Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 02365

 

 

 

 

 

 

 

 

 

Р.Б-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02649 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Р.Б-ийн хариуцагч С.О-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 43 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Б-, түүний өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.О-д харилцан тохиролцсоны үндсэн дээр 100 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. 2018 оны 7 дугаар сард хөдөө очиж С.О-ээс мөнгөө нэхэхэд өгнө гэж хэлсэн. Миний зээлдүүлсэн 100 000 000 төгрөгөөр үйл ажиллагаа явуулж, 80 000 000 төгрөг хэрэгт холбогдсон хохирогчдоо гаргаж өгсөн байсан. Мөн үйл ажиллагаа явуулж ашиг олж 2 өрөө байр авсан байсан. Одооноос 1 жилийн өмнө шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө С.О- нь нэхэх тоолонд төлнө гэдэг байсан ба шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлөхгүй гэж өөр зүйл ярьдаг болсон. Би 100 000 000 төгрөгийг С.О-д шилжүүлэхдээ 43 300 000 төгрөгөөр, 56 700 000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн ба өгнө, өгөхгүй гэж яваад байгаа учир хоосон үлдэхгүйн тулд бага дүнтэй мөнгө болох 43 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан өндөр дүнтэй улсын тэмдэгтийн хураамж төлөх чадваргүй байдлаас болж мөн ор мөнгөгүй үлдэх гээд байгаа тул 100 000 000 төгрөг нэхэмжлээгүй, бага дүнтэй 43 300 000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 100 000 000 төгрөг нь Р.Б- миний данс руу 2 хувааж явуулсан байсан. Энэ мөнгө нь Н.Н Заамарт чулуу авах гэж очсон, би хотоос Р.Б-ийн шилжүүлсэн 100 000 000 төгрөгөөс 40 000 000 төгрөг бэлнээр авч Заамарт Н.Н өгсөн. Н.Н 40 000 000 төгрөгөөр чулуу худалдаж авсан, би чулууг нь ачиж өгсөн. Заамараас буцаж явахдаа лүн дээрээс Экскаваторын хөлс гэж 5 000 000 төгрөг шилжүүлсэн Баруун Хараагийн Банкнаас 50 000 000 төгрөг авч Н.Н-т бэлнээр өгсөн миний дансанд 2 600 000 төгрөг үлдсэн байснаас 2 100 000 төгрөгийг З.Б- гэдэг хүний данс руу шилжүүлсэн үлдсэн 500 000 төгрөгийг Н.Н- бэлнээр авч өгсөн ба миний дансанд мөнгө үлдээгүй. Би Р.Б-ээс зээлсэн мөнгө байхгүй, 100 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Р.Б-ийн нөхөр Н.Н-т бэлнээр өгсөн. Гүйлгээний утга дээр зээлдүүлэв гэж бичсэнийг би нэхэмжлэл гаргасны дараа мэдсэн. Би хотоос гарахад Н.Н-ын ланд 100 унаж гарсан ба 2 000 000 төгрөгийн сэлбэг авсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.О-ээс зээлийн гэрээний үүрэг 43 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 374 450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 374 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч С.О-, түүний өмгөөлөгч Н.Б нар давж заалдах гомдолдоо: ... Шүүхээс зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай мэдүүлгийг түүвэрлэн авч дүгнэсэн байна. Тухайлбал гэрч Н.Н-ын 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Заамарт 45 000 000 төгрөг бэлнээр өгсөн үү гэхэд “би Заамарт түрүүлж очсон байсан ба араас мөнгө авч ирсэн”, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баруунхараад банкнаас 50 000 000 төгрөг бэлнээр авч ирж өгсөн үү гэхэд “30 000 000 төгрөг бэлнээр өгсөн”, 50-12 гэсэн улсын дугаартай ланд-100 хэний машин юм гэхэд “Миний машин”, Засвар хийсэн юм уу гэхэд “Замд машин эвдэрсэн учир засвар хийсэн” гэх мэдүүлгүүд.

Гэрч В.Б-ийн 2017 оны 3 дугаар сард алтны чулуу хийх ажилд оролцсон уу гэхэд “Оролцсон”, Хэний худалдаж авсан алтны чулуу вэ гэхэд “Н.Н-ын чулуу”, С.О- хотоос мөнгө авч ирж байгаа гэж хэлсэн ба Н.Н- ахад мөнгө авч ирж өгсөн, хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй байна”, Баруунхараагийн банкнаас 5 000 000 төгрөг шилжүүлсэн үү гэхэд “Түлш, тосны мөнгө 5 000 000 төгрөг шилжүүлсэн”, 40 000 000 төгрөг 50 000 000 төгрөг авч Н.Н-т хүлээлгэж өгч байхыг харсан уу гэхэд “Би цуг явсан”, Цуг явж байхад юу болсон талаар ярина уу гэхэд “Заамараас чулуу худалдаж авахад С.О- ах Н.Н- ахад 40 000 000 төгрөг авч ирж өгсөн”, 40 000 000 төгрөг байгаа гэдгийг яаж мэдсэн юм гэхэд “Н.Н- ах С.О- хотоос 40 000 000 төгрөг авч ирж байгаа гэж хэлж байсан”, 50 000 000 төгрөг Н.Н-т өгсөн үү гэхэд “С.О- ах бид хоёр банкнаас хамт очиж аваад Н.Н- ахад Баруунхараад хөдөө аваачиж өгсөн” гэх зэрэг хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлгүүдийг үнэлэлгүй, зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай байж болох “мөнгө нэхэж байсан нь үнэн” гэх зэрэг мэдүүлгийг түүвэрлэн авч шийдвэр гаргасан. Гэтэл уг мөнгө нэхсэн гэх асуудал нь талуудын өмнө нь эвлэрүүлэн зуучлалаар шийдэгдэж байсан 50 000 000 төгрөгтэй холбоотой эсэх асуудлыг тодруулалгүй, орхигдуулсан.

Р.Б- нь анхнаасаа С.О-д 100 000 000 төгрөг зээлдүүлээгүй бөгөөд энэ нь дараах байдлаар нотлогддог. Үүнд, 100 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулахгүйгээр ямар ч хүн шууд шилжүүлэхгүй ба энэ нь уг мөнгийг өөрийн нөхөр Н.Н-т С.О-ээр дамжуулан шилжүүлж буй учраас гэрээ байгуулаагүй. Р.Б- нь өмнө нь шүүхэд өгсөн тайлбартаа “... Манай нөхөртэй явсан учир би С.О-ээс түүний тал мөнгө болох 43 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно...” гэсэн нь анхнаасаа зээл өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг мөн.

Шүүхээс 43 300 000 төгрөгийн нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэхдээ хариуцагч талаас гаргаж өгсөн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгад 100 000 000 төгрөгийг хэн рүү хэрхэн юунд зориулж шилжүүлснийг огт анхаарч үзэж, үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Тухайлбал гэрч Н.Н-, В.Б нарын мэдүүлэг дээр байгаа “түлш, тосны мөнгө 5 000 000 төгрөг шилжүүлсэн, 30 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн, замд машин эвдэрсэн учир засвар хийсэн” гэх мэдүүлгүүд нь С.О-ийн Хаан банкны дансны зарлагатай тохирч байхад энэ талаар шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч Р.Б- нь хариуцагч С.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43 300 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргахдаа уг мөнгийг нэхэмжлэгчийн нөхөр Н.Н- миний дансаар дамжуулан авсан гэж татгалзлаа тайлбарлажээ.

 

            Нэхэмжлэгч Р.Б-, Н.М нарын хамтран эзэмшдэг ХААН банк дахь 5046442076 тоот данснаас хариуцагч С.О-ийн мөн ХААН банк дахь 5033314151 тоот дансанд “зээлэв” гэсэн утгатайгаар 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 43 300 000 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулгуудаар тогтоогдсон /хх-3, 4, 53, 63/ боловч хариуцагч мөнгө зээлээгүй гэж маргаж байх тул талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцлийн талаар хэлэлцэн тохиролцсон эсэх, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заасан үүрэг хариуцагчид үүссэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

 

            Хэрэгт авагдсан баримтаар талууд гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон болон мөнгийг буцаан төлөх үүрэг хариуцагчид үүссэн эсэх нь тогтоогдоогүй байх бөгөөд анхан шатны шүүх Н.Мөнхжингийн данснаас С.О-д 43 300 000 төгрөг, “зээлэв” гэх дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтыг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэнийг үндэслэл бүхий гэж үзэхээргүй байна.

 

            Хэргийн оролцогчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах бөгөөд нэхэмжлэгч Р.Б- нь “... 100 000 000 төгрөг зээлсэн боловч нөхөртэйгөө хамт явж байсан учраас 43 300 000 төгрөгийг нэхэмжилнэ” гэж, хариуцагч С.О- нь “... Р.Б-тэй зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгийг нөхөр Н.Н- нь бэлнээр гаргаж авсан” гэх тайлбар гарган маргаж буй тохиолдолд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгө талуудын тохиролцооны дагуу хариуцагчид шилжсэн эсэхийг тогтоох шаардлагатай.

 

Гэрч В.Б нь “... Заамараас чулуу худалдаж авахад С.О- ах Н.Н- ахад 40 000 000 төгрөг авч ирж өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Н.Н- нь “... 3 жилийн өмнө Заамар сум руу чулуунд явсан ба С.О- хэрэгт холбогдсон байсан учир мөнгөний хэрэг байна гэхэд нь найздаа туслах гэж эхнэрээс мөнгө зээл би чадахгүй гэхэд С.О- эхнэртэй ярьж дансруугаа 100 000 000 төгрөг хийлгэж авсан. Би түрүүлж Заамарт очсон байсан. С.О- араас мөнгө авч ирсэн ба бид нар 45 000 000 төгрөгөөр чулуу худалдаж авч цааш нь том машинаар зөөж С.О- дүүгийнхээ алтны уурхай дээр чулуугаа буулгасан батээвэрлэлтийн зардал гэж мөнгө өгөөд С.О-ийн авч ирсэн мөнгө дууссан. Данснаас дахин мөнгө авч чулуугаа 4 Хоово машинаар зөөж Баруунхараад авч ирсэн ба энэ бүхний зардал болон ажилчдын цалин өгч, хоол унд авч 100 000 000 төгрөг дууссан” гэх мэдүүлэг өгсөн байна. /хх 69-70/

 

Дээрх хоёр гэрчийн мэдүүлгийн агуулга зөрүүтэй, хариуцагч С.О- дансаар шилжиж ирсэн мөнгийг зээлж, өөртөө бүрэн зарцуулсан гэдгийг нотлохгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь нийт 100 000 000 төгрөг шилжүүлснээс 43 300 000 төгрөгийг нэхэмжлэхдээ өөрийн нөхөр болох Н.Н-тай С.О- хамтран ажиллаж байсан тул үлдэх хэсгийг нэхэмжлээгүй гэж тайлбарласныг болон хариуцагч С.О-ийн төлөхийг зөвшөөрч байсан гэх мөнгө нь эвлэрүүлэн зуучлалаар төлөхөө зөвшөөрсөн 50 000 000 төгрөгт хамааралтай эсэх нэхэмжлэлд дурдсан 100 000 000 төгрөгт хамааралтай эсэхийг тодруулах нь зүйтэй.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь З.Б-ийн дансруу 2 100 000 төгрөгийг Н.Н- нь С.О-ийн дансаар шилжүүлүүлсэн байх тул З.Б-ийг гэрчээр асуулгах хүсэлтийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан эхлэхэд “...С.О-ээс мөнгөө нэхэж маргалдаж байхад С.Золбаяр гэх хүн салгаж байсан ба энэ хүнийг гэрчээр асуулгах гэж шүүх хуралдаанд авч ирсэн байгаа” гэх хүсэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүх 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШЗ2020/12485 дугаар захирамжаар хүсэлтийг хангаагүй, С.Золбаярыг гэрчээр асуух хүсэлтийг хангасан боловч иргэний үнэмлэхгүй гэх шалтгаанаар асуугаагүй байна.

 

Мөнгө зээлсэн эсэх талаарх маргааны үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тохиолдолд дээрх гэрчүүдээс энэ талаар асууж тодруулах нь маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байж болохоор байна.

 

Маргааны үйл баримт тогтоогдоогүй, хариуцагч С.О-д дансаар шилжиж ирсэн мөнгийг буцаан төлөх үүрэг үүссэн гэдгийг нотлох баримт авагдаагүй, давж заалдах шатны шүүх дурдсан ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02649 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ