Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 02420

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/02570 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Э-ийн хариуцагч “ТЦ” ХХК-д холбогдуулан гаргасан ажлын хөлс 34 000 000 төгрөг гаргуулах үндсэн, хохирол болон материалын үнэ 31 040 370 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ТЦ” ХХК-ийн захирал Б.Мөнхзул нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Д.Баярхүүтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, LS plaza-д байрлах Hi Mongolian hotpot рестораны И-март дахь салбарын интерьер дотоод заслыг ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байна. Ажиллах хүч дутмаг байсан тул Д.Баярхүү нь Б.Мөнхзултай тохиролцсоны дагуу Б.Э- надаар гүйцэтгүүлэхээр болсон бөгөөд гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн. Миний гэрээнд заагдаагүй нэмэлт ажил болох цахилгаан монтаж, гал тогооны тааз, салхивч, өрлөг, шавар, интернет, камержуулалт зэрэг ажлуудыг мөн хийж гүйцэтгэж, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “СН” ХХК-ийн Hi Mongolian hotpot рестораны захирал Номин-Эрдэнэд хүлээлгэн өгсөн. “ТЦ” ХХК нь дотоод засал, цахилгаан, сангийн зураг, төсвийг гаргасан. Гэтэл “ТЦ” ХХК-ийн зүгээс цахилгааны утасны ажлын хөлсийг төлөөгүй. Б.Мөнхзул нь гэрээнд заасан болон нэмэлт ажлын хөлсийг өгөхгүй байсан тул “СН” ХХК-ийн Hi Mongolian hotpot рестораны захирал Номин-Эрдэнэтэй уулзахад гэрээний дагуу Түмэн цамхаг ХХК-ийн данс руу мөнгө шилжүүлсэн гэсэн. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар “ТЦ” ХХК-аас гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 20 113 252 төгрөг, нэмэлт ажлын хөлс 12 694 000 төгрөг, материалын үнийн зөрүү, материал тээвэрлэсэн тээврийн хөлс 1 186 748 төгрөг, нийт 34 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Бид “СН” ХХК, “ТЦ” ХХК-тай гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний туслан гүйцэтгэгчээр Д.Баярхүүтэй гэрээ байгуулсан. Д.Баярхүү нь ажил амжихгүй, давхар ажилтай болчихлоо гээд Б.Э-т ажлыг шилжүүлсэн. Б.Э- нь ажлаа хүлээлгэж өгөөгүй, дутуу хийсэн. Гэрээний үнийн дүн дээр ажлын хөлсөө 35 135 000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд урьдчилгаанд 10 540 500 төгрөг, явцад төлбөр 10 540 500 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь ажил дуусахаар өгөхөөр болсон. Нийт гүйцэтгэх ажил болон түүний хөлс, төлбөрийн задаргааг тохиролцсон ба нийт үнийн дүн 43 919 252 төгрөгөөс компанийн шимтгэл 8 783 850 төгрөгийг “ТЦ” ХХК нь авахаар харилцан тохиролцсон. Нийт ажлын хөлс буюу 35 135 000 төгрөг төлөх байснаас бид гар дээр нь 23 940 000 төгрөг бэлэн өгсөн бөгөөд дансны хуулгыг хавсаргасан. Гэтэл 23 800 000 төгрөгийн ажлын хөлс авсан, үлдэх 20 119 252 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Ажлын үлдэгдэл 14 054 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, бүрэн хийж дуусгаагүй, хавсралтад дурдсан зарим ажлыг хийгээгүй, зарим ажил нь чанарын шаардлага хангаагүй буюу доголдолтой байсан учир бид эдгээр ажлыг дахин өөрийн зардлаар өөр хүмүүсээр шинээр хийлгэсэн болно. Б.Э-ийг ажлаа бүрэн хийж дуусгахыг удаа дараа өөрийнх нь барьдаг 88073314 дугаарын утсаар болон амаар шаардаж байсан боловч ажлыг хийж дуусгаагүй болно. Утсаар ярьсан бичлэгийг хавсаргасан. Өнөөдрийн байдлаар Б.Э-т хэрвээ ажлаа бүрэн гүйцэт хийж дуусгасан бол нийт 10 694 500 төгрөг өгөх ёстой байсан. Бидний зүгээс дутуу хийсэн ажил болон огт хийгээгүй ажил, мөн доголдолтой хийсэн ажлын хөлсийг бид өгөх үүрэггүй. Тодруулбал, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт тус тус зааснаар ажлын үр дүнг хүлээн авч үүний дараа хөлс төлөх үүргийг захиалагч хүлээдэг. Иймд гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн аваагүй, хийгээгүй ажлын хөлс 16 892 180 төгрөгийг төлөхгүй ба харин ч эсрэгээрээ Б.Э-оос илүү төлсөн цалинг буцаан гаргуулах болно. Цахилгаан холболт 12 694 000 төгрөгийг огт өгөөгүй гэж нэхэмжилсэн боловч цахилгааны ажлын хөлсийг 5 694 800 төгрөгөөс гарт олгох буюу компанийн шимтгэл 20 хувийг хасаад 4 555 840 төгрөг болж байсан ба энэ үнийг тэгшлэн 4 500 000 төгрөгөөр цахилгааны ажлыг хийхээр тохиролцсон. Ямар учиртай 12 694 000 төгрөгийг ажлын хөлс гаргаж ирснийг бол мэдэхгүй байна. Б.Э-т 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 8 000 000 /цалин 4 500 000 төгрөг, материалын үнэ 3 500 000 төгрөг/, 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр материал 3 000 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр материал 2 845 000 төгрөг нийт 13 845 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Үүнээс гүйцэтгэгчийн гаргаж өгсөн материалын төсөвт 6 063 100 төгрөг байсан хэдий ч зарим утас хүчин чадал хүрэхгүй гэх шалтгаанаар захиалагчаас материалын үнэ нэмж авч нийт 9 345 000 төгрөгийг цахилгааны материалд өгсөн. Харин ажлын хөлсийг нь бүрэн өгсөөр байтал түүний хийсэн цахилгааны ажил нь доголдолтой буюу 2.5 ПГБ-р холбосон ширээний кабел нь хайлсан учир дахин цахилгааны утас болон бусад материалд бид 1 000 000 төгрөг зарцуулсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх Б.Э-той биш Д.Баярхүүтэй хийсэн гэрээнийхээ дагуу ажлыг хөлсийг нь төлөөд ажлаа хийлгэх ёстой. Ажлынхаа хөлсийг төлөөд явж байтал Б.Э- ажлаа дуусгадаггүй, ажилчид нь ирдэггүй, чанарын шаардлага хангаагүй хийсэн учраас өөр хүмүүсээр ажлаа дуусгуулсан. Нийт 35 135 000 төгрөг ажлын хөлсөнд өгөхөөр гэрээ хийсэн. Нийт 23 800 000 төгрөгийг бэлнээр олгосон. Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч нь үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанар хасагдахгүй бол гуравдагч этгээдэд шилжүүлж болно гэсэнтэй нийцэж байх тул Б.Э-той хамтарч ажилласан. Б.Э-ийн хэлээд байгаа шиг материал тасалдаад, захиалагч талын буруутай үйл ажиллагаанаас болоод ажил хоцорсон зүйл байхгүй. Би Б.Э-т 30 201 200 төгрөгийг материалын үнэ гэж данс руу нь шилжүүлж өгсөн. Надад авсан материалын баримт гээд 16 928 730 төгрөгийн баримтыг өгсөн. Зөвхөн энэ дээрээс тооцож үзэхэд 13 272 000 төгрөгийн материалын үнийг шамшигдуулсан байна. Зөвхөн цахилгааны утас гэхэд 1метрийг нь 2300 төгрөгөөр авсан гэдэг. Ямар нэг доголдлыг арилгуулахаар хугацаа өгөөд, ажил гүйцэтгэгч нь ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол захиалагч тал уг догдлолыг өөрөө арилгаж, түүнтэй холбоотой гарсан зардлыг нөхөн төлүүлэх, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүргийн гүйцэтгэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцдог. Бид нар Б.Э-ийн хийсэн цахилгааны ажлаас болоод материалд 977 000 төгрөг, цахилгааны утсыг хуулахад 480 000 төгрөг, ажлын хөлсөнд 2 000 000 төгрөг гэж нэмэлтээр өгсөн. Гэрээний үүргийн дагуу алдангийг тооцсон гэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Ажлын хөлсөнд 23 000 000 төгрөг шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ажлын хөлсийг 35 135 000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд урьдчилгаанд 10 540 000 төгрөг, 10 540 000 төгрөгийг ажлын явцад, үлдэх 14 054 000 төгрөгийг ажил дуусахад буюу ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээн авахад төлөхөөр харилцан тохиролцсон гэрээ хийсэн гэж ярьж байгаа. Д.Баярхүүтэй хийсэн гэрээн дээр 35 135 000 төгрөгөөр тохиролцсон гэдэг. Энэ 35 135 000 төгрөг бол үндсэн ажлын үнийг тодорхойлсон. Хавсралтаар нь 43 919 200 төгрөгийн ажлыг гүйцэтгэхээр нийт тоог гаргасан. Компанийн шимтгэлд 20 хувийг авна гэж байсан. Компанийн шимтгэлд 20 хувийг өгдөг гэх зүйл заалт байхгүй. “ТЦ” ХХК нь ажил үүрэг гүйцэтгэж байгаа юм бол яагаад 20 хувийн шимтгэл авч байгаа нь тодорхойгүй байна. Гэрээнд бол Д.Баярхүү гарын үсэг зураад, 8 783 800 төгрөгийг компанийн шимтгэлд авна гээд тохирсноо Б.Э-той тохирсон мэтээр яриад байх юм. Компанийн шимтгэлд 8 783 800 төгрөгийг өгнө гэдгийг Б.Э- хүлээн зөвшөөрөөгүй. Мөн 35 135 000 төгрөгөөс илүү 6 000 000 төгрөгийн цалин олгосон гээд нэхээд байгааг ойлгохгүй байна. Материалын үнэ 15 149 370 төгрөгийг бас гаргуулна гээд байна. Материалын зардал, ажлын хөлс бүгд “ТЦ” ХХК-ийн данс руу орсон гэдэг нь дансны хуулгаар нотлогддог. Б.Э- нь өөрөө мөнгө гаргаж материал авсан. Материалын зардлыг тухай бүрд нь “ТЦ” ХХК нь Б.Э- руу шилжүүлээд, Б.Э- нь шилжүүлсэн мөнгөөр нь материалаа авч байсан. Өгсөн мөнгөөр нь материал аваад, зарцуулаад явж байсныг өнөөдөр 15 149 370 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Доголдлын улмаас учирсан хохирол 5 477 000 төгрөг гаргуулна гэж байсан. Нөгөө тал нь ажлаа хийгээд дууссан байхад доголдол гэж яриад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Алданги 4 216 000 төгрөг гаргуулна гэж байсан. Ажил гүйцэтгэх гэрээнээс алдангийн талаар харсангүй. Иргэний хуулийн ямар заалтыг бариад, ямар алданги нэхэж байгаа нь тодорхойгүй, үндэслэлгүй нэхэмжлэл байна. Нэхэмжлэгч талаас анх Б.Н-ийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Хариуцагч тал дахин Б.Н-нийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг хүлээж авсан. Hi Mongolianhotpot ресторан болон “ТЦ” ХХК нарын хооронд ажлыг хүлээж авсан талаар акт байхгүй. Дараагийн өөр хүмүүсээр ажлыг гүйцэтгүүлээд, өөрөө хүлээлгэж өгсөн юм шиг яриад байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх гэж заасны дагуу Б.Э-оос хүлээж аваад, “ТЦ” ХХК-ийн Б.М-ын данс руу ажлынхаа хөлсийг шилжүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Хэрэв материалын зардал дутуу, алданги, цалин хөлсний зөрүүг нэхэх нэхэмжлэлийг “ТЦ” ХХК гаргах эрхгүй. Энэ бүх санхүүжилт, зардал, материалын хөлсийг Hi Mongolian hotpot ресторан гаргасан. “ТЦ” ХХК нь хүнээр ажлаа гүйцэтгүүлчхээд, ажлын хөлсний үлдэгдэл төлбөр нэхэхэд үүнийг төлөхгүйн тулд үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-ийн хариуцагч “ТЦ” ХХК-аас 34 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Э-оос 5 477 000 төгрөгийг гаргуулан хариуцагч “ТЦ” ХХК-д олгож, хариуцагч “ТЦ” ХХК-ийн илүү нэхэмжилсэн 25 563 370 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 950 төгрөгийг, хариуцагч “ТЦ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 160 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Э-оос улсын тэмдэгтийн хураамжид 102 582 төгрөгийг гаргуулж хариуцагч “ТЦ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч Ж.Э нар давж заалдах гомдолдоо:

... Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтын 130-137 дугаар талд Б.Мөнхзулын Хаан банкны 5076247069 дугаар харилцах данснаас Б.Э-ийн Хаан банкны 5017085719 дугаар данс руу 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд гүйлгээ хийгдэж байснаар нотлогддог. Шүүхээс энэ нотлох баримтыг дутуу үнэлсэн.

Утсаар ярьсан бичлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт “...хууль бус аргаар цуглуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж олж авсан нотлох баримт юм. Учир нь бичлэг дээрх яриа нь Б.Э-ийн ярьж буй хэсгээс тасарч зөвхөн Б.Мөнхзулын яриатай хэсгүүдийг монтажилсан байхаас гадна хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр ярьсан яриа болох нь тодорхойгүй.

Бид нэхэмжлэлдээ нэмэлт ажлын хөлсийг “СН” ХХК-ийн захирал н.Номин-Эрдэнэ нь “ТЦ” ХХК-ийн дансанд шилжүүлсэн талаар тодорхой тайлбарладаг ба нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохын тулд өөрсдөө олж авах боломжгүй нотлох баримт болох “ТЦ” ХХК-ийн дансны хуулгыг гаргуулахыг хүссэн боловч шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан юм. Энэ нотлох баримт нь хэрэгт ач холбогдол бүхий гол нотлох баримт байсан ба нэхэмжлэгчийн эрхийг ноцтойгоор хязгаарласан гэж үзэж байна. Мөн зохигчид нь өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй бөгөөд “ТЦ” ХХК-аас бид хариуцахгүй гэдэг тайлбараа дансны хуулгаараа нотлоогүй байхад шүүхээс хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд Б.Э- нь цахилгааны утсыг татахдаа зураг төсөлд тусгагдсан ППВ 2.5мм *2 утсаар татвал ачаалал нь дийлэхгүй юм биш үү гэж Б.Мөнхзулд тухайн үед хэлж сануулж байсан бөгөөд энэ утсаар татах зөвшөөрлийг өөрөө өгсөн байдаг. Мөн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.3 дахь хэсэгт заасныг харгалзан үзээгүй. Учир нь хариуцагчийн доголдолтой хийгдсэн гэх цахилгааны ажил нь хариуцагч талын буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн бөгөөд ажил гүйцэтгэсний дараа дахин хийх шаардлага тавьсныг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрөөгүй. Шүүх нь бидний нэхэмжилж буй гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс, өөрөөс гаргасан материалын зардал нийт 34 000 000 төгрөгийг ямар тооцоолол гаргаж, гүйцэтгэсэн ажлын хөлсөө авсан гэж үзсэн талаараа шийдвэртээ тусгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

“ТЦ” ХХК нь нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр барилгын заслын ажил гүйцэтгэх Б.Э-той байгуулсан ба уг гэрээгээр хавсралтад дурдсан ажлыг 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн дотор гүйцэтгэж дуусахаар, ажлын хөлс 35 135 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Уг гэрээ байгуулагдсан болон хүчин төгөлдөр эсэхэд талууд хэн аль нь маргаагүй. Хариуцагч “ТЦ” ХХК нь гэрээний дагуу ажлын хөлсөнд 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10 540 500 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 6 100 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 2 800 000 төгрөг, нийт 24 440 500 төгрөг төлсөн болох нь дансны хуулгаар тогтоогдож байхад тус шүүхээс 23 800 000 төгрөг төлсөн хэмээн дүгнэж тооцооллын алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.

Ийнхүү “ТЦ” ХХК нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-д заасны дагуу Б.Э-ийг ажлаа бүрэн хийж дуусгахыг удаа дараа өөрийнх нь барьдаг 88073314 дугаарын утсаар болон амаар шаардаж байсан боловч элдэв шалтаг тоочин доголдолтой хийсэн ажил болон дутуу хийсэн ажлыг хийж дуусгаагүй.

Манай компани дээр дурдсан Б.Э-ийн дутуу болон чанаргүй хийсэн ажлуудыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасны дагуу дахин өөрийн зардлаар, өөр хүмүүсээр шинээр хийлгэсэн бөгөөд нийт 16 892 180 төгрөгийн ажлыг дахин хийлгэсэн. Үүнтэй холбогдох гэрээнүүд болоод ажлын төлбөр шилжүүлсэн дансны хуулгыг тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн атал анхан шатны шүүхээс “...гэрээний талууд тухай бүрд нь хийж гүйцэтгэсэн ажилд нь тохирсон хөлсийг төлж, тухайн гэрээний хэрэгжилтийг төлбөр төлснөөр дүгнэж байсан гэх үндэслэл тогтоогдож байна...” хэмээн дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй, Б.Э-ийн гүйцэтгэх ёстой ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн гэрээ, тэдгээрт төлсөн ажлын хөлс шилжүүлсэн баримтуудыг бүрэн дүүрэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй хэмээн үзэж үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдал болоод сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбар, гэрээгээр тохирсон ажлыг өөр бусдаар хийлгэсэн ажил гүйцэтгэх гэрээнүүд, түүний төлбөрийг шилжүүлсэн баримт болох дансны хуулга, “СН” ХХК-ийн “2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил хүлээн авсан тухай” тодорхойлолт зэргээр тус тус нотлогдоно.

Гэтэл анхан шатны шүүхээс “...талуудын байгуулсан гэрээний 2.9-д “ажилтан талын буруутай үйл ажиллагаанаас гэрээт ажил төлөвлөсөн хугацаанд дуусаагүй тохиолдолд ажил олгогч талд нийт ажил үйлчилгээний үнийн дүнгээс хоног тутамд 1 хувийн алданги тооцно” гэж тохиролцсон хэдий ч гэрээний талуудын хэний буруутай үйл ажиллагааны улмаас гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн гэдгийг хэрэгт авагдсан баримтаар тогтоох боломжгүй тул алдангийг хангах үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч “ТЦ” ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 20 113 252 төгрөг, нэмэлт ажлын хөлс 12 694 000 төгрөг, материалын үнийн зөрүү, материал тээвэрлэсэн тээврийн хөлс 1 186 748 төгрөг, нийт 34 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, илүү олгосон ажлын хөлс 6 197 800 төгрөг, материалын үнэ 15 149 370 төгрөг, доголдлын улмаас учирсан хохирол 5 477 000 төгрөг, хугацаа хожимдуулсны алданги 4 216 200 төгрөг, нийт 31 040 370 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч “ТЦ” ХХК, иргэн Д.Баярхүү нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, LS plaza-д байрлах Hi Mongolia Hotpot рестораны И-март дахь салбарын интерьер дотоод заслын ажлыг гүйцэтгүүлэхээр Б.Э-т шилжүүлсэн, ажил гүйцэтгэгч нь ажлыг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хугацаанд гүйцэтгэж, захиалагч ажлын хөлсөнд 35 135 000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэрээний нөхцлийн тухайд талууд маргаагүй, харин ажлын гүйцэтгэлийн үр дүнг хүлээлгэн өгсөн эсэх, доголдолтой эсэх, нэмэлт ажлын хөлс төлөх үүрэг үүссэн эсэхээр талууд маргажээ.

 

            “ТЦ” ХХК-ийн захирал Б.Мөнхзул нь “СН” ХХК-ийн захирал Б.Номин-Эрдэнэтэй 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, гэрээний үнийн дүнг 1 дүгээр хавсралтаар 119 495 600 төгрөгөөр харилцан тохиролцож, захиалагч “СН” ХХК нь ажил гүйцэтгэгч “ТЦ” ХХК-д 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 50 963 950 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг өгөхөөр талууд харилцан тохиролцсон баримт хэрэгт авагджээ. /хх2-58-71/

 

            Гэрээний 1-3 дахь хавсралт, ажлын зураг төслийн материалын түүвэр, интерьер тохижилтын зардлын тооцоогоор талууд гэрээний дагуу хийгдэх ажлыг нэг бүрчлэн зааж, ажлын хугацаа, зардал, гэрээний үнийн дүн, ажлын хөлс төлөх хэлбэрээ харилцан тохиролцож  тогтоосон байна.

 

            Дээрх гэрээний ажил гүйцэтгэгч “ТЦ” ХХК нь мөн өдрөө буюу 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Д.Баярхүүтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулан хийх ажлын жагсаалт, ажлын хөлсний үнэлгээг харилцан тохиролцсон байх ба хариуцагч нь туслан гүйцэтгэгчээр гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлсэн болохоо үгүйсгээгүй.

 

            Дээрхээс үзвэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, LS plaza-д байрлах Hi Mongolia Hotpot рестораны И-март дахь салбарын интерьер дотоод заслын ажлын ерөнхий захиалагч нь “СН” ХХК, ерөнхий ажил гүйцэтгэгч нь “ТЦ” ХХК байх бөгөөд  Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд буюу туслан гүйцэтгэгчийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж хуулийн мөн зүйлийн 347 дугаар зүйлийн 347.2 дахь хэсэгт заасан.

 

Иймд бусдаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлэхээр захиалсан “ТЦ” ХХК нь туслан гүйцэтгэгч Б.Э-ийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцах боловч хэргийн нөхцөл байдлаас үзэхэд захиалагч “СН” ХХК, түүний захирал Б.Номин-Эрдэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь ажлын үр дүн, хөлс төлсөнтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 

Зохигчдын хэн аль нь Б.Номин-Эрдэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж, ажлын хөлс төлөгдсөн байдал, ажлын үр дүнг хүлээн авсан эсэхийг тодруулахыг хүссэнийг шүүх хангасан /хх2-148/, мөн нэхэмжлэгч Б.Э- “СН” ХХК-аас “ТЦ” ХХК-ийн харилцах дансанд ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг шилжүүлсэн эсэхийг тогтоох зорилгоор дансны хуулгыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШЗ2020/04747 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэжээ. /хх2-152, 153/

 

Гэвч шүүгчийн захирамжийн дагуу гэрч асуух, “СН” ХХК-ийн дансны хуулга гаргуулах ажиллагаанууд хийгдээгүй, захирамж биелээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг бүрдүүлээгүй, хэргийн оролцогчийн мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрх хангагдаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөр нь “ТЦ” ХХК-ийн дансаар биш захирал Б.Мөнхзулын дансаар хийгдэж байсан гэж тайлбар гаргаж, ХААН банк дахь Б.Мөнхзулын  5076247069 тоот дансны хуулгыг хэрэгт баримтаар гаргаснаас үзвэл 52 20027538 дугаартай данснаас 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр засварын урьдчилгаа гэсэн утгатайгаар 50 965 950 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр цахилгааны төлбөр гэсэн утгатайгаар 6 063 100 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр засварын үлдэгдэл гэсэн утгатайгаар 30 981 800 төгрөг тус тус шилжин орсон, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 26 000 000 төгрөг Hi Mongolia засвар гэсэн гүйлгээний утгатайгаар, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 40 000 000 төгрөг Hi Mongolia засварын төлбөр у-99116120 гэсэн гүйлгээний утгатайгаар бэлнээр орсон баримт хэрэгт авагджээ.

 

Гэвч дээрх дансны хуулга дахь 52 20027538 данс нь хэнийх болох нь тодорхойгүй, эдгээр төлбөрүүдийг бусад баримтуудтай харьцуулан үнэлэлгүйгээр гэрээний төлбөр гэж үзэх боломжгүй юм.

 

Мөн 2 дугаар хавтаст хэргийн 178 дугаар талд Б.Номин-Эрдэнэ, Б.Э- нарын үйлдэж, гарын үсгээр баталгаажуулсан нэмэлт ажлын 12 694 000 төгрөгийн зардлын тухай баримт, 1 дүгээр хавтаст хэргийн 181 дүгээр талд засварын ажил 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр албан ёсоор дууссаныг тодорхойлсон “СН” ХХК-ийн тодорхойлолт авагдсан байна.

 

Иймд “СН” ХХК, түүний захирал Б.Номин-Эрдэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, дээрх баримтуудын талаар тодруулан, хэргийн бусад баримттай харьцуулан үнэлж, маргааны үйл баримтыг тогтоох шаардлагатай.

 

Үндсэн нэхэмжлэлтэй холбоотой дээрх байдлуудыг тодруулалгүйгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийх боломжгүй болно.

 

Анхан шатны шүүх зохигчдын ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн эсэх болон нэмэлт ажлын зардалтай холбоотой маргааны үйл баримтад хамааралтай хуулийн холбогдох зохицуулалтыг анхаараагүй, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодорхойлох, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг бүрэн хийгээгүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/02570 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчээс 355 335 төгрөг, хариуцагчаас 285 766 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

       ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ