Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 02333

 

 

 

 

 

 

 

 

 

“ЮПЧМ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/03493 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ЮПЧМ” ХХК-ийн хариуцагч Ү.Ц-т холбогдуулан гаргасан 14 000 000 төгрөг гаргуулах үндсэн, 11 101 886.94 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Б.М- нь “ЮПЧМ” ХХК-ийн захирал бөгөөд Гадаад худалдаа, интернет худалдаа, онлайн худалдаа, программ хангамжийн үйлчилгээ явуулах зорилгоор 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ү.Ц-тай үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг нэг сарын 2 800 000 төгрөг 1 жилийн хугацаатай байгуулсан. Үүнээс хойш 3 сарын дараа хуулийн этгээдийн хамтран ажиллах боломжгүй болсон. Тиймээс Ү.Ц-т хандан цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах санал 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тавьж байсан. Орондоо суулгах хуулийн этгээд зараар хайж өгсөн боловч Ү.Ц- хөлслөх үнэн дээрээ таараагүй больсон байсан. Үүнээс сарын дараа үлдэгдэл мөнгөө нэхэхэд мөнгө байхгүй чи түр сууж бай гэхээр нь би дүүгээ тэнд 3 сар суулгаад гаргасан. Үүнээс хойш үлдэгдэл мөнгөө нэхэхээр үрсэн байхгүй гэсээр өнөөдрийг хүрсэн. Тиймээс 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 5 сарын мөнгө болох 14 000 000 төгрөг Ү.Ц-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ү.Ц- эхнэр Н.Пүрэвсүрэнгийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвшийн АОС-ны 118 тоот хаягтай, үл хөдлөх хөрөнгийн Ү-2204098462 дугаартай хувийн сууц өмчлөлийн байраа хөлслөхөөр Ремакс компанитай 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зуучлуулан 2 хятад, орчуулагч Б.М- гэх хүүхэнтэй хамт ирж байр тавилга эд хогшил хүлээн авч акт үйлдэн 6 төрлийн түлхүүрийн хамт хүлээлгэн өгсөн. Түүний дараа гэрээгээ хийхээр 6 дугаар сарын 25-ны өдөр нотариатын гадна ирээд бэлэн мөнгө авч явахаас айгаад хятадууд нь байр хөлслөх мөнгө миний хувийн дансанд хийчихсэн гээд орчуулагч Б.М- хэлээд та дансаа өгчих өгчих одоо шилжүүлчхээд гэрээгээ хийчихье гэсэн. Тэгээд шилжүүлэх гэсэн интернет эрх болохгүй байна орой шилжүүлээд маргааш гэрээгээ хийе гэсэн. 8 дугаар сарын 17-ны өдөр шиг санаж байна нөгөө хятад нэг өвөр монгол залуугаар над руу утасдуулсан. Нөгөө орчуулагч Б.М- бид нараас мөнгө нэхээд түүнийг нь өгөөгүй гээд цагдаа болон гадаадын харьяатын газрын байцаагчаар шалгуулаад, бид нар танай байрнаас түр нүүлээ Б.М-тай учраа олчихоод эргээд сууна гэж ярьсан. Гэтэл маргааш өдрийн орой 22 цагийн үед Б.М- утасдсан. Нөгөө хятадууд чинь дургүй хүргээд цагдаа ахтайгаа танай байрны гадаа байна. Танд илүү түлхүүр байвал өгөөч гэсэн. Чи яах гэж байгаа юм бэ гэсэн чинь хятадуудын компьютер эд зүйлсийн битүүмжилж барьцаанд авах гэсэн. Наад асуудлаа таньдаг цагдаатайгаа биш хуулийн дагуу шийдүүл гэж хэлээд надад түлхүүр байхгүй гэж хэлсэн. 8 дугаар сарын 25-ны өдөр тоолуурын заалт авах гээд очсон чинь хаалганы цоож сольчихсон байсан. Тэгээд Б.М- руу утасдсан чинь би сольчихсон гэсэн. 9 дүгээр сарын 01-ний өдөр Б.М-тай зуслангийн Зунжин төвийн зогсоолын талбай дээр уулзаж байрны 1 ширхэг түлхүүр авсан. Байранд очсон чинь хашааны машин ордог хаалганы цоожийг эвдээд хаячихсан, байрны гадна дотор 2 хаалганы цоожийг эвдээд гадна хаалганд цоож хийгээд дотор хаалганы цоожийг хийгээгүй эвдэрхий чигтээ орхисон байсан. 9 дүгээр сарын сүүлээр манай хөрш Буянчимэг утасдаад танай хашааны том хаалга дэлгэгдээд орчихсон ачааны машинтай ачаа буулгаад байна гэсэн. Тэгэхээр нь Б.М- руу утасдсан чинь би жаахан юм буулгасан удахгүй авчихна гэсэн тэгэхээр нь чамд өөр түлхүүр байсан юм уу гэсэн чинь тийм ахаа би дүүтэйгээ танай байранд урсгал зардлыг нь төлөөд өвөлжье танай энд хулгай их гэсэн гэж байсан гэхээр нь цахилгаан, ус, дулааны мөнгөө цагт нь төлөөд яваарай гээд орхисон. Гэтэл 10 дугаар сарын 30-ны орой хөрш н.Буянчимэг утасдаад танай байранд 20, 30-аад хятад чемоданаа чирээд орцгоож байна гадуур цагдаа нар долоо найман зуун хятад иргэдийг баривчлалаа гээд зурагтаар мэдээ явж байна гэсэн. Тэгээд Б.М- руу утасдсан чинь тийм юм байхгүй би дүүгээсээ асуугаад хариу өгье гээд таг болсон. Маргааш нь 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний шилжих шөнө н.Буянчимэг утасдаад танай хашаа дотор 20-иод согтуу залуучууд зодолдоод нэгнийгээ алах нь та арга хэмжээ ав, хүний амгалан тайван байдал алдагдуулаад гээд уурласан. Б.М- руу утасдсан чинь таны дуудлага миний туслах үйлчилгээнд бүртгэгдлээ гээд байсан. Тэгэхээр нь мессеж бичээд үлдээсэн. Тэгсэн чинь над руу залгаж байна. Байдлыг хэлсэн чинь за тэгвэл би өөрөө нэг арга хэмжээ аваад зохицуулчихъя гэсэн. Гурав дөрвөн минутын дараа Буянчимэг залгаад дуудлагын машинтай цагдаа ирээд зохицуулж байна гэсэн. 11 дүгээр сарын дундуураас эхлээд манай хөршүүд олон удаа утасдаад гомдол мэдүүлж эхэлсэн. Шөнөжин унтаж амрах цагаар машин чанга дуугаар хөгжим тавиад бөмбөр цохиод, хашаан дотор согтуу залуучууд орилолдоод байна гээд Б.М- руу утасдах болгонд холбогдох боломжгүй гэдэг хариуг өгдөг болсон. 12 дугаар сар гараад хөршүүдийн гомдол бүр ихсээд 12 дугаар сарын 13-ны өдөр дүүгээ хүүтэйгээ хамт дагуулаад гэрээний 4.2-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн ашиглалтад хяналт тавихаар очсон. Гэтэл байшинг маань хөгжим диффузер, анивчдаг гэрэл, шаар, туузаар тааз хана туурганд тусгай цавуугаар нааж тоноглоод караоке микрофон байрлуулчихсан 2 төмөр поошиг будаад модон суурин дээр байрлуулчихсан танихгүй 3 залуу өрөөнүүдэд бөөлжис цэвэрлээд байж байсан. Ингээд Б.М-г дууд утсаа ерөөсөө авахгүй байна гэсэн чинь н.Д гэж өөрийгөө танилцуулсан залуу миний утсыг бас авахгүй байна мессежээр биччихлээ одоо хариу өгөх байх гээд хэдэн хором хүлээгээд урд явж байгаа гэнэ ирээд уулзан гэж байна гэсэн. Манай компани Туркээс оруулж ирдэг ундаа бид энд үйлчлүүлэгч нартаа борлуулдаг гэж хэлж байсан. Мөн хоногийн хүнийх нь тооноос хамаараад таван зуун мянгаас долоон зуун мянгаар түрээсэлдэг гэж ярьсан. Та нар яагаад хууль бус үйл ажиллагаа явуулаад байна манай хөршүүд гомдол мэдүүлээд байна гэсэн чинь Б.М- эгчээс түрээсэлж авсан энэ миний нэрийн хуудас, манай компани дээр очоод асуу гэсэн. Цахилгаан ус дулааны мөнгөө төлөөгүй байна одоо төл гэсэн чинь Б.М- эгчид төлбөрөө өгчихсөн ирэхээр нь учраа олмоор байна гэсэн. Одоо гарцгаа байр чөлөөлж өг гэсэн чинь 12 дугаар сарыг дуустал захиалгатай ингээд шууд гарч чадахгүй гээд гарахгүй байсан. Б.М- эгч 20 гэхэд ирчихнэ тэр үед уулзъя гэсэн. 12 дугаар сарын 19-ний өдрийн 16:30 минутад Б.М- над руу нөгөө авдаггүй дугаараасаа залгасан. Тэгэхэд нь хүн олноор цуглуулж хууль бус үйл ажиллагаа явуулаад хөрш айлуудын амгалан тайван байдал удаа дараа алдагдуулсан гээд үг ээ дуусаагүй байтал утсаа тасалсан. Хөршүүд залгаад гомдол мэдүүлээд байсан учраас гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөрийг эрүүлж олгохгүй гэдгийг хэлээд хөөж гаргаад хаалганы цоожоо сольсон болно. Энэ үед С.Дашням нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс цагдаа 2 удаа дуудлагаар ирж 500 000 төгрөгөөр торгосон ба одоо ч гэсэн Э гэдэг цагдаа дээр дуудагдаж байгаа. Би он дуусгаад гармаар байна гэж гуйж байсан. Эвдэлсэн хагалсан, учруулсан хохирлоо 2020 оны 01 дүгээр сарын 10-ны дотор барагдуулна гэж хэлээд караокены төхөөрөмжөө бусад зүйлийн хамт аваад явсан ба хохирлыг минь барагдуулаагүй. Энэ бүхний буруутан болох зөвшөөрөлгүй дураараа гэрээний 5.2-т заалтыг зөрчиж бусдад байрыг минь түрээсэлж, ашиглуулсан “ЮПЧМ” ХХК болон түүний захирал Б.М- гэгч надад учирсан бүх хохиролд зардлыг арилгах ёстой гэж үзэж байна. Энэ хугацаанд Б.М- нь нэг удаа 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ус дулааны төлбөр 97 306 төгрөг төлсөн болно. Дээр дурдсан гэрээний 5.7 заалтын дагуу “Юу пэнг чуэн мэй” ХХК-ийн захирал Б.М- нь миний амьдран суух зориулалттай байрыг миний зөвшөөрөлгүй бусдад дамжуулан ашиглуулж ихээхэн хэмжээний орлого олон, олон тооны хүн цуглуулж, архидан согтуурах, шоу цэнгээний арга хэмжээг бүтэн дөрвөн сар зохион байгуулж айл хөршүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, орон байрыг минь сүйтгэж, тавилга эд хогшлыг эвдэж хүн амьдрахын эцэсгүй бохир болгож айл хөршүүдийн ихээхэн гомдол дагуулж байрны ус дулаан цахилгааны төлбөрийг төлөөгүй өр төлбөрт оруулж ноцтой зөрчлүүдийг гаргаж байсан учир хөлслүүлэгч би гэрээг дангаар цуцалсан болно. Иймд гэрээ болон хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүд гаргасан тул гэрээний 5.7-д зааснаар үлдэгдэл төлбөрийг эргүүлж олгохгүй, түүнчлэн анх хятадууд байр хөлслөх төлбөрийн мөнгийг 11-н сараар өгсөн болохоор Б.М-гийн өөрийнх нь мөнгө биш, харин ч миний байрыг бусдад хууль бусаар дамжуулан түрээслүүлж их хэмжээний орлого олж, миний хийгээд айл хөршүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нэр төрийн миний гутаасан түүнд ийнхүү нэхэмжлэл гаргах эрх огтоос байхгүй бөгөөд түүний нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болох шүүх хуралдаан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие Ү.Ц- эхнэр Н.П-гийн хамт нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвшийн АОС ны 18 тоот хаягтай, үл хөдлөх хөрөнгийн Ү-2204098462 тоот бүртгэлийн дугаартай сууц өмчлөгч юм. Байраа хөлслөхөөр Ремакс компанитай зуучлалын гэрээ байгуулж улмаар 2 хятад иргэнд хөлсөхөөр тохирч 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “ЮПЧМ” ХХК-ийн захирал гэх Б.Б.М-тай гэрээ байгуулсан. Гэтэл Б.М- нь хятад иргэдээ янз бүрээр дарамталж байрнаас гаргачхаад өөрөө амьдарна гэж орчихоод гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлж бүтэн 4 сар интернетээр манай байрны гадна дотор талын зургийг тавьж сурталчлан олон тооны хүн цуглуулж архидан согтуурах боломжоор хангаж айл хөршүүдийн амгалан тайван байдлыг удаа дараа алдагдуулж байсан. Ингээд удаа дараа хөлслүүлэгч тал дангаар гэрээг цуцалж 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан. Хөлслөх хугацаанд Б.М- нь үл хөдлөх хөрөнгийн ашиглалт, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг алдагдуулж ихээхэн хэмжээний хохирол учруулсан болно. Байрны салхивч болгоноор гадагш бөөлжиж байрны гадна өнгө үзэмжийг ашиглах боломжгүй болгосон. Дотор хоёр давхрын нэг өрөөний хаалгыг цоожны бариулын хэсгийг цөм өшиглөсөн, өрөө болгонд бөөлжистэй, хана таазанд дураараа янз бүрийн анивчдаг гэрэл цавуугаар наасан байсан. Зочны том ширээ тавцанг хагалсан. Хоёр хөлийг нь эвдээд салгаад хаячихсан, гурван сандлыг нь хэмхэлсэн. Дотор төмөр хаалганы цоожийг эвдээд бариул цоожгүй болгосон. Мөн байр ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгааны төлбөрийг төлөөгүй учир гэрээний 4.4, 4.7, 5.3, 5.6 заалтуудын дагуу доорх учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна. Үүнд эд хогшил байрны гадна талын засал засварын хөлс 9 653 550 төгрөг, үнэлгээ гаргуулсны хөлс 392 700 төгрөг, ус дулааны төлбөр 684 571 төгрөг, ус дулаан 164 307 төгрөг цахилгаан 206 758.94 төгрөг нийт 11 101 886.94 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2, 289 дүгээр зүйлийн 289.1 хэсэгт заасныг тус тус баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8 251 589 төгрөгийг хангаж, үлдэх 2 850 297 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ү.Ц-аас 5 748 411 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЮПЧМ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 227 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 192 580 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ЮПЧМ” ХХК-аас 146 975 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ү.Ц-д, хариуцагч Ү.Ц-аас 227 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЮПЧМ” ХХК-д тус тус олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Ү.Ц- давж заалдах гомдолдоо:

... Хэрэгт авагдсан 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ” нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдав гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй” гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч тал гэрээний хуудас дутуу гэрээг шүүхэд өгсөн тул шүүгч гэрээний жинхэнэ эхийг шаардан авалгүй шүүх ажиллагааг явуулсан. Хариуцагч тал гэрээний жинхэнэ эхийг шүүгчид өгөхөд авахгүйгээр хурлыг үргэлжлүүлсэн. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа гэрээнд заасан мөнгөн дүнг бүрэн төлөгдсөнөөр тооцож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал байр хөлслөх гэрээний мөнгөө дутуу төлснийг тооцоогүй. Сөрөг нэхэмжлэлийг хангахдаа хөлслөгч тал төлөөгүй ус дулааны төлбөрийг хөлслүүлэгч тал төлсөн баримтуудыг “төлсөн гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэл тогтоохгүй байх тул шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв” гэжээ.

Мөнгөө тушаагаад Зүмбэр орд өргөө компаниас өгсөн QR кодтой е-баримтын LU36119361 дугаартай 164 307 төгрөгийн, GQ65909457 дугаартай 684 571 төгрөгийн баримтуудыг төлсөн гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна. Е-баримтын өөр систем манай улсад байхгүй. Нэхэмжлэгч нь байр хөлслөх гэрээ байгуулснаас 4 хоногийн дараа компанийн гэрчилгээ дахин авахдаа 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр компанийн албан ёсны хаяг дээрээ миний гэрийн хаягийг санаатайгаар бүртгүүлсэн байна. Энэ нь урьдаас төлөвлөсөн залилангийн шинжтэй үйлдэл болохыг гэрчилж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн ус дулааны төлбөрт төлсөн 848 878 төгрөгийг хуулийн дагуу хангаж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч “ЮПЧМ” ХХК-ийн хариуцагч Ү.Ц-т холбогдуулан 14 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч марган, эд хөрөнгийн засварын зардалд 11 101 886.94 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Зохигчид 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ”-ний үүргийг талууд зохих ёсоор биелүүлсэн эсэхээр буюу гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор маргаж байх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий маргааны үндэслэл болох бичгийн нотлох баримтыг үнэлэх зайлшгүй шаардлагатай.

 

Гэвч 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ” хэрэгт бүрэн авагдаагүй байх бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй” гэж заасныг зөрчсөн, гэрээ авагдаагүй байхад талууд гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлсэн эсэхийг дүгнэх боломжгүй байна.

 

            Иймд тухайн “Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ”-г эх хувиар хэрэгт хавсаргах шаардлагатай бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр маргаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/03493 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 930 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

 

А.ОТГОНЦЭЦЭГ