Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 02302

 

 

 

 

 

 

 

 

 

“КБ” ХХК дахь БЭХА-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/03086 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “КБ” ХХК дахь БЭХА-ийн хариуцагч Д.М-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 166 969.36 төгрөг, зээлийн хүү 7 080 644.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431 515.80 төгрөг нийт 12 679 129.36 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар “КБ” ХХК-д банкны эрх хүлээн авагч томилсон. 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А-111 дүгээр тушаалаар Банкны эрх хүлээн авагчийн албадлагын арга хэмжээний хугацааг сунгасан. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу Капитал банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Иймд Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгч Д.М- нь Капитал банктай 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ-636 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж 5 760 000 төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй, цалингийн зээл зориулалтаар 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 24 сарын хугацаагаар зээлэн авсан. Банк зээлийн гэрээний 2.5-д заасны дагуу Д.М-гийн капитал банк дахь 2006016218 тоот харилцах /депозит/ дансанд 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 5 760 000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийг авч ашигласнаас хойш зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 593 030.64 төгрөг, зээлийн хүүд 556 926.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 785 493.26 төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 5 166 969.36 төгрөг, зээлийн хүү 7 080 644.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431 515.80 төгрөг, нийт 12 679 129.36 төгрөг гаргуулж, “КБ” ХХК дахь БЭХА-ид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нь зээл авсан болон тооцоолол дээр өнөөдрийг хүртэл маргаагүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийг мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.М-гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 166 969.36 төгрөг, зээлийн хүү 7 080 644.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431 515.80 төгрөг нийт 12 679 129.36 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “КБ” ХХК дахь БЭХА-ид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 12 679 129.36 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 217 816 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Д.М- давж заалдах гомдолдоо: ... Миний бие Капитал банктай байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн цалингийн зээлийн гэрээний дагуу уг банкнаас сарын 2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай 5 760 000 төгрөг зээлсэн нь үнэн. Зээлийн гэрээний хугацаанд би тодорхой хэмжээнд зээлээ эргэн төлж байсан боловч хүндэтгэн үзэх хувийн тодорхой шалтгааны улмаас ажлаасаа гарсан юм. Тэр үеэс хойш буюу өнгөрсөн 4 жил гаруйн хугацаанд Капитал банк болон тус банкны эрх хүлээн авагчаас надтай нэг ч хүн холбогдож яриагүй, ирж уулзаагүй, өөрөөр хэлбэл миний хувьд өнгөрсөн 4 жил гаруйн хугацаанд уг зээлийн асуудлаар хэн нэгэнтэй харилцаж ярилцсан зүйл огт байхгүй юм. Гэтэл 4 жилийн дараа буюу 2020 оны 9 дүгээр сард шүүхээс гэнэт надтай холбогдож, нэхэмжлэл гардаж авахыг мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 217 098 төгрөгийн, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 2 000 төгрөгийн төлөлт зээлийн үүрэгт хийсэн” гэх тайлбар гаргасан нь илт худал, үндэслэлгүй. Учир нь би дээрх хугацаанд зээлийн гэрээний үүрэгт огт төлөлт хийгээгүй ба нэхэмжлэгчийн дээрх худал тайлбарыг шийдвэрийнхээ үндэслэл болгосонд гомдолтой байна. Эрх хүлээн авагчийн дээрх тайлбарын худал болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Өөрөөр хэлбэл хариуцагч Д.М- миний хувьд өнгөрсөн 4 жил гаруйн хугацаанд ялангуяа 2018, 2019 онуудад зээлийн үүрэгт огт төлөлт хийгээгүй болно. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна” гэж заасан. Нэхэмжлэгч хуулийн хугацаанд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргаагүй болох нь хэргийн баримтаар нотлогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч “КБ” ХХК дахь БЭХА- нь хариуцагч Д.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 166 969.36 төгрөг, зээлийн хүү 7 080 644.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431 515.80 төгрөг, нийт 12 679 129.36 төгрөг гаргуулахаар шаардсаныг шүүх бүхэлд нь хангахдаа дараах нөхцөл байдлыг тодруулаагүй нь буруу болжээ.

 

Шүүх хуралдааны явцад зээлийн төлбөр төлөгдөөгүй шалтгааныг шүүх тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцоод байгаа М.Гансүрэн гэх хүн зээл авсан, М.Гансүрэн зээлийг төлнө гэж тайлбарладаг” гэж хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 42 дугаар зүйлд зааснаар зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах, нэг талын тайлбарыг нөгөө тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцох журамтай. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбарт хамааралтай нөхцөл байдлын талаар буюу зээлийн төлөлтийг ямар хүн хийж байсан гэх нөхцлийг тодруулах шаардлагатай.

 

            Түүнчлэн, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 217 098 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 2 000 төгрөгийг Д.М-гийн 200601218 тоот данснаас шилжсэн байдал зээлийн дансны хуулгаар тогтоогдох боловч хариуцагч ийм төлөлт хийгээгүй гэж маргаж байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч уг төлбөрийг өөрөө хүлээн зөвшөөрч зээлд төлсөн эсхүл данснаас суутгагдсан, ийнхүү суутгагдаж төлөгдсөнийг зээлдэгч мэдсэн мэдэх боломжтой байсан эсэх нь “хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан” гэж үзэхэд ач холбогдолтой. Иймд уг байдлыг шүүх тодруулах шаардлагатай.

 

            Дээр дурдсан үндэслэлээр маргаантай үйл баримт бүрэн тогтоогдоогүй, зохигчид уг асуудлаар мэтгэлцээгүй байхад давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/03086 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ