Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2022/03834

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 35Б байр, 11 тоотод бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, сэлбийн 1-13  тоотод байрлах, Стандартформ ХХК /РД:5709873/-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармагийн 14 дүгээр гудамж, 482 тоотод байрлах, Сайрын шовх ХХК /РД:6322654/,

  Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 23 дугаар хороо, Нүхтийн задгай, Хантөгөл оффис, 1 тоотод байрлах, Эй Жи Жи Эс ХХК /РД:5333229/-нарт  холбогдох

   Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн болон тээврийн хөлс, эвдэрсэн дутсан барааны төлбөрт 120 556 888 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбаатар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жамиймаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Стандартформ ХХК нь хариуцагч Сайрын шовх ХХК-д холбогдуулан түрээсийн болон тээврийн хөлс, эвдэрсэн дутсан барааны төлбөрт 120 556 888 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Стандартформ ХХК нь Сайрын шовх ХХК-иас түрээсийн төлбөр 50 754 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр  сарын 27-ны өдрийн 182/11132020/01133 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр бүрэн хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ингээд Стандартформ ХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан боловч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 182/Ш32020/02421 дүгээр  захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймээс хариуцагч Сайрын шовх ХХК-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гаргаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/01029 дүгээр эрэн сурвалжлах шийдвэр гарсаны дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5500 дугаар албан бичгээр гүйцэтгэх захирал Х.Батдоржийн оршин суугаа хаягийг олж тогтоосон тул дахин 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/Ш32020/22277 дугаар захирамжаар “Хариуцагч нь Баянзүрх дүүргийн 2-р хороо, 3-р хэсэг, Их дарь эхийн 4-152 тоот хаягт оршин байрладаггүй, уг хаягт үйл ажиллагаа явуулдаггүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иймээс Стандартформ ХХК нь Сайрын шовх ХХК-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр дахин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/01824 дүгээр эрэн сурвалжлах шийдвэр гарсаны дагуу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 5289 дугаар албан бичгээр Сайрын шовх ХХК нь болон захирал Л.Сандагдоржийн оршин суудаг хаягийг олж тогтоосон тул дахин нэхэмжлэл гаргав.

Стандартформ ХХК нь Сайрын шовх ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 4 сар 27 хоногийн хугацаатай Түрээсийн гэрээ байгуулж барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн ба 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх “Бараа материалын тооцоо”-гоор барилгын ажилд шаардлагатай 821 ширхэг бараа материалыг 21 хоногийн хугацаанд 1 хоногийн 165-220 төгрөгөөр түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 3 647 400 төгрөг, барьцаа 2 000 000 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсанаас Сайрын шовх ХХК нь мөн өдөр түрээсийн төлбөрт 3 647 400 төгрөг болон барьцаанд 2 000 000 төгрөгийг төлсөн. Бараа материалыг үргэлжлүүлэн түрээслэхээр тохиролцсоны дагуу 2019 оны 8 дугаар  сарын 05-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх “Авлага өглөгийн товчоо” тооцоогоор /өмнөх тооцоог оруулж тоооцов/ барилгын ажилд шаардлагатай 1141 ширхэг бараа материалыг 85-94 хоногийн хугацаанд 1 хоногийн 165-220 төгрөгөөр түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 21 114 390 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр эвдэрсэн 79 ширхэг барааны үнэ 907 500 төгрөгийг нэмж мөн тээврийн хөлс 1 000 000 төгрөгийг нэмж нийт төлбөл зохих үлдэгдэл төлбөр 23 021 890 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсанаас Сайрын шовх ХХК-ийн түрээсийн төлбөрт төлсөн 4 729 990 төгрөгийг хасч тооцоход нийт төлбөл зохих үлдэгдэл төлбөр 18 291 900 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсаныг Сайрын шовх ХХК нь хүлээн зөвшөөрч Тооцоо үлдэгдлийн баталгаанд гүйцэтгэх захирал Х.Батдорж нь гарын үсэг зурж баталгаажуулсан. Бараа материалыг үргэлжлүүлэн түрээслэхээр тохиролцсоны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртлэх “Авлага өглөгийн товчоо” тооцоогоор барилгын ажилд шаардлагатай 443 ширхэг бараа материалыг 43-44 хоногийн хугацаанд 1 хоногийн 165-220 төгрөгөөр түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 3 840 100 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх түрээсийн үлдэгдэл дүн 18 291 900 төгрөгийг нэмж нийт төлбөл зохих үлдэгдэл 22 132 000 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан ба өмнөх барьцаанд төлсөн үлдэгдэл 2 000 000 төгрөг. Мөн түрээсийн үргэлжлэл 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх “Авлага өглөгийн товчоо” тооцоогоор барилгын ажилд шаардлагатай 308 ширхэг бараа материалыг 378 хоногийн хугацаанд 1 хоногийн 165-220 төгрөгөөр түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 23 887 710 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан. Түрээсийн үргэлжлэл 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх “Авлага өглөгийн товчоо” тооцоогоор барилгын ажилд шаардлагатай 308 ширхэг бараа материалыг 357 хоногийн хугацаанд 1 хоногийн 165-220 төгрөгөөр түрээслүүлж нийт түрээсийн төлбөрт 22 560 615 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр өмнөх тооцооны үлдэгдэл 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртлэх түрээсийн тооцооны үлдэгдэл 22 132 000 төгрөгийг нэмж мөн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртлэх түрээсийн тооцооны үлдэгдэл 23 887 710 төгрөгийг нэмж тооцоход нийт төлбөл зохих түрээсийн төлбөр 68 580 325 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан дээр дутаасан 308 ширхэг барааны үнэ 13 704 000 төгрөгийг нэмж нийт төлбөл зохих тооцооны үлдэгдэл дүн 82 284 325 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсанаас барьцаанд төлсөн 2 000 000 төгрөгийг хасч тооцоход нийт төлбөл зохих тооцооны үлдэгдэл дүн 80 284 325 төгрөгийг Сайрын шовх ХХК нь одоо хүртэл телехгүй манай компанийг хохироож байна.

Түрээсийн алданги тооцоог 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 868 хоног 1 хоногийн 0.5 хувиар тооцож үзэхэд нийт 348 433 971 төгрөгний алданги төлүүлэх тооцоо гарч байгаа боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 80 284 325 төгрөгний 50 хувиар тооцож алданги 40 142 163 төгрөгийг төлүүлэх тооцоо гарсан. Иймд Стандартформ ХХК нь Сайрын шовх ХХК-иас түрээсийн төлбөр болон тээврийн) хөлс мөн эвдэрсэн, дутсан, барааны үнэ 80 284 325 төгрөг дээр алданги 40 142 163 тегрөгийг нэмж нийт төлбөл зохих 120 426 488 төгрөгийг төлүүлэх тооцоо дээр Сайрын шовх ХХК-ийг эрэн сурвалжлуулахад 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 70 200 төгрөг, мөн дахин эрэн сурвалжлуулахад 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг тус тус нэмж нийт 120 566 888 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчаасс 120 566 888 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Түрээсийн гэрээ байгуулж, 2022 оны 12 дугаар сар хүртэл 308 ширхэг бараа материалыг авсан. Түрээсийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 357 хоногийн хугацаанд нэмж нийт төлбөрт төлөх тооцооны үлдэгдэл 13 704 000 төгрөг нийт 80 284 325 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс хойш төлбөр тооцоо хийгдээгүй гэсэн.

1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жамиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 308 ширхэг барааг огт өгөөгүй. Энэ дутсан барааны үнэ 13 704 000 төгрөгийг нэхэмжилсэн. Түрээсийн төлбөр 68 000 000 төгрөг, барьцаа 2 000 000 төгрөг хасаад нэхэмжилж байгаа.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээ хийгдсэн байна. Ингээд гэрээг 4 сарын хугацаагаар байгуулсан. Талууд ямар нэг тодорхой санал байхгүй бол түрээсийн гэрээ автоматаар сунгагдана. Мөн түрээсийн гэрээний 2.2, 3.5, 4.2 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээнд заасан төлбөр төлөөгүй бол алданги төлөх заалттай. Тооцоо нийлсэн тооцооны талаар ярьсан. Мөн Эй жи жи эс ХХК хурааж авсан. Үүнтэй холбоотойгоор Стандарформ ХХК нь хүлээж авсан байдаг. Бараа материалыг Эй жи жи эс ХХК хураан авсан гэдэг нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Үүнтэй холбоотой маргаантай асуудлаар шүүхийн шийдвэрт дурдсанаар 2019 онд Эй жи жи эс ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон гэдэг нь тогтоогдсон байна. Сайрын шовх ХХК төлбөрөө төлсний дараа эргээд Эй жи жи эс ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус компани нь Эй Жи Жи Эс ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 02/19/19 тоот гэрээ байгуулсан. Урьдчилгаа болох 42 553 556 төгрөг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр манай компанийн дансанд орж ирсэн болно. Барилгын ажлыг гэрээ хийсэн өдрөөс эхлүүлэх шаардлагатай тул би өөрийн автомашин болох 70-85УНД улсын дугаартай Тоуоtа Crown 180 маркийн автомашиныг Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэсийн шугуй ББСБ-д 4 000 000 төгрөгөөр барьцаалж ажлаа эхлүүлж байсан. Мөн өөрт байх боломжит мөнгөө оруулсан болно. Ажил хийх хугацаа 1 сар байсан бөгөөд байгалийн хүчин зүйл болох байнга бороо орсон нөхцөл байдлаас болж Эй Жи Жи Эс ХХК-ний зүгээс хугацаа хэтэрсэн гэж гэрээ цуцлах тухай яригдаж ямар ч үндэслэлгүйгээр 17 000 000 төгрөг нэхэмжилж гэрээг цуцалсан учир манай зүгээс 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдэх албан бичиг хүргүүлсэн болно. Арматурын нийлүүлэлт байнга хоцрох, бетоны нийлүүлэлт мөн хоцрох, тухайн үед байнгын бороо устай байхаас хамаарч мөн техник орох боломжгүй, үер уснаас болж суурийн нүхэнд байнга ус дүүрэх, соруулах шавар лагийг цэвэрлэх хатаах, мөн суурийн цутгалт хийгдсэн ч будалт хийгдэхгүй хүлээгдэх, ид бүтээн байгуулалтын ийм нөхцөл байдлын улмаас ажиллах хүч хомсдох, эцэст нь манай компаний гэрээтэй ажиллаж байсан бригадтай өөрсдөө дур мэдэн гэрээ хийж шийдвэр гаргасан. Энэ асуудлаас үүдэлтэй бараг дээрмийн ажиллагаа явагдаж бидний ажиллаж байсан компаний өмч болох багаж тоног төхөөрөмж, ажилчдын 2 гэр Стандартформ ХХК-иас түрээслэн авсан байсан бүх пум, булан, труба, сапуд гэх зүйлүүдийг хураан авсан нь хууль зөрчсөн шинжгэй үйлдэл болох нь харагдсан тул олон удаа уулзаж удаа дараа албан бичиг хүргүүлж байсан. Иймд манай компаний зүгээс дээрх байгууллагад төлбөр өгөх биш манай компани өөрсдийн тоног төхөөрөмж, илүү зарлагдсан материал, цалин хөлс, түрээсийн төлбөр тухайн хугацааны алдагдал сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжлэх бстой. Мөн барилгын хэв хашмал хийцийн турээслүүлэгч Стандартформ ХХК нь биднээс дараах байдлаар мөнгөн нэхэмжилж байгаа нь манай компаниас дур мэдэн хурааж авсан хэв хашмал дагалдах хэрэгслийг Эй Жи Жи Эс ХХК нь хариуцах ёстой. Тухайн үедээ манай компаний ажилчдыг барилгын талбай руу нэвтрүүлэхгүй байсан учраас Стандарт форм ХХК нь Эй Жи Жи Эс ХХК-иуд бидэнгүйгээр өөрсдийн хэв хашмалаа хүлээн авч өгөлцсөн байсан.

Иймд нэхэмжлэлийг Эй Жи Жи Эс ХХК хариуцах нь дээр гэдэг нь бичсэн үйл явдлаас тодорхой харагдаж байна. Нэхэмжлэлийг Эй Жи Жи Эс ХХК нь хариуцах болохыг мэдэгдэн холбогдох бичиг баримт, нотлох баримт, зураг, дансны гүйлгээний хуулгаар баталж байна. Мөн бид тус асуудлаар 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Эй Жи Жи Эс ХХК-нд мэдэгдэх албан бичиг хүргүүлснийг хавсаргав. Үүнээс гадна тус талбайд ажил гүйцэтгэж байсан мөн ажил гүйцэтгэгчээс бид тодорхой хэмжээний хэв хашмалыг нэмж түрээслэн авч ажиллаж байсныг хураан авч маш их хохирол учруулсаны улмаас манай компанийг өч төчнөөн өр төлбөрт оруулах, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон тул дээрх Эй Жи Жи Эс ХХК нь нэхэмжлэхээ буцаан татаагүй тохиолдолд бид холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гарган шалгуулах, хохирлыг нэхэмжлэх, хариуцлагыг үүрүүлэх болохыг үүгээр мэдэгдэж байна. Тус ажлыг гүйцэтгэсэн зардал болон, манай өмчийн дүнгийн тооцоог хавсралтаар хүргүүлж байна.  

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  2021 оны түрээсийн гэрээ байгуулагдсан гэж байна. 2020-2021 онд талуудын хооронд ямар нэг эрх зүйн харилцаанд ороогүй. Харин 2019 онд түрээсийн гэрээний харилцаа үүссэн. Талууд тооцоо нийлээд түрээсийн гэрээ дуусгавар болсон. Нийт 308 ширхэг бараа дутаасан гэдэг үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Бараа материал дутаасан  гэсэн асуудал яригдвал манайхтай холбоотой гэж ойлгохгүй байна. Харин бараа материал бүрэн хүлээлгэж өгсөн гэдэг талаар гэрчийн мэдүүлэг байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тооцоо нийлэхдээ бараа материал дутсан талаар огт яригдаагүй. 907 500 төгрөгийг эвдэрсэн бараа материалтын төлбөр төлнө гэдэгт манайх маргаагүй. Нэхэмжлэгч тал бүх тооцоог хийгээд хүлээгээд авсан. Үүнээс төлсөн дүн 4 729 990 төгрөг, төлбөрт төлөх ёстой дүн 18 000 000  төгрөг гээд гарсан. Энэ бараа материалд ямар, ямар бараа таваар дутаасан юм бэ гэдэг жагсаалт байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулах шаардлагатай. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө төлсөн мөнгө барьцаа хөрөнгийг тэр чигт нь хаяна гэсэн байгаа. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Тооцоо нийлэх үед алдангийн талаар талууд огт яригдаагүй гэдэг байхад одоо алданги нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэсэн. 

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ маргаан манай компанид хамаарагүй юм байна. Манай компани нийт 141 885 000 төгрөгийг үнэ бүхий гэрээ байгуулсан боловч Сайрын шовх ХХК нь хоёр барилгын ажил гүйцэтгээд хүн хүч дутаж байна гээд гэрээг цуцалсан байдаг. Бид Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад 22 885 000 төгрөгийг Сайрын шовх ХХК төлөхөөр шийдвэрлэсэн байдаг. Тэгэхээр энэ хэрэг маргаанд оролцох шаардлагагүй. Стандартформ ХХК-тай бол ямар нэг эрх зүйн харилцаа үүссээгүй, эдний эд зүйлсийг нь барьцаалсан зүйл байхгүй. Тухайн үед Стандартформ ХХК-ийн тамга тэмдэгтэй эд зүйлсийг авна гээд хэлээд аваад явсан. Манайхаас бүх юмаа авч явсан. Өөрсдөө баримт үйлдээд аваад явсан. Манайхаас бол ямар ч баримт үйлдээгүй байсан. Учир нь маргаан гарлаа гэхээр нь би шүүж үзсэн боловч манайд баримт үйлдээгүй, өөрсдөө баримтаа үйлдээд эд зүйлсээ бүгдийг нь аваад явсан, Стандартформ ХХК-ийн захирал эмэгтэй ирж авсан гэсэн гэв.

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Түрээсийн гэрээ, бараа материалын тооцоо, Тооцоо үлдэгдлийн баталгаа, Авлага өглөгийн товчоо, нэхэмжлэх, Чингэлтэй дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШЗ2020/201133 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШЗ2020/02421 дүгээр “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/01029 дүгээр шийдвэр, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 27к1-4/5500 тоот албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2020/22277 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2021/12302 дугаар “Шүүгчийн захиражид өөрчлөлт оруулах тухай” шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/01824 дүгээр шийдвэр, төлбөрийн баримт, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 26м2-3/5289 тоот албан бичиг, Сайрын шовх ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х.Батдоржийн иргэний үнэмлэхний хуулбар, Стандартформ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Стандартформ ХХК-иас Т.Нарангаравт олгосон итгэмжлэл, Т.Анхцэцэгт олгосон итгэмжлэл, Зарлага, орлогын баримтууд /хэргийн 5-34, 96-103-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас Сайрын шовх ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х.Батдоржид олгосон итгэмжлэл, хариу тайлбар, гэрэл зургийн үзүүлэлт, санхүүгийн баримтууд, 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Санхүүжилт тооцох төлөвлөгөө, 2019 оны Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, Х.Батдоржийн дансны хуулга, Х.Батдорж, Д.Амаржаргал нарын байгуулсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Т.Нарангаравт олгосон итгэмжлэл, Сайрын шовх ХХК-иас Б.Гэрэл-Очирт олгосон итгэмжлэл /хэргийн 39-40, 45-91, 109, 142, 152-р хуудас/ гэсэн баримтуудыг,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Эй Жи Жи Эс ХХК-иас Д.Ганжаргалд олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/01921 дүгээр шийдвэр /хэргийн 171-172, 182-188-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас гэрч Ц.Ганболд, гэрч Г.Ундрах нарын 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн мэдүүлэг, гэрч Д.Болдбаярын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн зарлагын мэдүүлэг  /хэргийн 130-141-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Стандартформ ХХК-ийн нэхэмжлэлээс 31 338 400 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 89 228 488 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Сайрын шовх ХХК-ийг гэрээний үүргээ зөрчиж, төлбөрөө хугацаандаа төлөөгүй, хүлээн авсан эд зүйлсийг хүлээлгэн өгөөгүй, эвдэж дутагдуулсан тул түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болон эвдэрсэн дутагдуулсан барааны үнэ 80 284 325 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 40 142 163 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 140 400 төгрөг, нийт 120 566 888 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Стандартформ ХХК-тай байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус, алдсан дутагдуулсан барааны үнэ нэхэмжилсэн нь ойлгомжгүй, баримтаар тогтоогдохгүй, цар тахлын үед үйл ажиллагаа явуулж чадаагүй тул түрээсийн хөрөнгийг ашиглаж чадаагүй, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй 2019 оны 8 дугаар сарын 03-наас 2019 оны 11 дүгээр сарын 05-ны  хүртлэх хугацаанд бараа материалыг түрээслэж байсан, 2020 оноос 2021 онд гэрээ сунгагдаагүй, гэрээ байгуулаагүй гэж үгүйсгэсэн.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь манай компани нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, компанийн зүгээс Сайрын шовх ХХК-тай ажиллаж байсан боловч гэрээг цуцласан, компанийн хашаанд үлдээсэн байсан эд зүйлсийг бид барьцаалаагүй, Стандартформ ХХК өөрсдөө ирээд баримт үйлдээд аваад явсан гэж тайлбарласан.  

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Стандартформ ХХК нь хариуцагч Сайрын шовх ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, барилгын туслах материал болох гэрээний хавсралтад заасан нэр төрөл, тоо ширхэгийн эд хөрөнгийг 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ний өдөр хүртэл 4 сар 27 хоногийн хугацаагаар түрээслүүлж, түрээсийн төлбөр авах, түрээслэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд түрээсийн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, хөрөнгийн жагсаалт, бараа материалын тооцоо, тооцооны үлдэгдлийн баталгаа, авлага өглөгийн товчоо гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Гэрээний хавсралт1-д “Стандартформ ХХК-ийн эд хөрөнгө түрээслэх болон дутагдуулсан хөрөнгийн үнийг төлүүлэх жагсаалт”-ыг хүлээн зөвшөөрч талууд гарын үсгээ зуржээ.

5.Талуудын маргааны зүйл нь гэрээний хугацаа сунгагдсан эсэх, 308 ширхэг барааг үрэгдүүлсэн эсэх, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алдангийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна, гэрээ байгуулсан, гэрээний хавсралтад заасан бараа материалыг хүлээн авсан, ашиглаж байсан талаар маргаагүй болно.

 

6.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд түрээсийн зүйлийг авч ашигласан талаар хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг шаардах эрхтэй.

Хариуцагч нь уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар төлөөлөх эрхгүй этгээд гэрээг байгуулсан учраас хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно гэж маргасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д 56.1.8.хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохоор заасан бөгөөд “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн” гэдэг нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлагад хамааралтай ба энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамааруулахаар, “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгохоор заажээ.

Хариуцагч нь 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр түрээсийн гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, гэрээг Х.Батдорж компанийг төлөөлж байгуулсан, итгэмжлэлийг хавсаргана гэсэн боловч хавсаргаагүй гэж маргасан боловч талуудын хооронд байгуулсан гэрээг Стандартформ ХХК-ийн захирал М.Насанбат батласан, гарын үсгээ зурж компанийн тамга дарагдсан байх тул зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн уг гэрээний дагуу талууд түрээсийн зүйлийг шилжүүлж, хариуцагч нь эзэмшиж, ашиглаж байсан талаараа маргаагүй тул талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

7.Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүрэгт 2019 оны 8 дугаар сарын 03-наас 2019 оны 12 дүгээр сарын 19-ний хүртэл нийт тооцооны үлдэгдэл 22 132 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 19-нээс 2020 оны 12 дугаар саырн 31-ний хүртлэх тооцооны үлдэгдэл 23 887 710 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-нээс 2021 оны 12 дугаар сарын 23-ны хүртлэх тооцооны үлдэгдэл 22 560 615 төгрөг, нийт түрээсийн үлдэгдэл 68 580 325 төгрөг, дутаасан барааны үнэ 13 704 000 төгрөг, нийт 82 284 325 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн барьцааг  2 000 000 төгрөгийг хасч, үлдэгдэл төлбөр 80 284 325 төгрөгийг нэхэмжилсэн.

Мөн нэхэмжлэгч нь үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй алданги 80 284 325 төгрөгний 50 хувь болох 40 142 163 төгрөг, хаягтаа байхгүй, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс эрэн сурвалжлах зардалд шүүхэд улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн 140 400 төгрөг, нийт 120 566 888 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хэрэгт авагдсан Бараа материалын тооцоонд “Сайрын шовх ХХК-ийн түрээсийн гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 03-наас 2019 оны 08 дугаар сарын 24-ний хүртэл нийт 821 бараа түрээс 3 647 490 төгрөг, барьцаа 2 000 000 төгрөг, 5 647 490 төгрөг”, “нэмж захиалсан бараа 2019 оны 08 дугаар сарын 08-наас 2019 оны 08 дугаар сарын 24-ний хүртэл бараа материалын тооцоо, бараа материал 90 ш, түрээсийн төлбөр 360 000 төгрөг”, 2019 оны 08 дугаар сарын 07-ноос 2019 оны 08 дугаар сарын 24 хүртлэх 170 ш бараа материал, түрээсийн төлбөр 722 500 төгрөг” гэсэн байх бөгөөд зохигч талууд бараа материал хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар баримт үйлджээ. 

 

Хариуцагч нь 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны хүртлэх “Авлага, өглөгийн товчоон”-нд дурдсан 1141ш бараа материалын түрээс 21 114 390 төгрөг, эвдэрсэн барааны тооцоо 907 500 төгрөг, тээврийн хөлс 1 000 000 төгрөг, нийт 23 021 890 төгрөгнөөс түрээсийн төлсөн төлбөр болох 4 729 990 төгрөгийг хасаад үлдэх 18 291 900 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, энэ талаар тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн, авлага өглөгийн тооцоо болон тооцооны үлдэгдлийн баталгаанд алдагдсан бараа материалын талаар болон алдангийн талаар тусгагдаагүй, 2020 оны болон 2021 онд бараа материал хүлээн аваагүй, цар тахалын улмаас үйл ажиллагаа зогссон байсан гэж тайлбарласан.

 

  Хэрэгт авагдсан Стандартформ ХХК, Сайрын шовх ХХК-ийн Тооцооны үлдэгдлийн баталгаанд “...2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд 18 291 900 төгрөг түрээсийн төлбөр бараа материалын үлдэгдэл 443 үлдэгдэлтэй гарсныг харилцан батлав” гэсэн байх бөгөөд уг тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэн, тооцоо нийлсэн талаар зохигч маргаагүй.

Мөн “Авлага, өглөгийн товчоо” /түрээсийн гэрээний 2019/08/03-аас 2019/11/05 хүртлэх тооцоонд “...нийт бараа материал 1141ш, түрээсийн төлбөр 21 114 390, эвдэрсэн барааны үнэ 907 500, тээврийн хөлс 1 000 000, нийт төлбөл зохих дүн 23 021 890, үүнээс түрээсийн төлбөрт төлснийг хасаад 18 291 900 төгрөг” гэсэн байх бөгөөд хариуцагч нь энэ тооцооны үлдэгдлийн баталгаа болон авлага өглөгийн товчоонд тусгагдсан 18 291 900 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.

“Авлага, өглөгийн товчоо” /түрээсийн гэрээний 2019/11/05-аас 2019/12/19 хүртлэх тооцоо/-нд “...нийт бараа материал 443ш, түрээсийн тооцооны үлдэгдэл 3 840 100 төгрөг” гэсэн байх бөгөөд хариуцагч нь бараа материалыг хүлээн аваагүй, нэхэмжлэгч бараа материалаа буцаагаад авсан гэж маргасан боловч зохигч талуудын байгуулсан Тооцооны үлдэгдлийн баталгаанд бараа материалын үлдэгдэл 443 үлдэгдэлтэй гарсныг харилцан баталсан байх тул уг бараа, материалыг хүлээн аваагүй гэх тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.

Иймд хариуцагч Сайрын шовх ХХК-иас 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртлэх түрээсийн үлдэгдэл төлбөр 18 291 900 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 05-наас 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийг хүртлэх түрээсийн үлдэгдэл төлбөр 3 840 100 төгрөг, нийт 22 132 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

8.Харин нэхэмжлэгч нь 2019 оны 12 сарын 19-ноос 2020 оны 12 сарын 31-ний хүртлэх тооцоогоор 308ш бараа материалтын түрээсийн төлбөрт 23 887 710 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-нээс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртлэх тооцоогоор 308г бараа материал, түрээсийн үлдэгдэл 22 560 615 төгрөг, мөн дутсан 308ш барааны үнэ 13 704 000 төгрөгийг тус тус нэхэмжилснийг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Учир нь нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээний 1.3-д “...гэрээг цуцлах талаар аль нэг тал нь бичгээр санал гаргаагүй нөхцөлд гэрээний хугацаа тодорхойгүй хугацаагаар сунгагдахаар, түрээслэгч түрээсийн эд хөрөнгийг хүлээж авсан өдрөөс түрээсийн хугацаа эхэлж, буцааж хүлээлгэн өгсөн өдрөөр түрээсийн хугацаа дуусгавар болно”,  4.1-д “түрээслэгч түрээсийн эд хөрөнгийг дутагдуулсан нөхцөлд түрээслүүлэгчид үнийг 2 дахин нэмэгдүүлсэн үнээр төлж хохирлыг барагдуулна” гэж зааснаар 308ш бараа, материалыг хүлээлгэн өгөөгүй тул түрээсийн гэрээ сунгагдсанд тооцно, дутсан гэдэг нь гэрээний хавсралтаар нотлогдоно гэсэн боловч хариуцагч нь гуравдагч этгээд Эс Жи Жи Эс ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гэрээ цуцлагдаж, нэхэмжлэгчийн бараа, материал  нь гуравдагч этгээдийн талбайд үлдсэн, нэхэмжлэгч өөрөө Эс Жи Жи Эс ХХК-иас үлдэх бараа, материалыг хүлээн авсан тул түрээсийн төлбөр төлөхгүй гэж мэтгэлцсэн.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манай компанийн талбайд байсан бараа, материалыг нэхэмжлэгч өөрсдөө ирээд ачаад аваад явсан гэж тайлбарласан, нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн орлогын баримтад заасан бараа материалыг буцаан авч явсан талаараа хүлээн зөвшөөрсөн маргаагүй бөгөөд үлдэх 308 бараа, материалыг хариуцагч буцаан хүлээлгэн өгөөгүй тул түрээсийн төлбөр төлнө гэсэн нь үндэслэлгүй, учир нь уг 308ш бараа материалыг хариуцагч түрээслэж байсан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч уг бараа, материалыг алдагдсан гэж үнийг нь нэхэмжилсэн атлаа түрээсийн гэрээ сунгагдсан гэж түрээсийн төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэж үзсэн болно.

 Мөн нэхэмжлэгч нь 308ш бараа материалыг дутаасан гэх боловч 443ш бараа материалаас 136ш бараа материалыг буцаан авч явсан болох нь орлогын баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд үлдэх 307ш бараа, материалыг дутсан талаарх хариуцагчтай ямар нэгэн акт үйлдээгүй, тооцоо нийлээгүй, хэрэгт авагдсан дутсан бараа материалын тооцоо нь гэрээний Хавсралт1-д заасан түрээсийн эд хөрөнгийн хэмжээтэй тохирохгүй /хавсралт1-д хэв 60х1200, 50х1200, 45х1200, 40х1200, 30х1200, 20х1200 гэсэн бол дутсан барааны тооцоонд 200х1200, 300х1200, 400х1200, 500х1200, 600х1200, гадар булан 2400, дотор булан 100х100 гэсэн бол гадна булан 06х06х120, 06х06х240, дотор булан 10х10, 10х15, 15х15, 10х20, 20х20/ байх тул дутсан бараа, материалын үнэ 13 704 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангахгүй орхив.  

9.Нэхэмжлэгч нь хариуцагчаас талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2-д “түрээсийн төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд тооцож алданги төлнө” гэж зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн буюу 80 284 325 төгрөгийг 50 хувь болох 40 142 162 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь алдангийг зөвшөөрөхгүй, 2020 оноос 2021 онд цар тахалтай холбоотой ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэж маргасан боловч талуудын хооронд байгуулсан гэрээнд түрээсийн төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй бол алданги төлөхөөр харилцан тохиролцсон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Гэвч хариуцагч Сайрын шовх ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийг хүртлэх түрээсийн төлбөр 22 132 000 төгрөгийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар 22 132 000 төгрөгний 50 хувь болох 11 066 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

 10.Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гарсан зардал буюу учирсан хохирол болох хариуцагч Сайрын шовх ХХК-ийг эрэн сурвалжилсан нэхэмжлэлд шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нь уг 140 400 төгрөгийг төлөхийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрсөн болно.

 

Иймд хариуцагч Сайрын шовх ХХК-иас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 22 132 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 11 066 000 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс гарсан зардал 140 400 төгрөг, нийт 33 338 400 төгрөгнөөс барьцаа болох 2 000 000 төгрөгийг хасч, үлдэх 31 338 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Стандартформ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 89 228 488 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад буюу талуудын мэтгэлцээний явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нэхэмжлэгчээс түрээсийн гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэл, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс бараа, материалыг хэзээ хүлээн авсан талаарх баримтыг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх нэхэмжлэлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь компаний баримтыг шүүн үзэхэд энэ талаарх баримт байхгүй, нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл орсон, гарсан талаарх тэмдэглэл үйлдэгдээгүй, нэхэмжлэгч өөрсдөө баримт үйлдээд аваад явсан гэж тайлбарласан тул шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хүлээн аваагүй болно. 

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 760 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сайрын шовх ХХК-иас 314 642 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Стандартформ ХХК-нд олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Сайрын шовх ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 31 338 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Стандартформ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 89 228 488 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Стандартформ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 760 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сайрын шовх ХХК-иас 314 642 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Стандартформ ХХК-д олгосугай.

                                                                                                      

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                                 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН