Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 60

 

М.Н-ийн нэхэмжлэлтэй, ГСА-ийн УБ-ийн хэлтэст

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:          Х.Батсүрэн

Шүүгчид:                        Г.Банзрагч

                                        Ч.Тунгалаг

                                        П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:               Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга: Э.Номин-Эрдэнэ

Нэхэмжлэлийн шаардлага: “...ГСА-ийн УБ-ийн хэлтэст Сүмбэр сумын 3-р баг, 4-р байрны 122 тоотод байрлах орон сууцны УБ-ийг М.Н- миний нэр дээр бүртгэхийг даалгах, хариуцагч М.Н- миний нэр дээр УБ- хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 113/ШШ2018/0012 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0639 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч М.Н-, түүний өмгөөлөгч Э.Сайханаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ууганбат, гуравдагч этгээд “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, Р.Идэрмөнх нар,

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 113/ШШ2018/0012 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн УБ-ийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, М.Н-ийг ГСА-ийн Сүмбэр сум, 3 дугаар баг 4 дүгээр байрны 122 тоот орон сууцыг өмчлөгчөөр бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэн өмчлөх эрхийн УБ-ийн гэрчилгээ олгохыг ГСА-ийн УБ-ийн хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0639 дүгээр магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 113/ШШ2018/0012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн УБ-ийн тухай /2003/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт заасныг баримлан нэхэмжлэгч М.Н-ийн “ГСА-ийн Сүмбэр сум, 3 дугаар баг, 4 дүгээр байрны 122 тоот орон сууцны УБ-ийг нэхэмжлэгч М.Н- миний нэр дээр бүртгэхийг даалгуулах, ГСА-ийн УБ-ийн хэлтэс тус аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 4 дүгээр байрны 122 тоот орон сууцыг М.Нарангэрл миний дээр УБ- хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч М.Н, түүний өмгөөлөгч Э.Сайханаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0639 дүгээр магадлалаа гаргахдаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн УБ-ийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.2, 24 дүгээр зүйлийн 24.4, 24.6 дахь заалтыг хэрэглээгүй, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-г буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

4. М.Н-, Г.Янжинсүрэн, Д.Пүрэвчулуу нар нь хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх хөрөнгө олж авах журмын дагуу Сүмбэр сум 3-р баг, 4-р байр 122 тоот орон сууцыг өмчлөх эрхийг олж авсан ч шүүхийн шийдвэр, тогтоолоор /ГСА-ийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 134/ШШ2016/00098 дугаартай шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00978 дугаар тогтоол/ Г.Янжинсүрэн, Д.Пүрэвчулуу нарын үл хөдлөх эд хөрөнгө олж авсан хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус-д тооцогдсоноор өмнөх өмчлөгч М.Н-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хадгалагдах хууль зүйн үндэслэлтэй.

5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т хэлцэл хийсэн талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцааж өгөх гэсэн хуулийн заалтын хүрээнд мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай УБ-д бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн ч гаргах гэснийг үндэслэн нэхэмжлэгч М.Н- мэдүүлэг /УБ-ийн байгууллагад/, шүүхэд нэхэмжлэл гаргаж Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

6. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалынхаа үндэслэх хэсэгт Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн УБ-ийн тухай хуулийн /2003/ ...14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол,” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч М.Н-ийн хувьд маргаж буй орон сууцыг өмчлөгч болохыг нотолсон баримт байхгүйгээс гадна нэхэмжлэлд дурдсан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 978 дугаар тогтоолоор түүнийг өмчлөгчөөр тогтоогоогүй, харин иргэн Г.Янжинсүрэнг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улмаар бүртгэлийн байгууллага уг тогтоолыг үндэслэн “...Г.Янжинсүрэнг маргаж буй орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл хүчинтэй байхад хариуцагчаас нэхэмжлэгч М.Н-ийг өмчлөгчөөр бүртгэх боломжгүй гэж татгалзсан нь дээрх хуулийн заалттай нийцсэн нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчөөгүй байна” гэснээс үзэхэд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 978 дугаар тогтоолыг ташаа ойлгож хэрэглэсэн, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, эрхийн УБ- үнэн зөв байх зарчмыг хангаагүй байна.

7. Дээрх Улсын Дээд шүүхийн 978 тогтоолд Г.Янжинсүрэнг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоогоогүй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг үндэслэсэн Сүмбэр сумын 3-р баг, 4-р байр 122 тоот орон сууцыг өмчлөгчөөр бүртгэхийг ГСА-ийн УБ-ийн хэлтэст даалгасан. Хэргийн бодит байдал болох М.Н-ээс Г.Янжинсүрэн, Г.Янжинсүрэнгээс Д.Пүрэвчулууд шилжүүлсэн хэлцлүүд шүүхийн шийдвэр, тогтоол ёсоор хүчин төгөлдөр бус-д тооцогдсон байхад Г.Янжинсүрэн маргаан бүхий орон сууцны өмчлөгч байх боломжгүйн дээр, эрхийн УБ- үнэн зөв байх зарчим мөн хангагдах боломжгүй болно.

8. Иймд, эрхэм шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0639 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “...ГСА-ийн Сүмбэр сумын 3-р баг 4-р байрны 122 орон сууцыг М.Н-ийн нэр дээр бүртгэхийг УБ-ийн хэлтэст даалгах болон М.Н-ийн нэр дээр УБ- хийгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” тухай М.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хангах боломжгүй гэж үзлээ.

10. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу дүгнэсэн, хэрэглэвэл зохих Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн УБ-ийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

11. ГСА-ийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 98 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 978 дугаар тогтоол зэрэг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн нэхэмжлэгч М.Н-ийг ГСА-ийн Сүмбэр сумын 3-р баг 4-р байрны 122 орон сууцны өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан захиргааны байгууллагын шийдвэр нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн УБ-ийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” гэж тус тус заасантай нийцсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзнэ.  

12. Нэхэмжлэгч М.Н-, Г.Янжинсүрэн нарын хооронд байгуулсан 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г үндэслэн ГСА-ийн Сүмбэр сумын 3-р баг 4-р байрны 122 орон сууцыг Г.Янжинсүрэнгийн нэр дээр, Г.Янжинсүрэн, Д.Пүрэвчулуу нарын хооронд байгуулсан 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Худалдах худалдан авах гэрээ”-г үндэслэн уг орон сууцыг  Г.Янжинсүрэнгийн өмчлөлөөс Д.Пүрэвчулуугийн өмчлөлд тус тус шилжүүлэн бүртгэсэн, дээрх “Худалдах худалдан авах тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 978 дугаар тогтоолыг үндэслэн УБ-ийн байгууллага орон сууцыг Д.Пүрэвчулуугийн өмчлөлөөс Г.Янжинсүрэнгийн нэр дээр бүртгэсэн одоогоор уг орон сууцны өмчлөгчөөр Г.Янжинсүрэн бүртгэлтэй талаарх үйл баримтуудын тухайд хэргийн оролцогчид маргаангүй байна. 

13. Харин нэхэмжлэгч нь Улсын Дээд шүүхийн 2017 оны 978 дугаар тогтоолыг  үндэслэн өөрийг нь маргаж буй сууцны өмчлөгчөөр бүртгэх үндэслэлтэй хэмээн, хариуцагч нь “...бүртгэл хуулийн дагуу хийгдсэн, ...шүүхийн шийдвэрт заагдаагүй зүйлийг бүртгэлийн байгууллагаас шаардаж байгаа нь буруу...” гэж тус тус маргасан, нэхэмжлэгчийн шаардсан үндэслэлээр эрхийн УБ-д өөрчлөлт оруулж, түүнийг өмчлөгчөөр бүртгэхийг даалгах боломжгүй.  

14. Учир нь, эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх нь эрхийн УБ-д өөрчлөлт оруулах үндэслэл болохыг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн УБ-ийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т тодорхой заасан бөгөөд дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг өмчлөгч болохыг тогтоогоогүй, түүний нэр дээр маргаж буй орон сууцыг бүртгэхийг хариуцагчид даалгаагүй, өөрөөр хэлбэл М.Н-ийг өмчлөгчөөр бүртгэх эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

15. Мөн нэхэмжлэгч М.Н- нь маргаж буй орон сууцыг анх өмчилж байсныг үгүйсгээгүй, харин гэрээ, хэлцлийн үндсэн дээр орон сууц бусдын өмчлөлд шилжсэн, холбогдох гэрээ хэлцлийг шүүхээс хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон боловч, орон сууцыг нэхэмжлэгчид буцаан өмчлүүлэх боломжгүй, М.Н- нь зөвхөн орон сууцны үнийг Г.Янжинсүрэнгээс гаргуулах эрхтэйг тогтоосон ГСА-ийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 98 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байгаа болно. 

16. Анхан шатны шүүх дээрх үйл баримтуудыг буруу дүгнэж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтуудыг үгүйсгэсэн, зөрчилтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь буруу болжээ.

17. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэглэвэл зохих маргааны үйл баримтад хамааралтай тухайн цаг үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн УБ-ийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0639 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.БАТСҮРЭН

  ШҮҮГЧ                                                      Л.АТАРЦЭЦЭГ