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 1802301250 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлалтай 951 м.кв талбайтай газар, нэгж талбарын 18635311743407 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 21 дүгээр хороолол, Баянхошуу гудамж 13 тоот хаягт байрлах 180 м.кв талбайтай газрын хамт 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 20291048/06 тоот битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 20291048/09 тоот тогтоолоор хураасан. Талуудад хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцож тогтоох тухай 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 4-92/10795 тоот албан бичгийг гардуулан өгөхөд төлбөр төлөгч А.Цэлмэг 10.270.000.000 төгрөгөөр үнэлэх саналыг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид ирүүлсэн. Төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк төлбөр төлөгчийн үнийн саналыг зах зээлийн үнээс хэт өндөр байх тул хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасныг үндэслэн "Мөнх оргил трейд” ХХК-ийн шинжээч Б.Эрдэнэбаатарыг томилж, үнэлгээ тогтоолгоход 2 648 802 400 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр ДХИС-ийн сонсогч нар оролцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, ажиллагаанд оролцсон хоёр гэрч өөр хоорондоо эсхүл бусад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудтай төрөл садан, ажил үүргийн холбоогүй бөгөөд хуулийн заалтыг зөрчөөгүй байна. Төлбөр төлөгч А.Цэлмэгт 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 4-92/12230 тоот үнэлгээний мэдэгдэл, тайлантай танилцахыг 99080809 дугаарын утсаар танилцахыг хэлж тайлбарлан итгэмжлэгдсэн төлөөлөгч Саруултөгөлдөрийн итгэмжлэлийн хугацаа дууссан тул гардуулан өгөх боломжгүй үнэлгээний мэдэгдэлд өмчлөгчийн нэрийг Б.Төрбатын өмчлөлийн гэж андуурч бичсэнийг тайлбарлан өгөхөд бүртгэлтэй гэрийн хаягаар хүргүүлэн авах хүсэлтэй ба итгэмжпэгдсэн төлөөлөгч Саруултөгөлдөрийн итгэмжпэлийг сунгаад цаашид шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлж оролцуулах, мөн төлбөрт хураагдсан хөрөнгийн өмчлөгчийг мэдэгдэлд андуурч бичсэн асуудлыг ойлголоо гэсэн тайлбарыг авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу тэмдэглэлээр баталгаажуулан танилцуулж, бүртгэлтэй хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэгч А.Цэлмэгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлбөр төлөгч А.Цэлмэгт 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 4-92/12230 тоот үнэлгээний мэдэгдэл, тайлантай танилцахыг 99080809 дугаарын утсаар танилцахыг хэлж тайлбарлан итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саруултөгөлдөрийн итгэмжлэлийн хугацаа дууссан тул гардуулан өгөх боломжгүй үнэлгээний мэдэгдэлд өмчлөгчийн нэрийг Б.Төрбатын өмчлөлийн гэж андуурч бичсэнийг тайлбарлан өгөхөд бүртгэлтэй гэрийн хаягаар хүргүүлэн авах хүсэлтэй ба итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саруултөгөлдөрийн итгэмжлэлийг сунгаад цаашид шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлж оролцуулах, мөн төлбөрт хураагдсан хөрөнгийн өмчлөгчийг мэдэгдэлд андуурч бичсэн асуудлыг ойлголоо гэсэн гэсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу тэмдэглэлээр баталгаажуулан танилцуулж, бүртгэлтэй хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мөн өөрийн бус өмчлөлийн эд хөрөнгийг үнэлсэн гэж байна. Хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан хавтаст хэргийн 48 дугаар талд авагдсан байгаа. Тухайн үнэлгээ хийсэн үнэлгээчний үнэлгээ хийсэн хөрөнгө дотор хамт үнэлүүлсэн гээд байгаа гуравдагч этгээдийн улсын бүртгэлийн дугаартай хөрөнгө огт байхгүй. Хариуцагч талаас гаргасан улсын бүртгэлээс авч ирсэн бичиг баримтад дурдсан хамт үнэлсэн гээд байгаа гуравдагч этгээдийн хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар үнэлгээний тайланд огт дурдагдаагүй гэв.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Одбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд бусдын өмчлөлийн хөрөнгө тусгагдаагүй. Мөн нэхэмжлэгчээс үнэлгээ нь өөрийнх нь биш бусад хүмүүсийн эрх ашгийг зөрчинө гэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна. Өөрийнхөө эрх ашгийг хамгаалахаар л нэхэмжлэл гаргасан байх. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А.Цэлмэгээс С.Саруултөгөлдөрт олгосон итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 4-92/12230 тоот “Үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, А.Цэлмэгийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 3-6-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас Д.Мөнхцэцэгт олгосон итгэмжлэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/847 тоот “Зарим дарга нарт ээлжийн амралт олгох тухай” тушаал, хавсралт, хариу тайлбар, №90291048 тоот Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 183/ГХ2020/00777 тоот Гүйцэтгэх хуудас, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2020/06896 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамж, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2020/10903 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамж, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 20291048 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 821/01 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 20291048 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 20291048/09 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 4-92/10795 тоот мэдэгдэл, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 4-92/10796 тоот мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 4-92/10794 тоот мэдэгдэл, 2022 оны 5 дугар сарын 27-ны өдрийн Эс Пи Си Эм Ойл ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн албан бичиг, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5/159 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний 20/ш тоот тайланг хүлээлцсэн баримт, Мөнх-Оргил трейд ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, Мөнх-Оргил трейд ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай албан бичиг, №20/ш дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан, үнэлгээний тайлангийн хавсралт, Мөнх-Оргил трейд ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 4-92/12229 тоот Үнэлгээний мэдэгдэл, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1-97/473 тоот Б.Энхсайхан, Д.Мөнхбаяр нарт олгосон итгэмжлэл /хэргийн 12-14, 21-72-р хуудас/ гэсэн баримтуудыг,
бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Худалдаа хөгжлийн банк ХХК-иас 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А.Одбаярт олгосон итгэмжлэл, хүсэлт, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 73-75, 79-80-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ү-2201036101 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн дэлгэрэнгүй лавлагаа /хэргийн 95-96-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ хууль зөрчсөн, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг үнэлсэн, үнэлгээний мэдэгдэлд төлбөр төлөгчийг Б.Төрбатын гэж зөрүүтэй бичсэн тул үнэлгээ үндэслэлгүй, төлбөр авагч, эд хөрөнгийн өмчлөгч нарын эрхийг нь зөрчсөн гэж гэж шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээний мэдэгдэлд Б.Төрбат гэж андуурч бичигдсэн талаар төлбөр төлөгч болон түүний төлөөлөгчид тайлбарлаж мэдэгдсэн, төлбөр авагчийн саналын дагуу хөндлөнгийн шинжээч томилсон, үнэлгээ нь хууль зөрчөөгүй гэж үгүйсгэсэн.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа, үнэлгээ нь хууль зөрчөөгүй, үнэлгээ нь төлбөр авагчийн эрх ашгийг зөрчсөн гэх үндэслэлгүй, энэ талаар бид гомдол гаргаагүй гэж тайлбарласан.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эс Пи Си Эм Ойл ХХК, А.Цэлмэг, Свийтстандарт ХХК нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3 813 034 718.48 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийн талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг хянаад №183/ШШ2020/06896 дугаар шүүгчийн захирамжаар Эс Пи Си Эм Ойл ХХК-ийн төлөөлөгч А.Цэлмэг, Свийтстандарт ХХК-ийн төлөөлөгч Б.Оюу, А.Цэлмэг нар өргөдлийн шаардпага болох 3 813 034 718.48 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөгийн хамт Худалдаа хөгжлийн банк ХХК-д төлж барагдуулах, гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд иргэн А.Цэлмэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035931 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, /18082/, Баянхошууны гудамж, 13 тоот хаягт байрлах 270 м.кв талбайтай, үйлчилгээний ззриулалттай үл хөдлөх хөрөнгө, иргэн А.Цэлмэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035930 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, /18082/, Баянхошууны гудамж, 13 тоот хаягт байршилтай, 450 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, иргэн А.Цэлмэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035932 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, /18082/, Баянхошууны гудамж, 13 тоот хаягт байршилтай, 450 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Свийтстандарт ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 1802301250 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар олгогдсон 951 м.кв талбай бүхий газар, иргэн А.Цэлмэгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201054882 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, /18082/ 13 тоот хаягт байршилтай, 129.54 м.кв талбайтай, автомашины гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Свийтстандарт ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 18635311743407 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 18082 гудамж 13 тоот хаягт байршилтай Худалдаа үйлчилгээний зориулалтаар олгогдсон 180 м.кв талбай бүхий газар болох барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №102А дугаар эвлэрлийн гэрээг баталгаажуулж шийдвэрлэжээ. /хэргийн 25-26-р хуудас/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2020/06896 дугаар шүүгчийн захирамж, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” 183/ШЗ2020/10903 дугаар шүүгчийн захирамж, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 183/ГХ2020/00777 дугаар гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №20291048 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.
6.Талуудын маргааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хууль зөрчсөн талаар байна, иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа талаар маргаагүй.
7.Талууд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөх талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035931 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, /18082/, Баянхошууны гудамж, 13 тоот хаягт байрлах 270 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2201035930 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, /18082/, Баянхошууны гудамж, 13 тоот хаягт байршилтай, 450 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2201035932 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, /18082/, Баянхошууны гудамж, 13 тоот хаягт байршилтай, 450 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2201054882 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, /18082/ 13 тоот хаягт байршилтай, 129.54 м.кв талбайтай, автомашины гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 1802301250 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар олгогдсон 951 м.кв талбай бүхий газар, нэгж талбарын 18635311743407 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 18082 гудамж 13 тоот хаягт байршилтай Худалдаа үйлчилгээний зориулалтаар олгогдсон 180 м.кв талбай бүхий газар, 3 давхар үйлчилгээний зориулалттай обьект, гражийн хамт битүүмжилж, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор уг эд хөрөнгүүдийг хураан авсан талаар маргаагүй, төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ хууль зөрчсөн, гуравдагч этгээд буюу бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хамтад нь үнэлсэн гэж маргасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, 55 дугаар зүйлийн 55.2.2-д “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заажээ.
Иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч А.Цэлмэгт болон төлбөр авагч нарт төлбөрт хураагдсан хөрөнгийн үнийн саналаа ирүүлэх талаар мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд талууд үнийн талаар тохиролцоогүй тул 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 5/159 дугаартай “Шинжээч томилох тухай” тогтоолоор төлбөр төлөгч Эс Пи Си Эм Ойл ХХК, Свийтстандарт ХХК, А.Цэлмэг нарын эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035931 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол Баянхошуу гудамж 13 тоот хаягт байрлах 450 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035930 дугаарт бүртгэлтэй 450 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035932 дугаарт бүртгэлтэй 450 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201054882 дугаарт бүртгэлтэй 129.54 м.кв талбайтай авто машины зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Свийтстандарт ХХК-ийн эзэмшлийн Свийтстандарт ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 18635311743407 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 18082 гудамж 13 тоот хаягт байршилтай Худалдаа үйлчилгээний зориулалтаар олгогдсон 180 м.кв талбай бүхий газрын үнэлгээг хийлгэхээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн шинжээч Б.Эрдэнэбаатарыг шинжээчээр томилсон болох нь тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан шинжээчээр томилогдсон “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн №20/Ш дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тухай” тайланд “...Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Баянхошуу гудамж, 13 тоот хаягт байрлах, үйлчигээний зориулалттай 3 давхар барилгын 1, 2, 3 давхар, авто сервисийн зориулалттай 1 давхар барилга, 951,0 м.кв, 180 м.кв талбай бүхий эзэмшил газар зэрэг хөрөнгийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны байдлаар үнэлж, зах зээлийн нийт үнэ, цэнийг 2 648 802 400 төгрөгөөр тодорхойлов” гэжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөнө” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тухай шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгчийн төлөөлөгч нарт 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр танилцуулсан нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасныг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч нь үнэлгээг хийхдээ зах зээлийн ханшаар үнэлсэн нь үндэслэлгүй доогуур үнэлэгдсэн, өртгийн хандлагын аргаар тооцсон үнэлгээ 3 191 196 400 төгрөгөөр үнэлэгдсэн байхад энэ үнэлгээгээр тооцоогүй нь тодорхойгүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-д заасан “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх” гэснийг зөрчсөн, мөн үнэлгээний мэдэгдэлд “...өмчлөгчийг Б.Төрбат” гэж буруу бичсэн, үнэлгээнд өөр өмчлөгчийн эд хөрөнгийн үнэлсэн нь төлбөр авагч болон эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг нь зөрчсөн гэж тайлбарласан.
8.Хэрэгт авагдсан 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн №20/Ш дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тухай” тайланд 8.1-д зааснаар “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлага, өртгийн, орлогын хандлагуудыг хослуулан олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандартыг” баримтлан үнэлгээг хийсэн байх бөгөөд 2.3.1.1-д “дээрх хандлагаас өртгийн болон зах зээлийн хандлагаар үнэлж, эцсийн үнэлгээг тогтоосон”, 4.3-д заасан “үнэлгээний дүгнэлтэд хөрөнгийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар дээрх 2 хандлагаар үнэлж өртгийн хандлагын үнэлгээ 3 191 196 400 төгрөг, зах зээлийн хандлагын үнэлгээ 2 648 802 400 төгрөг, дээрх 2 аргын үнэлгээний дүнг харьцуулан судлаж үзээд зах зээлийн хандлагын үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгч эцсийн үнэлгээг 2 648 802 400 төгрөгөөр тодорхойлов” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна гэж үзэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг үл хөдлөх эд хөрөнгө нь зах зээлийн ханшаар хэдэн төгрөг болох, уг үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил төрлийн хөрөнгө зах зээлийн ханшаар хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа талаарх мэдээллийг болон үл хөдлөх эд хөрөнгийг 2 648 802 400 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас доогуур болох талаар баримтаар нотлоогүй тул үнэлгээг үндэслэлгүй, зах зээлийн ханшаар үнэлсэн нь буюу зах зээлийн хандлагаар үнэлснийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байна.
9.Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь үнэлгээний тайланд өөр хүний өмчлөлийн хөрөнгийг үнэлсэн нь төлбөр авагч болон өмчлөгчийн эрхийг нь зөрчигдөх нөхцөл үүссэн гэсэн бөгөөд хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6/9631 дугаартай албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 18082 Баянхошуу гудамж, 13 тоот хаягт байршилтай 180 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 2 дугаар давхарын хэсгийн Ү-2201036101 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Чингүсүн ХХК нь бүртгэгджээ.
Гэвч үнэлгээний тайланд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 13 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн 1 давхар Ү-2201035930, 2 давхар Ү-2201035931, 3 давхар Ү-2201035932 гэсэн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, А.Цэлмэгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн талаар дурдсан бөгөөд 2 давхарын Ү-2201036101 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн талаар тайланд тусгагдаагүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өөр хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах нөхцөл байдал үүснэ гэсэн нь үндэслэлгүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу төлбөр авагч нь үнэлгээний талаар ямар нэгэн гомдол гаргаагүй, үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн үнэлгээ нь төлбөр авагчийн эрхийг зөрчиж байгаа гэх тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.
10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үнэлгээний мэдэгдэлд “...төлбөр төлөгч Б.Төрбатын өмчлөлийн” гэсэн нь алдаатай гэсэн нь үндэслэлтэй байх боловч “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн “Хөрөнгийн үнэлгээний тухай” тайланд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5/159 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолд дурдсан хөрөнгүүдэд үнэлгээ хийсэн, хэрэгт авагдсан 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд “...4-92/12230 тоот үнэлгээний мэдэгдэлд өмчлөгчийг Б.Төрбат гэж андуурч бичсэн болохыг тайлбарлаж тэмдэглэлээр бэхжүүлэв...” гэсэн байх тул энэ үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.
Иймд нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 20/Ш дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
11.Тус дүүргийн шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2022/16041 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч Б.Эрдэнэбаатарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хангаж, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааныг товыг шинжээч Б.Эрдэнэбаатарт мэдэгдсэн боловч Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 77 тоот албан бичигт “...үнэлгээчин Б.Эрдэнэбаатар нь элгэнд үүссэн хорт хавдрыг тайруулах мэс засалд БНСУ-д 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр орсон бөгөөд тодорхойгүй хугацаанд гадаадад үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй...” талаар хүсэлт ирүүлсэн, зохигч талууд шинжээчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан болно.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Цэлмэгийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Цэлмэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН