Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/634

 

 

 

 

     2023           6              22                                       2023/ДШМ/634

 

Т.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Билгүүн,

иргэний нэхэмжлэгч Б.У, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,

шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,

хохирогч Д.С, түүний өмгөөлөгч Х.Сэлэнгэ,

хохирогч Э.М-ын өмгөөлөгч Н.Баярсайхан,

нарийн бичгийн дарга  Д.Тунгалаг  нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/332 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч Б.У-ын өмгөөлөгч Г.Пүрэвдорж, О.Анхбаяр, шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Э-д холбогдох 2102004780066 дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

.............. овгийн ...........-ийн Э, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .............. төрсөн, .. настай, э..эгтэй, .... боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ....-ийн хамт .... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:............./,

Шүүгдэгч Т.Э нь Батлан даалтын сангаас зээл авна гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн Хас банкнаас Д.С-ын шилжүүлсэн 186.600.000 төгрөгийг,

мөн үргэлжилсэн үйлдлээр Э.М-ыг “Би Хятад улсаас машин оруулж ирэх тендер авсан. Машинаа оруулж ирэх гэхээр мөнгө дутаад байна, тендерийн мөнгө авах гээд хүнд мөнгө гүйцээгээд өгөх хэрэгтэй байна” хэмээн хуурч тендер авсан гэх хуурамч баримт бичиг үзүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа бэлнээр 2.500.000 төгрөг, мөн Хаан банкны 5034543293 тоот данс руу 3 удаагийн үйлдлээр 19.500.000 төгрөгийг, нийт 22.000.000 төгрөгийг, 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа Н.Г-ын Хаан банкны 5753521781 тоот данс руу 350.000.000 төгрөгийг, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа С.У-ийн Хаан банкны 5034087238 тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 20.000.000 төгрөгийг тус тус бэлнээр болон дансаар шилжүүлэн залилан авч, Э.М-д нийт 392.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд бусдад нийт 578.600.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Т.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Э-ыг “хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол” учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Э-ыг 3 жил, 6 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан 3 жил, 6 сар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ын урьд цагдан хоригдсон 40 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, 2110009770234 тоот хэргийг нэгтгэсэн, хэрэгт тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, Баянгол дүүргийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 151 дүгээр “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-аас нийт 557.600.000 төгрөг гаргуулж, хохирогч Э.М-д 375.000.000 төгрөг, хохирогч Д.С-д 182.600.000 төгрөг тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Б.У-ын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

            Иргэний нэхэмжлэгч Б.У-ын өмгөөлөгч Г.Пүрэвдорж гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж дүгнэлт гаргаагүй гэж үзэж байна.

Учир нь, гэрч Ш.Т эхний мэдүүлэгтээ “М эгч надтай уулзаад хогны машин нийлүүлэх тендерт оролцоход мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь мөнгө зээлэхээр болж гэрээ байгуулсан. Гэхдээ Баянгол дүүрэгт дэх холбогдох хүмүүсээс мэдээлэл авахад “тийм зүйл байхгүй” гэсэн. Тэгээд би М эгч болон Э-д зээл өгөхөөс татгалзсан” гэсэн, гэрч Ш.Т-аас 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дахин авсан мэдүүлэгт “Би Мыг таньдаг болохоор итгээд М, Э нарыг барьцаалбарт “эд зүйлээ тавиад ир” гэж хэлж явуулаад, явсных нь дараа би дүүргийн хот тохижилтоос асуухад “огт тийм компани ямар ч тийм тендерт оролцсон шалгарсан зүйл байхгүй” гэж хэлсэн. Тэгээд Э.М, Т.Э нар барьцаалбарт эд зүйлээ барьцаалаад ирэхээр нь би Э.М, Т.Э нарт энэ “Ар жаргалантын гол” компани чинь тендерт шалгарсан зүйл байхгүй байна, дүүргийн хот тохижилтоос асуулаа гэтэл Т.Э “цаагуураа таньдаг хүнээр яриулж байгаа асуудалгүй” гэхээр нь би “мөнгө зээлж чадахгүй” гээд, мөнгө зээлээгүй. Харин барьцаалбарт тавьсан эд хөрөнгийг чөлөөлөх бичиг хийж өгч явуулсан. “Хогны машины тендер байхгүй байна гэж Э.М, Т.Э нарыг байхад хэлсэн хоёулаа л мэдэж байгаа” гэсэн, яллагдагч Т.Э-аас 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр авсан мэдүүлэгт “Т нь “Ар жаргалантын гол” компани тендерт шалгарсан зүйл байхгүй, мөнгө зээлэх боломж байхгүй” гэж М эгч бид хоёрт хэлсэн” гэж тус тус мэдүүлсэн.

Шүүх гэрч Ш.Т-ын мэдүүлэгт огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Гэрч Ш.Т-ын мэдүүлгээр Э.М нь “Ар жаргалантын гол” ХХК “хогны машины нийлүүлэх тендер шалгарсан” гэх нөхцөл байдал огт байхгүй, бодит биш болохыг мэдсэн нь нотлогддог. Өөрөөр хэлбэл, Э.М нь Т.Э-д хууртсан гэх нөхцөл баримтаар үгүйсгэгддэг. Э.М зохиомол байдлыг зориудаар мэдсээр байж Т.Э-ын залилан мэхлэх үйлдэлд үйлдлээрээ нэгдэж Б.У руу залгаад “уулзах хэрэгтэй байна” гээд уулзсан. Иргэний нэхэмжлэгч Б.У-тай уулзахдаа шүүгдэгч Т.Э-ыг “миний эгчийн хүүхэд” гэж танилцуулж, “Ар жаргалантын гол” ХХК нь Баянгол дүүрэгт хогны машин нийлүүлэх тендерт шалгарч гэрээ байгуулсан, Хятад Улсаас хогны машинуудыг захиалсан боловч “Монгол улс руу авч ирэхэд мөнгө хэрэгтэй байна, та 350.000.000 төгрөг зээлдүүлээч, бид найдвартай төлнө. Зээлийн барьцаанд нь би үл хөдлөх эд хөрөнгөө тавина” гэж хэлээд “Ар жаргалантын гол” ХХК-ийн бичиг баримтууд, гэрээ үзүүлсэн байдаг. Иргэний нэхэмжлэгч Б.У-д итгэл төрүүлэх зорилгоор Э.М нь” үл хөдлөх эд хөрөнгө барьцаалуулна” гэж хэлсэн. Иргэний нэхэмжлэгч Б.У нь Э.М-д итгэж 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Э.М, Т.Э нартай зээлийн гэрээ байгуулж 350.000.000 төгрөгийг зээлж, мөнгийг Э.М-ын хувийн дансанд шилжүүлсэн.

Э.М нь “Ар жаргалантын гол” компани тендерт шалгараагүй, тийм тендер байхгүйг гэрч Ш.Т-аас мэдсээр атлаа шүүгдэгч Т.Э-тай үйлдлээрээ нэгдэж Б.У-д итгэл үнэмшил төрүүлж, түүнээс зээлийн гэрээ байгуулах нэрийн дор мөнгө авч түүнийг хохироосон. Иймд Э.М нь Б.У-д учирсан хохирлыг арилгах үүрэгтэй этгээд мөн.

Мөн Э.М нь шүүгдэгч Т.Э-тай хамтран үйлдсэн залилан мэхлэх үйлдлээс тодорхой ашиг хүртэх зорилготой байсан нь Э.М болон Т.Э нарын хооронд байгуулсан 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээнээс харагддаг. Уг гэрээгээр Э.М нь Т.Э-д 350.000.000 төгрөг олж өгөх, хариуд нь Т.Э гарсан бүх зардлыг хариуцах, мөн Э.М-д 50.000.000 төгрөгийг зээлийн хүү гэх халхавч нэрийн дор өгөхөөр тохирсон байдаг.

Э.М нь “Ар жаргалантын гол” компани тендерт шалгарсан гэх бодит биш байдлыг Б.У-аас нуугаагүй, Б.У-аас 350.000.000 төгрөг аваагүй байсан бол энэхүү залилан мэхлэх гэмт хэргийн улмаас хохирол учрахгүй байсан. Гэвч Э.М нь үйлдлээрээ Т.Э-тай нэгдэж, бодит биш байдлыг нуун дарагдуулж Б.У-аас 350.000.000 төгрөгийг нь авсан тул иргэний нэхэмжлэгч Б.У-ын иргэний нэхэмжлэлийг энэхүү хэрэгтээ цуг шийдвэрлэх ёстой. Б.У нь урьдын бизнесийн харилцааны явцад бий болсон итгэлдээ үндэслэж Э.М-тай зээлийн гэрээ байгуулж 350.000.000 төгрөгийг Э.М-ын дансанд шилжүүлсэн тул Б.У-д учирсан хохирлыг Э.М хариуцаж төлөх ёстой.

Иймд иргэний нэхэмжлэгч Б.У-ын гаргасан иргэний нэхэмжлэлийг хангаж, иргэний хариуцагч Э.М-аас 350.000.000 төгрөгийг гаргуулж Б.У-д олгуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Т.Э гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогч Д.С-д 8 сарын турш төлбөрийг сар бүр төлж байсан нь баримтаар тогтоогддог бөгөөд ингэхдээ иргэн хоорондын Зээлийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан. Анхан шатны шүүх миний төлсөн хохирлыг тооцолгүй орхигдуулж хохирлын хэмжээг буруу тооцсон. Мөн Б.У-аас зээлсэн 350.000.000 төгрөгийг Хан-Уул дүүрэгт байрлах нотариатаар баталгаажуулан Зээлийн гэрээ байгуулж, зээлдэгчээр Э.М болон миний бие гарын үсэг зурсан байдаг. Э.М нь тус хэргийн талаар мэдэж байсан бөгөөд үүнийг гэрч Төгсбат мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцож, Э.М-ыг иргэний хариуцагчаар тогтоосон. Би Зээлийн гэрээний дагуу хохирол төлбөрийг төлж барагдуулна.

Миний бие хууль шүүхийн байгууллагад хүндэтгэлтэй хандаж ирсэн. Таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч, шүүгдэгчийн үүргийг зөрчиж байгаагүй. Би дээд боловсролтой, улсад 13 жил ажилласан. Дунд сургуулийн болон бага насны насанд хүрээгүй хоёр хүүхэдтэй бөгөөд нөхрөөсөө тусдаа амьдардаг. Эрүүл мэндийн хувьд хууч өвчтэй болох нь эмчийн магадалгаагаар тогтоогдсон. Анх удаа санамсар болгоомжгүй үйлдлээр гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Анх иргэний журмаар гэрээ байгуулан мөнгө зээлсэн. Надаас шалтгаалахгүйгээр ажил маань бүтэлгүйтсэн. Миний нас залуу, өвчин маань хүндрээгүй байгаа үедээ хохирол, төлбөрийн асуудлаа аль болох богино хугацаанд төлөх хүсэлтэй байна. Миний бага хүү 8 сартай, нүдний булчингийн сулралтай, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн ерөнхий эмчийн дүгнэлт гарсан. Хэрэв “хагалгаанд орохгүй бол хүүхдийн нүдний хараа болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө” гэж мэргэжлийн эмч хэлсэн. Бага насны хүүхэд хагалгаанд ороход эцэг эхийн асаргаа зайлшгүй шаардлагатай. Гэр бүлийн хүн маань ажлын зайлшгүй шаардлагаар гадаадад байгаа гэж хэд хоногийн өмнө сонссон. Одоо Улаанбаатар хотод байхгүй. Иймд надад хүүхдээ асрах боломжийг олгож өгнө үү гэж хүсэж байна. Миний ар гэрийн байдал болон эрүүл мэндийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Э-ын өмгөөлөгч Л.Батжаргал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Э-ын гэм буруугийн талаар дүгнэхдээ “Батлан даалтын сангаас зээл авах талаар ямар нэгэн баримт бичиг бүрдүүлсэн, зээл авах талаар нэг ч үйлдэл хийгээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон нь түүнийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Долгорсүрэн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Т.Э-ыг гэрчээр, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Д овогтой Э-г гэрчээр тус тус байцаасан гэрчийн тэмдэглэл хэрэгт авагджээ. /2 хх 42-43, 53-53/,

гэрч Т.Э-ын мэдүүлгээс үзэхэд, “Энхзаяагийн “Энх оюу билэг" ХХК-иар зээл хүсч материал өгсөн” гэж мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлгийн эх сурвалжийг заан Э “Оюу энх билэг” гэх компанийг би дангаар эзэмшдэг. Манай дүү Э Төрийн банкнаас зээл авахаар материал өгч хөөцөлдөж байгаа.” гэж мэдүүлжээ.

Дээрх гэрч нарын мэдүүлгээс үзэхэд, анхан шатны шүүхийн “Батлан даалтын сангаас зээл авах талаар ямар нэгэн баримт бичиг бүрдүүлсэн, зээл авах талаар нэг ч үйлдэл хийгээгүй” гэх дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй болох нь тодорхой байна.

Нөгөөтээгүүр, анхан шатны шүүх шүүгдэгч Т.Э нь хохирогч Д.С-ыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгосон гэж дүгнэсэн.

Гэтэл зээлдүүлэгч Д.С нь зээлдэгч Т.Э-д 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 3.8 хувийн хүүтэй 40.000.000 төгрөгийг, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 6 хувийн хүүтэй 55.000.000 төгрөгийг, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 10 хувийн хүүтэй 20.000.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10 хувийн хүүтэй 40.000.000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 10 хувийн хүүтэй 9.000.000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 10 хувийн хүүтэй 3.000.000 төгрөгийг, 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 10 хувийн хүүтэй 20.000.000 төгрөгийг, нийт 187.000.000 төгрөгийг тус тус зээлсэн,

зээлдэгч Т.Э нь 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2.070.000 төгрөг, 3 дугаар сарын 16-ны өдөр 2.075.000 төгрөгийг, 4 дүгээр сарын 16-ны өдөр 2.070.000 төгрөгийг, 5 дугаар сарын 05-ны өдөр 5.100.000 төгрөгийг, 5 дугаар сарын 06-ны өдөр 6.490.000 төгрөгийг, 6 дугаар сарын 16-ны өдөр 2.075.000 төгрөгийг, 6 дугаар сарын 17-ны өдөр 5.050.000 төгрөгийг, 7 дугаар сарын 09-ний өдөр 18.500.000 төгрөгийг, 7 дугаар сарын 10-ны өдөр 8.500.000 төгрөгийг, 7 дугаар сарын 15-ны өдөр 2.075.000 төгрөгийг, 8 дугаар сарын 11-ний өдөр 19.500.000 төгрөгийг, 8 дугаар сарын 17-ны өдөр 2.075.000 төгрөгийг, 9 дүгээр сарын 08-ны өдөр 2.200.000 төгрөгийг, нийт 87.780.000 төгрөгийг зээлийн хүү гэж Д.С-ын Хаан банкны 5029567062 тоот данс руу шилжүүлсэн байдаг.

Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч Д.С-ын мэдүүлэг /2 хх 26-27, 29, 30-31,33-34, 36-37/, Т.Э-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /2 хх 39-41,42- 43, 44-45, 47-49/, Д.С-ын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 59/ зэргээр нотлогддог.

Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж үзвэл Д.С, Т.Э нар нь зээлийн гэрээ буюу хэлцэл байгуулах замаар иргэний эрх зүйн харилцаа тэдний хооронд үүссэн байх бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу Д.С, Т.Э-д мөнгө буюу эд хөрөнгөө шилжүүлснээр тэдний хооронд зээлийн гэрээ байгуулсанд тооцсон гэж хууль зүйн хувьд үзэхээр байна. Залилах гэмт хэргийн тухайд гэмт этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн аваад буцаан өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилготой байдаг.

Гэтэл Д.С, Т.Э нар нь иргэний эрх зүйн харилцаа, Иргэний хууль тогтоомжийн дагуу гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, гэрээгээ дүгнэж зээлдэгчийн хувиар Т.Э нь зээлийн гэрээний дагуу 87.780.000 төгрөгийн хүү төлж ирсэн зэргээс үзэхэд тэрээр анхнаасаа Д.С-ыг залилах гэмт санаа зорилготой байсан, дээрх гэмт хэргийг шунахайн сэдэлтэй үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд иргэд хоорондын гэрээний маргааныг эрүүгийн гэмт хэрэг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Харин шүүгдэгч Т.Э нь хохирогч Д.С-ыг залилсан гэж үзсэн тохиолдолд түүний хүү гэж Д.С-д эргэн төлсөн 87.780.000 төгрөгийг нийт хохирол болох 182.600.000 төгрөгөөс хасч тооцох учиртай. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Т.Э-ыг хохирогч Д.С-д итгэл төрүүлэн залилсан гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчээс 182.600.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Иймээс хохирогч Д.С-ыг залилсан гэх үйлдэл холбогдол нь иргэний эрх зүйн харилцаа байх тул түүний дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. Д.М-ыг залилсан гэх үйлдлийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж тодруулан хуульчилжээ. Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааг цогц утгаар илэрхийлдэг.

Ингэхдээ шүүхээс шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг. Дээрх байдлыг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргах учиртай.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “...хэрэгт хохирогч Э.М-ыг иргэний хариуцагчаар, Б.У-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй, Б.У нь гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд бус иргэд хоорондын зээлийн гэрээний оролцогч тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна, ...Э.М нь эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд бус болох нь тогтоогдсон. ...” гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.”, 2 дахь хэсэгт “...гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ. ...” гэж заасантай нийцэхгүй юм.

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Анхан шатны шүүх хэрэгт харилцан зөрүүтэй нотлох баримтын аль нэгийг нь үнэлэхдээ бусад нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлийг зааж чадаагүй гэж үзэж байна.

Учир нь, Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Т.Ангар-Эрдэнэ 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ш.Т-аас дахин гэрчээр хууль сануулан мэдүүлэг авсан байдаг. /З хх 187-188/

Тэрээр “...Э, М нар нь ирээд надаас 300-400 сая төгрөг зээл гэхээр нь би “юу хийх гэж байгаа юм” гэхэд Э “Баянгол дүүрэгт хогны машин нийлүүлэх гэрээтэй “Ар жаргалантын гол” ХХК тендерт шалгарсан” ...гэж хэлсэн. ...би дүүргийн хот тохижилтын хүнээс “Ар жаргалантын гол” ХХК хогны машины тендерт шалгарсан эсэхийг асуухад, “тийм компани тендерт орсон, шалгарсан юм байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд Э, М нарт “Ар жаргалантын гол” ХХК нь тендерт шалгарсан зүйл алга, мөнгө зээлж чадахгүй” гэж хэлээд явуулсан. ...Э, М нарыг байхад хэлсэн. Хоёулаа мэдэж байгаа...” гэж мэдүүлжээ.

Дээрх мэдүүлгээс үзэхэд, хохирогч гэх Э.М нь “Ар жаргалантын гол” ХХК нь уг тендерт огт оролцоогүй, шалгараагүйг мэдсээр байж дахин иргэний нэхэмжлэгч Б.У дээр Т.Э-ыг дагуулан очиж улмаар Т.Э-ыг өөрийн дүү гэж танилцуулан Б.У-аас 350.000.000 төгрөгийг зээлж авсан зэргээс дүгнэхэд, Д.М-ыг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна. Харин ч хохирогч Э.М нь төөрөгдсөн бус гэрч Ш.Т-ын мэдүүлгээс үзэхэд, шүүгдэгч Т.Э-ын хогны машины тендертэй холбоотой ярьж хэлсэн бүх зүйл ор үндэсгүй худал болохыг гэрчээс лавтай сайн мэдсэн атлаа өөрийн саналаар дахин Т.Э-тай холбогдож иргэний нэхэмжлэгч Б.У-аас 350.000.000 төгрөгийг зээлж авах боломж нөхцөлийг бүрдүүлж гэмт хэргийг туйлд нь хүргэх нөхцөл байдлыг бий болгосон гэж үзнэ.

Иймд Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Батсайханы 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол үндэслэлтэй байх тул гэмт хэргийн улмаас бусдад учирсан 350.000.000 төгрөгийг иргэний хариуцагчийн хувиар Э.М нь хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Нөгөөтээгүүр, анхан шатны шүүх “...хохирогч Э.М болон иргэний нэхэмжлэгч Б.У нарын хооронд иргэд хоорондын сайн дурын болон тэгш эрхийн үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүсэж, улмаар зээлийн гэрээ болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн хохирогч Э.М нь өөрийн эд хөрөнгийг барьцаанд тавьж иргэний нэхэмжлэгч Б.У-аас 350.000.000 төгрөг зээлсэн болох хүчин төгөлдөр гэрээнүүд, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.” гэж дүгнээд иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Харин Нийслэлийн тойргийн нотариатч О.Амартуяагийн 0276 бүртгэлийн дугаартай 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Зээлийн гэрээ хавтас хэрэгт авагджээ. /1 хх 11- 12/

Уг зээлийг гэрээнээс үзэхэд, зээлдүүлэгч Б.У нь зээлдэгч Э.М, Т.Э нарт 350.000.000 төгрөгийг 21 хоногийн хугацаанд 400.000.000 төгрөг болгож өгөхөөр хэн аль нь гарын үсэг зуржээ.

Түүнчлэн, анхан шатны шүүх “...Э.М нь шүүгдэгч Т.Э-д хууртан өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж, зээлийн гэрээ байгуулан зээл аван, түүнийгээ шүүгдэгчид шилжүүлж байгаа үйлдэлд залилах гэмт хэргийн гэмт санаа тогтоогдохгүй гэж үзсэн прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. ...Иргэний эрх зүйн харилцаа буюу зээлийн гэрээний үндсэн дээр өөрт шилжүүлсэн хөрөнгийг зээлдэгч цааш нь хэнд өгөх, хэрхэн зарцуулах нь түүний эрхийн асуудал...” гэж дүгнэсэн.

Анхан шатны шүүхийн дүгнэсэн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд...” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, уг үл хөдлөх эд хөрөнгүүд нь иргэний нэхэмжлэгч Б.У-ын өмчлөлд бус харин гэрч Ш.Т-ын өмчлөлд байгаа талаар хэрэгт авагдсан гэрч Т.Э, Ш.Т, Б.У нарын мэдүүлгээр нотлогддог.

Хавтас хэрэгт Нийслэлийн тойргийн нотариатч С.Цэндийн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1037 дугаартай зээлийн гэрээ мөн авагдсан. /1 хх 13-14/

Уг зээлийг гэрээнээс үзэхэд, зээлдүүлэгч Э.М нь зээлдэгч Т.Э-д 18 хоногийн хугацаатай 350.000.000 төгрөгийг зээлж, хугацааны эцэст 400.000.000 төгрөг буюу 50.000.000 төгрөгийн хүү тооцохоор харилцан тохирч гэрээнд гарын үсэг зурсан байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудад шүүх дүгнэлт хийхдээ нэгийг нь авахдаа нөгөөг нь үгүйсгэсэн талаар огт дүгнэлт хийгээгүй, хэрэв Э.М Б.У-тай байгуулсан гэрээ иргэний эрх зүйн харилцаа гэж үзсэн тохиолдолд хамт гэрээнд гарын үсэг зурж үүрэг хүлээсэн Т.Э-ын үйлдлийг мөн л иргэний эрх зүйн харилцаа гэж үзэх учиртай.

Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.

Өмгөөлөгчийн зүгээс дээр дурдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт нэг бүрчлэн шинжлэн судалсан болохыг дурдах нь зүйтэй бөгөөд эцэст нь дүгнэхэд анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэд хоорондын гэрээний харилцааг эрүүгийн гэмт хэрэг гэж дүгнэн шүүгдэгч Т.Э-ыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх байдлуудад давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хууль зүйн дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.У-ын өмгөөлөгч О.Анхбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ, оролцогчийн эрхийг хязгаарлаагүй, иргэний нэхэмжлэгч Б.У-ын бусдад мөнгө өгсөн үйлдэл нь иргэний эрх зүйн харилцаа байсан хэмээн дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна.

1. Иргэний хариуцагч Э.М нь 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагч Т.Э-ын хамтаар иргэний нэхэмжлэгч Б.У-ын гэрт очсон байдаг. Ингээд Э.М, Т.Э нар нь хамтдаа хогны машины тендерт ялсан гэх худал яриагаа Б.У-д тайлбарлан ярьж үнэмшүүлэн, түүнээс 350.000.000 төгрөгийг авсан байдаг. Энэ бол Э.М, Т.Э нар гэмт үйлдлээрээ нэгдэж, бусдыг бүлэглэн залилан мэхэлж буй гэмт хэрэг юм. Хавтас хэрэгт авагдсан Б.У, Э.М, Т.Э нарын мэдүүлгийг уншвал энэ гурван хүний мэдүүлэгт бүгдэд нь Э.М, Т.Э нар хамтдаа Б.У-ын гэрт очсон болох нь дурдагддаг. Гэтэл энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс иргэний эрх зүйн харилцаа хэмээн дүгнэсэн явдал нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. Хэрэв иргэний хариуцагч Э.М нь яллагдагч Т.Э-ын худал ярианд автан итгээд үүнийхээ улмаас Б.У дээр ганцаараа очиж мөнгийг нь авсан бол нөхцөл байдал өөр байх байлаа. Гэтэл Э.М нь Т.Э-ыг дагуулан Б.У-ын гэрт хамт очсон, хогны машины тендерийн талаар Э.М голчлон тайлбарлаж байгаад Б.У-тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлээ ашиглан 350.000.000 төгрөгийг авч чадсан байдаг.

2. Хохирогч гэх Э.М нь оюун санааны хувьд залилах гэмт хэрэг үйлдэж байгаагаа ухамсарлан ойлгож мэдсэн, гэмт үйлдлээ хүсэж үйлдсэн болох нь баримтаар нотлогддог. 3 дугаар хавтас хэргийн 88 дугаар талд гэрч Ш.Т нь яллагдагч Т.Э-ын хогны машины тендер гэх ажил худал зүйл болохыг олж мэдсэн дариудаа Э.М-д энэ талаар хэлж, түүнд мөнгө зээлэхгүй хэмээн хэлсэн тухайгаа мэдүүлдэг. Гэтэл энэ явдлаас хойш тодорхой цаг хугацааны дараа Э.М нь Т.Э-ыг дагуулан Б.У-ын гэрт очиж нөгөө хогны машины тендерийн ажлыг ярьж 350.000.000 төгрөгийг авсан байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогч Э.М хогны машины тендер бол худал зохиомол зүйл гэдгийг аль эрт урьдчилан мэдсэн атлаа Б.У-д энэ талаар огт хэлэлгүй, харин ч идэвхтэй тайлбарлан ярьж, Т.Э-ыг өөрийнхөө дүү мэтээр худал танилцуулж байгаад мөнгө авсан байдаг. Хохирогч Э.М-д Б.У-ыг залилан мэхлэх бодитой шалтгаан байсан болох нь 1 дүгээр хавтас хэргийн 22 дугаар нүүрэн дэх мэдүүлгээр нотлогдоно. Уг Э.М-ын өөрийнх нь мэдүүлгээр бол тэрээр Т.Э-д 22.000.000 төгрөг зээлсэн болох нь тодорхой байна. Үүнээс дүгнэвэл Э.М нь Т.Э-д өгсөн 22.000.000 төгрөгөө яаралтай буцаан гаргуулж авахын тулд Б.У-ыг нийлж залилах бодит хэрэгцээ шаардлага байсан байна. Мөн хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 83 дугаар талд гэрч М.А-ийн “...М мөнгө хөөцөлдөөд зөндөө олон хоног явсан. Тэгээд мөнгө төгрөг болж бүтэхгүй байна гэхээр нь би ер нь та хоёр болио...” гэж хэлсэн талаар мэдүүлдэг. Үүнээс дүгнэх юм бол Э.М нь Т.Э-тай нийлж, хогны машины тендер гэх худал яриаг бусдад ярьж олон хоног явсан болох нь тодорхой байна. Энэ явцдаа гэрч Ш.Т-аас мөнгө авахаар санаархаж нэг удаа төгсөөгүй завдалт хийсэн болох нь тодорхой байдаг. Үүний дараа Б.У дээр очиж уулзаад мөнгийг нь авч чадсан байдаг.

3. Иргэний нэхэмжлэгч Б.У гэрт нь ирсэн Э.М, Т.Э хоёрын ярианд итгээд 350.000.000 төгрөгийг зээлүүлэхдээ зээлийн гэрээг Э.М, Т.Э нартай хоёулантай гэрээ байгуулсан болох нь 1 дүгээр хавтас хэргийн 11-12 талд авагдсан гэрээн дээрх зурагдсан гарын үсгээр тогтоогддог. Б.У нь Э.М-ыг олон жилийн өмнөөс таньдаг байсан учир Э.М-ын банкны данс руу мөнгөө шилжүүлдэг.

Өөрөөр хэлбэл, Э.М нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Б.У-ыг залилсан болно. Хоёр хүн айлд очоод хоёулаа нийлж ярьж байгаад хүнийг мөнгийг хоёулаа гэрээ байгуулаад авчихсан байхад өнөөдөр яагаад нэг нь яллагдагч, нөгөөх нь хохирогч болчихсон байдаг юм бэ. Анхан шатны шүүхийн шийдвэрээр бол Б.У биш харин Э.М нь 350.000.000 төгрөгийг яллагдагч Т.Э-аас гаргуулан авахаар болчихсон байна. Гэтэл мөнгөний жинхэнэ эзэн нь Б.У болох нь хавтаст хэрэг дээрх баримтаар хангалттай нотлогддог.

4. Анхан шатны шүүх хуралдаан дээр Э.М нь 350.000.000 төгрөгийг Т.Э-аас нэхэмжлэхгүй хэмээн хэлдэг. Учир нь, энэ 350.000.000 төгрөг бол өөрийнх нь мөнгө биш, Б.У-ын мөнгө болохоор нэхэхгүй хэмээн шүүх хуралдаан дээр мэдэгдэж байсан. Гэтэл анхан шатны шүүхээс Э.М-ыг 350.000.000 төгрөгийг шүүгдэгчээс авах ёстой хэмээн шийдсэн явдал тун гайхалтай. Өмгөөлөгчдийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцэхдээ 350.000.000 төгрөгөөр хохирсон хүн бол Б.У юм. Мөн Б.У нь хохирогчоор зайлшгүй тогтоогдох ёстой этгээд бөгөөд түүнийг хохирогчоор тогтоогоогүй явдал нь эрхийг нь зөрчиж, хязгаарласан хэмээн дүгнэсэн болно. Улмаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, хэргийг буцаалгах, уг буцаасан хугацаанд Б.У-ыг хохирогчоор тогтоолгох ажиллагаа хийлгүүлэх шаардлагатай хэмээн мэтгэлцсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь илт хууль бус болжээ. Б.У-ыг бусадтай нийлж залилсан этгээд яллагдагч биш, эсрэгээрээ хохирогч болчихсон байхад Б.У-ын эрх хязгаарлагдаагүй гэж яаж дүгнэж болох юм бэ.

5. Хохирогч Э.М нь иргэний нэхэмжлэгч Б.У-аас мөнгийг нь авахдаа өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан боловч өнөөдрийг хүртэл энэхүү барьцаагаа улсын бүртгэлд бүртгүүлээгүй ба цаашид барьцаалбар хийлгэхгүй хэмээн шүүх хуралдаанд хэлдэг. Энэхүү субьектив талын сэдэл, санаа зорилгоос нь дүгнэхэд Э.М нь Т.Э-тай бүлэглэн Б.У-ыг залилсан болохыг төвөггүй мэдэж болохоор байна. Хүний үйлдлээс түүний гэмт санааг мэдэж болдог.

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл энэхүү эрүүгийн хэргийг шалгах явцад прокурор Б.У-ыг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоолыг ямар ч хууль зүйн үндэслэл бичилгүйгээр хүчингүй болгосон байдаг. Улмаар анхан шатны шүүхээс  Б.У-ыг хохирогч биш хэмээн дүгнэж, түүний бусдад алдсан 350.000.000 төгрөгийг өнөөдөр өөр хөндлөнгийн этгээд өөртөө авахаар болчихоод байгаа явдал нь Б.У-ын эрхийг зөрчиж, хязгаарласан хэмээн үзэж байна. Мөн энэхүү гэмт хэргийг Т.Э-тай хамтран үйлдсэн Э.М-ыг яллагдагчаар татуулах тухай өмгөөлөгчдийн байр суурийг анхан шатны шүүх хүлээн аваагүй зэрэг нь хууль бус бөгөөд бусдад ял завшуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн болно. Иймээс хэргийг прокурорт буцаалгаж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Э тус мөнгийг миний мөнгө биш гэдгийг хамгийн сайн мэдэж байсан хүн. Хамгийн анх намайг зээл авахаар банк бус руу явж байхад “чи нэмээд мөнгө аваад өгөөч” гэж хэлж, нэмж мөнгө авсан. Би 2020 оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагааны явц хүртэл бүх дансны хуулгаа гаргаж, тодруулж хүснэгтээр гаргаж өгсөн байгаа. ...” гэв.

Хохирогч Д.С-ын өмгөөлөгч Х.Сэлэнгэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хуульд заасны дагуу цугларсан, бэхжүүлэгдсэн нотлох баримтыг үнэлсэн бөгөөд тус нотлох баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хавтас хэрэгт байхгүй учраас нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Өмгөөлөгч Л.Батжаргал хэлэхдээ “...өмнө нь мөнгө өгч, авалцаж байсан харилцаа байсан...” гэж байна. Анхан шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийхдээ урьдын харилцаанаас бий болсон итгэлийг урвуулан ашигласан гэж дүгнэсэн. Өмгөөлөгч Л.Батжаргал болон хохирогч Д.С хэлэхдээ “...өмнө байсан харилцааг далимдуулж мөнгө зээлж байсан, мөнгөө өгөөгүй...” гэж байна. Энэ талаарх хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг байгаа. Шүүгдэгч Т.Э дараагийн гэмт хэрэг үйлдэх, мөнгийг хохирогчоос авах хөшүүргэ болгож мөнгө өгч байсан болохоос зээлийн гэрээний гүйцэтгэлийг биелүүлж, хохирогч Д.С-д мөнгө өгч байгаа үйлдэл биш. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар ч харагддаг. Жишээлбэл, 5.000.000 төгрөг зээлж, 500.000 төгрөг өгдөг. Иргэний эрх зүйн харилцаа нь зээлийн гэрээ байгуулагдаж, тодорхой мөнгийг хугацаатайгаар, хүүтэйгээр, хэрэв барьцаатай бол нотариатаар баталгаажуулагдсан, мөн зээлсэн мөнгөө хэзээ, хэрхэн төлөх нь тодорхой буюу хуваарьтай байх ёстой. Гэтэл шүүгдэгч Т.Э-ын хувьд эхэлж 40.000.000 төгрөгийн гэрээ хийж халхавчилж, бусад үлдсэн мөнгийг зээлдэг. Мөнгөө өгөөд байгаагаа хэлбэрийн төдий харуулж, их хэмжээний мөнгийг буцаан авдаг. Энэ нь залилах гэмт хэргийг үйлдэл, аргыг харуулж байгаа юм. Батлан даалтын сангаас мөнгөө авч байгаад хохирогч Д.С-ын мөнгийг буцааж өгнө гэдэг. Гэтэл батлан даалтын сангаас зээл авна гэдэг нь өөр зорилготой, хуулиар зохицуулагдсан байгаа. Батлан даалтын сангаас зээл авахдаа хэрхэн ашиглах нь тодорхой, зээлийн судалгаа хийж, нотариатаар баталгаажуулж, хороогоор батлагддаг. Шүүгдэгч Т.Э ямар ч үйлдэл хийгээгүй. Нийт авсан мөнгөнөөс 87.780.000 төгрөг хасагдаад 180.600.000 төгрөг үлдэж байгаа юм. Өмгөөлөгч нь буруу ойлгоод байх шиг байна. Тэгэхээр нийт хохирлын дүн 180.600.000 төгрөг, мөрдөн шалгах ажиллагааны явцад 4.000.000 төгрөг, 1.000.000 төгрөгийг нийт төлсөн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

             Хохирогч Э.М-ын өмгөөлөгч Н.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, хавтас хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогддог. Ш.Т гэх хүнийг “хогны машины тендер зарлагдаагүй” гэх талаар хэлсэн гэж өмгөөлөгч хэлж байна. Хавтас хэрэгт авагдсан Нарангэрэлийн мэдүүлгээр 2021 оны 02 дугаар сараас 8 дугаар сарын хооронд  хогны машин оруулж ирэх тендер зарлагдаад, сайтад байршиж, 8 дугаар сард “Hyundai Mongolian Motors” ХХК шалгарч уг тендер дууссан асуудал байгаа. Тендер зарлагдаагүй гэсэн ойлголт байхгүй. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд би Т.Э-ыг танихгүй, харин би Э.М-ыг танина. Э.М надад үл хөдлөх хөрөнгөө барьцаалж, мөнгө зээлэх хүсэлт гаргаж надаас тусламж хүссэн. Би мөнгө зээлсэн. Надад үл хөдлөх хөрөнгийн хоёр ширхэг ордер нь эх хувиараа байгаа. Би Э.М-д итгэсэн. Э.М-тай би 10 гаруй жилийн турш хамтарч ажиллаж байсан учраас мөнгийг итгээд өгсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах гомдлоо дэмжиж байна...” гэв.

Прокурор Б.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Д.С-ын тухайд “Батлан даалтын сан”-гаас зээл авна гэж мөнгө зээлсэн асуудлыг өмгөөлөгч залилах гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн харилцаа гэж үзсэн байна. Үүнийг улсын яллагчийн зүгээс үгүйсгэж байна. Учир нь, хохирогч Д.С батлан даалтын сангаас яах гэж зээл авах вэ, батлан даалтын сан ямар хүнд зээл өгдөг вэ, хэдэн төгрөг олгодог вэ, уг зээлийг шүүгдэгч Т.Э төлж барагдуулах боломжтой байсан уу, батлан даалтын сангаас зээл авах гэсэн баримт бичгийг хавтас хэргийн материалд бүрдүүлж өгсөн зүйл байна уу гэх асуудал яригдана. Анхан шатны шүүхээс залилах гэмт хэрэг байна, иргэний эрх зүйн харилцаа биш гэж дүгнэсэн, шийтгэх тогтоолдоо хүртэл тодорхой дурдаж өгсөн байгаа. Өмгөөлөгч Х.Сэлэнгийн хэлсэн тайлбарын хувьд, прокурорын зүгээс дэмжих байр суурьтай оролцож байна. Хохирогч Э.М-ын тухайд Т.Э, Э.М нар нь хооронд ямар нэгэн ашиг сонирхлын оролцоо байхгүй. Иргэний нэхэмжлэгч Б.У-ын өмгөөлөгч О.Анхбаяраас “...Т.Э, Э.М нар нь энэ гэмт хэргийг хамтран үйлдсэн. Ш.Т гэх хүн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2 удаа мэдүүлэг өгсөн байхад үнэлээгүй байна...” гэж байна. Ш.Т-ын мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогддоггүй. Эрүүл саруул ухаанаар бодоход хүн өөрийг нь залилж байгааг мэдсэн бол өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж, зээлийн гэрээ хийнэ гэж байхгүй. Б.У, Э.М нарын хоорондох харилцаа нь гарцаагүй иргэний эрх зүйн харилцаа юм. Учир нь, Э.М, Т.Э нар “350.000.000 төгрөгийг өгөөч 7 хоногийн дотор 50.000.000 төгрөгийн хүү өгье, 400.000.000 төгрөг болгоё” гэж Б.У-д хэлж хоорондоо зээлийн гэрээ хийсэн. Уг зээлийн гэрээнд “зээлийг хугацаандаа төлөхгүй бол...” гэж, барьцааны гэрээ хийж 2 ширхэг үл хөдлөх хөрөнгөө шилжүүлсэн. Үүнийг иргэний эрх зүйн харилцаа гэж үзсэн. Ийм учраас Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/332 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэл бүхий байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Т.Э нь Батлан даалтын сангаас зээл авна гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн Хас банкнаас Д.С-ын шилжүүлсэн 186.600.000 төгрөгийг,

мөн үргэлжилсэн үйлдлээр Э.М-ыг “Би Хятад улсаас машин оруулж ирэх тендер авсан. Машинаа оруулж ирэх гэхээр мөнгө дутаад байна, тендерийн мөнгө авах гээд хүнд мөнгө гүйцээгээд өгөх хэрэгтэй байна” хэмээн хуурч тендер авсан гэх хуурамч баримт бичиг үзүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа бэлнээр 2.500.000 төгрөг, мөн Хаан банкны 5034543293 тоот данс руу 3 удаагийн үйлдлээр 19.500.000 төгрөгийг, нийт 22.000.000 төгрөгийг, 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа Н.Г-ын Хаан банкны 5753521781 тоот данс руу 350.000.000 төгрөгийг, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа С.У-ийн Хаан банкны 5034087238 тоот данс руу 3 удаагийн гүйлгээгээр 20.000.000 төгрөгийг тус тус бэлнээр болон дансаар шилжүүлэн залилан авч, Э.М-д нийт 392.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан бөгөөд бусдад нийт 578.600.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 6/, хохирогч Э.М-ын 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1 хх 8-9, 2 хх 8-10/,

2021 оны 4 дүгээр  сарын 07, 12-ны өдрүүдэд хийсэн зээлийн гэрээний хуулбар /1 хх 11-14/, хохирогч Э.М-ын 350.000.000 төгрөгийн дансны шилжүүлгийн баримт /1 хх 23/,

депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /1 хх 97-100, 117-159, 2 хх 70-81, 138-160, 167-187/,

Хог тээврийн автомашин худалдан авах ажлын даалгавар /хуулбар/ /1 хх 104-106/,

хохирогч Д.С-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 60-62, 85-129/,

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн 03/2524 дугаартай албан бичиг /1 хх 102/,

Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 135 дугаартай “Худалдан авах ажиллагаа зохион байгуулсан тухай” албан бичгийн хуулбар /1 хх 107/,

Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 223 дугаартай “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар /1 хх 108/,

хохирогч Д.С-оос 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх шилжүүлсэн мөнгөний тооцоог Т.Э хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан баримт /2 хх 82-84/,

хохирогч Э.М-ын “...2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефть цэргийн хотхоны хажууд манай компанийн байранд Ариунаа, Э гэх Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга ажилтай гэсэн хүүхнийг дагуулж ирсэн. ...Хятад Улсаас хогийн машин оруулж ирэх тендер Э гээд дүү маань авсан. Машинаа оруулж ирэх гэсэн чинь мөнгө дутаад байна 350.000.000 төгрөг зээлээч гэхээр нь би “боломжгүй, ийм их хэмжээний мөнгө надад байхгүй” гэсэн чинь Э, Ариунаа хоёр “Үйлдвэрийн байраа ч гэсэн барьцаалаад мөнгө олоод өгөөч сарын дотор 400.000.000 төгрөг болгож өгнө, бас 50.000.000 төгрөгийг урамшуулал нэмж өгнө” гэсэн. Тэгэхээр нь би хамтын ажиллагаатай байдаг “Ариун” ХХК-ийн захирал У эгчээс өөрийн Үйлдвэрийн байр, Москва хорооллын нэг өрөө байр зэргийг барьцаалаад 350.000.000 төгрөг У эгчээс өөрийнхөө Хаан банкны 5029556822 дугаарын дансаар шилжүүлэн авсан. Яг миний данс руу шилжүүлсний дараа Э нь манай захирлын данс гээд Г гэх хүний 5753521781 дугаарын данс руу 350.000.000 төгрөгийг би өөрийнхөө данснаас шилжүүлсэн. ...2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 20.000.000 төгрөгөө Баянгол дүүргийн 25 дугаар аптекийн хажуу талд миний машин дотор хоёулаа сууж байгаад шилжүүлсэн. 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 22.000.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, манай ажлын байранд байхад ирж авсан. 2.500.000 бэлнээр, үлдсэн мөнгийг дансаар авсан. Буцаагаад авсан мөнгөнөөсөө 17.000.000 төгрөгийг 4 дүгээр сарын 13-ны өдөр миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. ...” /1 хх 39-40, 225/,

хохирогч Д.С-ын “...2013 оноос хойш 4-5 жил хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд нийгмийн ажилтнаар хамт ажиллаж байсан Т.Э гэх эмэгтэй мөнгө зээлээч батлан даалтын сангаас 600.000.000 төгрөгийн зээл авах гэж байгаа 40.000.000 төгрөг хэрэгтэй айна гэсний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 40.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Оргил худалдааны төвийн Хас банкны салбараас Эын өөрийнх нь Хаан банкны 5034543293 тоот данс руу шилжүүлсэн. Үүний дараа энэ мөнгөндөө гэрээ байгуулж, батлуулсан ба 8 сарын туршид хүүгээ төлж явсан. Энэ хугацаанд дахин мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу 2020 оны 5 дугаар сарын 05-нд 55.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 2020 оны 9 дүгээр сарын 15-нд 20.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 9.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2020 оны 11 дүгээр сарын 10-нд 3.000.000 төгрөгийн 10 хувийн хүүтэй, 2021 оны 02 дугаар сарын 06-нд 20.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй тус тус надаас зээлж нийт 187.000.000 төгрөг авч хохироогоод байна. ...3.000.000 төгрөгийг дансаар гомдол гаргасны дараа өгч байсан, ингээд 183.600.000 төгрөгийн үлдэгдэл байгаа юм. ...” /2 хх 26-27, 36-37/,

гэрч Б.У-ын “...2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 10 цаг өнгөрч байхад М нь Э гэх хүүхэн дагуулаад “тантай уулзах хэрэг байна” гээд манай гэрт ирсэн бөгөөд “...350.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 400.000.000 төгрөг болгож өгнө, гарцаагүй байдалд орсон учраас туслаач гэж гуйсан. Тухайн үедээ 2 цаг гаран ярилцсан бөгөөд М нь “өөрийнхөө үйлдвэрийн байр болон Москва хороололд байдаг нэг өрөө байрыг барьцаа болгон өгнө” гээд тэр байрны гэрээ болон Үйлдвэрийн гэрчилгээг нь аваад манай гэрийн хойно байх нотариатын газар очоод барьцаалах гэрээ Мтай хийгээд, би өөрийнхөө Хаан банкны хувийн данснаас 350.000.000 төгрөгийг Мын данс руу шилжүүлсэн. ...” /1 хх 53-54/,

гэрч Н.Г-ын “...2021 оны 01 дүгээр сард шиг санаж байна. ...Э намайг нэг ажил байна гэхээр нь уулзсан чинь “Хятадаас хогийн машин оруулж ирэх ажил байна. Тендер бол зарлахгүй, шууд ирээд гэрээгээ хийгээд машинаа судлах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд би Хятадаас машинаа судлаад байж байсан чинь нэг өдөр Э над руу залгаад “Ганбатаа тамга чинь хэрэгтэй байна” гээд гэрээс ирж авсан. ...Тэгээд хэд хоногийн дараа гэрээ байгуулсан гээд над дээр ирж гарын үсэг зуруулсан. ...2021 оны 3 дугаар сард Э над руу залгаад хувь дансаа өгчих гэхээр нь “яах гэж байгаа юм бэ” гэхэд “нөгөө машин оруулж ирэх мөнгөний ихэнхийг нь олчихлоо” гэхээр нь өөрийнхөө Хаан банкны 5753521781 тоот дансаа өгсөн чинь 350.000.000 төгрөг 30-40 минутын дараа миний дансанд орсон. Тэгээд мөнгө орсны дараа Э өөрийнхөө дансыг явуулаад “ийшээ мөнгөө хийчих” гэхээр нь би буцаагаад данс руу нь шилжүүлсэн. Тэгээд бараг 1, 2 сарын дараа байхаа М гэдэг хүн залгаад “машин тэрэг ирсэн үү, мөнгө төгрөгөө авмаар байна” гэх утгатай зүйл ярихаар нь би Эд буцааж 350.000.000 төгрөгийг нь өгсөн гэдгээ хэлсэн. ...” /1 хх 57-59/,

гэрч С.Ц-гийн “...Манай албаны 2021 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажил бөгөөд дээрх худалдан авах ажиллагаа нь манайхаас нээлттэй тендер шалгаруулах журмаар 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зарлагдсан бөгөөд тендерт 7 байгууллага үнийн санал ирүүлснээс “Ар жаргалантын гол” гэх нэртэй компани үнийн санал  ирүүлээгүй мөн дээрх 7 байгууллага нь уг тендерт шаардлага бүрэн хангахгүй байсан учир уг тендер хүчингүй болсон. Дахин 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зарлагдсан тэгэхэд “Хьюндай моторс Монгол” нэртэй компани үнийн санал ирүүлж, шаардлага хангасан үнэлгээний хорооны шийдвэр гарч захиалагч буюу Баянгол дүүргийн засаг даргын тамгын газарт гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн. ...” /1 хх 71-72/,

гэрч Д.Н-ийн “...2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 135 дугаартай албан бичгээр худалдан авах ажиллагааны албанаас тендерт “Хьюндай Монгол моторс” компани шалгарсан, энэ компанитай гэрээ байгуулж болон гэсэн бичиг ирсэн. ...би дээрх бичгийг харж танилцлаа. 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн бичгийг шүүж үзсэн манайхаас огт ийм албан бичиг яваагүй байна. Хэрвээ явсан бол төсөл болон эх хувь байх ёстой дугаараар нь шүүж үзэхэд өөр утгатай албан бичиг байсныг хэргийн материалд хавсаргуулахаар хуулбарлан авчирсан. Миний хувьд хаана ямар байдлаар дээрх албан бичиг үйлдэгдсэнийг бол мэдэхгүй байна. Гэрээний хувьд бас хуурамч байна. Манайх өөрөө гэрээгээ байгуулдаг. Худалдан авах ажиллагааны албанаас хүн гэрээ байгуулдаггүй ээ, захиалагч талыг төлөөлж би өөрөө мөн Санхүү төрийн сангийн хэлтэс, гүйцэтгэгч компани оролцож гэрээ байгуулдаг. Би гэрээг хуулбарлан авчирсан байгаа. ...” /1 хх 75-76/,

гэрч М.А-гийн “...Э нь “хогийн машин оруулж ирэх тендер авчихсан байна аа хөрөнгө оруулагч хэрэгтэй байна, ажлаа бүтчихээр нь тэр хөрөнгө оруулсан хүнд мөнгө төгрөг өгнө” гэж хэлэхээр нь би өөрийнхөө байдлыг хэлээд мөнгө төгрөг байхгүй ээ, харин таньдаг хүнээсээ асууж өгье өө гээд хэд хэдэн хүмүүст хэлсэн чинь М мөнгө хөөцөлдөөд зөндөө хоног явсан. Тэгээд мөнгө төгрөг болж бүтэхгүй байна гэхээр нь би ер нь та хоёр болио угаасаа бүтэхгүй юм байна гээд салцгаасан. Ер нь больчихсон гэж бодсон. Тэгсэн 6 дугаар сарын 09-ний өдөр М над руу залгаж уулзъя гэсэн. Тэгээд уулзсан чинь чамаас нуугаад Э-д мөнгө олоод өгчихсөн гэж хэлсэн. ...Э нь “Хятад улсаас 10 ширхэг хогны машин оруулж ирэх ажил байна, та хөрөнгө оруулж чадах уу” гэж асуухаар нь би боломжгүй талаараа хэлж М-тай холбож өгсөн. Түүнээс өөрөө ямар нэгэн холбоо сүлбээ байхгүй. ...Би Э-тай ямар нэгэн мөнгөний тооцоо байхгүй...” гэсэн мэдүүлгүүд /1 хх 82-83, 3 хх 12/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Э-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Т.Э-ын хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Харин давж заалдах шатны шүүхээс иргэний нэхэмжлэгч Б.У-ын өмгөөлөгч Г.Пүрэвдорж, О.Анхбаяр нарын  “...Б.У нь урьдын бизнесийн харилцааны явцад бий болсон итгэлдээ үндэслэж Э.М-тай зээлийн гэрээ байгуулж 350.000.000 төгрөгийг Э.М-ын дансанд шилжүүлсэн тул Б.У-д учирсан хохирлыг Э.М хариуцаж төлөх ёстой. Иймд иргэний нэхэмжлэгч Б.У-ын гаргасан иргэний нэхэмжлэлийг хангаж, иргэний хариуцагч Э.М-аас 350.000.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.У-д олгуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, иргэний нэхэмжлэгч Б.У, хохирогч Э.М нарын хооронд иргэд хоорондын сайн дурын үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүсэж, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, хохирогч Э.М нь 350.000.000 төгрөгийн барьцаа болгон өөрийн 2 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан байх бөгөөд Т.Э нь Э.М-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 350.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Э нь хохирогч Э.М-аас залилан мэхэлж авсан мөнгө нь иргэний нэхэмжлэгч Б.У-аас авсан мөнгө болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай этгээдээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.У-д олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тодруулбал, иргэний нэхэмжлэгч Б.У-тай шүүгдэгч Т.Э, хохирогч Б.М нар нь хамтран зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан /2021 оны 4 дүгээр сарын 07, 12-ны өдрүүдэд хийсэн зээлийн гэрээний хуулбар 1 хх 11-14, барьцааны гэрээ 19-22-р тал/ бөгөөд зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн барьцаа болгож хохирогч Б.М өөрийн өмчлөлийн үл хөдлөхийг барьцаалсан боловч хохирогч өмнөх барьцаалбараас үл хөдлөх хөрөнгөө суллаагүй, суллах боломжтой байхад суллалгүйгээр иргэний нэхэмжлэгч Б.У-аас шүүгдэгчийн залилсан гэх 350.000.000 төгрөгийг зээлсэн байх бөгөөд дээрх зээлсэн мөнгийг шүүгдэгч залилсан болох нь тогтоогдсон тул талууд иргэний журмаар барьцааны гэрээний талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Т.Э-ын “...Миний бага хүү 8 сартай, нүдний булчингийн сулралтай, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн ерөнхий эмчийн дүгнэлт гарсан. Хэрэв “хагалгаанд орохгүй бол хүүхдийн нүдний хараа болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө” гэж мэргэжлийн эмч хэлсэн. Бага насны хүүхэд хагалгаанд ороход эцэг эхийн асаргаа зайлшгүй шаардлагатай. Гэр бүлийн хүн маань ажлын зайлшгүй шаардлагаар гадаадад байгаа гэж хэд хоногийн өмнө сонссон. Одоо Улаанбаатар хотод байхгүй. Иймд надад хүүхдээ асрах боломжийг олгож өгнө үү гэж хүсэж байна. Миний ар гэрийн байдал болон эрүүл мэндийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. ...”, түүний өмгөөлөгч Л.Батжаргалаас “...анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэд хоорондын гэрээний харилцааг эрүүгийн гэмт хэрэг гэж дүгнэн шүүгдэгч Т.Э-ыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хууль зүйн дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо нэг бүрчлэн тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байгаагаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “залилах” гэмт хэргийг “бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэж хүндрүүлэх шинжийг шүүгдэгч Т.Э-ын үйлдэл хангасан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Хохирогч Э.М нь шүүгдэгч Т.Э-ын хамт 350.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.У-аас аван 2 хоногийн дараа шүүгдэгч Т.Э-тай зээлийн гэрээ байгуулан түүнд зээлсэн дээрх мөнгийг өгсөн, харин шүүгдэгч Т.Э нь хохирогч болох Э.М-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 350.000.000 төгрөгийг авсан үйлдэл нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд Т.Э-ын дээрх үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “өрх толгойлсон эх /эцэг/” гэж нөхөр, эхнэрийн аль нэг нь нас барсан, эсхүл сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон, гэрлэлтээ цуцлуулсан, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэж байгаагүй боловч төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэдтэй ганц бие эх /эцэг/-ийг;” гэж,

Гэр бүлийн тухайн хуулийн 10.1 дүгээр зүйлд “Гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.” гэж, мөн хуулийн 10.3 дугаар зүйлд “Гэрлэгчид нь ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, ...үүргийг адил хүлээнэ.” гэж, мөн хуулийн 26.2 дугаар зүйлд “Эцэг, эх дараах үүрэг хүлээнэ; 26.2.2-т “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж тус тус хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, хүүхдийн асрамжийн асуудлыг оршин суух засаг даргын тамгын газарт даалгах үндэслэл байхгүй байх бөгөөд Т.Э-ыг өрх толгойлсон эх гэж үзэх гэрлэлт цуцлуулсан баримт, мөн нөхөр гадаад явсан гэх боловч хаашаа явсан, хаана байгаа талаарх нотлох баримтууд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Э-ыг хорих ял эдлэх хугацаанд түүний нөхөр хүүхдүүдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 57 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/332 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн:

- 7 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-аас нийт 557.600.000 төгрөг гаргуулж, хохирогч Э.М-д 375.000.000 төгрөг, хохирогч Д.С-д 182.600.000 төгрөг тус тус олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-аас нийт 557.600.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.У-д 350.000.000 төгрөг, хохирогч Э.М-д 25.000.000 төгрөг, хохирогч Д.С-д 182.600.000 төгрөг тус тус олгосугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ын цагдан хоригдсон 57 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ,

                                               ШҮҮГЧ                                             Б.АРИУНХИШИГ

                                               ШҮҮГЧ                                              Ц.ОЧ

                                               ШҮҮГЧ                                             Т.ШИНЭБАЯР