Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00346

 

  

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/02599 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0091 дүгээр магадлалтай,  

*******гийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох  

Зээлийн гэрээний үүрэгт 14,472,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулууны гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ******* нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,472,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/02599 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******гоос 14,472,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан *******гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,310 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0091 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2020/02599 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******гоос 9,648,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 4,824,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, *******гоос 169,318 төгрөгийг гаргуулж *******д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, мөн хуулийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан. Давж заалдах шатны шүүхийн үндэслэх хэсэгт ...В.Отгонцэцэг мөнгийг цааш нь дамжуулан өгсөн... гэж тайлбарлах боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна. Тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5, 38 дугаар зүйлийн 38-д заасан тайлбар, татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ гэж, мөн хариуцагч ******* нь В.Отгонцэцэгийн дансаар дамжуулан 9,648,000 төгрөгийг хүлээн авсан ба бусдын мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан гэж дүгнэхээр байна. Иймээс хариуцагчаас уг мөнгөн хөрөнгийг гаргуулах үндэслэлтэй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ гэж дүгнэсэн. Хариуцагч ******* нь гэрч В.Отгонцэцэг болон Ж.Алтантуяа нарыг шүүхэд асуулган, тэрхүү шилжүүлсэн мөнгөнөөс аваагүй, БНХАУ-ын Өвөр Монголын сургуулийн багш Төмөрбаганад хүлээлгэн өгсөн гэдгийг мэдүүлсэн байдаг. Шүүх нь энэхүү гэрчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу үнэлж шийдвэрлээгүй. ******* сургуульд хамт сурдаг найз Ж.Алтантуяа болон нэхэмжлэгчийн гуйлт хүсэлтийн дагуу түүний хамаатан дүү буюу нэхэмжлэгч *******гийн хүүг тэтгэлэгт сургуульд хамруулахаар сургуулийн эрх бүхий багштай холбон өгсөн. Зуучлагчийн хэлснээр зуучлалын хөлсийг төлж, 4 жилийн хугацаатай, бакалаврын зэрэгтэй, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөртэй сургуульд сургах болсон. Энэхүү сургуульд сургах үүргээ биелүүлсэн. Гагцхүү эрүүл мэндийн шалтгааны улмаас сургуулиас хасагдсан. Ийм тохиолдол үүсээгүй байсан бол өнөөдөр сургуульдаа явж байх байсан. Сургуульд оруулж өгсөн учраас түүнтэй холбоотой бүх баримтуудыг шүүхэд хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... гэжээ.  

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулууны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн хариуцагч *******гоос 14,472,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******гоос 9,648,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 4,824,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.  

7. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2018.05.29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг 9,648,000 төгрөг, алданги 4,824,000 төгрөг, нийт 14,472,000 төгрөг гаргуулах... гэж тодорхойлсон байна. 

Хариуцагч ******* ...зээлийн гэрээ бодитой байгуулагдаагүй, зээлдүүлсэн гэх 9,648,000 төгрөг нь хариуцагчид зээл өгсөн гэх зүйл биш бөгөөд ******* нь өөрийн хүү Э.Цэлмэгийг БНХАУ-ын их сургуульд, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж суралцуулахад зориулсан хөлс юм. ...нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж мэтгэлцжээ. 

8. Зохигчийн хооронд зээлийг төлөх үүрэгтэй эсэх, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа маргааны зүйл болжээ. 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,824,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

9. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

10. *******, ******* нар 2018.05.29-ний өдрөөс 2018.06.15-ны өдрийг хүртэл хугацаагаар 9,648,000 төгрөгийг хүүгүй, барьцаагүйгээр зээлдүүлэх, мөнгийг В.Отгонцэцэгийн Хаан банкны 5037047429 тоот дансанд шилжүүлэх талаар тохиролцсон зээлийн гэрээ хэрэгт авагдсан байна. 

Нэхэмжлэгч ******* 2018.05.30-ны өдөр В.Отгонцэцэгийн Хаан банкны 5037047429 дугаар дансанд 9,648,000 төгрөгийг Эрдэнэбаатарын Цэлмэг сур төлбөр 94040959 гэх утгаар бичиж шилжүүлсэн нь Хаан банкны орлогын мэдүүлгийн баримт, зохигчийн тайлбараар нотлогдсон байна.  

11. Давж заалдах шатны шүүх зохигчийн тайлбар, БНХАУ-ын Өвөрмонголын үндэсний их сургуулийн бичиг, материал, мөнгийг шилжүүлсэн баримт, гэрч В.Отгонцэцэг, Ж.Алтанцэцэг нарын мэдүүлэг зэрэг баримтыг харьцуулан үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн хөрөнгийг зээлэх, буцаан төлөх хүсэл зориг илэрхийлэгдээгүй, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцжээ. 

12. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д Зуучлалын гэрээгээр зуучлуулагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна. 

Хариуцагч ...9,648,000 төгрөг зээлийн зүйл биш, ...*******гийн хүү Э.Цэлмэгийг БНХАУ-ын их сургуульд буюу сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж суралцуулахад зориулсан хөлс... гэх тайлбарыг гаргасан боловч их сургуулийн тэтгэлэгт хамруулах, тэтгэлэг өгөх нь тухайн сургуулийн эрх хэмжээний асуудал ба хариуцагчид иргэний хувьд хамаарахгүй талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

13.1. Талуудын байгуулсан 2018.05.30-ны өдрийн гэрээний 2.3-т 9,648,000 төгрөгийг В.Отгонцэцэгийн Хаан банкны 5037047429 тоот дансанд шилжүүлэхээр хэн аль нь тохиролцсон байдал, гэрч В.Отгонцэцэгийн ...*******д ХААН банкны данс байхгүй гээд миний данс руу хийчих гээд хийсэн..., Ж.Алтантуяагийн ...хүүхдээ сургуульд оруулахын тулд ******* *******д мөнгө өгч, ******* мөнгө авсан... гэх мэдүүлгүүд, Хаан банкны 5037047429 дугаар дансанд 9,648,000 төгрөгийг Эрдэнэбаатарын Цэлмэг сур төлбөр 94040959 гэх утгаар бичиж шилжүүлсэн орлогын баримтаас дүгнэвэл ******* *******гийн зөвшөөрлийн дагуу В.Отгонцэцэгийн ХААН банкны 5037047429 тоот дансанд мөнгийг шилжүүлсэн нь тогтоогдож байна. 

Тодруулбал: Нэхэмжлэгч *******гийн ...В.Отгонцэцэгийн данс руу мөнгө шилжүүлэхийг ******* өөрөө хүссэн... гэх тайлбар дээр дурдсан баримаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон гэж үзнэ. 

Нөгөөтэйгүүр хариуцагч ******* *******гийн ...В.Отгонцэцэгийн данс руу мөнгө шилжүүлэхийг ******* өөрөө хүссэн... гэсэн тайлбарт маргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөнд тооцно.  

13.2. Эдгээр байдлаас дүгнэвэл Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар *******г мөнгө шилжүүлэх үүргээ эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгсөн болно. 

14. Хариуцагч *******гийн ...В.Отгонцэцэг мөнгийг цааш нь дамжуулан өгсөн... гэх тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

15. Хариуцагч ******* 9,648,000 төгрөгийг В.Отгонцэцэгийн дансаар дамжуулан хүлээн авсан ба бусдын мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

16. Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хариуцагчийн үүргийг тодорхойлж, *******гоос 9,648,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 4,824,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалт, агуулгад нийцсэн байна. 

17. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулууны гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй учир хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 0091 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулууны гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169,318 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 П.ЗОЛЗАЯА

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                 Г.АЛТАНЧИМЭГ

                                                 ШҮҮГЧИД                  Б.МӨНХТУЯА

                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД