Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2021/03359

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 13 өдөр                 Дугаар 102/ШШ2021/03359                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн, хариуцагч С.О, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярсайхан, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлд: С.О нь манай нөхөртэй хамтарч алтанд явдаг байсан. 2017.03.02-ны өдөр тэд нар Заамар луу алтанд явах боллоо, их хэмжээний мөнгө шаардлагатай байна, явж ирээд төлнө, 100,0 сая төгрөг зээлүүлчих гээд гуйгаад байхаар нь “яг хугацаандаа, баталгаатай өгч чадах уу, би охиныхоо сургалтын төлбөрт өгөх мөнгө байгаа” гээд нилээд цааргалсан ч ирээд л өгнө гэхээр нь итгээд Хаан банкны дансаар зээл гэж тодотогож шилжүүлсэн. С.О хэрэгт холбогдсон байсан, би түүнд тус болж мөнгө зээлдүүлсэн, 2018 оны 7 сард хөдөө очиж нэхсэн, С.О өгнө гэж хэлсэн. Миний зээлдүүлсэн 100,0 сая төгрөгөөр үйл ажиллагаа явуулж 80,0 сая төгрөгийг хэрэгт холбогдсон хохирогчдоо өгсөн. Мөн үйл ажиллагаа явуулж ашиг олж 2 өрөө байр авсан байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө С.О нэхэх тоолонд төлнө гэдэг байсан, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлөхгүй гэж өөр зүйл ярьдаг болсон. Би С.О рүү 43,3 сая, 56,7 сая төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн, энэ хүн өгнө өгөхгүй гэж яваад байгаа учир хоосон үлдэхгүйн тулд бага дүнтэй мөнгө болох 43,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, одоо үлдэх 56,7 сая төгрөгөө нэмээд 100,0 сая төгрөг гаргуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2017.03.02-ны өдөр С.Оийг 100,0 сая төгрөг зээлээч гэхэд нь зөвшөөрөөгүй. “Удаахгүй өгнө, н.Баттулгын хэргийн хаалтыг өгөх гэсэн юм, чулуунд яваад ирээд өгье, н.Наранбаатрын араас очно” гэсэн. Би “үр хүүхдээ сургууль төгсөх гэж байсан тул татгалзахад “ах нь явж ирээд төлнө, ялгүй гарчихмаар байна гэж хэлэхээр нь зөвшөөрөөд, данс руу нь 100,0 сая төгрөгийг шилжүүлсэн. 2017.03.02-ны өдөр С.Оийн өгсөн дансанд шилжүүлсэн. О өөрөө н.Баттулгад өгчихөөд, ялгүй үлдсэн, Баттулгад нийт 80,0 сая төгрөг өгсөн байдаг. Би С.Оээс мөнгөө нэхэхээр өгнө гэдэг байсан. Тухайн үед ээжийг асраад, ар гэрээ гэж хөөцөлдөж чадахгүй байсан. Гэрч Н.Нэргүйбаатар, Н.Наранбаатар, В.Бэлгэмдэмбэрэл нар Оийн хувьдаа 2 өрөө байр авсныг нотолдог. Төлөхгүй байсан учир аргаа бараад шүүхэд хандсан гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.Наранбаатарын ажилд тусалж, Заамар луу 2017 оны 3 сард алтны чулуу Заамараас авахаар болсон. Тэгээд Наранбаатар Зүүнхараагаас шууд Заамар явсан, би хотоос Наранбаатарын 50-12 ДАР улсын дугаартай Ланд Круйзер-100 маркийн машиныг янзлуулаад очихоор болсон. Тэгсэн Наранбаатар Заамарт банк, байхгүй, чиний данс руу эхнэрээр 100,0 сая төгрөг шилжүүлээдхэе, аваад ир гэсэн. Тэгээд Наранбаатарын эхнэр Б над руу 2017.03.02-ны өдөр 100,0 сая төгрөгийг 2 тасалж шилжүүлсэн. Тэр өдөр яаралтай гаргах гэсэн чинь банк 100,0 сая төгрөг шууд гаргах боломжгүй гэхээр нь би 40,0 сая төгрөгийг нь банкнаас авсан, Үүний дараа өөрт байсан 2,0 сая төгрөгөөр машиных нь редуктор буюу мост худалдаж аваад Формула авто сервис дээр 209,000 төгрөгөөр янзлуулсан. Тэгээд 40,0 сая төгрөгийг Заамар орж, Наранбаатарт бэлнээр аваачиж өгсөн. Заамарт Наранбаатарт өгөхөд Билэгдэмбэрэл хамт байлцсан. Заамарт би 2 хоног Наранбаатарьш чулууг ачуулаад байж байсан. Тэр үед буюу 2017.03.06-ны өдөр би өөрийн данснаас чулуу ачихад ашигласан эксковаторын хөлс болох 5,0 сая төгрөгийг 5556228585 гэсэн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Мөн тэр үед Мөнхбат гэдэг хүнээс зээлсэн 2,0 сая төгрөгөөр Наранбаатарын машинд редуктор авсан байсан учир өөрийн данснаас авч эргүүлж өгсөн. Ингээд Наранбаатар, Билэгдэмбэрэл бид 3 чулуугаа ачаад Баруунхараа орсон. Баруунхараад Наранбаатар үлдсэн 50,0 сая төгрөгөө аваад ир гэхээр нь Билэгдэмбэрэлийн хамт Баруунхараагийн Хаан банкнаас 50,0 сая төгрөгийг бэлнээр гаргуулан авч, Наранбаатарт бүгдийг нь өгсөн. Банк бэлэн мөнгө их хэмжээгээр гаргасан гээд гүйлгээний хураамжид 100,000 төгрөг суутгасан. Түүний дараа 2017.03.09-ний өдөр Наранбаатар надад 5753543239 гэсэн данс өгөөд 2,1 сая төгрөг шилжүүлчих гэхээр нь АТМ-аас шилжүүлсэн. Үүний дараа надад үлдсэн 500,000 төгрөгийг бэлнээр гарган авч, Наранбаатарт өгсөн. Би Наранбаатарын мөнгөнөөс ашиг гэж нэг ч төгрөг аваагүй, зүгээр л найзын хувьд тусалж явсан. Намайг бүх мөнгийг нь өгсөн болохыг Наранбаатар болон Билэгдэмбэрэл нар гэрчилнэ. Билэгдэмбэрэл нь Наранбаатарын ажилчнаар тухайн үед ажиллаж байсан. Гэтэл эхнэр нь анхнаасаа зээл өгсөн мэт худал ярьж, нөхөр лүүгээ шилжүүлсэн мөнгийг нэхэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Р.Б нь С.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 43,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 56,700,000 төгрөгөөр нэмэгдүүлжээ.

 

Хэрэгт авагдсан Хаан банк дахь Р.Бийн эзэмшлийн данснаар 2017.03.02-ны өдөр С.Оийн дансанд 43,300,000 болон 56,700,000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр 100,000,000 төгрөгийг “зээлэв” агуулгаар шилжүүлсэн, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ нөхөртэй минь хамтарч Заамар луу алтанд явахдаа их хэмжээний мөнгө шаардлагатай байна, ирээд төлнө, 100,0 сая төгрөг зээлүүлчих гээд гуйсан гэж нэхэмжлэлдээ тайлбарласан байх бөгөөд энэ өдрийн шүүх хуралдаанд С.О нь хүний нүдийг гэмтээж, ялгүй гармаар байна гэж зээлсэн, буцаан төлөөгүй гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлээгүй, өөрийн дансаар хүлээн авч нөхөр Н.Наранбаатарт өгч, тэр зарцуулсан гэж маргалаа.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр эрх зүйн харилцаа үүснэ гэж, 187 дугаар зүйлийн 187.1-д хэлцлийн үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаанаас үүрэг үүсэхээр зохицуулсан байна. 

 

Хариуцагчийн эзэмшлийн Хаан банкны 5033314151 тоот данснаас мөн өдрөө 40,000,000 төгрөгийг бэлнээр, 209,000 төгрөгийг Формула руу шилжүүлж, 2017.03.06-ны өдөр хөлс агуулгаар 5,000,000 төгрөгийг, бэлнээр 2,000,000 төгрөг болон 50,000,000 төгрөг, гүйлгээний хураамжид 100,000 төгрөг суутгагдсан, 2017.03.09-ний өдөр 5753543239 тоот данс руу 2,100,000 төгрөг шилжүүлж, 500,000 төгрөгийг бэлнээр авсан буюу 2017.03.06-2017.03.09-ний өдрийн хооронд нийт 99,909,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсэхэд талуудын хүсэл зоригийн илэрхийлсэн байхыг болон зээлдэгч зээлийг зориулалтаар нь өөрөө ашиглахыг шаардах ба тухайн тохиолдолд хэргийн үйл баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчээс зээл хүссэн, талууд тохиролцсон, өөрөө захиран зарцуулсан байдлууд нь тогтоогдохгүй байна.

 

Харин Н.Наранбаатарын ажилчнаар ажиллаж байсан гэрч В.Билэгдэмбэрэлийн “Наранбаатар Заамараас чулуу худалдаж авсан, О Наранбаатарт мөнгө өгсөн, хэдийг мэдэхгүй, Наранбаатар тэр үед Оийг хотоос 40,000,000 төгрөг авчирч байгаа гэж байсан, 5,000,000 төгрөгийг Баруунхараагаас түлш, тосны мөнгөнд шилжүүлсэн, Баруунхараагийн банкнаас 50,000,000 төгрөгийг Отэй хамт авч Наранбаатарт өгсөн талаархи мэдүүлэг, гэрч Ё.Золбаярын “уурхай дээр О хөрөнгө гаргаагүй” гэх мэдүүлэг хариуцагчийн татгалзлын үндэслэлийг нотолж байна гэж үзлээ.

 

Сэлэнгэ аймаг, Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018.11.20-ны өдрийн 1285 дугаар шүүгчийн захирамжаар С.О нь 50,000,000 төгрөгийг Р.Бт төлөхөөр эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэй байгуулсан эвлэрлийг баталсан байх бөгөөд нэхэмжлэгч тухайн үед өргөдөлдөө “хүн зодож гэмтээгээд төлбөрийг нь би төлж барагдуулахын тулд зээлсан” гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 7 сард хариуцагчаас мөнгө нэхэж байсан үйл баримт тогтоогдсон, хэдэн төгрөг нэхэмжилсэн нь тодорхойгүй боловч нэхэмжлэгчийн хүсэлтээр асуугдсан гэрч В.Билэгдэмбэрэлийн “Б эгч мөнгө нэхээд С.О ах өгнө гэж байсан” талаархи мэдүүлэг, гэрч Н.Нэргүйбаатарын “зээлсэн мөнгөө өгөөч, хэрэгтэй үед чинь тус болоо биз дээ, хэдэн төгрөг нэхэж байсныг мэдэхгүй” талаархи мэдүүлэг зэргээр тухайн үед дээрх 50,000,000 төгрөгийг Р.Б нь С.Оээс нэхэж байсан гэж үзэх үндэслэлтэй байна

 

Учир нь тухайн өдөр Б нь хэрэгт холбогдоход нь тусалсан байхад мөнгө өгөөгүй талаар ярилцсан, шүүгчийн захирамжид хүнд гэмтэл учруулсан эмчилгээнд нь зориулж зээлсэн талаар үндэслэлээ тайлбарласан, О нь 50,0000,000 төгрөгийг төлөхөө зөвшөөрсөн, тухайн ээлийн асуудал нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагын 100,000,000 төгрөгт хамааралгүй байна. 

 

Хэдийгээр гэрч Н.Наранбаатар “С.О хэрэгт холбогдсон байсан учир мөнгөний хэрэг байна гэхэд найздаа туслах гэж эхнэрээс мөнгө зээл, би чадахгүй гэхэд С.О эхнэртэй ярьж данс руугаа 100,000,000 төгрөг хийлгэж авсан, О зээлийг чулуу авахдаа зарцуулсан, эхнэртэй ярьж зээлсэн мөнгө” гэж мэдүүлсэн нь хэргийн нөхцөл байдалтай уялдахгүй байна.

 

Түүнчлэн дахин гэрчээр асуухад 2017.04 сард хохирогч Баттулгад 20,000,000, 2017 оны 5 сард 40,000,000, 2017 оны 6 сард 20,000,000, нийт 80,000,000 төгрөг өгсөн талаар мэдүүлэг өгсөн ба Оийн данснаас 2017.03.06-2017.03.09-ний өдрийн хооронд нийт 99,909,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн болон гэрчийн мэдүүлсэн 2017.04-06 саруудад 80,000,000 төгрөг өгсөн байдал нь 2 өөр тусдаа асуудал гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл С.О хэрэгт холбогдсон байсан учир мөнгөний хэрэг байна гээд Р.Бээс хохирогчид мөнгө өгсөн огноо болоод 100,000,000 төгрөг зарцуулсан байдлыг дүгнэхэд нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг гэрч Н.Наранбаатар нотлохгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь эвлэрүүлэн зуучлалын журмаар 50,000,000 төгрөгийн зээлийн асуудлаа 2018.11.20-ны өдөр шийдвэрлүүлсэн, дахин энэ асуудлаар 2020.04.15-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан атлаа 2017.03.02-ны өдөр С.Оийн дансанд 43,300,000 болон 56,700,000 төгрөгийн 2 удаагийн үйлдлээр 100,000,000 төгрөг шилжүүлсэн асуудлаар шүүх болон цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаагүйгээр түүний шаардлага үгүйсгэгдэх үндэслэл болсон гэж үзэхээр байна.   

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийг буцаан төлөх үүрэг С.Од үүсээгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг гаргуулах тухай Р.Бийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид /374,450+441,450/ төлсөн 815,900 төгрөгийг орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан Оээс зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 /нэг зуун сая/ төгрөг гаргуулах тухай Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 815,900 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ