Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 00091

 

 

 

 

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00091

 

Х.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/02599 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.Дгийн хариуцагч Н.Од холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 14 472 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Н.Од 9 648 000 төгрөгийг ямар ч хүүгүй, барьцаагүйгээр зээлдүүлэн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан, гэрээнд заасны дагуу В.Отгонцэцэгийн Хаан банкны 5037047429 тоот дансанд шилжүүлсэн. Н.О нь мөнгийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөрт багтаан бүрэн төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөлгүй хохироож байна. Зээлийн гэрээг бичгээр үйлдэж, хугацаа хэтрүүлснээс үүссэн алданги тооцох талаар тохирсон. Энэ хэлцэл нь болзол тавьж хийсэн хэлцэл буюу миний хүүхдийг Хятад Улс дахь сургуульд тэнцүүлэх юм бол тухайн зээлсэн төлбөрөө буцааж авахгүй, хэрвээ тэнцүүлээгүй тохиолдолд уг мөнгийг чамд зээлж байгаа байдлаар зээлийн гэрээ хийгээд буцааж шаардахаар байгуулсан бөгөөд хэрвээ тэр тохиолдолд алданги төлнө гэдэг байдлаар болзол тавьж хийсэн. Зээлсэн мөнгөө буцаан шаардахаас гадна хугацаа хэтрүүлснээс үүссэн алдангийг нэмж 4 824 000 төгрөг, үндсэн төлбөр 9 648 000 төгрөг, нийт 14 472 000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Д нь зээлийн гэрээний дагуу зээл 9 648 000 төгрөг, алданги 4 824 000 төгрөг, нийт 14 472 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.Д болон Н.О нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ бодитой байгуулагдаагүй. Нэхэмжлэгчийн хариуцагчид зээлдүүлсэн гэх 9 648 000 төгрөг нь хариуцагчид зээл өгсөн гэх зүйл биш бөгөөд Х.Д нь өөрийн хүү Э.Цэлмэгийг БНХАУ-ын их сургуульд, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж суралцуулахад зориулсан хөлс юм. Н.О нь БНХАУ-ын Өвөрмонголын их сургуульд хамт сурдаг Ж.Алтантуяаг “манай дүү Монголд сургуулиа төгсөж байгаа, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж өгөөч, туслаач” гэж гуйсны дагуу эгч В.Отгонцэцэгт “энэ талаар хэлж туслах боломж байна уу” гэж гуйсан. Эгч нь цаашаа холбогдох хүмүүстэй ярилцан, тэтгэлэгт хамруулахад тодорхой хэмжээний төлбөртэй, 4000 ам.доллар төлнө гэхэд Х.Д болон түүний хүү Э.Цэлмэг нар хүлээн зөвшөөрч, түүнийг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар болсон. Улмаар 2018 оны 8 дугаар сард хичээл эхлэх бакалаврын 100 хувийн тэтгэлэгт хамрагдах урилга нь Монголд ирж, Э.Цэлмэгийг БНХАУ-ын Өвөрмонголын Үндэсний их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, сургуульд нь элсүүлж оруулсан. 2018 оны 9 дүгээр сард Э.Цэлмэг нь сургуульдаа очоод жилийн хугацаатай оршин суух виз хүсэхийн тулд заавал эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай байдаг тул Э.Цэлмэг шинжилгээнд орсон. Шинжилгээгээр өвчтэй гарсан тул эрүүл мэндийн шалтгааны улмаас Монгол руу буцан ирж, сургуулиасаа хасагдсан. Энэ байдал Х.Дгийн хүү Э.Цэлмэгээс өөрөөс нь шалтгаалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.Огоос 14 472 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг баримтлан Х.Дгоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 310 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх тул” гэжээ. Гэтэл талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан бодит зээлийн гэрээ хэрэгт авагдсан байдаг. Шүүх ямар үндэслэлээр зуучлалын гэрээ байгуулсан гэж үзэж зуучлалын харилцаа үүссэн гэж тодорхойлсноо тайлбарлаагүй. Талууд хоорондоо зээлийн гэрээнээс гадна тодорхой болзол тохирсон хэлцэл байсныг нэхэмжлэгч хариуцагч аль аль тал нь хүлээн зөвшөөрсөн гэхдээ энэ уг зуучлалын гэрээний харилцаа байгаагүй. Шүүх өөрийн санаачлагаар зуучлалын гэрээг тодорхойлсон байна. Мөн зээлийн гэрээг үгүйсгээгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт зээлийн гэрээ зээлдэгчид биш харин  В.Отгонцэцэгийн дансанд тухайн зээлийн төлбөр шилжсэн байх тул уг гэрээ бодит биш гэж дүгнэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас Отгонцэцэгийг хариуцагчаар татуулахаар хүсэлтийг гаргасан боловч шүүхээс түүнийг хэргийн хариуцагч биш гэж үзсэн тул хүсэлтийг хангахаас татгалзсан байж жинхэнэ зээлдэгч нь Отгонцэцэг гэж дүгнэсэн нь шудрага бус шийдвэр гарах үндэслэл болсон гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Х.Д нь хариуцагч Н.Од холбогдуулан  зээлийн гэрээний үүрэгт 14 472 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зуучлалын гэрээний хөлс гэж маргажээ.

Хэргийн 3 дугаар талд Х.Д Н.О нар 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар 9,648,000 төгрөгийг ямар ч хүүгүй, барьцаагүйгээр зээлдүүлэх, мөнгийг В.Отгонцэцэгийн Хаан банкны 5037047429 тоот дансанд шилжүүлэх талаар тохиролцсон “Зээлийн гэрээ” авагдсан байна.

Нэхэмжлэгч Х.Д нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр В.Отгонцэцэгийн Хаан банкны 5037047429 дугаар дансанд 9 648 000 төгрөгийг “Эрдэнэбаатарын Цэлмэг сур төлбөр 94040959” гэх утгаар бичиж шилжүүлсэн нь Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон./хх4/

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан, БНХАУ-ын Өвөрмонголын үндэсний их сургуулийн бичиг, материал, мөнгийг шилжүүлсэн баримт, гэрч В.Отгонцэцэг, Ж.Алтанцэцэг нарын мэдүүлэг зэрэг баримтыг харьцуулан үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн хөрөнгийг зээлэх, буцаан төлөх хүсэл зориг илэрхийлэгдээгүй байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг байгуулагдаагүй байна. Иймд зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй юм./хх24-28,32-35,38-40/

Хариуцагч татгалзлын үндэслэлээ “... 9 648 000 төгрөг нь хариуцагчид зээл өгсөн гэх зүйл биш бөгөөд Х.Д нь өөрийн хүү Э.Цэлмэгийг БНХАУ-ын их сургуульд буюу сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж суралцуулахад зориулсан хөлс ...” гэж талуудын хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан гэх агуулгаар тайлбарлажээ.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт “Зуучлалын гэрээгээр зуучлуулагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хэрэв талууд зуучлалын гэрээ байгуулсан тохиолдолд зуучлагч буюу хариуцагч нь нэхэмжлэгч Х.Дг хүүхдийг нь суралцуулах, холбогдох сургуультай холбож өгч, хөлс авах ёстой. Хариуцагчийн тайлбараас үзэхэд тэтгэлэгт хамруулах зорилгоор мөнгийг авсан гэх хэдий ч их сургуулийн тэтгэлэгт хамруулах, тэтгэлэг өгөх нь тухайн сургуулийн эрх хэмжээний асуудал ба хариуцагчид иргэний хувьд хамаарахгүй юм.

Түүнчлэн, хариуцагч “... В.Отгонцэцэг мөнгийг цааш нь дамжуулан өгсөн ...” гэж  тайлбарлах боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна. Тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан тайлбар, татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс тэдний хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заажээ.

Хариуцагч Н.О нь В.Отгонцэцэгийн дансаар дамжуулан 9 648 000 төгрөгийг хүлээн авсан ба бусдын мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан гэж дүгнэхээр байна. Иймээс, хариуцагчаас уг мөнгөн хөрөнгийг гаргуулах үндэслэлтэй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцнэ.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримтад харьцуулан үнэлж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөнөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн тул хариуцагч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд нэхэмжлэлийн алдангитай холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зөв юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/02599 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Огоос 9 648 000 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Х.Дд олгож, нэхэмжлэлээс 4 824 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “ үлдээж, Н.Огоос 169 318 төгрөгийг гаргуулж Х.Дд олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 130 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА

                                       ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

                                                                                       Б.НАРМАНДАХ