Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2020/02677

 

 

 

 

 

 

 

2020 10 29

181/ШШ2020/02677

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: П.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө  ХХК -д холбогдох,

34.706.850 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Д.Т би хариуцагч Ө  ХХК, түүний захирал Бямбахүүтэй харилцан тохирч 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Өрөө хоорондын тусгаарлалтын полистрол бетон хавтан нийлүүлэх, угсрах ажлын 7 дугаартай гэрээг бичгээр байгуулсан.

Гэрээний нийт үнийн дүн 240 сая төгрөг ба бартер хэлбэрээр 92,25 мкв орон сууцыг 152.229.000 төгрөгт тооцон мөн 103.524.000 сая төгрөгийг дансаар нийт 255.753.000 төгрөгийг төлсөн.

Ингээд Ө  ХХК ажлаа дуусгалгүй гэрээний үүргээ бүрэн биелүүлэлгүй алга болсон.

Төлбөрийн зөрүү тооцоо нийлсэн актаар 33.441.600 төгрөг ба гэрээний 2.4-т зааснаар алданги гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш 10 сараар тооцон нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 16.720.800 төгрөгийг нэмэгдүүлэн нийт 50.162.400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Шүүхэд хэрэг хянан шалгагдаж байх явцад буюу 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр бид тооцоо нийлж акт үйлдсэн. Энэ тооцоо нийлсэн актыг үндэслэж гаргасан нэхэмжлэлийн дээрх шаардлагаа багасгаж 23.137.900 төгрөгийг алданги 11.568.950 төгрөгийн хамт нийт 34.706.850 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч Ө  ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.Т Ө  ХХК нар нь 2019 оны 7 дугаар сарын 25-ний өдөр 07 дугаартай Өрөө хоорондын тусгаарлалтын полистирол бетон хавтан нийлүүлэх, угсрах ажлын гэрээ байгуулан гэрээний хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

Дээрх гэрээний 4.1.т захиалагч ажил гүйцэтгэгчид энэхүү гэрээний 2.1.-д зааснаар ажил, бараа материалын төлбөр болох 240 сая төгрөгийн 40,38% буюу 96.895.500 төгрөгийг бэлнээр, 59,62% буюу 143.104.500 төгрөгийн үнийн дүнд Баянзүрх дүүрэг 26 дугаар хороонд Амартүвшин хотхонд байрлах 86,73 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг бартераар төлөхөөр талууд харилцан тохиролцсон байхад нэхэмжлэгч 92,25 м.кв талбайтай орон сууцыг өгчихөөд 152.229.000 төгрөг өгсөнд тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй юм. Учир нь гэрээнд зааснаар 86,73 м.кв талбайтай орон сууцыг 143.104.500 төгрөгт тооцож өгөх байсан.

Иргэн Тунгалагаас 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр буюу 20.000.000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн, нийт 40.000.000 төгрөг нь Ө  ХХК-ийн захирал Бямбахүүгийн дансанд ороогүй тул хүлээн зөвшөөрөхгүй, бусад шилжүүлсэн гүйлгээ нь Бямбахүүгийн дансанд орсон учраас зөвшөөрдөг

Тус гэрээ хийхээс 5 хоногийн өмнө 2019 оны 7 дугаар сарын 20-ний өдөр манай компани ажилаа эхлүүлэн хэвийн хийж байсан бөгөөд тус гэрээний 4.3 болон 4.4 дүгээр зүйлд заасан захиалагч тал болох Д.Т нь гэрээнд заагдсан үүргээ зөрчиж байгаад холбогдуулж төлбөр болон шилжүүлж өгөх байрны гэрчилгээг нэхэмжлэн ажилаа түр зогсоосон үед Д.Тын нөхөр Евгений өөрийн эзэмшлийн Хаан банкны 6,000,000.000 төгрөгний хадгаламжийн дэвтэр үзүүлж ах нь хадгаламжаа цуцалчих юм бол 600,000,000 төгрөгний хүүгээ алдах гээд байна гэж гуйгаад байхаар нь Бетон угсралтын ажилаа үргэлжлүүлэн явуулсан.

2019 оны 7 дугаар сарын 25-ний өдрийн 07 дугаартай Өрөө хоорондын тусгаарлалтын полистирол бетон хавган нийлүүлэх, угсрах ажлын гэрээний дагуу Ө  ХХК-иас Д.Тт 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 581 ширхэг 871,5м.кв, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 528 ширхэг 792м.кв, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр өдөр 660 ширхэг 990м.кв, 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 576 ширхэг 864м.кв, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 576 ширхэг 864м.кв, 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 300 ширхэг 450м, кв, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 300 ширхэг 450м.кв, 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 260 ширхэг 390 м.кв, 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 285 ширхэг 427,5м.кв, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 125 ширхэг 187.5м.кв, нийт 4191 ширхэг 6286,5м.кв буюу 188.595.000 төгрөгний Өрөө хоорондын тусгаарлалтын полистирол бетон хавтан нийлүүлсэн.

Нэхэмжлэгчтэй хэд хэдэн удаа тооцоо нийлж байсан, хамгийн сүүлд 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр тооцоо нийлж Ө  ХХК-ийн полистрол хавтан нийлүүлэлт, угсралтын ажил хүлээлцсэн актыг үйлдсэн. Энэ актаар нийт хийж гүйцэтгэсэн ажил 5181,74 м.кв, барилгын талбай дээрх угсраагүй үлдэгдэл хавтан 560 ширхэг буюу 833,5 м.кв байна гэдгийг талууд хүлээн зөвшөөрч эрх бүхий ажилтнууд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Дээрх нотлох баримт болон гэрч нараас тодруулж тооцоо нийлүүлж үзэхэд Ө  ХХК-ийн зүгээс 188.595.000 төгрөгний полистирол бетон хавтан нийлүүлсэн. Мөн ажлын хөлсөнд гэрээний 2.1.-д зааснаар 1м.кв угсралтын 10.000 төгрөгөөр бодож нийт 5270м.кв угсралтын ажлын хөлсөнд 52.700.000 төгрөгний ажлын хөлс авсан байдаг.

Иймд иргэн Д.Тунгалгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Ө  ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт илүү төлсөн 23.137.900 төгрөгийг алданги 11.568.950 төгрөгийн хамт нийт 34.706.850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Ө  ХХК /гүйцэтгэгч/, нэхэмжлэгч Д.Т /захиалагч/ нар нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Өрөө хоорондын тусгаарлалтын полистрол бетон хавтан нийлүүлэх, угсрах ажлын гэрээ байгуулж, эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 4-7-р хуудас/

Дээрх гэрээгээр Ө  ХХК /гүйцэтгэгч/ нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 120 айлын орон сууцны барилгын дотор полистрол хавтан нийлүүлэх, угсрах ажлыг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 240.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, Д.Т /захиалагч/ нь ажил, бараа материалын төлбөр болох 240 сая төгрөгийн 40,38% буюу 96.895.500 төгрөгийг бэлнээр, 59,62% буюу 143.104.500 төгрөгийн үнийн дүнд Баянзүрх дүүрэг 26 дугаар хороонд Амартүвшин хотхонд байрлах 86,73 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг бартераар төлөх, бэлнээр төлөх үнийн дүнгийн 10% буюу 9.689.550 төгрөгийг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн ажлын 3 хоногт багтаан төлөх, үлдэгдэл 36,33% буюу 87.205.950 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төлөх, бартерийн байрыг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө гүйцэтгэгч талд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн зэргээс тус тус дүгнэвэл тэдгээрийн хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Мөн уг гэрээгээр 6000 м.кв хавтан нийлүүлэх бөгөөд 1м.кв полистрол хавтанг 30.000 төгрөгөөр, 1 м.кв полистрол хавтанг 10.000 төгрөгөөр угсарч нийт 240.000.000 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцжээ. /6000м.кв х 30.000 өгрөг=180.000.000 төгрөг, 6000 м.кв х10.000 төгрөг=60.000 төгрөг, 180.000.000 төгрөг +60.000 төгрөг =240.000.000 төгрөг/

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд тус хуулийн 343.2, 343.3-д зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба үүрэг гүйцэтгэгч үүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч /захиалагч/ Д.Т нь 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамжны 101 дүгээр байрны 126 тоот байршилтай 92,25 м.кв талбайтай байрыг дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлд бартераар хүлээлгэн өгсөн талаар болон 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр үйлдсэн тооцоо нийлсэн актын дагуу хийж гүйцэтгэсэн ажил 5181,74 м.кв, барилгын талбай дээрх угсраагүй үлдэгдэл хавтан 560 ширхэг буюу 833,5 м.кв байгаа талаар талууд маргадаггүй.

 

Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ө  ХХК-ийн полистрол хавтан нийлүүлэлт, угсралтын ажил хүлээлцсэн актыг үйлдсэн.

Энэ актаар нийт хийж гүйцэтгэсэн ажил 5181,74 м.кв, барилгын талбай дээрх угсраагүй үлдэгдэл хавтан 560 ширхэг буюу 833,5 м.кв байна гэдгийг талууд хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болно. /хх-ийн 79-р хуудас/

Дээрх актаар 5181,74 м.кв х 40.000 төгрөг = 207.269.600 төгрөг

833,5 м.кв х 10.000 төгрөг = 25.005.000 төгрөг, нийт 207.269.600 төгрөг + 25.005.000 төгрөг = 232.274.600 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн талаар:

1.Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр 86,73 м.кв талбайтай орон сууцыг 143.104.500 төгрөгт тооцож өгөхөөр талууд тохирсон /143.104.500 төгрөг: 86,73 м.кв = 1.650.000 төгрөг/ -оос үзэхэд 1 м.кв-ыг нь 1.650.000 төгрөгт тооцсон гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч бартераар 92,25 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгсөн тул 152.212.500 төгрөг /92,25 м.кв х1.650.000 төгрөг = 152.212.500 төгрөг/-ийг барагдуулсан байна.

2. Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Ө  ХХК-д 103.200.000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн гэж байх боловч хариуцагч Ө  ХХК-ийн захирал О.Бямбахүүгийн дансанд 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 20.000.000 төгрөг, мөн өдөртөө 5.000.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 12.500.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1.700.000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 14.000.000 төгрөг нийт 63.200.000 төгрөг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 80-86-р хуудас/

Хариуцагч 63.200.000 төгрөгийг бэлнээр /дансаар/ хүлээн авсан талаар маргадаггүй.

Нэхэмжлэгч Д.Таас 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 40.000.000 төгрөгийг 5131058988 тоот дансанд шилжүүлсэнийг Ө  ХХК-ийн захирал О.Бямбахүүгийн 5753540964, 5009323685, 5800360933, 5753072461, 511433989 тоот дансанд орсон гэж үзэх боломжгүй./хх-ийн 81, 117-121-р хуудас/

Нэхэмжлэгч Д.Таас хариуцагч Ө  ХХК-д 63.200.000 төгрөг /103.200.000-40.000.000= 63.200.000/-ийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Дээрх бүхнээс үзэхэд нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Ө  ХХК-д нийт 215.412.500 төгрөг /152.212.500 төгрөг+63.200.000 төгрөг = 215.412.500 төгрөг/-ийг төлсөн байна.

Хариуцагч Ө  ХХК нь нэхэмжлэгч Д. Тунгалагийн илүү төлсөн 16.862.100 төгрөг /232.274.600 төгрөг -215.412.500төгрөг=16.862.100төгрөг/-ийг буцаан өгөх үүрэгтэй.

3. Өрөө хоорондын тусгаарлалтын полистрол бетон хавтан нийлүүлэх, угсрах ажлын гэрээгээр тохирсон ажил нь гэрээнд заасан хугацаанд хийгдээгүйд гэрээний талууд хэн аль нь буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцсон алдангийг дахин 50 хувиар багасгах нь зүйтэй гэж үзлээ.

16.862.100төгрөг:2=8.431.050 төгрөг, 8.431.050 төгрөг: 2= 4.215.525 төгрөг

 

Иймд хариуцагч Ө  ХХК-иас нэхэмжлэгчийн илүү төлсөн 16.862.100 төгрөгийг алданги 4.215.525 төгрөгийн хамт нийт 21.077.625 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Тт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.629.225 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүзй болгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Ө  ХХК-иас 21.077.625 /хорин нэгэн сая далан долоон мянга зургаан зуун хорин таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Т-т олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.629.225 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 408.762 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ө  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 352.192 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО