Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 00093

 

 

 

 

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00093

 

Д.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/02677 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Тийн хариуцагч “Ө.Ж” ХХК-д холбогдуулан гаргасан 34 706 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ган-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Д.Т би хариуцагч “Ө.Ж” ХХК-ийн захирал Бямбахүүтэй харилцан тохирч 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өрөө хоорондын тусгаарлалтын полистирол бетон хавтан нийлүүлэх, угсрах ажлын 7 дугаартай гэрээг бичгээр байгуулсан. Гэрээний нийт үнийн дүн 240 сая төгрөг ба бартер хэлбэрээр 92,25 м.кв орон сууцыг 152 229 000 төгрөгт тооцон мөн 103 524 000 төгрөгийг дансаар нийт 255 753 000 төгрөгийг төлсөн. Ингээд “Ө.Ж” ХХК ажлаа дуусгалгүй, гэрээний үүргээ бүрэн биелүүлэлгүй алга болсон. Төлбөрийн зөрүү тооцоо нийлсэн актаар 33 441 600 төгрөг ба гэрээний 2.4-т зааснаар алданги гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш 10 сараар тооцон нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 16 720 800 төгрөгийг нэмэгдүүлэн нийт 50 162 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхэд хэрэг хянан шалгагдаж байх явцад буюу 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр бид тооцоо нийлж акт үйлдсэн. Энэ тооцоо нийлсэн актыг үндэслэж гаргасан нэхэмжлэлийн дээрх шаардлагаа багасгаж 23.137.900 төгрөгийг алданги 11.568.950 төгрөгийн хамт нийт 34.706.850 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ө.Ж” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Т болон “Ө.Ж” ХХК 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 07 дугаартай өрөө хоорондын тусгаарлалтын полистирол бетон хавтан нийлүүлэх, угсрах ажлын гэрээ байгуулан гэрээнд хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Дээрх гэрээний 4.1-т захиалагч ажил гүйцэтгэгчид энэхүү гэрээний 2.1-д зааснаар ажил, бараа материалын төлбөр болох 240 сая төгрөгийн 40,38% буюу 96 895 500 төгрөгийг бэлнээр, 59,62% буюу 143 104 500 төгрөгийн үнийн дүнд Баянзүрх дүүрэг 26 дугаар хороонд Амартүвшин хотхонд байрлах 86,73 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг бартераар төлөхөөр талууд харилцан тохиролцсон байхад нэхэмжлэгч 92,25 м.кв талбайтай орон сууцыг өгчихөөд 152 229 000 төгрөг өгсөнд тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй юм. Учир нь гэрээнд зааснаар 86,73 м.кв талбайтай орон сууцыг 143 104 500 төгрөгт тооцож өгөх байсан. Иргэн Д.Таас 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр буюу тус бүр 20 000 000 төгрөгөөр 2 шилжүүлсэн, нийт 40 000 000 төгрөг нь “Ө.Ж” ХХК-ийн захирал Н.Бямбахүүгийн дансанд ороогүй тул хүлээн зөвшөөрөхгүй, бусад шилжүүлсэн гүйлгээ нь Бямбахүүгийн дансанд орсон учраас зөвшөөрдөг. Тус гэрээ хийхээс 5 хоногийн өмнө 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр манай компани ажлаа эхлүүлэн хэвийн хийж байсан бөгөөд тус гэрээний 4.3 болон 4.4-т заасан захиалагч тал болох Д.Т нь гэрээнд заагдсан үүргээ зөрчиж байгаад холбогдуулж төлбөр болон шилжүүлж өгөх байрны гэрчилгээг нэхэмжлэн ажлаа түр зогсоосон үед Д.Тын нөхөр Евгений өөрийн эзэмшлийн Хаан банкны дансанд 6 000 000 000 төгрөгний хадгаламжийн дэвтэр үзүүлж ах нь хадгаламжаа цуцалчих юм бол 600 000 000 төгрөгний хүүгээ алдах гээд байна гэж гуйгаад байхаар нь бетон угсралтын ажлаа үргэлжлүүлэн явуулсан. 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай өрөө хоорондын тусгаарлалтын полистирол бетон хавтан нийлүүлэх, угсрах ажлын гэрээний дагуу “Ө.Ж” ХХК-иас Д.Тт нийт 4191 ширхэг 6286,5 м.кв буюу 188.595.000 төгрөгний өрөө хоорондын тусгаарлалтын полистирол бетон хавтан нийлүүлсэн. Нэхэмжлэгчтэй хэд хэдэн удаа тооцоо нийлж байсан, хамгийн сүүлд 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр тооцоо нийлж “Ө.Ж” ХХК-ийн полистирол хавтан нийлүүлэлт, угсралтын ажил хүлээлцсэн актыг үйлдсэн. Энэ актаар нийт хийж гүйцэтгэсэн ажил 5181,74 м.кв, барилгын талбай дээрх угсраагүй үлдэгдэл хавтан 560 ширхэг буюу 833,5 м.кв байна гэдгийг талууд хүлээн зөвшөөрч, эрх бүхий ажилтнууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Дээрх нотлох баримт болон гэрч нараас тодруулж тооцоо нийлж үзэхэд “Ө.Ж” ХХК-ийн зүгээс 188 595 000 төгрөгний полистирол бетон хавтан нийлүүлсэн. Мөн ажлын хөлсөнд гэрээний 2.1.-д зааснаар 1м.кв угсралтын ажлыг 10 000 төгрөгөөр бодож нийт 5270 м.кв угсралтын ажлын хөлсөнд 52 700 000 төгрөгний ажлын хөлс авсан байдаг. Иймд иргэн Д.Тунгалгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч “Ө.Ж” ХХК-иас 21.077.625 /хорин нэгэн сая далан долоон мянга зургаан зуун хорин таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Тт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.629.225 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 408.762 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Ө.Ж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 352.192 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтуудыг буруу үнэлсэн, нэхэмжлэгчид илт ашигтайгаар нотлох баримтыг үнэлж буруу тооцоолол хийж дүгнэсэн. Д.Тын барилга дээр үлдсэн 560 ширхэг полистрол бетон хавтанг 833.5 м.кв гэж бодсон ч 833.5*10 000=25 005 000 төгрөг гэж буруу бодолт хийсэн гэрээний 2.1-д заасан тооцоолол нь 833.5 м.кв*10 000=8 335 000 төгрөг болох байсан. Хариуцагч “Ө.Ж” ХХК ажил гүйцэтгэх гэрээгээр 232 274 600 төгрөгийн ажил хийсэн гэж мөн Д.Т нь гэрээний төлбөрт 215 412 500 төгрөгийг төлсөн байна гэж дүгнэсэн атлаа 16 862 100 төгрөгийн илүү ажил хийж өгсөн байхад эсрэгээр нь 16 862 100 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн байна. Мөн нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2019 оны 7 сарын 25-ны өдөр байгуулсан гэрээ 2019 оны 7 сарын 25-ны өдрөөс 2019 оны 9 сарын 25-ны өдөр хүртэл хоёр сарын хугацаатай хийгдсэн гэрээ нь 10 сарын турш захиалагч тал гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэж үргэлжилсэн нь нотлох баримтаар тогтоогдсон. Гэрээний 2.4-т бэлтгэн нийлүүлэлтийн хугацаа гэж зааж өгсөн байхад угсралтын ажил гэж үндэслэлгүй гэрээний алданги тооцсон нь хууль зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч “Ө.Ж” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт илүү төлсөн 23 137 900 төгрөг, алданги 11 568 950 төгрөг, нийт 34 706 850 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 25/

 

Д.Т нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “Ө.Ж” ХХК-тай Өрөө хоорондын тусгаарлалтын полистирол бетон хавтан нийлүүлэх, угсрах ажлын гэрээ байгуулж, “Ө.Ж” ХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 120 айлын орон сууцны барилгын дотор полистирол хавтан нийлүүлэх, угсрах ажлыг 2019 оны 7 сарын 25-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 240 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, захиалагч буюу Д.Т нь төлбөрийн 40,38 хувь буюу 96 895 500 төгрөгийг бэлнээр, 59,62 хувь буюу 143 104 500 төгрөгийн үнийн дүнд Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Амартүвшин хотхонд байрлах 86,73 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг бартераар төлөх, бэлнээр төлөх үнийн дүнгийн 10 хувь буюу 9 689 550 төгрөгийг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн ажлын 3 хоногт багтаан төлөх, үлдэгдэл 36,33 хувь буюу 87 205 950 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төлөх, бартерийн байрыг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө гүйцэтгэгч талд хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцсон болох нь хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдсон. /хх4-7/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Харин анхан шатны шүүх тооцооны алдаа гаргаснаас хариуцагчийг  ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлбөр төлөх үүрэгтэй гэж тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн  нь алдаатай болжээ.

Хэргийн 79 дүгээр талд авагдсан Ажил хүлээлцэх актаас үзэхэд ажил гүйцэтгэгч буюу хариуцагч нь гэрээнд тохирсон ажлаас 5181.74 м.кв буюу 207 269 600 /5181.74*40 000/ төгрөгийн ажил, 833,5 м.кв талбайн хэмжээтэй 25 005 000 төгрөгийн бараа материал бүгд 232 274 600 төгрөгийн хэмжээнд ажил хийж гүйцэтгэсэн, ажил гүйцэтгэгч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан этгээдэд хүлээлгэн өгөх замаар үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ. Энэ талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг болон ажил гүйцэтгэх гэрээний 3.2-д зааснаар захиалагч тохирсон хөлс төлөх үүрэгтэй бөгөөд захиалагч буюу Д.Т нь бартераар 92,25 м.кв талбайтай орон сууцыг 152 212 500 төгрөгт тооцон хүлээлгэн өгсөн, бэлнээр 63 200 000 төгрөг буюу нийт 215 412 500 төгрөгийг гэрээний үнэд төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ зэрэг баримтаар нотлогдсон./хх8,80-86/

Харин захиалагч ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд 40 000 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлах боловч хариуцагч “Ө.Ж” ХХК-ийн нэрлэн заасан дансанд шилжүүлсэн буюу уг төлбөрийг төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч уг мөнгийг хариуцагчийн гэрээний үүрэгт төлсөн гэдгээ өөрөө нотлох ёстой ба нотлох үүргээ хэрэгжүүлээгүйгээс төлбөр төлөх үүргийг энэ хэмжээгээр гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжгүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Дээрх баримтаар хариуцагч ажил гүйцэтгэх гэрээгээр 232 274 600 төгрөгийн ажил  хийж гүйцэтгэсэн, захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 215 412 500 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгчийн гүйцэтгэвэл зохих төлбөр дутуу гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байна. Хариуцагч үүргээ гүйцэтгэтгэсэн нь тогтоогдсон, илүү хөлс аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой бөгөөд гэрээний хөлс илүү төлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги шаардах эрх үүсэхгүй юм. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/02677 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Д.Тийн хариуцагч “Ө.Ж” ХХК-д холбогдуулан 34 706 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

                                       ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

                                                                                       Б.НАРМАНДАХ