| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 184/2022/00710/И |
| Дугаар | 183/ШШ2022/03706 |
| Огноо | 2022-12-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2022/03706
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, 35а байр, 809 тоотод оршин суух, Харчу овогт Уранчимэгийн Ариунболд /РД:ЧК84041874/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Их Монгол улс гудамж, 712 тоотод байрлах, Тесо пропертис ХХК /РД:5958733/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх, нийгмийн даатгалын бичилт хийлгэхийг даалгах, сахилгын шийтгэл буруу ногдуулсныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч У.Ариунболд,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Амгалан,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, П.Отгон,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч У.Ариунболд нь хариуцагч Тесо пропертис ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулах, сахилгын шийтгэл буруу ногдуулсныг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
У.Ариунболд миний бие Тесо пропертис ХХК-нд төслийн менежерээр 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажилласан. Миний бие 2008 оноос эхлэн архитектуроор ажиллаж байгаа. 2008 оноос 2015 оныг хүртэл гадаадын компани төслүүд дээр ажиллаж, 2015-2020 оноос компанийн зураг төслийг хариуцан ажилласан, хариуцагч Тесо пропертис ХХК-д зарын дагуу ярилцлага өгч менежер н.Болорсайханд ярилцлага өгөөд ажилд авъя гээд 2020 оны 5 сарын 10-ны өдрөөс эхлэн ажилдаа орсон. 3 сарын туршилтын хугацаатай ажиллаж байгаад үндсэн ажилтнаар авах тушаал гарсан. 8 сарын сүүлээр н.Болорсайхан ажлаа өгөхөөр болоод оронд н.Лхагвадорж гэдэг хүн орж ирсэн. Хамтран ажиллаж байх хугацаандаа 2021 оны 9-12 сарын хооронд ажилласан. 2021 оны 9-10 сарын хооронд ажлын хандлага гайгүй, хий гэсэн ажлуудаа хийгээд явж байсан. Гэтэл 2021 оны 11 сарын 19-ний өдрөөс эхлээд н.Лхагвдорж захирал дуудаад би чамтай хамтран ажиллах боломжгүй, хүсэлтээ өгөөд гар гэж удаа дараа шаардсан. Би тухайн үед хэлж байсан, ажлаа үүргээ гүйцэтгээд явж байгаа, та хамтран ажиллах боломжгүй бол тушаал гаргаад би ажлаа байраа дараагийн хүнд шилжүүлэн өгөхөд бэлэн байна гэж хэлсэн. 2021 оны 11 сарын 19-ний өдөр хамтран ажиллах боломжгүй гэж хэлээд миний ажлын бонус нэмэгдэл хассан боловч тушаал гаргаж чадахгүй байсан. Үндэслэлгүй ажлаас халж чадахгүй байсан учраас ажилтнуудад буруугаар ойлгуулж ярьж эхэлсэн. Бичиг баримтууд хуурамчаар үйлдэж, бусад хүмүүст танилцуулсан. 2021 оны 12 сарын 01-ний өдрийн он сартай сахилгын шийтгэл оногдуулж тайлбараа гаргасан байсан. Гэтэл би энэ талаар огт мэдээгүй, ажлаас халагдсаны дараа л мэдсэн. Байгууллагад хохирол учруулсан талаар надад юу ч яриагүй байсан. Гэтэл дараа нь ингэж ярьж байгааг зөвшөөрөхгүй. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/065 тоот сахилгын шийтгэл оногдуулах тухай захирлын тушаалаар авсан сахилгын арга хэмжээ үндэслэлгүй тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Ариунболдын нэхэмжлэлтэй Тесо пропертис ХХК-д холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагын үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан ажилтан сахилгын шийтгэлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцаанд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан. Ажил олгогчийн зүгээс дээрх 2 зөрчлийг гаргасан гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг цуцласан. Сахилгын зөрчлийг давтан гаргасанг тайлбарлахад, нэхэмжлэгч У.Ариунболд нь Тесо пропертис ХХК-ний хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1-т заалтыг үндэслэн сүүлийн 3 сарын ажлын гүйцэтгэлийг дундаж үнэлгээгээр 80%-иас доош үнэлэгдсэн гэсэн үндэслэлээр 2020 оны 12 сарын 01-ний өдрийн А/065 тоот тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан. Яагаад сахилгын шийтгэл оногдуулсан талаар EIP-системд үзлэг хийлгэж хэрэгт хавсаргасан байгаа. 2020-2021 оны 9 дүгээр сард 75%-иар үнэлэгдсэн. 10 сард 81%, 11 сард 61.8%-иар үнэлэгдэж, үүний дундажаар үзэхэд 72.3% үнэлэгдсэн. Ийм учраас сүүлийн 3 сарын дундаж үнэлгээгээр 72,3% байсан учраас сануулах сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Нэхэмжлэгч У.Ариунболд нь зүгээр байхад ажлаа өг гээд байсан гэж байна. Мөн үндэслэл гаргаж ирээд ажлаас халсан гэж тайлбарлаад байна. Бодит байдал дээр ERP систем ажлын гүйцэтгэлийг нь хангалтгүй байсныг нь харуулаад байна. Ажил үүргийн системийг ганцхан шууд удирдлага мэдээд байгаа мэтээр яриад байна. Гэрч н.Лхагвадорж өөрөө хэлсэн. “...Үнэлгээний цаг минутаар ордог. Өөрийгөө эхлээд үнэлдэг. Дараа нь н.Даваасүрэн шууд удирдлага 100% хийсэн эсэх үнэлээд дундаж үнэлгээг гаргадаг...” Энэ ганцхан ажил олгогч буюу н.Лхагвадорж гэдэг хүн үнэлгээг нь буруулаад байгаа зүйл огт байхгүй. Одоо хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч У.Ариунболд нь 9 сарын үнэлгээг харахаар нэхэмжлэгч өөрийгөө ажлын даалгавар 80%-ийн зургийн даалгавар 50%-иар үнэлсэн. 11 сарын ажлын үнэлгээ дээр өөрийгөө 20%-иар үнэлсэн. Өөрийгөө багаар үнэлж байгаа хүн өөрөө ажлаа ямар хийдэг байсан гэдэг нь харагдаж байгаа. Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.18, 3.2.19-т зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээнд зааснаар “...ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх үүрэгтэй...” гэж заасан. Энэ үүргээ биелүүлээгүйн улмаас манай компаниас харилцагч компанид 3 дугаар шатны ажил хийгдэхгүй. Улмаас 24 000 000 төгрөг төлөгдөхгүй гэдэг мэдээллийг харилцагч компанид мэдээлээгүй. Нөгөө тал ажил гүйцэтгээд 24 000 000 төгрөг нэхэмжлээд явдаг. Тухайн ирсэн и-мэйлүүдээ мэдэгддэггүй байсан. 10 сарын 16-ны өдөр ирсэн и-мэйлүүдийг мэдэгддэггүй. 12 сарын 16-ны өдрийг хүртэл мэдэгддэггүй. Энэ асуудал нь үзлэг хийхэд и-мэйлээр тогтоогдсон. Сануулах сахилгын шийтгэл нь Хөдөлмөрийн дотоод журмын дагуу 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар сахилгын шийтгэл оногдуулсан. Давтан зөрчлийн хувьд Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.18, 3.2.12, 7 дугаар зүйлийн 7.7-т зааснаар зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр “... Компанид 24 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэдэг утгаар мөн и-мэйлийг 10 сарын 29-ний өдөр ирүүлсэн и-мэйлийг мэдэгдээгүй зөрчлүүдийг гаргасан нь давтан зөрчил гаргасан байна гэж үзэж, давтан сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдож байгаа гэж үзсэн. Сануулах сахилгын шийтгэл оногдуулсан нь дээр нэмэлт тайлбар хэлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар “...сахилгын шийтгэлийн тооцохгүй байх хугацааны талаар заасан...” нэхэмжлэгч анх тушаал гарсныг мэдсэн байсан. Тушаал ирж танилцаагүй тухайн тушаал хүлээн аваад маргаагүй. Хуульд заасны дагуу гомдол гаргаагүй тул маргаагүй гэж үзнэ. Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.5-т зааснаар ажил олгогчийн санаачлагаар цуцлах ноцтой зөрчлийн талаар заасан “...Гүйцэтгэх удирдлага болон шууд удирлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй...” нэхэмжлэгч нь тухайн ажил хийгдэхгүй гэдгийг гэрээ дүгнэхээр хуудсаар мэдэгдэх ёстой. Эхлээд н.Лхагвадорж мэдэгдээд гарын үсэг зурж араас нь гүйцэтгэх захирал н.Мөнхзолбоо дахиад мэдэгдэж байгаа. Мэдэгдээд байхад яагаад цааш нь мэдээлэхгүй байна вэ? Энэ биелүүлэх ёстой үүргээ биелүүлэхгүй нуун дарагдуулаад байгаа асуудал нь өөрөө удирдлагын өгсөн үүрэг даалгаварыг удаа дараа биелүүлэхгүй байгаа гэсэн асуудал байна. Дараа нь Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.8-т зааснаар “...Ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл хийсэн...” гэж заасан. Энэ манай компани зүгээс ноцтой зөрчил гэж үзэж, 24 000 000 төгрөгийг нэхэмжлэл үүссэн. Ажилдаа хайнга хандсан асуудлууд гаргасан. Компани 24 000 000 төгрөгийн асуудал үүссэн байхад 2 сараа мэдсэн. Энэ асуудал ганцхан төлбөрийн асуудал биш гэдгийг гэрчээр ирсэн н.Лхагвадорж хэлсэн, зураг төслийн компани хувьд төлбөрийн асуудал маш чухал байдаг гэтэл ажилтны хайхрамжгүй байдлаас болж манай байгууллагаас хохирол учирсан учраас цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон. Сануулах сахилгын шийтгэлийн хувьд гомдол гаргах үндэслэлгүй гэж үзэж байна. Хуулийн дагуу гаргасан. Энэ ажил гүйцэтгэлийн системээр тогтоогдож байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс цалин боддог зүйл гэж яриад байна. Энэ тийм зүйл биш тухайн хүний сахилгын шийтгэл оногдуулах чухал асуудал байдаг. Хүний нөөцийн систем үнэн зөв бүртгэгдсэн талаарх асуудал дээр маргаан байхгүй, энэ системээр ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан болох нь тогтоогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.
3.Нэхэмжлэгчээс 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, гэсэн баримтуудыг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хэргийн 2-8, 152-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, П.Отгонд олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/195 тоот Ажлаас халах тухай тушаал, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Ankhbayar гэсэн мейлийн хуулбар, нэхэмжлэх, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Б/137 тоот Үндсэн ажилтнаар томилох тухай тушаал, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/065 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны гүйцэтгэлийн үнэлгээний тайлан, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/195 тоот Ажлаас халах тухай тушаал, Ажилтанд захиргааны арга хэмжээ ногдуулах саналууд, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Зургийн ажил гүйцэтгэх гэрээ, Гэрээ хянах хуудас, 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Зөвшөөрөл олгох хуудас, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/059 тоот Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, Ankhbayar гэх мейл хаягийн хуулбар, Ажлын байрны тодорхойлолт, цалингийн хүснэгт, цалин олгох хүснэгт /хэргийн 24-25, 35-46, 72-115, 129-133-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр П.Лхагвадоржийг асуусан тэмдэглэл, Тесо пропертис ХХК-ийн ажил үүргийн удирдлагын системд, [email protected] мейлд үзлэг хийж тэмдэглэл, гэрчээр Ю.Ганзоригийг дуудаж мэдүүлэг асуусан тэмдэглэл /хэргийн 122-126, 148-150-р хуудас/-ийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч У.Ариунболдын хариуцагч Тесо пропертис ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг хангаж, сахилгын шийтгэл буруу ногдуулсныг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Тесо пропертис ХХК-нд холбогдуулан дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
- сахилгын шийтгэл буруу ногдуулсныг хүчингүй болгох,
- үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халсан тул ажилд эгүүлэн тогтоолгох,
- ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,
- эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар шаардсан.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч У.Ариунболдод сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй, хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан, энэ нь баримтаар тогтоогдох тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч У.Ариунболд нь хариуцагч Тесо пропертис ХХК-нд 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр №6-ТРRO-AD-XG-21-007 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 3 сарын туршилтын хугацаагаар Шинэ бизнес хөгжлийн албанд төслийн менежер ажил албан тушаалд ажиллаж байгаад 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулан ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тесо пропертис ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн “Ажлаас халах тухай” №Б/195 тоот захирлын тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг, Компанийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 13.2, 13.2.3 дахь заалт, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2, 6.4, 7.2, 7.5, 7.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн Тесо пропертис ХХК-ийн төслийн менежер ажилтай Уранчимэг овогтой Ариунболдын хөдөлмөрийн гэрээг цуцлаж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөх тухай 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн №Б/195 тоот тушаалыг гардан авч ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоо тус шүүхэд 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан гэж тайлбарласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй.
5.Талуудын маргааны зүйл нь хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцласан, сахилгын шийтгэл буруу ногдуулсан талаар байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан талаараа маргаагүй болно.
6.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь сахилгын зөрчил буруу ногдуулсан, хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцласан, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан зөрчил гаргаагүй, өөрийн ажил албан тушаалын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж тайлбарласан.
Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг, Компанийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 13.2, 13.2.3 дахь заалт, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2, 6.4, 7.2, 7.5, 7.8 дахь заалтуудыг тус тус зөрчсөн болох нь гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа гэж мэтгэлцсэн.
Тесо пропертис ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн “Ажлаас халах тухай” №Б/195 тоот захирлын тушаалаар У.Ариунболд нь гүйцэтгэх удирдлага болон шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, сахилгын шийтгэл давтан гаргасан, хариуцсан ажилдаа хайнга хандаж ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан зэрэг нь ажилтны тайлбар болон шууд удирдлагаас санал, тайлбар зэргээр нотлогдож байх тул хөдөлмөрийн гэрээг цуцлаж, У.Ариунболд нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн харилцагч байгууллагаас ирсэн мэдээллийг нуун дарагдуулсан, шууд удирдлагадаа мэдэгдээгүй ноцтой зөрчил гаргасан ба түүнээс шалтгаалж 2 байгууллагын хооронд бизнесийн харилцаа хөндөгдөх, цаашлаад тухайн байгууллагаас хохирол нэхэмжилсэн тохиолдолд тус хохиролтой холбогдон гарсан зардлыг тэргүүн ээлжинд байгууллага хариуцаж барагдуулах бөгөөд ажилтантай байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд заасны дагуу хариуцлага, нөхөн тооцохыг сануулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д “ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулахаар заасан.
Мөн ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2-д “ажилтан санаатай болон болгоомжгүй хэлбэрээр үйлдэл, эс үйлдэхүйгээр хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг үл маргах журмаар цуцлана”, 6.4-д “ажил олгогч нь энэхүү гэрээ болон Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журамд заасан үндэслэл бүрдсэн нөхцөлд хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах бүрэн эрхтэй”, 7.2-д “сахилгын шийтгэл давтан гаргасан, 7.5-д гүйцэтгэх удирдлага болон шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажлын зүй ёсны шаардлага тавихад удирдлагатай маргаан үүсгэсэн, үл хүндэтгэсэн, захиран захирагдах ёс зүйг зөрчсөн”, 7.8-д “ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйдэхүй гаргасан”-ыг тус тус ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.
Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.2-д “хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон компанийн бусад дүрэм журмыг зөрчсөн ажилтанд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж болон түүнтэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актыг баримтлан Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг гүйцэтгэх захирлын тушаалаар ногдуулна. Үүнд: 13.2.3-д ажлаас халах” гэж тус тус заасан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 7.2-д заасан сахилгын шийтгэл давтан гаргасан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан сахилгын арга хэмжээ авах тушаал болон хүний нөөцийн программ, гэрчийн мэдүүлгээр нотлогдоно гэсэн.
Хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №А/065 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирлын тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалт, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.1, 13.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн Тесо пропертис ХХК-нд төслийн менежер ажилтай Уранчимэг овогтой Ариунболд нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа нь хүний нөөцийн гүйцэтгэлийн систем, шууд удирдлагаас ирсэн сахилгын шийтгэл ногдуулах хуудсаар баталгаажиж тогтоогдсон тул сахилгын сануулах шийтгэл ногдуулав гэжээ.
Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн “Цахим гүйцэтгэлийн үнэлгээний журам”-ын хавсралт №07 Тесо пропертис ХХК-ийн 2021.09.01-ний өдрөөс 2021.11.31-ний гүйцэтгэлийн үнэлгээний тайланд “...Шинэ бизнес хөгжлийн алба Уранчимэг Ариунболд төслийн менежер зэрэг Р1, үнэлгээний давтамж сараар, бонус олгох хувь 9 сар 75 хувь, 10-р сар 81,7 хувь, 11-р сар 61,8 хувь“ гэжээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь уг баримтыг ажлын гүйцэтгэлийг дүгнэхгүй, бонус олгох хувь гэсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ажил үүргийн удирдлагын системээр ажлын гүйцэтгэлийг дүгнэсний үндсэн дээр бонус олгодог гэж тайлбарласан.
Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн ажил үүргийн удирдлагын системд үзлэг хийсэн бөгөөд уг баримтад KPI- өдөр тутам үнэлэх үнэлгээ буюу гол гүйцэтгэлийн үнэлгээ, VAT- үйл ажлын гүйцэтгэлийн дундаж үнэлгээ гэж ойлгох бөгөөд “сүүлийн 3 сар 80 хувиас доош үнэлэгдсэн буюу 75, 81,7, 61,8=72,33 байна” гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн нарын тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.
Мөн 2021 оны 12 сарын 01-ний өдөр Ажилтанд захиргааны арга хэмжээ ногдуулах саналд “...У.Ариунболд нь 2021 оны 9 сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 сарын 31-ний хугацаанд ажлын гүйцэтгэл хангалтгүй, шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй зөрчил гаргасан нь хүний нөөцийн гүйцэтгэлийн мэдээ, шууд удирдлагын гүйцэтгэлийн итгэлээр тогтоогдсон тул сануулах захиргааны арга хэмжээ ногдуулах саналтай байна”, санал гаргасан ШБХГЗ ажилтай П.Лхагвадорж гэжээ.
Хөдөлмөрийн дотоод журмын 13.1-д “ажилтан нь ...сүүлийн 3 сарын ажлын гүйцэтгэлийн дундаж үнэлгээ 80 хувиас доош үнэлэгдсэн...” бол ажил олгогч энэхүү журамд заасан сахилгын шийтгэлийн төрлийг сонгон авч ногдуулна гэсэн байх ба гэрч П.Лхагвадоржийн “...У.Ариунболдын хувьд ажлын гүйцэтгэл нь 2021 оны 9 сарын ажлын гүйцэтгэл 75 хувьтай, 10 сарын хувьд ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь 81 хувьтай, 11 сарын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь 61 хувьтай буюу хангалтгүй байсан учир шууд удирдлагаар ажилладаг хүний хувьд 12 сарын 01-ний өдөр байдлыг танилцуулаад сахилгын шийтгэл ногдуулсан” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд хариуцагчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №А/065 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирлын тушаалаар нэхэмжлэгчид сануулах арга хэмжээ авсан нь үндэслэлтэй, сахилгын шийтгэлийг буруу ногдуулсан гэх үндэслэлгүй байна гэж үзэв.
Харин хариуцагчаас нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэл буюу хөдөлмөрийн гэрээний 7.5, 7.8-д заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь гүйцэтгэх удирдлагаас болон шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болох гэрээ дүгнэх хуудсаар 2021 оны 10 дугаар сарын 13-нд үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэсэн байхад компанид мэдэгдээгүй буюу үүрэг даалгаврыг биелүүлээгүй, байгууллагаас ирсэн хариуг шууд удирдлагадаа мэдэгдээгүй буруутай үйлдэл гаргасан, компанид 24 000 000 төгрөгний нэхэмжлэл үүсгэсэн гэж тайлбарласан.
Мөн энэ нь 2021 оны 12 сарын 27-ны өдрийн Ажилтанд захиргааны арга хэмжээ ногдуулах саналд “У.Ариунболд нь 2021 оны 10 сарын 29-ний И Эф Эй Би ХХК ирүүлсэн 24 сая төгрөгний нэхэмжлэлтэй имайлыг удирдлагадаа мэдэгдээгүй, мөн тус компанийн ажлыг цуцласан 2021.10.13-ны өдрийн шийдвэрлэснийг харилцагчид мэдэгдээгүйгээс компани өр төлбөр үүсгэж, итгэл алдсан хариуцлагагүй алдаа зөрчил гаргасан нь харилцагч компанийн имайл, нэхэмжлэх, ажилтны тайлбар майл зэрэг баримтаар тогтоогдсон тул ажлаас халах захиргааны арга хэмжээ ногдуулах саналтай байна”, санал гаргасан ШБХГ-ын захирал П.Лхагвадорж гэсэн баримтаар нотлогдоно гэсэн.
Хэрэгт авагдсан Гэрээ дүгнэх хуудсанд “...ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ хийсэн алба, менежер Тесо пропертис ХХК ахлах менежер Г.Болорсайхан, гэрээний тал И Эф Эй Би ХХК, зургийн ажил гүйцэтгэх гэрээ, sky park төслийн эскиз, гэрээний нийт үнэ 80 000 000 төгрөг, гэрээний хугацаа 2020 оны 8 сарын 26-с эхлэн календарийн 50 хоног, гэрээ дүгнэсэн тэмдэглэлд-менежер гэрээний үр дүн биелсэн эсэх талаар дүгнэлтийг бичих эскиз болон 2-р хувилбарын зургийг хүлээлгэн өгсөн. Дундын төлбөрт дүйцэхүйц, гарын үсэг У.Ариунболд, шууд удирдлага менежерийн дүгнэлтийг баталгаажуулна. Сүүлийн 24 000 000 үлдэгдэл төлбөрийг төлөхгүйгээр хаана. 10/12 П.Лхагвадорж, салбарын гүйцэтгэх захирал 24 сая төлөгдөхгүй, төлсөн дүнгээр гэрээг хаахыг зөвшөөрөв. Гэрээний төлбөрийн хяналт Ч.Алтанцэцэг нягтлан 24 000 000 урьдчилан гарсан, үлдэгдэл 32 000 000 гарна” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч нар нь дээрх гэрээ дүгнэх актаар тухайн компанийн ажлыг зогсоох гуравдах шатны төлбөрийг төлөхгүй гэх үүрэг даалгавар У.Ариунболдод өгөгдсөн гэсэн тайлбар, гэрч П.Лхагвадоржийн “...гэрээ дүгнэх актад шууд удирдлага, мөн гүйцэтгэх захирлын гарын үсэгтэй тухайн компанийн ажлыг зогсоогоод төлбөрийг төлөхгүй гэх чиглэл У.Ариунболдод өгөгдсөн” гэх мэдүүлэг нь тогтоогдохгүй, мөн гэрээ дүгнэх акт болон гэрээний гүйцэтгэлийн үнэлэх актад нэхэмжлэгч У.Ариунболдод гэрээний төлбөрийг шилжүүлэхгүй байхыг даалгах, энэ талаар гэрээний нэг тал болох И Эф Эй Би ХХК-нд мэдэгдэх үүрэг даалгавар өгөгдсөн гэж үзэх үндэслэлгүй тогтоогдсонгүй гэж үзэв.
Хэрэгт авагдсан 2020 оны 8 сарын 26-ны өдрийн зургийн ажил гүйцэтгэх гэрээг Тесо пропертис ХХК-ийг төлөөлөн төслийн ахлах менежер Г.Болорсайхан байгуулсан байх бөгөөд уг гэрээний 12.2-д “гэрээний дагуу шаардсан буюу зөвшөөрсөн аливаа мэдэгдэл, зааварчилгаа болон бусад баримт бичгийг дараах хаягаар хүргүүлнэ. Үүнд: захиалагч талд хүргүүлэх бол харилцах албан тушаалтны нэр төслийн ахлах менежер Г.Болорсайхан, гүйцэтгэгч талд хүргүүлэх бол харилцах албан тушаалтан ерөнхий архитектор Б.Золбоо” гэжээ.
Мөн Тесо пропертис ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн Зөвшөөрөл олгох хуудсанд “...Болорсайханд Скай парк төслийн гэрээ болох И Эф Эй Би ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа 2021 оны 11 сарын 30-ний өдөр хүртэл сунгах, гэрээний хаалтыг очиж хүлээж авах шинэ төслийн менежер хаах-х зөвшөөрөв” гэсэн байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нар нь Г.Болорсайхан ажлаас гарч уг төслийн ажлыг нэхэмжлэгч У.Ариунболд нь хариуцан авсан гэх боловч энэ талаарх тайлбараа баримтаар нотлоогүй, гэрч Ю.Ганзориг нь “гэрээ хийх үед н.Болорсайхан, Эрдэнэбаяр гэдэг хүмүүс төлөөлж байсан, дараа нь н.Лхагвадорж болон У.Ариунболд гэдэг хүмүүстэй харьцдаг байсан” гэсэн болно.
Иймд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 7.5-д заасан гүйцэтгэх удирдлага болон шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, 7.8-д заасан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсонгүй гэж үзэв.
Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 3.2.18, 3.2.19-д заасныг зөрчсөн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн И Эф Эй Би ХХК-иас ирүүлсэн 24 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг удирдлагадаа мэдэгдээгүй болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын цахим шууданд үзлэг хийсэн баримтаар тогтоогдоно гэж тайлбарласан бөгөөд шүүхийн үзлэг хийсэн нэхэмжлэгчийн цахим шууданд ирүүлсэн захидал, №21/10/032 дугаартай нэхэмжлэхээр 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн цахим шууданд “...үлдэгдэл төлбөрийн нэхэмжлэл явууллаа” гэсэн захидал ирсэн болох нь тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 3.2.18-д “ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж үр дүнг холбогдох албан тушаалтанд танилцуулах үүрэгтэй”, 3.2.19-д “ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй боловч өөрийн ажлын байртай холбоотой зайлшгүй гүйцэтгэх ажил үүргийг үл маргах зарчмаар цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх тайлагнах үүргээ биелүүлээгүй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн цахим шууданд ирсэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний захидлыг удирдлагадаа танилцуулаагүй талаараа маргаагүй боловч 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ дүгнэх актаар төлбөрийг төлөхгүй гэж шийдвэрлэснийг мэдэгдээгүйгээс өр төлбөр үүсгэсэн нэхэмжлэгчийн хариуцлагагүй алдаа гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Иймд хариуцагчийн нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасныг баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, У.Ариунболдыг Тесо пропертис ХХК-ийн төслийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
7.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, цалин олгогдоогүй талаар зохигч талууд маргаагүй тул ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх дундаж цалинг тооцохдоо түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 2 542 652 төгрөг /2 775 964+2 105 895+2 746 097=7 627 956:3=2 542 652/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны буюу 11 сар 13 хоногийн цалин нийт 29 471 647 төгрөг /2 542 652х11сар =27 969 172 төгрөг, 2 542 652:22=115 575 төгрөг, 115 575х13 хоног=1 502 475 төгрөг, 27 969 172+1 502 475=29 471 647/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
8.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Иймд хариуцагч Тесо пропертис ХХК-нд нэхэмжлэгч У.Ариунболдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
9.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №А/065 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирлын тушаалаар сахилгын шийтгэл буруу ногдуулсныг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна, мөн хуулийн 131.1.1-д сануулах” гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгчээс дээрх сахилгын шийтгэл ногдуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №А/065 тоот тушаалыг гардаж аваагүй, мэдэгдээгүй, ажлаас чөлөөлөх тушаалаа авахад мэдсэн гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №А/065 тоот тушаалын ард “2021 оны 12 дугаар сарын 30. ...тиймээс энэ тушаалд гарын үсэг зурахгүй гэсэн” гэж тэмдэглэгджээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-д зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мэдсэн боловч сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай гомдлоо хуульд заасан хугацааны дотор гаргаагүй байна гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д “энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан боловч нэхэмжлэгч энэ талаар хүсэлт гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн уг тушаалыг үндэслэлгүй сахилгын шийтгэлийг буруу ногдуулсан гэдэг нь баримтаар тогтоогдоогүй болно.
Иймд нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай гомдлоо хуульд заасан хугацааны дотор гаргаагүй, уг тушаалаар сахилгын шийтгэл буруу ногдуулсан гэх үндэслэлгүй тул Тесо пропертис ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №А/065 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 295 308 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Харчу овогт Уранчимэгийн Ариунболдыг Тесо пропертис ХХК-ийн төслийн менежерийн ажилд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар нэхэмжлэгчийн хариуцагч Тесо пропертис ХХК-нд холбогдуулан гаргасан сахилгын шийтгэл буруу ногдуулсныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Тесо пропертис ХХК-иас нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 27 471 647 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Ариунболдод олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч У.Ариунболдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Тесо пропертис ХХК-нд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч У.Ариунболд нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагч Тесо пропертис ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 295 308 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН