Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2018/0661/З |
Дугаар | 61 |
Огноо | 2019-03-11 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 61
Д.Бын нэхэмжлэлтэй, Нийслэлийн
Татварын газрын даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч Х.Батсүрэн
Шүүгчид: Л.Атарцэцэг
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Э.Номин-Эрдэнэ
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Татварын газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/60 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Быг урьд эрхэлж байсан албан тушааалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0656 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2019/0031 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, өмгөөлөгч Э.Э
Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Б.У нар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0656 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1, Татварын ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.4, 73 дугаар зүйлийн 73.2, 73.2.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Татварын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/60 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Быг урьд эрхэлж байсан Сонгино-Хайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Бын ажилгүй байсан 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны олговор 4,888,302 /дөрвөн сая найман зуун наян найман мянга гурван зуун хоёр/ төгрөгөөс зохих татвар, суутгалыг хасч олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2019/0031 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0656 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.5” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Т.О нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2.2-т тус тус зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2019/0031 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах тухай хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд уг хэрэгт маргаан бүхий захиргааны актыг хэлэлцэх, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа нэхэмжлэгч Д.Бын орон тоонд томилогдсон Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдал үүсч байхад, түүнийг оролцуулаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.
5. Захиргааны хэрэг үүссэнээс хойш эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон Д.Бын эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, ... эрхтэй. ...” гэж заасныг зөрчиж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “... эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж тус тус заасан байхад шүүх хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтад ороогүй гэсэн албан бичиг болон түр орлон гүйцэтгэгч гэх шалтгаанаар гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй гэж буруу дүгнэлт гаргасан байна.
6. Д.Б, Д.Б нар хэн хэн нь Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн статустай. Д.Б сонгон шалгаруулалтад оролцсон боловч Төрийн албаны салбар зөвлөл болон бусад эрх бүхий албан тушаалтнаас төрийн жинхэнэ албаны удирдах ажилтан буюу Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргаар томилогдсон аливаа шийдвэр гаргаагүй бөгөөд түр орлон гүйцэтгэгч хэвээрээ байсан.
7. Дээрх үндэслэлээр гуравдагч этгээдээр татан оролцуулалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.6-д заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийн оролцогчийн эрхийг хангуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэлээр дахин явуулахаар анхан шатны шүүхэд хэргийг буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
9. Анхан болон давж заалдах шатны шүүхээс “Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг нь төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах зохицуулалт бөгөөд уг зүйлийн 23.1.1-д заасан “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэдгийг мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ”, 19.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, …, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн журмын дагуу хэрэгжүүлэх ёстой, гэтэл хариуцагч нэхэмжлэгчийг албан тушаал бууруулахдаа энэхүү хуулиар тогтоосон журмыг баримтлаагүй нь хууль бус байна” хэмээн хэргийн үйл баримтыг зөв дүгнэн, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
10. Мөн хэрэгт цугларсан баримтаар маргаан бүхий актын эрх зүйн үндэслэл болох Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Татварын улсын байцаагч нь албан тушаалын эрхээ хэтрүүлсэн, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, энэ хуулиар хориглосон заалтыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараахь сахилгын шийтгэл ногдуулна”, “73.2.3-т “албан тушаал, эсхүл цол бууруулах” гэсэн хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд бүрдээгүй буюу нэхэмжлэгчийг “үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй” гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй.
11. Маргаан бүхий актын дээр дурдсан хоёр эрх зүйн үндэслэлийг авч үзвэл, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтаар бол нэхэмжлэгчийг “захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж байгаа” мэт, харин Татварын ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтаар түүнд “сахилгын шийтгэл” хүлээлгэсэн мэт байгаа нь “захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх” гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан шаардлагыг зөрчсөн болохыг мөн дурдаж байна.
12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн ажлын байранд томилогдсон Д.Быг оролцуулаагүй нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, иймд хэргийн оролцогчийн эрхийг хангуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэлээр дахин явуулахаар анхан шатны шүүхэд хэргийг буцаан шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулгатай уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-7-д заасан хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
13. Учир нь, нэхэмжлэгч Д.Баас өөрийг нь албан тушаал бууруулсан захиргааны актын талаар маргаж байгаа бөгөөд уг актын улмаас Д.Бын /нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөний дараа түүний албан тушаалд томилогдсон/ эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасан “гуравдагч этгээд” гэсэн ойлголтод зарчмын хувьд хамаарахгүйгээс гадна түүнийг оролцуулснаар хэргийн үйл баримт өөрчлөгдөхгүй тул шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй юм.
14. Давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад Татварын ерөнхий хуулийн 271 дүгээр зүйлийн 271.4 дэх хэсэг хамаарахгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь зөв байна.
15. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2019/0031 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ