Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 00116

 

 

 

 

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00116

 

Д.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг, даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02745 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Гийн хариуцагч Б.Мд холбогдуулан гаргасан 5 060 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Б.М нь 2019 оны 01 дугаар сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлэн авсан. 1 200 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан богөөд 800 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан байдаг. 2 000 000 төгрөгөөс 6 хувийн хүү тооцоход сарын 120 000 төгрөг болж байгаа бөгөөд 2 сарын хугацаагаар үржүүлэн тооцвол 240 000 төгрөг болж байна. Зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 2 240 000 төгрөгөөс өдрийн 0.5 хувийн алданги тооцоход өдрийн 11 200 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232.4-г заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу 1 120 000 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна. Мөн зээлийн гэрээ байгуулаагүйгээр дансаар 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 700 000 төгрөгийг зээлэн авсан болно. Гэтэл зээлдэгч өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон зээлийн хүүгээ төлөхгүй нэхэмжлэгчийг хохироосоор байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч өнөөдөр өгнө, маргааш өгнө гэж худлаа үнэн шалтаг шалтгаан тооцсоор өнөөдрийг хүрсэн тул арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу алдангийн хэмжээ үндсэн зээлээс хэтэрч байгаа тул 50 хувиар тооцож 1,120,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Зээлийн гэрээ байгуулах үед дансаар 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 700,000 төгрөгийг зээлж авсан. Гэтэл зээлдэгч өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон зээлийн хүү төлөхгүй нэхэмжлэгчийг хохироогоод байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2 000 000 төгрөг, зээлийн хүү 240 000 төгрөг, алданги 1 120 000 төгрөг, зээлийн гэрээ байгуулаагүйгээр дансаар авсан 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 700 000 төгрөг, нийт 5 060 000 төгрөг гаргуулж гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Гийн нэхэмжилж буй 2019/01/31-ний өдөр өгсөн гэх 2 сая төгрөгийг дансаар болон бэлнээр аваагүй бөгөөд 2019 оны 2 сарын 2-ны 13:00-д дансаар 7% хүүтэй 1 сая төгрөг авсан. Уг зээлийг 2019 оны 2 сарын 10-ны 17:05-д 140,000 төгрөг, 2019 оны 3 сарын 1-ний 10:00-д 1 сая төгрөгийг дансаар шилжүүлэн бүрэн төлж дуусгасан. 2019 оны 03 сарын 03-ны өдөр 20:00-д дансаар 1 сая төгрөг зээлэн авч уг зээлийг мөн 2019 оны 03 сарын 15-ны 19:30-д 800,000 төгрөг, 2019 оны 9 сарын 26-ны 16:43-д 300,000 төгрөгийг дансаар тус тус шилжүүлэн бүрэн төлж дуусгасан. Нэхэмжлэгч Дамдиндоржийн Гүрдорж нь 2019 оны 03-р сарын 09-ний өдөр Нохойхүү овогтой Гиймаа/ЕА84122302/-тай утсаар холбогдон Нохойхүү овогтой Гиймаад 700,000 төгрөгийн зээл өгөхөөр болсон бөгөөд уг мөнгөө миний дансанд 2019 оны 03 сарын 09-ний 19:18-д шилжүүлэн хийснийг 2019 оны 03 сарын 09-ний 19:25-д би Н.Гиймаагийн 5064304894 тоот дансруу хийсэн учир уг зээлд миний бие холбоогүй болно. Тиймээс энэхүү 700,000 төгрөгийг Нохойхүү овогтой Гиймаагаас нэхэмжилнэ үү. 2,000,000 төгрөгийн гэрээг би санахгүй байна. Тухайн үед би 800,000 төгрөгийг хувиараа зээлж байсан. Тэрийгээ эргүүлээд 03 дугаар сарын 15-ны өдөр төлсөн байдаг. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мөн н.Гиймаа гэдэг хүнтэй гэрээ хийж юм бичүүлээд надаас авч байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мгийн өмгөөлөгч Т.Баярдалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баримтаар мөнгө шилжүүлсэн зүйл харагдаагүй. Бэлнээр өгсөн гэж байгаа боловч бэлнээр өгсөн баримт байхгүй. 2,000,000 төгрөгийг өгсөн үйл баримт тогтоогдохгүй байна. 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр авсан зээлээс 150,000 төгрөг төлөгдөөгүй гэж тайлбар хийсэн. Сая судалсан баримтаар 08 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 09 дүгээр сарын 26-ны өдөр 300,000 төгрөг нийт 800,000 төгрөгийг өгсөн. Мөн 50,000 төгрөгийг өгсөн гэж тайлбар хийж байгаа. 800,000 төгрөг баримтаар нотлогдож байна. Өмнө нь мөн 800,000 төгрөгийг зээлж авсан. Тэр мөнгийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр буцааж өгсөн. 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 700,000 төгрөг Д.Гийн данснаас Б.Мгийн дансанд шилжээд тэр даруй н.Гиймаагийн дансанд орсон. н.Гиймаа буцаагаад төлбөрөөс нийт 252,000 төгрөгийг төлсөн нь тогтоогдож байна. Мөн бусдын мөнгийг дамжуулдаг үйл баримт тогтоогдож байна. 700,000 төгрөг Б.Мд хамааралгүй гэж үзэх үндэслэл харагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа 150,000 төгрөгөөс бусдын хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Мөн нотлох баримтын үндэслэл болсон Зээлийн гэрээ гээд байгаа баримт хуулийн шаардлага хангахгүй. Хэзээ үйлдэгдсэн нь тодорхойгүй, он, сар засвартай, нөхөж бичсэн үйл баримт тогтоогддог. Хэдийгээр Зээлийн гэрээ байгуулагдсан ч гэсэн заавал мөнгө шилжиж орсон байх ёстой. Ийм ийм зүйл баримтаар нотлогдохгүй байна. Тийм учраас 150,000 төгрөгөөс бусдыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.      

Шүүх: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6, 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Мгээс нийт 3 240 000/гурван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Д.Гид олгож, үлдсэн 1 820 000/нэг сая найман зуун хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 96 000 төгрөгөөс 95 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 90 төгрөгийг, хариуцагч Б.Мгээс улсын тэмдэгтийн хураамжид 66 790 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Гид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.М би Д.Гоос нэг ч удаа бэлэн мөнгө хүлээн авч байгаагүй, мөн 2019 оны 1 сарын 31-ний өдөр зээлийн гэрээ гэж баримт бичгээр үйлдээгүй. 2019 оны 3 сарын 09-ний өдрийн 700 000 төгрөгийн гүйлгээ нь Д.Г нь иргэн Гиймаад зээлсэн мөнгөө миний дансаар дамжуулсан. Гэтэл тэрээр Гиймаа мөнгөө төлөөгүй шалтгаанаар миний дансанд хийсэн гүйлгээгээ ашиглан надаас нэхэмжилсэн. Харин би өөрийн зээлсэн мөнгөө өөрийн дансаар хүлээн авч, түүний дансанд шилжүүлж байсан бөгөөд миний Хаан банкны 5003988079 дугаарын дансны хуулгыг гаргаж өгсөн. Гэвч шүүх 2 000 000 төгрөг зээлээгүйгээ баримтаар нотлоогүй гэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зээлийн гэрээ гэх баримт нь хэзээ, яаж үйлдэгдсэн нь тодорхойгүй, тус гэрээнд зурагдсан гарын үсэг минийх биш. Түүнчлэн, тус гэрээ гэх баримтыг үзэхэд он сар өдөр, хүү, хугацаа тогтоосон хэсэг бүхэлдээ засвартай, өөр өнгийн балаар нөхөн бичилт хийсэн бичвэртэй байдаг. Энэ нь надад 2 сая төгрөг хүлээлгэж өгөөд бичсэн, харилцан тохиролцож хүү, хугацаа тогтоосон гэж шууд үнэлэхэд учир дутагдалтай. Нэхэмжлэгч 800 000 төгрөгийг дансаар, 1 200 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж нэхэмжлэлдээ дурдсан ба 1 200 000 төгрөг бэлнээр өгсөн баримт байхгүй. Гэтэл шүүх Д.Гийн Голомт банкны 1405111535 данснаас гарсан зарлагыг болон маргаан дагуулсан зээлийн гэрээ гэх бичгийг шууд Б.М надад хамаатуулж, 2 000 000 төгрөг зээлсэн, зээлийн гэрээ байгуулагдсан, төлбөр хийгдээгүй гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй. Харин би 2019 оны 1 сарын 31-ний өдөр 800 000 төгрөгийн зээлийг 2019 оны 3 сарын 15-ны өдөр 800 000 төгрөг, 2019 оны 2 сарын 02-ны өдрийн 1 000 000 төгрөгийн зээлийг 2019 оны 2 сарын 10-ны өдөр 140 000 төгрөг, 2019 оны 3 сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг тус тус шилжүүлж төлсөн. Мөн 2019 оны 3 сарын 08-ны өдрийн 1 000 000 төгрөгийн зээлийг 2019 оны 8 сарын 01-ний өдөр 500 000 төгрөг дансаар, 50 000 төгрөгийг бэлнээр, мөн 2019 оны 9 сарын 26-ны өдөр 300 000 төгрөгийг тус тус шилжүүлж буцаан төлбөр хийсэн ба уг зээлээс 150 000 төгрөгийн төлбөр дутуу байдаг. Энэ нь нэхэмжлэгчийн Хаан банкны 5028791562 дугаарын дансны хуулга болон Б.М миний Хаан банкны дансны хуулгаар бүрэн тогтоогдож байгаа. Иймээс шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, 2019 оны 3 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт Б.М төлөх ёстой 150 000 төгрөгийг гаргуулж, бусад хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж чадаагүй, Иргэний хуулийн зохих зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах шаардлагатай байна.

            Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Б.Мд холбогдуулан 5 060 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг буюу 150 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг зөвшөөрөхгүй маргасан.

            Д.Г нь Б.Мд 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн хугацаанд 2 800 000 / 800 000+1 000 000+1 000 000/ төгрөг зээлж, Б.М нь 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 26-ны хооронд 2 740 000 /140 000+1 000 000+800 000+500 000+300 000/ төгрөгийг буцаан төлсөн үйл баримт хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 12-17 дугаар тал/

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцнэ.

Түүнчлэн, 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчийн данс руу шилжүүлсэн гэх 700 000 төгрөгт холбогдох шаардлагыг “зээлдэгчид зээлүүлсэн” болох нь нотлогдоогүй гэх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй болно. Учир нь уг мөнгийг нэхэмжлэгч бусдад зээлүүлэх зорилгоор хариуцагчийн дансыг ашиглан гүйлгээ хийсэн, хариуцагч тухайн этгээд болох Н.Гиймаад шилжүүлсэн нь Хаан банкны дансны хуулгаар нотлогдсон, үүнийг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон талаар зохигч хэн аль нь гомдол гаргаагүй байна. /хх15/ 

Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ “2 сая төгрөгийн гэрээг бичгээр байгуулсан” гэж тайлбарлан  хэргийн 4 дүгээр талд авагдсан “Зээлийн гэрээний баримт үйлдэх нь” гэх баримтыг заажээ. Гэвч уг баримтад гэрээний хугацаа, хүүгийн хэмжээ зэрэг нь засвартай байгаа учир Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7, 43 дугаар зүйлийн 43.2.1-т нийцээгүй бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзэхгүй юм.

Тодруулбал, нэхэмжлэгч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зээлийн хүү, алданги шаардах эрхгүй болно.

 Эдгээр нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгөөс 60 000 /2 800 000-2 740 000/ төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байх тул түүнээс 5 060 000 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.

Харин хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 150 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул зээлдэгчийн төлбөл зохих үүргийг энэ хэмжээгээр тодорхойлох нь талуудын зарчимд нийцнэ.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримтад харьцуулан дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн дээрхи зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж зээлдэгчийн үүргийг буруу тооцож, зээлийн хүү, алданги зэргийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь алдаатай байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулах боломжтой байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02745 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Мгөөс 150 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Гид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 910 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “66 790” гэснийг “5 150” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

                                       ШҮҮГЧИД                                Э.ЗОЛЗАЯА

                                                                                       Б.НАРМАНДАХ