Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2020/03493

 

 

 

 

 

 

 

 

                           2020         10         08                             

                               101/ШШ2020/03493

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд  000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 00 хороолол, 0 байр 00тоотод оршин байх “ ю п ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн 0000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол00 тоотод оршин суух Ш адуут овогт Ү Цт холбогдох, 

14,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 11,101,886.94 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхсаруул, түүний өмгөөлөгч Б.Галхүү, хариуцагч Ү.Ц, гэрч Б.Буянчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

 Б.Мөнхзаяа “ ю п ч” ХХК хуулийн этгээдийн захирал бөгөөд Гадаад худалдаа, интернэт худалдаа, онлайн худалдаа, программ хангамжийн үйлчилгээ явуулах зорилгоор 2019 оны 6р сарын 26-ний өдөр Ү.Цтай Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг нэг сарын 2,800,000 төгрөг 1 жилийн хугацаатай байгуулсан. Байгуулснаас хойш 3 сарын дараа хуулийн этгээдийн хамтран ажиллах боломжгүй болсон бөгөөд үл хөдлөх хөрөнгө хөдлөх шаардлагагүй болсон. Тиймээс Ү.Цт хандан цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах санал 2019.09.03-ний өдөр тавьж байсан. Орондоо суулгах хуулийн этгээд зараар хайж өгсөн боловч Ү.Ц хөлслөх үнэн дээрээ таараагүй больсон байсан. Үүнээс сарын дараа үлдэгдэл мөнгөө нэхэхэд мөнгө байхгүй чи түр сууж бай гэхээр нь би дүүгээ тэнд 3 сар суулгаад гаргасан. Үүнээс хойш үлдэгдэл мөнгөө нэхэхээр үрсэн байхгүй гэсээр өнөөдрийг хүрсэн. Тиймээс 2020.01.26-2020.06.26 хүртэл 5 сарын мөнгө болох 14,000,000 төгрөг Ү.Цаас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү.

гэв.

Хариуцагч Ү.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Ү.Ц эхнэр Н.Пүрэвсүрэнгийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13-р хороо, Алтан тэвшийн АОС-ны 118 тоот хаягтай, үл  хөдлөх хөрөнгийн Ү-2204098462 дугаартай хувийн сууц өмчлөлийн байраа хөлслөхөөр Ремакс компанитай 2019 оны 4 дүгээр сарын 16-нд зуучлах гэрээ байгуулсан. 2019 оны 6-р сарын 19-нд Ремакс компани агент О.Энхтуул гэдэг эмэгтэй утасдаж танай байрыг 2 хятад хүн үзье гэж байна гэсэн. Тэгээд уулзаж үзүүлэхэд 2 хятад Ремаксийн агент Баярмагнай хамт ирж үзүүлсэн. Нөгөөдөр нь 2019 оны 6-р сарын 21-нд танай байрыг хөлсөхөөр болсон гээд Баярмагнай утасдаад нөгөө 2 хятад, орчуулагч Мөнхзаяа гэх хүүхэнтэй хамт ирж байр тавилга эд хогшил хүлээн авч акт үйлдэн 6 төрлийн түлхүүрийн хамт хүлээлгэн өгсөн. Түүний дараагаар гэрээгээ хийхээр 6-р сарын 25-нд нотариатын гадна ирээд бэлэн мөнгө авч явахаас айгаад хятадууд нь байр хөлслөх мөнгө миний хувийн дансанд  хийчихсэн гээд орчуулагч Мөнхзаяа хэлээд та дансаа өгчих өгчих одоо шилжүүлчихээд гэрээгээ хийчихье гэсэн. Тэгээд шилжүүлэх гэсэн интернэт эрх болохгүй байна орой шилжүүлээд маргааш гэрээгээ хийе гэсэн. Тэгээд нөгөө хятадтай Мөнхзаяа ярьсан чинь хатад нь уурлаад байсан. Маргааш нь 6-р сарын 26-нд нотариат дээр уулзсан бөгөөд орчуулагч гэх Мөнхзаяа нь мөнгөө компанийн дансаар шилжүүлсэн энэ хятад манай компанийн нэр дээр гэрээгээ хийчих гээд байна гэж хэлээд гэрчилгээ гаргаж ирэхдээ сандраад, Хятад залуу паспортаа гартаа бариад хажууд зогсоод байсан. Тэгээд  хятад залуу орчуулагч Мөнхзаяа 2 нилээн өндөр дуугаар маргаад байгаа бололтой байсан. Энэ үед Ремаксийн агент Баярмагнай хажууд байсан. Ингээд орчуулагч Мөнхзаяагийн компанийн нэр дээр гэрээ хийсэн. Тэгээд хятад залуу Мөнхзаяагаас компанийн гэрчилгээ, тамга 2-ын нилээн ууртай булаах шахам аваад машиныхаа урд шил рүү тавьсан. Энэ үед Мөнхзаяа надад Баянзүрх дүүргийн цагдаад нэг таньдаг хүн бий, энэ хятадуудыг тэгж байгаад нэг шалгуулчихна гэж ярьж байсан. Тэр үед би учрыг нь ойлгоогүй. За ингээд 8-р сар гарсан. Гэтэл 8-р сарын 17-нд шиг санаж байна нөгөө хятад нэг өвөр монгол залуугаар над руу утасдуулсан. Нөгөө орчуулагч Мөнхзаяа бид нараас мөнгө нэхээд түүнийг нь өгөөгүй гээд цагдаа болон гадаадын харьяатын газрын байцаагчаар шалгуулаад, бид нар танай байрнаас түр нүүлээ Мөнхзаяатай учраа олчихоод эргээд сууна гэж ярьсан. Гэтэл маргааш өдрийн орой 22 цагийн үед Мөнхзаяа утасдсан. Нөгөө хятадууд чинь дургүй хүргээд цагдаа ахтайгаа танай байрны  гадаа байна. Танд илүү түлхүүр байвал өгөөч гэсэн. Чи яах гэж байгаа юм бэ гэсэн чинь хятадуудын компьютер эд зүйлсийн битүүмжилж барьцаанд авах гэсэн. Наад асуудлаа таньдаг цагдаатайгаа биш хуулийн дагуу шийдүүл гэж хэлээд надад түлхүүр байхгүй гэж хэлсэн. 8 сарын 25-нд тоолуурын заалт авах гээд очсон чинь хаалганы цоож сольчихсон байсан. Тэгээд Мөнхзаяа руу утасдсан чинь би сольчихсон гэсэн. 9-р сарын 1-нд Мөнхзаяатай зуслангийн Зунжин төвийн зогсоолын талбай дээр уулзаж байрны 1 ширхэг түлхүүр авсан. Байранд очсон чинь хашааны машин ордог хаалганы цоожийг эвдээд хаячихсан, байрны гадна дотор 2  хаалганы цоожийг эвдээд гадна хаалганд цоож хийгээд дотор хаалганы цоожийг хийгээгүй эвдэрхий чигтээ орхисон байсан. 9-р сарын сүүлээр манай хөрш Буянчимэг утасдаад танай хашааны том хаалга дэлгэгдээд орчихсон портертой ачаа буулгаад байна гэсэн. Тэгэхээр нь Мөнхзаяа руу утасдсан чинь би жаахан юм буулгасан удахгүй авчихна гэсэн тэгэхээр нь чамд өөр түлхүүр байсан юм уу гэсэн чинь тиймээ ахаа би дүүтэйгээ танай байранд урсгал зардлыг нь төлөөд өвөлжье танай энүүгээр хулгай их гэсэн гэж байсан гэхээр нь цахилгаан, ус, дулааны мөнгөө цагт нь төлөөд яваарай гээд орхисон. Гэтэл 10-р сарын 30-ны орой хөрш Буянчимэг утасдаад танай байранд 20, 30-аад хятад чемоданаа чирээд орцгоож байна гадуур цагдаа нар долоо найман зуун хятад иргэдийг баривчиллалаа гээд зурагтаар мэдээ явж байна гэсэн. Тэгээд Мөнхзаяа руу утасдсан чинь тийм юм байхгүй би дүүгээсээ асуугаад хариу өгье гээд таг болсон. Маргааш нь 10-р сарын 31-нээс 11-р сарын 1-нд шилжих шөнө Буянчимэг утасдаад танай хашаа дотор 20-иод согтуу залуучууд зодолдоод нэгнийгээ алахнээ та арга хэмээ авалдаа хүний амгалан тайван байдал алдагдуулаад гээд уурласан. Мөнхзаяа руу утасдсан чинь таны дуудлага миний туслах үйлчилгээнд бүртгэгдлээ гээд байсан. Тэгэхээр нь мессеж бичээд үлдээсэн. Тэгсэн чинь над руу залгаж байна. Байдлыг хэлсэн чинь за тэгвэл би өөрөө нэг арга хэмжээ аваад зохицуулчихъя гэсэн. Гурав дөрвөн минутын дараа Буянчимэг залгаад дуудлагын машинтай цагдаа ирээд зохицуулж байна гэсэн. Ингээд нэг хэсэг байсны дараа 11-р сарын дундуураас эхлээд манай хөршүүд олон удаа утасдаад гомдол мэдүүлж эхэлсэн. Шөнөжин унтаж амрах цагаар машин чанга дуугаар хөгжим тавиад бөмбөр цохиод, хашаан дотор согтуу залуучууд орилолдоод байна гээд. Мөнхзаяа руу утасдах болгонд холбогдох боломжгүй гэдэг хариуг өгдөг болсон.  Ингээд 12-р сар гараад хөршүүдийн гомдол бүр ихсээд 12-р сарын 13-нд дүүгээ хүүтэйгээ хамт дагуулаад гэрээний 4.2-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн ашиглалтад хяналт тавихаар очсон. Гэтэл байшинг маань хөгжим диффузер, анивчдаг гэрэл, шаар, туузаар тааз хана туурганд тусгай цавуугаар нааж тоноглоод караоке микрофон байрлуулчихсан 2 төмөр поошиг будаад модон суурин дээр байрлуулчихсан танихгүй 3 залуу өрөөнүүдэд бөөлжис цэвэрлээд байж байсан. Ингээд Мөнхзаяаг дууд утсаа ерөөсөө авахгүй байна гэсэн чинь Дашням гэж өөрийгөө танилцуулсан залуу миний утсыг бас авахгүй байна мессежээр биччихлээ одоо хариу өгөх байх гээд хэдэн хором хүлээгээд урд явж байгаа гэнэ ирээд уулзан гэж байна гэсэн. Тэгээд бид 3-ыг ундаагаар дайлаад манай компани Туркээс оруулж ирдэг ундаа бид энд үйлчлүүлэгч нартаа борлуулдаг гэж хэлж байсан. Мөн хоногийн хүнийх нь тооноос хамаараад таван зуун мянгаас долоон зуун мянгаар түрээсэлдэг гэж ярьсан. Та нар яагаад хууль бус үйл ажиллагаа явуулаад байна манай хөршүүд гомдол мэдүүлээд байна гэсэн чинь Мөнхзаяа эгчээс түрээсэлж авсан энэ миний нэрийн хуудас, манай компани дээр очоод асуу гэсэн. Цахилгаан ус дулааны мөнгөө төлөөгүй байна одоо төл гэсэн чинь Мөнхзаяа эгчид төлбөрөө өгчихсөн ирэхээр нь учраа олмоор байна гэсэн. Одоо гарцгаа байр чөлөөлж өг гэсэн чинь 12 дугаар сарыг дуустал захиалгатай ингээд шууд гарч чадахгүй гээд гарахгүй байсан. Тэгээд Мөнхзаяа эгч 20 гэхэд ирчихнэ тэр үед уулзъя гэсэн. Тэгээд бид нар явсан. 12-р сарын 19-ны 16:30 минутад Мөнхзаяа  над руу нөгөө авдаггүй дугаараасаа залгасан. Тэгэхэд нь хүн олноор цуглуулж хууль бус үйл ажиллагаа явуулаад хөрж айлуудын амгалан тайван байдал удаа дараа алдагдуулсан гээд үг ээ дуусаагүй байтал утсаа тасалсан. Ингээд байж байтал хөрш Батбилэг утасдсан. Та ингэж болохгүй бид  нар амгалан тайван амьдармаар байна. Ерөөсөө унтуулахгүй байна. Согтуу залуучууд дуу хөгжим чанга тавиад гээд ойрхон 3 удаа ярьсан. Энэ хугацаанд Дашням гэгч рүү 10-аад удаа залгаж хөрш айлууд гомдол гаргаад байна гэдгийг  хэлсэн. Ингээд бүр дангаар гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөрийг эрүүлж олгохгүй гэдгийг хэлээд хөөж гаргаад хаалганы цоожоо сольсон болно. Энэ үед С.Дашням нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс цагдаа 2 удаа дуудлагаар ирж 500,000 төгрөгөөр торгосон ба одоо ч гэсэн Энхтөр гэдэг цагдаа дээр дуудагдаж байгаа. Би он дуусгаад гармаар байна гэж гуйж байсан. Эвдэлсэн хагалсан, учруулсан хохирлоо 2020 оны 1 дүгээр сарын 10-ны дотор барагдуулна гэж хэлээд караокены төхөөрөмжөө бусад зүйлийн хамт аваад явсан ба хохирлыг минь барагдуулаагүй. Энэ бүхний буруутан болох зөвшөөрөлгүй дураараа гэрээний 5.2-р заалтыг зөрчиж бусдад байрыг минь түрээсэлж, ашиглуулсан “ ю п ч” ХХК болон түүний захирал Мөнхзаяа гэгч надад учирсан бүх  хохиролд зардлыг арилгах ёстой гэж үзэж байна. Энэ хугацаанд Мөнхзаяа нь нэг удаа 2019 оны 11 дүгээр сарын 25нд ус дулааны төлбөр 97,306 төгрөг төлсөн болно. Дээр дурдсан гэрээний 5.7 заалтын дагуу “Юу пэнг чуэн мэй” ХХК-ийн захирал Мөнхзаяа нь миний амьдран суух зориулалтай байрыг миний зөвшөөрөлгүй бусдад дамжуулан ашиглуулж ихээхэн хэмжээний орлого олон, олон тооны хүн цуглуулж, архидан согтуурах, шоу цэнгээний арга хэмжээг бүтэн дөрвөн сар зохион байгуулж айл хөршүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, орон байрыг минь сүйтгэж, тавилга эд хогшлыг эвдэж хүн амьдрахын эцэсгүй бохир заваан бөөлжис болгож айл хөршүүдийн ихээхэн гомдол дагуулж байрны ус дулаан цахилгааны төлбөрийг төлөөгүй өр төлбөрт оруулж ноцтой зөрчлүүдийг гаргаж байсан учир хөлслүүлэгч би гэрээг дангаар цуцалсан болно. Иймд гэрээ болон хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүд гаргасан тул гэрээний 5.7-ын дагуу үлдэгдэл төлбөрийг эргүүлж олгохгүй, түүнчлэн анх хятадууд байр хөлслөх төлбөрийн мөнгийг 11-н сараар өгсөн болохоор Мөнхзаяагийн өөрийнх нь мөнгө биш, харин ч миний байрыг бусдад хууль бусаар дамжуулан түрээслүүлж их хэмжээний орлого олж, миний хийгээд айл хөршүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нэр төрийн миний гутаасан түүнд ийнхүү нэхэмжлэл гаргах эрх огтоос байхгүй бөгөөд түүний нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болох шүүх хуралдаан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие Ү.Ц эхнэр Н.Пүрэвсүрэнгийн хамт нийслэлийн Баянзүрх дүүргийн 13-р хороо, Алтан тэвшийн АОС ны 18 тоот хаягтай, үл  хөдлөх хөрөнгийн Ү-2204098462 тоот бүртгэлийн дугаартай сууц өмчлөгч юм. Байраа хөлслөхөөр Ремакс компанитай зуучлалын гэрээ байгуулж улмаар 2 хятад иргэнд  хөлсөхөөр тохирч 2019 оны 6-р сарын 26-нд  ю п ч ХХК-ний захирал гэх Б.Мөнхзаяатай  гэрээ байгуулсан. Гэтэл Мөнхзаяа нь хятад иргэдээ янз бүрээр дарамталж байрнаас гаргачихаад өөрөө амьдарна гэж орчихоод гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлж бүтэн 4 сар интернэтээр манай байрны гадна дотор талын зургийг тавьж сурталчлан олон тооны хүн цуглуулж архидан согтуурах боломжоор хангаж айл хөршүүдийн амгалан тайван байдлыг удаа дараа алдагдуулж байсан. Ингээд удаа дараа хөлслүүлэгч тал дангаар гэрээг цуцалж 2019 оны 12-р сарын 25-ны өдөр гаргасан. Хөлслөх хугацаанд Мөнхзаяа нь үл  хөдлөх хөрөнгийн ашиглалт, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг алдагдуулж ихээхэн хэмжээний хохирол учруулсан болно. Байрны салхивч болгоноор гадагш бөөлжиж байрны гадна өнгө үзэмжийг ашиглах боломжгүй болгосон. Дотор хоёр давхрын нэг өрөөний хаалгыг цоожны бариулын хэсгийг цөм өшиглөсөн, өрөө болгонд бөөлжистэй, хана таазанд дураараа янз бүрийн анивчдаг гэрэл цавуугаар наасан байсан. Зочны том ширээ тавцанг хагалсан. Хоёр хөлийг нь эвдээд салгаад хаячихсан, гурван сандлыг нь хэмхэлсэн. Дотор төмөр хаалганы цоожийг эвдээд бариул цоожгүй болгосон. Мөн байр ашиглалтын зардал болох ус, дулаан, цахилгааны төлбөрийг төлөөгүй учир гэрээний 4.4, 4.7, 5.3, 5.6 заалтуудын дагуу доорх учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна. Үүнд эд хогшил байрны гадна талын засал засварын хөлс 9,653,550 төгрөг, үнэлгээ гаргуулсны хөлс 392,700 төгрөг, ус дулааны төлбөр 684,571 төгрөг, ус дулаан 164,307 төгрөг цахилгаан 206,758.94 төгрөг нийт 11,401,886.94 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ ю п ч” ХХК нь хариуцагч Ц.Цт холбогдуулан 14,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь нэхэмжлэгчээс 11,101,886.94 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж, зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь 14,000,000 төгрөгийг хангуулах үндэслэлийг талуудын хооронд байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ”-ний үүргийн дагуу хангуулна” гэж тодорхойлсон.

Зохигч талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээгээр хөлслүүлэгч тал болох Ц.Ц нь Н.Пүрэвсүрэн, Ү.Ц нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204098162 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвшийн АОС 118 тоот хаягт байршилтай 388.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг тавилга, эд хогшлын хамт нэг жилийн хугацаатай хөлслүүлэх, хөлслөгч тал болох “ ю п ч” ХХК нь нэг сарын төлбөрт 2,800,000 төгрөгийг төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /х.х-ийн 5 дахь талд/

Гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар малууд маргахгүй байхаас гадна  хариуцагч орон сууц хөлслөх гэрээний 12 сарын мөнгийг бөөнөөр нь хүлээн авсан талаар маргахгүй байна.

Хариуцагч тус гэрээг “ ю п ч” ХХК-тай бус хятад иргэдтэй байгуулсан гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул гэрээ “ ю п ч” ХХК болон Ц.Ц нарын хооронд байгуулагдсан байх ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан “хэлцэл”-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэрээнд оролцогчдын хүсэл зориг, тус гэрээний зорилго, агуулга зэргээс дүгнэвэл тухайн үл хөдлөх эд хөрөнгөнд аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор бус амьдран суух зорилготой байсан байх тул Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө хөлслөх гэрээ”-ний харилцаа талуудын хооронд үүсчээ.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт “д хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.

Нэхэмжлэгч нь гэрээ цуцлах саналыг 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан боловч хариуцагч дараагийн хөлслөгчтэй тохиролцоогүй улмаас өөрийн дүүг 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл тухайн орон сууцанд амьдруулсан бөгөөд уг өдрөөс хойш 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 5 сарын хугацааны хөлс болох 14,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь орон сууцыг зориулалтын бусаар ашиглаж гэрээгээр тохиролцсон үүргээ нэхэмжлэгч зөрчсөн тул 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээг цуцалж, орон сууцнаас нэхэмжлэгчийн дүү болох н.Дашнямыг гаргасан гэж тус тус тайлбарласан.

Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1 дэх хэсэгт “ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол” үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүйгээр гэрээг цуцлах боломжтой тул талуудын хэн аль нь гэрээ цуцлахыг харилцан зөвшөөрсөн байх тул гэрээнээс татгалзах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зохицуулснаар нэхэмжлэгч нь гэрээ цуцалснаас хойших хугацаанд хамаарах хөлсийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

Хэдийгээр, хариуцагч 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс гэрээг цуцалж, орон сууц, эд хогшлыг хүлээн авсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх 5 сарын хөлсийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Дурдсан үндэслэлээр, хариуцагч Ү.Цаас 14,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “ ю п ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч нь нэхэмжлэгчээс эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл болох орон сууц, эд хөрөнгөд учруулсан хохиролд шинжээчийн тогтоосон үнэлгээгээр 9,653,550 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 392,700 төгрөг, ус, дулаан, цахилгаан зэрэг ашиглалтын зардалд 1,055,636.94 төгрөг нийт 11,101,886.94 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлд хөлслөгчийн хүлээх үүргийн талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 289.1.1 дэх хэсэгт зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах, 289.1.4 дэх хэсэгт зааснаар хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүрэгтэй байна.

Хариуцагчийн тайлбар болон гэрчийн мэдүүлэг зэргээс дүгнэн үзэхэд хөлслөгч буюу нэхэмжлэгч нь орон сууцанд хүн олноор цуглуулж, үдэшлэг цэнгээний шинжтэй үйл ажиллагаа явуулж гэрээгээр тохиролцсон зориулалтын бусаар хөлслөн авсан эд хөрөнгийг ашиглаж, ердийн элэгдлээс илүү муутгасан болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, хөлслөн авсан орон сууцанд зориулалтын бус үйл ажиллагаа явуулж, хохирол учруулсан гэх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тайлбарыг үгүйсгэж, няцаасан баримтыг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргаж өгөөгүй, татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 Иргэний хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт “Хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар ашигласны үр дүнд тухайн эд хөрөнгө муудсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй” гэж зохицуулсан.

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар хөлслөгч нь орон сууцыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байсан болох нь тогтоогдохгүй байх тул эд хөрөнгө муудсан хохирол зардлыг хөлслүүлэгчид төлөх үүрэгтэй тул хариуцагч нь нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх “Итгэлт Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон. /х.х-ийн 41-53 дахь талд/

Шинжээчээр томилогдсон “Итгэлт Эстимэйт” ХХК нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвшийн АОС 118 тоот хувийн сууцны хана, тааз, хаалга үүд, гадна хана, эд хогшилд учирсан хохирлын үнэлгээ, засварлах зардлыг 8,065,434 төгрөг гэж тогтоож, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээнд дурдсан үнийн зарим мэдээллүүд нь зах зээлийн ханшаас дээгүүр, эсвэл доогуур тооцоологдсон байна гэжээ. /х.х-ийн 67-82 дахь талд/

Иймд “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн тогтоосон хохирлын үнэлгээгээр тооцож, нэхэмжлэгч “ ю п ч” ХХК-иас 8,065,434 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ү.Цт олгох үндэслэлтэй.

Зохигчдын тайлбараар хөлслөгч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ашиглалтын зардлыг төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн хөлслөн сууж байсан хугацааны ашиглалтын зардлыг хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон хэмжээгээр буюу 186,155 төгрөгийг гаргуулах нь зүйтэй. /х.х-ийн 39 дэх талд/

Хэрэгт авагдсан бусад ус дулааны төлбөр болон “Ашид билгүүн” ХХК-нд үнэлгээний төлбөр төлсөн баримтуудаар хариуцагч ийнхүү төлсөн гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэл тогтоохгүй байх тул тус шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /х.х-ийн 35-38 дахь талд/

 

Дурдсан үндэслэлүүдээр, нэхэмжлэгч “ ю п ч” ХХК-иас 11,101,886.94 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ү.Цын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8,251,589 төгрөгийг хангаж, үлдэх 2,850,297 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ийнхүү нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 14,000,000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8,251,589 төгрөгийг тус тус хангасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар харилцан тооцож, хариуцагч Ү.Цаас 5,748,411 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ ю п ч” ХХК-нд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ” болон фото зургууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдав. /х.х-ийн 8, 21-25 дахь талд/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2, 289 дүгээр зүйлийн 289.1 хэсэгт заасныг тус тус баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8,251,589 төгрөгийг хангаж, үлдэх 2,850,297 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ү.Цаас 5,748,411 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ ю п ч” ХХК-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 227,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 192,580 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ ю п ч” ХХК-иас 146,975 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ү.Цд, хариуцагч Ү.Цаас 227,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ ю п ч” ХХК-нд тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ЭНХЖАРГАЛ