Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/01213

 

 

 

Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2021/00567 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 780 дугаар магадлалтай,

 

Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

Д.Мөнхзаяад холбогдох

 

Зээлийн гэрээ-ний үүрэгт 12,679,129,36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Дэлгэрхүүгийн гаргасан хяналтын гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

1.   Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Д.Мөнхзаяад холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 5,166,969,36 төгрөг, зээлийн хүү 7,080,644,20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431,515,80 төгрөг, нийт 12,679,129,36 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2021/00567 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Мөнхзаяагаас зээлийн гэрээний үүрэгт 12,679,129.36 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 780 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2021/00567 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Мөнхзаяагаас зээлийн гэрээний үүрэгт 7,142,311 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,536,818.36 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 217,816 гэснийг 129,226 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,817 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Дэлгэрхүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 780 дугаар магадлалд ИХШХТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд:

а. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь зээлдэгч Д.Мөнхзаяатай 2014.07.10-ны өдөр байгуулсан 636 тоот Цалингийн зээлийн гэрээ-ний хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй гэж зөв дүгнэсэн боловч давж заалдах шатны шүүх хэтэрсэн хугацааны хүүг нэхэмжлэх эрхгүй гэж үндэслэлгүй дүгнэж, хуулийг зөрүүтэй хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагаас 5,3536,818.36 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ удирдлага болгосон хуулийн заалтууд нь анхан шатны шүүхийн шийдвэрт баримталсан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгтэй ижил байх боловч хуулийг зөрүүтэй хэрэглэлээ.

б. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж заасан. Өөрөөр хэлбэл зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгасны төлөө гэрээнд заасан хэмжээгээр хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хуулиар хүлээсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр зээлдэгч төлөөгүй зээлийн үлдэгдэлд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөж, энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан болно.

в. Капитал банк, зээлдэгч Д.Мөнхзаяа нарын хооронд 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 636 тоот Цалингийн зээлийн гэрээ-ний 2.2 дахь хэсэгт Зээлийн хүү нь сарын 2 хувь байна, 2.11 дүгээр зүйлд Зээлдэгч зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжилнэ гэж тус тус тохиролцсон байхад давж заалдах шатны шүүх талууд зээлийн гэрээнд хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг тодорхой тусгаагүй гэж буруу дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

а. Монгол Улсын дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 дугаар Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 2.4 дэх хэсэгт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэлх хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж тайлбарласныг давж заалдах шатны шүүх өөрөөр тайлбарлан хэрэглэлээ.

Иймд дээрх үндэслэлийг харгалзан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Нэхэмжлэгч Т.Дэлгэрхүүгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх 2021.09.10-ны өдрийн 001/ШХТ2021/00378 дугаар тогтоолыг гаргажээ.

 

2. Хэрэгт цугларсан баримтаар Капитал банк ХХК-ийн Замын-Үүд салбар нь зээлдэгч Д.Мөнхзаяатай 2014.07.10-ны өдөр ЗГ-636 дугаартай Цалингийн зээлийн гэрээ байгуулж, 5,760,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгожээ.

 

Зээлдэгч зээлийг авч ашигласнаас хойш зээлийн төлбөрт 593,030.64 төгрөг, зээлийн хүүд 556,926.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 785,493.26 төгрөг төлсөн, гэрээний хугацаа дууссан боловч төлбөрийг бүрэн төлөөгүй үндэслэлээр зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэгт 12,679,129.36 төгрөгийг гаргуулахаар Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нэхэмжлэл гаргажээ.

 

Төв банк /Монгол банк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1., 68.5. дахь хэсэг, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-96 дугаар Банкийг албадан татан буулгах тухай тушаалаар Капитал банк ХХК-ийг татан буулгасан үндэслэлээр Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-302 тушаалаар баталсан Банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх журам-ын 2.9 дэх заалтыг үндэслэн Банкны хяналт шалгалтын хорооны 2019.04.08-ны өдрийн 2 дугаар зөвлөмжийг харгалзан Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-97 тушаалаар М.Адилбишийг Банкны эрх хүлээн авагчаар томилсон тул тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдтэй байгуулсан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, 79.7.-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тооцно гэж, 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэжээ.

 

Зээлдэгч зээлийг авч ашигласнаас хойш зээлийн төлбөрийг 2018 он хүртэл төлж байсан нь баримтаар нотлогдсон, нэхэмжлэгч 2020 оны 09 дүгээр сард нэхэмжлэл гаргасан нь зээлийн үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1., 79.7., 75 дугаар зүйлийн 75.2.1.-д нийцжээ.

 

Анхан шатны шүүх үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн зээлийн үлдэгдэл 5,166,969.36 төгрөг, зээлийн хүү 7,080,644.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431,515.80 төгрөг, нийт 12,679,129.36 төгрөгийг гэрээний үүрэгт хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад ...талууд гэрээнд хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг тодорхой тусгаагүй, ерөнхий утгаар буюу хуулийн заалтыг хуулсан агуулгатай тусгасан байх тул хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй... гэж үзэж, хэтэрсэн хугацааны хүүг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулахдаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3, 25 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэл болгожээ.

 

5. Нэхэмжлэгч магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ: ...хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, ...хуулийг улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн... гэжээ.

 

а/ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3.-т зээлийг авсан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, 25 дугаар зүйлийн 1.-д зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй зээл, түүний хүүг хугацаа хэтэрсэн зээлийн болон тусгай дансанд бүртгэнэ гэж, 2-т хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж тус тус зохицуулсан байна.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан 2014.07.10-ны өдрийн №636 дугаартай Зээлийн гэрээний 2.11.-д зээлдэгч зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжилнэ. Гэрээний үндсэн хугацаа дууссан нь зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тохиролцжээ.

 

Зохигч гэрээний 2.2. дахь заалтад зээлийн хүү сарын 2 хувь байх ба хүүг хуанлийн хоногоор тооцно гэж, 2.9.-д ...зээлдэгч эргэн төлөлтийг хуваарийг зөрчсөн тохиолдолд ...үндсэн хүүг нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлнө гэж харилцан тохиролцсон байх тул гэрээний 2.11. дэх заалт нь зээлдэгч зээлийг бүрэн төлж дуусаагүй бол хэтэрсэн хугацаанд зээлийн хүүг сарын 2 хувиар тооцож төлнө гэж ойлгогдохоор байна.

 

Дээр дурдснаар талууд хэтэрсэн хугацааны хүүг ямар хэмжээнд төлөх талаар гэрээнд тодорхой зааж, тусгасан гэж үзэх тул хэтэрсэн хугацааны хүүг гэрээнд тодорхой тусгаагүй ...тул хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй гэх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй, энэ талаар ...хуулийг анхан шатны шүүхээс зөрүүтэй хэрэглэсэн... гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй гэж үзнэ.

 

б/ Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006.12.21.-ний өдрийн 53 дугаартай тогтоолын 2.4. дэх хэсэгт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж тайлбарлажээ.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хуулийн зохицуулалтыг Улсын Дээд шүүхийн дээрх тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

 

Тухайлбал, давж заалдах шатны шүүх хэтэрсэн хугацааны хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зөвхөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг магадлалын үндэслэл болгосон байх бөгөөд зээлдэгчийн хариуцлагыг тодорхойлсон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1. дэх зохицуулалтад хамаарах дүгнэлтийг орхигдуулсан байх тул хэтэрсэн хугацааны хүүг төлөх зээлдэгчийн хариуцлагыг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх гомдлыг хангана.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн болох нь тогтоогдсон тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, маргаантай үйл баримтад холбогдох Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1., 79 дүгээр зүйлийн 79.1., 79.7., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйл, 453 дугаар зүйлийн 453.1. дэх зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 780 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2021/00567 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Дэлгэрхүүгийн гомдлыг хангасугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12.-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Х.ЭРДЭНЭСУВД