Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 181/ШЗ2020/02745

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Г-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.М-д холбогдох,

 

5 060 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Б.М нь 2019 оны 01 дугаар сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлэн авсан. 1 200 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан богөөд 800 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан байдаг.

2 000 000 төгрөгөөс 6 хувийн хүү тооцоход сарын 120 000 төгрөг болж байгаа бөгөөд 2 сарын хугацаагаар үржүүлэн тооцвол 240 000 төгрөг болж байна.

Зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 2 240 000 төгрөгөөс өдрийн 0.5 хувийн алданги тооцоход өдрийн 11 200 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232.4-г заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу 1 120 000 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна.

Мөн зээлийн гэрээ байгуулаагүйгээр дансаар 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 700 000 төгрөгийг зээлэн авсан болно.

Гэтэл зээлдэгч өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон зээлийн хүүгээ төлөхгүй нэхэмжлэгчийг хохироосоор байна.

Зээлдэгчийн зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч өнөөдөр өгнө, маргааш өгнө гэж худлаа үнэн шалтаг шалтгаан тооцсоор өнөөдрийг хүрсэн тул арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу алдангийн хэмжээ үндсэн зээлээс хэтэрч байгаа тул 50 хувиар тооцож 1,120,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Зээлийн гэрээ байгуулах үед дансаар 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 700,000 төгрөгийг зээлж авсан. Гэтэл зээлдэгч өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон зээлийн хүү төлөхгүй нэхэмжлэгчийг хохироогоод байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2 000 000 төгрөг, зээлийн хүү 240 000 төгрөг, алданги 1 120 000 төгрөг, зээлийн гэрээ байгуулаагүйгээр дансаар авсан 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 700 000 төгрөг, нийт 5 060 000 төгрөг гаргуулж гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Боржигон овогтой Дамдиндоржийн Г/ЖИ88061111/ нь нэхэмжилж буй 2019/01/31-ний өдөр өгсөн гэх 2 сая төгрөгийг дансаар болон бэлнээр аваагүй бөгөөд 2019 оны 2 сарын 2-ны 13:00-д дансаар 7% хүүтэй 1 сая төгрөг авсан. Уг зээлийг 2019 оны 2 сарын 10-ны 17:05-д 140,000 төгрөг, 2019 оны 3 сарын 1-ний 10:00-д 1 сая төгрөгийг дансаар шилжүүлэн бүрэн төлж дуусгасан.

2. 2019 оны 03 сарын 03-ны өдөр 20:00-д дансаар 1 сая төгрөг зээлэн авч уг зээлийг мөн 2019 оны 03 сарын 15-ны 19:30-д 800,000 төгрөг, 2019 оны 9 сарын 26-ны 16:43-д 300,000 төгрөгийг дансаар тус тус шилжүүлэн бүрэн төлж дуусгасан.

3. Нэхэмжлэгч Дамдиндоржийн Г нь 2019 оны 03-р сарын 09-ний өдөр Нохойхүү овогтой Гиймаа/ЕА84122302/-тай утсаар холбогдон Нохойхүү овогтой Гиймаад 700,000 төгрөгийн зээл өгөхөөр болсон бөгөөд уг мөнгөө миний дансанд 2019 оны 03 сарын 09-ний 19:18-д шилжүүлэн хийснийг 2019 оны 03 сарын 09-ний 19:25-д би Н.Гиймаагийн 5064304894 тоот дансруу хийсэн учир уг зээлд миний бие холбоогүй болно. Тиймээс энэхүү 700,000 төгрөгийг Нохойхүү овогтой Гиймаа /ЕА84122302/-аас нэхэмжилнэ үү. /БЗД-ийн 16-р хороо 166-22-13 тоот/

2,000,000 төгрөгийн гэрээг би санахгүй байна. Тухайн үед би 800,000 төгрөгийг хувиараа зээлж байсан. Тэрийгээ эргүүлээд 03 дугаар сарын 15-ны өдөр төлсөн байдаг. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мөн н.Гиймаа гэдэг хүнтэй гэрээ хийж юм бичүүлээд надаас авч байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Б.Мгийн өмгөөлөгч Т.Баярдалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баримтаар мөнгө шилжүүлсэн зүйл харагдаагүй. Бэлнээр өгсөн гэж байгаа боловч бэлнээр өгсөн баримт байхгүй. 2,000,000 төгрөгийг өгсөн үйл баримт тогтоогдохгүй байна. 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр авсан зээлээс 150,000 төгрөг төлөгдөөгүй гэж тайлбар хийсэн. Сая судалсан баримтаар 08 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 09 дүгээр сарын 26-ны өдөр 300,000 төгрөг нийт 800,000 төгрөгийг өгсөн. Мөн 50,000 төгрөгийг өгсөн гэж тайлбар хийж байгаа. 800,000 төгрөг баримтаар нотлогдож байна. Өмнө нь мөн 800,000 төгрөгийг зээлж авсан. Тэр мөнгийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр буцааж өгсөн. 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 700,000 төгрөг Д.Гийн данснаас Б.Мгийн дансанд шилжээд тэр даруй н.Гиймаагийн дансанд орсон. н.Гиймаа буцаагаад төлбөрөөс нийт 252,000 төгрөгийг төлсөн нь тогтоогдож байна. Мөн бусдын мөнгийг дамжуулдаг үйл баримт тогтоогдож байна. 700,000 төгрөг Б.Мд хамааралгүй гэж үзэх үндэслэл харагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа 150,000 төгрөгөөс бусдын хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Мөн нотлох баримтын үндэслэл болсон Зээлийн гэрээ гээд байгаа баримт хуулийн шаардлага хангахгүй. Хэзээ үйлдэгдсэн нь тодорхойгүй, он, сар засвартай, нөхөж бичсэн үйл баримт тогтоогддог. Хэдийгээр Зээлийн гэрээ байгуулагдсан ч гэсэн заавал мөнгө шилжиж орсон байх ёстой. Ийм ийм зүйл баримтаар нотлогдохгүй байна. Тийм учраас 150,000 төгрөгөөс бусдыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Г хариуцагч Б.Мд холбогдуулан үндсэн зээлд 2 000 000/хоёр сая/ төгрөгийг, зээлийн хүүнд 240 000/хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг, алдангид 1 120 000/нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг, үндсэн зээлд 1 000 000/нэг сая/ төгрөгийг, үндсэн зээлд 700 000/долоон зуун мянга/ төгрөгийг, нийт 5 060 000/таван сая жаран мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.М нь би 3 дугаар сарын 08-ны өдөр авсан мөнгөнөөс 150 000/нэг зуун тавин мянга/ төгрөгийг эргүүлж төлөөгүй байгаа, тэрийг хүлээн зөвшөөрч байна гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Зээлийн гэрээ байгуулсан болох нь Зээлийн гэрээ, Голомт банк дахь 1405111535 дугаар дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Тус Зээлийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь 2 000 000/хоёр сая/ төгрөгийг, 2/хоёр/ сарын хугацаатай, сарын 6/зургаа/ хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5/тэг аравны тав/ хувийн алданги тооцохоор, хариуцагч нь хугацаандаа төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн болох нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээ/цаашид “Гэрээ” гэх/-ээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1-т “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.”, 282.3-т “... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2 000 000/хоёр сая/ төгрөгийг аваагүй гэж маргаж байх боловч тус тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2 000 000/хоёр сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Гэрээ болон Голомт банк дахь 1405111535 дугаар дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2 000 000/хоёр сая/ төгрөгийн зээлийн төлбөрт төлөлт хийгээгүй болох нь зохигчийн тайлбар, Голомт банк дахь 1405111535 дугаар дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 2 000 000/хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2 000 000/хоёр сая/ төгрөгийн зээлийн хүүнд 240 000/хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид хүүний төлбөрт төлөлт хийгээгүй болох нь зохигчийн тайлбар, Голомт банк дахь 1405111535 дугаар дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 2 000 000/хоёр сая/ төгрөгийн зээлийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хүүнд 240 000/2000000х6%=120000, 120000x2=240000/ /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 1 120 000/нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан.

 

Гэрээнд алдангийг 0.5/тэг аравны тав/ хувиар тооцохоор харилцан тохиролцсон болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 1 000 000/2000000х0.5%=10000, 2019.03.31-2020.03.31=365, 10000x365=3650000, 2000000:2=1000000/ /нэг сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д “Хүүгээс анз тооцохгүй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хүүний төлбөрөөс алданги тооцсон байх тул нэхэмжлэгчийн алдангид нэхэмжилсэн 1 120 000/нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөгөөс 120 000/1120000-1000000=120000/ /нэг зуун хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 1 000 000/нэг сая/ төгрөгийг шилжүүлсэн байх боловч хариуцагч нь уг 1 000 000/нэг сая/ төгрөгийн зээлийг бүрэн төлж барагдуулсан болох нь Голомт банк дахь 1405111535 дугаар дансны хуулга, Хаан банк дахь 5003988079 дугаар дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр олгосон зээл гэх 700 000/долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх боловч уг 700 000/долоон зуун мянга/ төгрөгийн зээлийг иргэн Н.Гиймаад олгосон болох нь Голомт банк дахь 1405111535 дугаар дансны хуулга, Хаан банк дахь 5003988079 дугаар дансны хуулга, Н.Гиймаагийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6, 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас нийт 3 240 000/2000000+240000+1000000=3240000/ /гурван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгож, үлдсэн 1 820 000/5060000-3240000=1820000/ /нэг сая найман зуун хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6, 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Мгээс нийт 3 240 000/гурван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Д.Гид олгож, үлдсэн 1 820 000/нэг сая найман зуун хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6, 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Мгээс нийт 3 240 000/гурван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Д.Гид олгож, үлдсэн 1 820 000/нэг сая найман зуун хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 96 000 төгрөгөөс 95 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 90 төгрөгийг, хариуцагч Б.Мгээс улсын тэмдэгтийн хураамжид 66 790 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Гид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

даргалагч, шүүгч                                   С.ХИШИГБАТ