Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2020/02789

 

2020 10 14 183/ШШ2020/02789

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, шүүгч Ж.Сэмжид, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ................. тоот хаягт оршин суух Б овогт З.С /000000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ..................... тоот хаягт үйл ажиллагаа явуулах А ХХК /РД:000000/-д холбогдох

Гэм хорын хохиролд 8 677 147 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.С миний бие 0000 улсын дугаартай, 2017 онд үйлдвэрлэгдсэн хөх өнгийн, Mercedes Benz V250 маркийн, 0000000000000000 арлын дугаартай автомашины хууль ёсны эзэмшигч, өмчлөгч юм. Тус автомашиныг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өмчлөгч миний зөвшөөрлөөр иргэн П.Г ашиглан Хүүхдийн Ордны баруун урд талд замын хөдөлгөөнд оролцож байх үед нь А ХХК-ийн эзэмшлийн 0000 УНЯ улсын дугаартай, DAEWOO BS106 маркийн нийтийн зорчигч тээврийн автобусны жолооч Д.М нь 0000 улсын дугаартай манай авто машины араас мөргөж осол гаргасан. Уг зөрчлийг эрх бүхий этгээд шалгаад автобусны жолоочийн буруутай үйлдэл болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.51-д зааснаар хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн. Улмаар Mercedes Benz автомашины албан ёсны борлуулагч М ХХК-д автомашиныхаа ослын улмаас учирсан хохирлоо тодорхойлуулахад 18.677.147 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчид учирсан бодит хохирол юм. Дээрх хохирлоос буруутай этгээдийн албан журмын даатгалаас 10.000.000 төгрөг хүртэлх төлбөрийг барагдуулах боломжтой гээд надад дансаар шилжүүлсэн ба харин үлдэх 8.677.147 төгрөг нь хохирол болон үлдэж байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-д учруулсан хохирлыг арилгуулах, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорын нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу учирсан бодит хохирол 8.677.147 /найман сая зургаан зуун далан долоон мянга нэг зуун дөчин долоон/ төгрөгийг гаргуулж өнгө үү гэв.

 

Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна гэж заасныг үндэслэн В компанийн хийсэн 11.465.489 төгрөгийн үнэлгээний дагуу 10.000.000 төгрөгийг З.С нь даатгалаас авсан ба зөрүү 1.465.489 төгрөгийг манай А ХХК хохирогч З.Ст өгөх санал тавьсан байгаа. Энэ 11.465.489 төгрөгийн үнэлгээ хохирогчид нийцээгүй байсан бол Үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 үнэлгээчний үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагад гомдол гаргах гэж заасны дагуу үнэлгээнд гомдол гаргах эрх нь хохирогчид байсан. Үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 Хөрөнгийн үнэлгээ хийх гэж хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээчний хараат бус үйл ажиллагааг, мөн хуулийн 3.1.6 хөрөнгийн үнэлгээний суурь гэж хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход баримталсан зах зээлийн ба зах зээлийн бус үнийн талаарх үндэслэлийг гэсэн заалтыг баримтлан МСМ Групп ХХК-ийн сэлбэг захиалгын үнийн саналыг үндэслэв гэж В ХХК-ийн тайланд тусгасан байна. Мөн тус хуулийн 9.2.1 хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, мөн хуулийн 9.2.3 хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх, мөн хуулийн 8.2 Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дангаараа, эсхүл төрийн холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний аргачлалыг баталж, мөрдүүлнэ гэж заасан байна. Шүүх дараах зүйлийг анхааралдаа авна уу. Үүнд: 6 дугаар сарын 18-ны өдрийн осолд ямар ч холбогдолгүй урд купер засвар, хажуу хаалганы засвар будгийн ажилд төлсөн гэх 2.195.454 төгрөг, НӨАТ нэмсэн дүнгээр 2.415.000 төгрөгийн нэхэмжлэх, мөнгө төлсөн баримтууд хавсаргасан байгааг нотлох баримтаас хасаж өгнө үү. Хөрөнгийн үнэлгээний В ХХК хойд купер дунд зэргийн эвдрэлтэй дахин засварлах боломжтой гэж үзээд 550.000 төгрөгийн үнэлгээ хийсэн байна. Хохирогч С нь шинээр 3.654.761 төгрөгөөр шинэ сэлбэг авч тавьсан. Сын баримтад Авто зогсоолын тоормосны гэрлийг шалгах 669.900-419.400 төгрөг гэжээ. Энэ ослын хохиролд хамааралгүй гэж үзэж байна. Хэвэнд оруулах гэж 1.891.191 төгрөгийг үнийн санал дээр бичсэн мөртлөө 1.891.191 төгрөгийг сэлбэгийн мөнгө төлсөн баримтад автомашины сэлбэг нэршлээр бичсэн нь ойлгомжгүй хохирлыг өсгөсөн гэж үзэж байна. Тусгай зөвшөөрөл бүхий Хөрөнгийн үнэлгээний В ХХК-ийн үнэлгээ нь хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно. Хөрөнгийн үнэлгээ хийхэд олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, аргачлалыг удирдлага болгоно гэсэн хуулийн заалтуудыг ашигласан байгааг шүүх анхааралдаа авахыг хүсэж байна. Мөн 3 жил гаруй хугацаанд ашигласан машины сэлбэг эд ангиар тооцуулан төлүүлэхээр хандаж байгааг зөвшөөрөхгүй ба шинэ сэлбэг авч тавьсан үнийн зөрүүг хохирол гэж үзэхгүй байна. Албан ёсны хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг үнэлгээний В ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайланд үнэлгээг ашиглаж болох нөхцөлүүдэд Буруутай эзнээр хохирол төлүүлэх, даатгалаас нөхөн төлбөр авах гэж заасныг үндэслэн хохирлын зөрүү 1.465.489 төгрөгийг төлөх саналтай байна. Иймд нэхэмжлэлийн 7.211.739 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.С нь хариуцагч А ХХК-д холбогдуулан автомашинд учруулсан гэм хорын хохиролд 8 677 147 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч З.С нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ В ХХК-ийн үнэлгээгээр З.Сын өмчлөлийн 0000УБУ улсын дугаартай Mercedes Benz V250 маркийн автомашинд учирсан эвдрэл гэмтлийг засварлахад нийт 11 465 489 төгрөг шаардлагатай гэж гарсан боловч бодит байдал дээр автомашиныг 18 677 147 төгрөгөөр засуулсан, үүнээс 10 000 000 төгрөг төлөгдсөн тул 8 677 147 төгрөг төлөгдөөгүй үлдсэн бөгөөд зам тээврийн осол гаргасан буруутай этгээд болох Д.Мийн унаж явсан 0000 УНЯ улсын дугаартай Daewoo маркийн автомашины өмчлөгч нь А ХХК байгаа учраас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зааснаар тухайн автомашины өмчлөгчөөс гаргуулахаар шаардаж байна гэх тайлбарыг гаргасан байна.

 

Хариуцагч А ХХК нь .....албан ёсны хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг үнэлгээний В ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан үнэлгээг хүлээн зөвшөөрөх ба үнэлгээнээс төлөгдөөгүй байгаа 1.465.489 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэж маргасан байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Д.М нь 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Хүүхдийн ордны баруун урд талд А ХХК-ийн эзэмшлийн 0000 УНЯ улсын дугаартай Daewoo маркын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас П.Гийн жолоодож явсан 0000 улсын дугаартай Mercedes benz V250 маркийн автомашиныг мөргөж осол гаргажээ /х.х-ийн 6-7 дугаар тал/.

Энэхүү ослын улмаас П.Гийн 0000УБУ улсын дугаартай Mercedes benz V250 маркийн жолоодож явсан автомашинд 18 677 147 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд жолооч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Тодруулбал Д.М нь зам тээврийн ослыг өөрийн буруутай үйлдлээс шалтгаалж гарсан талаар маргаагүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.51-д заасны дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг цагдаагийн эрх бүхий албан хаагч оногдуулжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулсантай холбогдуулан цагдаагийн байгууллагаас хохиролтой холбоотойгоор шинжээч томилох ажиллагаа хийгдээгүй, харин 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр П.Гийн захиалгаар В ХХК-иар үнэлгээ хийлгүүлэхэд автомашины эвдрэлийг засварлахад 11 465 489 төгрөг гарахаар тайлан гарсан, З.С нь хохиролд 10 000 000 төгрөгийг авсан талаар талууд маргаагүй.

Гагцхүү нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн 0000 улсын дугаартай Mercedes benz V250 маркийн автомашиныг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээхэд 18 677 147 төгрөг бодитоор зарцуулсан тул түүнийгээ гэм буруутай этгээдээс гаргуулах, хариуцагч нь хэдэн төгрөгөөр засагдсан нь хамааралгүй, тухайн үед даатгалын байгууллагаас 10 000 000 төгрөгийг авахдаа гаргуулж байсан В ХХК-ийн 11 465 489 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрнө гэж маргадаг.

Нэхэмжлэгч З.С нь өөрийн өмчлөлийн 0000 улсын дугаартай Mercedes benz V250 маркийн автомашиныг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр буюу осол болсон өдрөөс нэг хоногийн дараа М ХХК-иар засварлуулахаар үнийн санал авч, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр автомашинаа засварлуулж дууссан гэх бөгөөд хэрэгт 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн үнийн санал, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн нэхэмжлэх, мөн 18 677 147 төгрөгийг төлсөн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөр огноолсон и-баримтыг, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 9 000 000 төгрөгийг М ХХК руу шилжүүлсэн орлогын баримт, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 12 092 147 төгрөгийг М ХХК руу шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг тус тус нотлох баримтаар гарган өгчээ.

Эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан байх бөгөөд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан байна.

Улмаар 0000 улсын дугаартай Mercedes benz V250 маркийн автомашиныг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээхэд 18 677 147 төгрөг бодитоор зарцуулагдсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх тул даатгалаас авсан 10 000 000 төгрөг хасаад үлдэх 8 677 147 төгрөгийн гэм хорыг хариуцагч хариуцан арилгах нь хуульд нийцнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тайлбарласан ....6 дугаар сарын 18-ны өдрийн осолд ямар ч холбогдолгүй урд купер засвар, хажуу хаалганы засвар будгийн ажилд төлсөн гэх 2.195.454 төгрөг, НӨАТ нэмсэн дүнгээр 2.415.000 төгрөгийн нэхэмжлэх, мөнгө төлсөн баримтууд хавсаргасан байгааг нотлох баримтаас хасаж өгнө үү гэх хүсэлтийн тухайд нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд ...2415 000 төгрөгийн баримт хэрэгт байгаа ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэх тайлбарыг үндэслээд шүүх бүрэлдэхүүн 2 415 000 төгрөгийн 00000000000 сугалааны дугаартай баримтыг үнэлээгүй болно.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн М ХХК-ийн нэхэмжлэх дээр тусгагдан нэрлэн заасан зарим эвдрэл 2020 оны 6 дугаар сарын 18-ны осолтой хамааралгүй байгаа талаарх тайлбарыг шүүх бүрэлдэхүүн нягталсан ба 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн В ХХК-ийн тайланд нэрлэн заагдсан эвдрэлүүдтэй тохирч байх ба авто зогсоолын тоормосны гэрлийг шалгах ажиллагааг тухайн автомашиныг араас нь мөргөсөн байх тул зайлшгүй хийгдэх ажиллагаа гэж үзэхээр байна.

Д.Мын жолоодож явсан 0000 УНЯ улсын дугаартай Daewoo маркийн автомашины тээврийн хэрэгслийн өмчлөгч нь А ХХК болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд уг тээврийн хэрэгслийг осол болох үед тухайн байгууллагын жолооч Д.М нь унаж явсан байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч нар хэн аль нь маргаагүй.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийг тухайн үед осол гаргасан, тээврийн хэрэгслийн өмчлөгч гэсэн үндэслэлээр хариуцагчаар татсаныг буруутгах үндэслэлгүй, мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т заасны дагуу хариуцагч байгууллага нь ажилтан Д.Мийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Иймд тэдний хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарах ба нэхэмжлэгч нь хариуцагчаас хохирлоо шаардах эрхтэй байна. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч А ХХК-иас 8 677 147 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Ст олгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 8 677 147 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Ст олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153 784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 153 784 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Ст олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       О.ЧУЛУУНЧИМЭГ

                                                             ШҮҮГЧИД                        Ж.СЭМЖИД

                                                   Д.ЭНХЦЭЦЭГ