Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 00024

 

 

 

 

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00024

 

 

“Ш.Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14ий өдрийн 181/ШШ2020/02301 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ш.Т ” ХХК-ийн хариуцагч “М.Т” ХХК-д холбогдох, 5 741 031 512,92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Шижирбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Т ХХК нь манай компанитай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Т/0014, 39/20 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ байгуулан 966.86 тн АИ92 нэр төрлийн 2,249,644,694.22 төгрөгийн үнэ бүхий шатахуун, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Т/0015, 40/20 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээгээр 989.527 тн өвлийн дизель түлш нэр төрлийн 2,317,919,425.66 төгрөгийн үнэ бүхий шатахуун, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Т/24, 41/20 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээгээр 658.536 тн АИ92 нэр төрлийн 1,532,250,810.20 төгрөгийн үнэ бүхий шатахуун, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Т/26, 38/20 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээгээр 962.533 тн өвлийн дизелийн түлш нэр төрлийн 2,254,6877,278.40 төгрөгийн үнэ бүхий шатахууныг тус тус хүлээн авсан. Дээрх 4 гэрээгээр нийт 3,577.46 тонн 8,354,502,208.49 төгрөгийн үнэ бүхий шатахууныг гэрээний дагуу худалдагч тал нийлүүлж худалдан авагч тал хүлээн авсан бөгөөд гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч талаас 1,015.67 тн өвлийн дизелийн түлш 2,379,160,488.78 төгрөгийн үнэ бүхий шатахууныг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 03-ны хооронд, 634.25 тонн АИ 92 нэр төрлийн 1,475,710,705.05 төгрөгийн үнэ бүхий шатахууныг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 4 сарын 06-ны өдрийн хооронд буцаан нийлүүлж 1,927.55 тонн 4,499,631,014.66 төгрөгийн үнэ бүхий шатахууныг нийлүүлээгүй байсан. Бидний харилцан тохиролцож байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д ...Хэрэв зээлдэгч зээлээр авсан шатахууныг зээлдүүлэгчид энэхүү гэрээнд заасан хугацаанд бүрэн буцаан нийлүүлээгүй, эсхүл шатахууныг тогтоосон хугацаанд хүлээн авах үүргээ биелүүлээгүй тохиолдолд ийнхүү хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө..., 6.3-т ...Энэхүү гэрээний 6.1 болон 6.2-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тооцохдоо шатахуун нийлүүлэх тухай үеийн зээлдүүлэгч талын шатахууны бөөний нэгж үнийг үндэслэн нийт дүнг тооцоолно... гэж заасан байдаг. Иймд М.ТХХК-аас 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0014, 39/20, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Т/0015, 40/20, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Т/24, 41/20, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Т/26, 38/20 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээний дагуу үндсэн төлбөр 4,499,631,014.66 төгрөг, алданги 1,241,400,498.26 төгрөг, нийт 5,741,031,512.92 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагчийн зүгээс авсан шатахууныг нэхэмжлэгчид бүрэн буцаан нийлүүлсэн тул хариуцагчаас алдангид 1,241,400,498.26 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Т ХХК компани нь Ш.Т ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах, буцаан нийлүүлэх 38/20, 39/20, 40/20, 41/20 тоот гэрээг тус тус байгуулан хамтран ажилласан бөгөөд дээрх гэрээний дагуу авсан шатахууныг буцаан нийлүүлсэн болно. 2020 оны 02 сараас хойш сар бүр талууд уулздаг байсан. Ийнхүү уулзахдаа гэрээний талаар ярьж байсан. Ковид 19 өвчний тархалтаас шалтгаалан захиалсан бараа багасаж орж ирж байгаа. Манай хувьд орж ирсэн шатахуунаа шатахуун түгээх станцуудаараа тараахгүй бол шатахууны хомсдол үүсэх гээд байна гэх мэт асуудлаа ярьж ирсэн. Авсан шатахуунаа усаар нь буюу шатахуунаар нь бүрэн төлсөн. Шатахууныг буцаан төлөхөд давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн. Энэ нь Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр нотлогдоно. Ш.Т  ХХК болон М.ТХХК нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан Т/0014, 39/20 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ нэртэй гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан Т/0015, 40/20 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ нэртэй гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан Т/24, 41/20 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ нэртэй гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан Т/26, 38/20 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ нэртэй гэрээнүүдийг М.ТХХК-ийг төлөөлж, дэд захирал бөгөөд худалдаа борлуулалтын газрын захирал байгуулсан тул компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хийсэн хэлцэл гэж үзэх ба уг хэлцлүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул алданги төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232,8 дахь заалтыг баримтлан хариуцагч М.Т ХХК-аас алдангид 620,700,249.13 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Шунхлай трйединг ХХК-д олгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 620,700,249.13 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 28,863,110 төгрөгийн 28,863,108 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М.Т ХХК-аас 25,759,606 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Т ХХК-д олгож, шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02301 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгг Дэлхий нийтэд дэгдээд буй Ковид 19 буюу коронавирусний цар тахал, түүний халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас улсын хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн арга хэмжээ нь “М.Т” ХХК-аас “Ш.Т ” ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг тогтоосон боловч нотлох баримтыг үнэлсэн хэрнээ гэрээний хариуцлага тооцсон нь хууль зөрчсөн буюу хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчөөд байна. Мөн түүнчлэн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах, буцаан нийлүүлэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-д Энэхүү гэрээний 6.1 болон 6.2-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тооцохдоо шатахуун нийлүүлэх тухайн үеийн Зээлдүүлэгч талын шатахууны бөөний нэгж үнийг үндэслэн нийт дүнг тооцоолно гэсэн байгаа нь Авсан шатахууны илэрхийлэх нэгжийн мөнгийг зааж байгаагаас биш алдангийг тус бөөний үнээр тооцон бэлэн мөнгөөр тооцно гэдэг санааг илэрхийлээгүй юм. Иргэний хуулийн 281.1 Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэсэн заалтын дагуу алдангид ногдох мөнгөн дүнд таарсан шатахууныг “Ш.Т ” ХХК-д өгөхөөр байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон болохыг анхан шатны шүүхээс үл харгалзан шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлага хангаагүй гэж үзэн дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч “М.Т” ХХК нь нэхэмжлэгч “Ш.Т ” ХХК-д 1,241,400,498.26 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх боловч гэсэн атлаа Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 232.8- д заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Дээрх 1,241,400,498.26 төгрөгийн алданги нь талуудын хооронд байгуулагдсан 4-н удаагийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх нийт 8,354,502,208.49 төгрөгийн үнэ бүхий гэрээний үүрэг буюу анз байсан. Энэ дүн нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан хэмжээнд хүрээгүй буюу нийт 4-н гэрээний 16 орчим хувийн анзийг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт, тухайн барааны зах зээлийн үнэ, хариуцагч компанийн хэвийн үйл ажиллагаа гэх мэт зүйлүүдээр хангалттай нотлогдсон байдаг. Мөн хариуцагч тал нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үүргээ биелүүлээгүй, үүрэг үүссэн хугацаанаас хойш нэхэмжлэгч талтай тухайн нөхцөл байдлын талаар нэг ч удаа холбоо тогтоогоогүй гэх зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй байхад давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж дүгнэсэн. Мөн хариуцагч тал нь Шатахууны хэмжээ, үнэ, буцаан нийлүүлсэн хугацаа, хугацаа хэтрүүлсэн хоногийн тоо, уг хугацаанд ногдох алдангийн хэмжээд хариуцагч маргаагүй, дээрх тооцоолол нь тооцооллын хувьд зөв байх тул гэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлага болох 1,241,400,498.26 төгрөгийг 50% иар бууруулан 620,700,249.13 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Ш.Т ” ХХК хариуцагч “М.Т” ХХК-д холбогдуулан 5 741 031 512.92 төгрөг гаргуулах шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1 241 400 498.26 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

“Ш.Т ” ХХК болон “М.Т” ХХК нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Т/0014, 39/20 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ /хх-8-11 тал/ байгуулагдан “Ш.Т ” ХХК нь “М.Т” ХХК-д АИ92 нэр төрлийн автобензин нийлүүлэх, “М.Т” ХХК нь “Ш.Т ” ХХК-д 2020 оны 02 сарын 29-ний өдөр авсан шатахууныг хүлээн авсан тоо хэмжээний дагуу буцаан нийлүүлэхээр, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Т/0015, 40/20 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ /хх-12-15 тал/ байгуулагдан “Ш.Т ” ХХК нь “М.Т” ХХК-д өвлийн дизелийн түлш нийлүүлэх, “М.Т” ХХК нь “Ш.Т ” ХХК-д 2020 оны 02 сарын 29-ний өдөр авсан шатахууныг хүлээн авсан тоо хэмжээний дагуу буцаан нийлүүлэхээр, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Т/24, 41/20 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ /хх16-19/ байгуулагдан “Ш.Т ” ХХК нь “М.Т” ХХК-д АИ92 нэр төрлийн автобензин нийлүүлэх, “М.Т” ХХК нь “Ш.Т ” ХХК-д 2020 оны 02 сарын 29-ний өдөр авсан шатахууныг хүлээн авсан тоо хэмжээний дагуу буцаан нийлүүлэхээр, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Т/26, 38/20 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авах буцаан нийлүүлэх гэрээ /хх-20-23 тал/ байгуулагдан “Ш.Т ” ХХК нь “М.Т” ХХК-д өвлийн дизелийн түлш нийлүүлэх, “М.Т” ХХК нь “Ш.Т ” ХХК-д 2020 оны 02 сарын 29-ний өдөр авсан шатахууныг хүлээн авсан тоо хэмжээний дагуу буцаан нийлүүлэхээр тус тус тохиролцсон байна.

Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон.

Нэхэмжлэгч “Ш.Т ” ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч “М.Т” ХХК-аас зээлийн гэрээний дагуу алданги нэхэмжлэх эрхтэй бөгөөд гагцхүү алдангийн хэмжээг тооцох хугацааг зөв тодорхойлоогүй байна.

Талууд гэрээний 2.5-д “... 2020 оны 03-р сарын 02-ны дотор харилцан хүлээн авсан шатахууныг тооцоо нийлж баримт үйлдэн автоцистерний хэмжээнд хүрэхгүй зөрүүг зээлдүүлэгчийн бөөний үнээр тооцон нэхэмжлэн, нэхэмжлэх хүлээн авсан тал нь 5 хоногийн дотор төлбөрийг төлнө...” гэж тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, талууд харилцан хүлээн авсан шатахууны тооцоог нийлээд баримт үйлдэнэ, энэхүү нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш төлбөрийг төлөх буюу буцаан шилжүүлэх үүрэг үүсэх, энэ үүргээ зөрчсөн тохиолдолд алданги тооцох талаар гэрээнд заасан.

Хариуцагч талын зүгээс алдангийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байсантай холбогдуулан нэхэмжлэгч талаас шүүхийн журмаар цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дах хэсэгт “Үзлэг, туршилт хийх, таньж олуулах, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаа гүйцэтгэхэд тэмдэглэл үйлдэнэ”, мөн хуулийн 51.7 дах хэсэгт “Тэмдэглэлд гэрэл зураг, зураглал, ул мөрнөөс буулгаж авсан хэв болон хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бусад зүйлийг хавсаргаж болох бөгөөд тэмдэглэлд энэ тухай заана” гэж тус тус заасан.

Хэргийн 186-209 дүгээр талд авагдсан үзлэгийн тэмдэглэлээс харахад нэхэмжлэгч “Ш.Т ” ХХК-ийн ажилтан Сайнжаргалаас “М.Т” ХХК-ийн ажилтнуудын хооронд илгээсэн и-мэйл хаягт шүүх үзлэг хийхдээ и-мэйлд бичигдсэн зүйлийг тэмдэглэлд тусгаагүй, үзлэгээр юу тогтоогдсон болохыг заагаагүй, тодорхойгүй байна.

Тодруулбал, талууд гэрээний 2.5-д заасан тохиролцоог хэрхэн хэрэгжүүлсэн буюу хэзээ хэрхэн үүргийн гүйцэтгэлийг шаардсан болох, энэ талаар нэхэмжлэх үйлдсэн эсэх нь тодорхой бус, нэхэмжлэгч 2020 оны 2 сарын 29-ний өдрөөс эхлэн алданги тооцсон боловч, хариуцагчид зөвхөн 2020 оны 3 сарын 10,11-ний өдрүүдэд барааг буцаан нийлүүлэхгүй тохиолдолд алданги тооцохоор цахим шуудан явуулсан нь ойлгомжгүй байна. Эдгээр цахим шууданд буцаан нийлүүлэх шатахууны хэмжээ, үнийн талаар бичигдээгүй. Хэрэв нэхэмжлэгч 2020 оны 02 сарын 29-ний өдрөөс алданги тооцох үүрэг үүссэн гэж үзвэл түүнээс 5 хоногийн өмнө нэхэмжлэхээ явуулсан байх учиртай. Гэтэл энэ нөхцөл байдалд холбоотой баримт хэрэгт байхгүй, и-мэйлд үзлэг хийсэн гэх тэмдэглэлд тусгагдаагүйгээс  гадна тооцоо нийлсэн талаарх эргэлзээгүй баримт хэрэгт авагдаагүй болно.

Иймээс алдангийг хэзээнээс тооцох, нийт алдангийн хэмжээ хэд байх нь тодорхой бус, энэ талаар талууд хангалттай мэтгэлцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэж үзэх үндэслэлгүй байхад  давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14ий өдрийн 181/ШШ2020/02301 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 3 261 455 төгрөг, хариуцагчийн төлсөн 3 261 451 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

  

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                       Б.НАРМАНДАХ