Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00244

 

 

 

 

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00244

 

 

 

 

З.Сын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02789 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч З.Сын хариуцагч “А.Т.Т” ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 8 677 147 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч З.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.С миний бие 7576 УБУ улсын дугаартай, 2017 онд үйлдвэрлэгдсэн хөх өнгийн, Mercedes Benz V250 маркийн, WDF44781313341395 арлын дугаартай автомашины хууль ёсны эзэмшигч, өмчлөгч юм. Тус автомашиныг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өмчлөгч миний зөвшөөрлөөр иргэн П.Ганхуяг ашиглан Хүүхдийн Ордны баруун урд талд замын хөдөлгөөнд оролцож байх үед нь А.Т.Т ХХК-ийн эзэмшлийн 0396 УНЯ улсын дугаартай, DAEWOO BS106 маркийн нийтийн зорчигч тээврийн автобусны жолооч Д.Мөнх-Очир нь 7576 УБУ улсын дугаартай манай авто машины араас мөргөж осол гаргасан. Уг зөрчлийг эрх бүхий этгээд шалгаад автобусны жолоочийн буруутай үйлдэл болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.51-д зааснаар хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн. Улмаар Mercedes Benz автомашины албан ёсны борлуулагч MCM групп ХХК-д автомашиныхаа ослын улмаас учирсан хохирлоо тодорхойлуулахад 18 677 147 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд 7576 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид учирсан бодит хохирол юм. Дээрх хохирлоос буруутай этгээдийн албан журмын даатгалаас 10 000 000 төгрөг хүртэлх төлбөрийг барагдуулах боломжтой гээд надад дансаар шилжүүлсэн ба харин үлдэх 8 677 147 төгрөг нь хохирол болон үлдэж байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-д учруулсан хохирлыг арилгуулах, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорын нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу учирсан бодит хохирол 8 677 147 төгрөгийг гаргуулж өнгө үү гэжээ.

Хариуцагч “Автотерминал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна гэж заасныг үндэслэн Вендо компанийн хийсэн 11 465 489 төгрөгийн үнэлгээний дагуу 10 000 000 төгрөгийг З.С нь даатгалаас авсан ба зөрүү 1 465 489 төгрөгийг манай “А.Т.Т” ХХК хохирогч З.Ст өгөх санал тавьсан байгаа. Энэ 11 465 489 төгрөгийн үнэлгээ хохирогчид нийцээгүй байсан бол Үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 үнэлгээчний үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад гомдол гаргах гэж заасны дагуу үнэлгээнд гомдол гаргах эрх нь хохирогчид байсан. Үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 Хөрөнгийн үнэлгээ хийх гэж хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээчний хараат бус үйл ажиллагааг, мөн хуулийн 3.1.6 хөрөнгийн үнэлгээний суурь гэж хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход баримталсан зах зээлийн ба зах зээлийн бус үнийн талаарх үндэслэлийг гэсэн заалтыг баримтлан МСМ Групп ХХК-ийн сэлбэг захиалгын үнийн саналыг үндэслэв гэж Вендо ХХК-ийн тайланд тусгасан байна. Мөн тус хуулийн 9.2.1 хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, мөн хуулийн 9.2.3 хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх, мөн хуулийн 8.2 Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дангаараа, эсхүл төрийн холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний аргачлалыг баталж, мөрдүүлнэ гэж заасан байна. Шүүх дараах зүйлийг анхааралдаа авна уу. Үүнд: 6 дугаар сарын 18-ны өдрийн осолд ямар ч холбогдолгүй урд купер засвар, хажуу хаалганы засвар будгийн ажилд төлсөн гэх 2 195 454 төгрөг, НӨАТ нэмсэн дүнгээр 2 415 000 төгрөгийн нэхэмжлэх, мөнгө төлсөн баримтууд хавсаргасан байгааг нотлох баримтаас хасаж өгнө үү. Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК хойд купер дунд зэргийн эвдрэлтэй дахин засварлах боломжтой гэж үзээд 550 000 төгрөгийн үнэлгээ хийсэн байна. Хохирогч Сүхбаатар нь шинээр 3 654 761 төгрөгөөр шинэ сэлбэг авч тавьсан. Сүхбаатарын баримтад Авто зогсоолын тоормосны гэрлийг шалгах 669 900-419 400 төгрөг гэжээ. Энэ ослын хохиролд хамааралгүй гэж үзэж байна. Хэвэнд оруулах гэж 1 891 191 төгрөгийг үнийн санал дээр бичсэн мөртлөө 1 891 191 төгрөгийг сэлбэгийн мөнгө төлсөн баримтад автомашины сэлбэг нэршлээр бичсэн нь ойлгомжгүй хохирлыг өсгөсөн гэж үзэж байна. Тусгай зөвшөөрөл бүхий Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн үнэлгээ нь хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно. Хөрөнгийн үнэлгээ хийхэд олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, аргачлалыг удирдлага болгоно гэсэн хуулийн заалтуудыг ашигласан байгааг шүүх анхааралдаа авахыг хүсэж байна. Мөн 3 жил гаруй хугацаанд ашигласан машины сэлбэг эд ангиар тооцуулан төлүүлэхээр хандаж байгааг зөвшөөрөхгүй ба шинэ сэлбэг авч тавьсан үнийн зөрүүг хохирол гэж үзэхгүй байна. Албан ёсны хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг үнэлгээний Вендо ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайланд үнэлгээг ашиглаж болох нөхцөлүүдэд Буруутай эзнээр хохирол төлүүлэх, даатгалаас нөхөн төлбөр авах гэж заасныг үндэслэн хохирлын зөрүү 1 465 489 төгрөгийг төлөх саналтай байна. Иймд нэхэмжлэлийн 7 211 739 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А.Т.Т” ХХК-аас 8 677 147 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Ст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153 784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А.Т.Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 153 784 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Ст олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч болох “А.Т.Т” ХХК-ийн жолооч Д.Мөнх-Очир нь 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр З.Сын эзэмшдэг 7576 УБУ улсын дугаартай Mersedes benz V250 загварын автомашины араас мөргөж осол гаргасан. “А.Т.Т” ХХК нь бүх авто тээврийн хэрэгслийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулсан тул даатгалын тохиолдол үүсч, Даатгалын хохирол үнэлэх тусгай зөвшөөрөл бүхий Вендо ХХК нь З.Сын автомашинд учирсан хохирлын хэмжээг тогтоосон. Вендо ХХК-ийн тайланд автомашинд учирсан хохирлыгтооцон гаргахдаа “МСМ Групп” ХХК- ийн сэлбэг захиалгын үнийн саналыг үндэслэж хохирлыг 11 465 489 төгрөгөөр тогтоосон байсан. “Бодь даатгал”, “Монгол даатгал’ ХХК^-иуд энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч 10 сая төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг З.Ст олгосон. Үлдэгдэл 1 465 489 төгрөгийг манай компани төлөхийг зөвшөөрч байгаа. Харин нэхэмжлэгч тал хохирлын хэмжээг “МСМ групп” ХХК-ийн үйлчилгээний үнийн санал болох 18 677 147 төгрөгийг үндэслэж 8 677 147 төгрөг нэхэмжилсэн ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх “МСМ групп” ХХК-ийн үнийн саналыг үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Эд хөрөнгөнд учруулсан гэм хорыг түүнийг арилгах үүрэг бүхий этгээд тухайн эд хөрөнгийг сэргээн засварлаж, ашиглалтын хэвийн байдалд оруулах, сэргээн засварлах боломжгүй бол бусад хөрөнгөөр солих эсвэл мөнгөөр нөхөн барагдуулах үүрэгтэй. З.Сын автомашины зарим эвдэрсэн эд ангийг сэргээн засварлаж, хэвийн байдалд оруулах боломжтой байсан. Хөрөнгийн хохирол үнэлгээний “Вендо” ХХК хохирлын хэмжээг тогтоохдоо шинээр солих сэлбэр хэрэгсэл, сэргээн засварлах эд ангийг ялган тодорхойлж, шинээр солих сэлбэг хэрэгслийн үнийг “МСМ групп” ХХК-ийн үнийн санал авч хохирлын хэмжээг тоггоосон. Харин “МСМ групп” ХХК нь бүх эд ангийг шинээр солих үнийн санал гаргасан. Эд хөрөнгийн хохирлыг арилгах зарчмын дагуу хөрөнгийн хохирол үнэлгээний “Вендо” ХХК-ийн үнэлгээг баримтлах нь зүйтэй юм. Гэвч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс бүх эд ангийг шинээр солихыг дэмжиж “МСМ групп” ХХК-ийн үнэлгээг баримталсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж алдаа гаргаснаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч З.С нь хариуцагч “А.Т.Т” ХХК-д холбогдуулан автомашинд учруулсан гэм хорын хохиролд 8 677 147 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “А.Т.Т” ХХК-ийн жолооч Д.Мөнх-Очир нь 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр тус компанийн эзэмшлийн 0396 УНЯ улсын дугаартай Daewoo маркийн автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас П.Ганхуягийн жолоодож явсан 7576 УБУ улсын дугаартай Mercedes benz V250 маркийн автомашиныг мөргөж хохирол учруулсан болох нь зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон./хх5,6-7/

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Хэргийн 37, 42-44 дүгээр талд автомашин техникийн эвдрэл, хохирлыг тогтоосон “Вендо” ХХК-ийн үнэлгээний тайлан болон “MCM групп” ХХК-ийн засвар үйлчслгээний нэхэмжлэх гэх баримтууд авагджээ.

Зам тээврийн осолд өртсөн 7576 УБУ улсын дугаартай Mercedes benz V250 маркийн автомашин нь З.Сын өмчлөлийн эд хөрөнгө, 2017 онд үйлдвэрлэгдэж 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр импортлогдсон болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, техникийн тодорхойлолтоор нотлогдсон./хх5/

Нэхэмжлэгч нь “... уг ослын улмаас өөрийн өмчлөлийн автомашиныг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээхэд 18 677 147 төгрөг бодитоор зарцуулсан бөгөөд “MCM групп” ХХК-аар 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр автомашинаа засварлуулж, 18 677 147 төгрөгийг төлсөн...” гэж, хариуцагч нь “... дээрх автомашины эвдрэл хохирлыг тогтоосон “Вендо” ХХК-ийн 11 465 489 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрнө...” гэж тус тус тайлбарлажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Вендо” ХХК-ийн дээрх үнэлгээг эс зөвшөөрсөн болон автомашины эвдрэл гэмтэлийн хохирлын талаар шинжээч томилох хүсэлтийг зохигчдын хэн алины зүгээс гаргаагүй байна.

Түүнчлэн, шүүх Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасныг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзнэ.

Тодруулбал, “МСМ групп” ХХК-ийн засвар үйлчилгээний нэхэмжлэх нь тухайн эд ангиудын шинээр худалдаж авсан үнэ байх ба харин 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Вендо” ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлан нь эдгээр эд ангийн элэгдлийг тооцсон үнэлгээг гаргасан байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна. Нэхэмжлэгч нь гэм хорын хохирлыг арилгахдаа автомашины арын хамгаалалт /хойд буфер/-ыг засан сайжруулах боломжтой байхад шинээр сольж тавьсан, багажны /арын/ хаалга, арын цонх, хойд гэрэл зэрэг зарим эд зүйлийн элэгдэлийг тооцох байтал шинэ эд ангийн үнээр тооцож шаардсаныг  үндэслэл бүхий болсон, түүнд учирсан бодит хохирол гэж дүгнэх боломжгүй болно.

Иргэний хуулийн дээрх зохицуулалтаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь оруулах, сэргээх үүрэгтэй болохоос тодорхой хугацаанд эзэмшиж ашиглаж байсан эд хөрөнгийг шинэ зүйлээр сольж өгөх үүрэг хүлээнэ гэж ойлгох учиргүй юм.

Иймээс, хариуцагчийн тайлбар, гомдлыг үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэгчид учирсан бодит хохирол болох 11 465 000 төгрөгийн үнийн дүнгээс урьдчилан төлөгдсөн 10 000 000 төгрөгийг хасч хариуцагч байгууллагаас гэм хорын хохиролд 1 465 000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцнэ. Энэ үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

Мөн шүүх тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч арилгахтай холбоотой талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд хамааралтай хуулийн нарийвчилсан зохицуулалт байсаар атал ажил олгогч ажилтны учруулсан гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэсэн нь учир дутагдалтай байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон хариуцагчаас 1 465 000 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02789 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “498 дугаар зүйлийн 498.1” гэснийг хасч, “8 677 147” гэснийг “1 465 000” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 212 147 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “153 784” гэснийг “38 390” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 336 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.       

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                       ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

                                                                                       Б.НАРМАНДАХ