Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2022/00602

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2022/00602

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн *-р хороо, *1* тоот хаягт оршин суух И овогтой Б.Э /РД: ЧН/-ийн нэхэмжлэлтэй,  

   Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, LS plaza-д байрлах ТЦ ХХК-д холбогдох

  Ажлын хөлс 34 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

хохирол болон материалын үнэ 31 040 370 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э,

хариуцагчийн төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч О.Д, 

гэрч Б.Н

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 10 сарын 07-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

   1. Нэхэмжлэгч Б.Э хариуцагч ТЦ ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 20 113 252 төгрөг, нэмэлт ажлын хөлс 12 694 000 төгрөг, материалын үнийн зөрүү, материал тээвэрлэсэн тээврийн хөлс 1 186 748 төгрөг, нийт 34 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг, шүүх хуралдааны явцад ажлын хөлсний үлдэгдэл тооцоог буруу тооцоолсон үндэслэлээр багасгаж, 10 694 500 төгрөг, нийт 24 575 248 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

ТЦ ХХК-ийн захирал Б.М нь 2019 оны 7сарын 25-ны өдөр Д.Бтэй Хан-Уул дүүргийн 15 хороо, LS plaza-д байрлах Hi Mongolian hotpot рестораны N март дахь салбарын интерьер дотоод заслыг ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байна. Ажиллах хүч дутмаг байсан тул Д.Б нь Б.Мтай тохиролцсоны дагуу Б.Э надаар гүйцэтгүүлэхээр болсон бөгөөд гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн. Дээрх ажлын төлбөрөөс 24 440 500 төгрөгийг авсан асуудлаар маргахгүй. Дээрх ажлын төлбөрөөс үлдэгдэл 10 694 500 төгрөгийг төлөөгүй. Мөн гэрээнд заагдаагүй нэмэлт ажил болох цахилгаан монтаж, гал тогооны тааз, салхивч, өрлөг, шавар, интернет, камержуулалт зэрэг ажлуудыг мөн хийж гүйцэтгэж, 2019 оны 9 сарын 12-ны өдөр СН ХХК-ийн Hi Mongolian hotpot рестораны захирал Номин-Эрдэнэд хүлээлгэн өгсөн. ТЦ ХХК нь дотоод засал, цахилгаан, сангийн зураг, төсвийг гаргасан. Гэтэл ТЦ ХХК-ийн зүгээс цахилгааны утасны ажлын хөлсийг төлөөгүй. Б.М нь гэрээнд заасан болон нэмэлт ажлын хөлсийг өгөхгүй байсан тул СН ХХК-ийн Hi Mongolia hotpot рестораны захирал Б.Номин-Эрдэнэтэй уулзахад гэрээний дагуу ТЦ ХХК-ийн данс руу мөнгө шилжүүлсэн байдаг. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ТЦ ХХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 10 694 500 төгрөг, нэмэлт ажлын хөлс 12 694 000 төгрөг, материалын үнийн зөрүү, материал тээвэрлэсэн тээврийн хөлс 1 186 748 төгрөг, нийт 24 575 248 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Бид СН ХХК, ТЦ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ажил гүйцэтгэх гэрээний туслан гүйцэтгэгчээр Д.Б гэдэг хүнтэй гэрээ байгуулсан. Д.Б нь ажил амжихгүй, давхар ажилтай болчихлоо гээд Б.Эт ажлыг шилжүүлсэн. Б.Эийн нэхэмжилж байгаа зүйл нь ор үндэслэлгүй юм. Б.Э нь ажлаа огт хүлээлгэж өгөөгүй, дутуу хийсэн. Гэрээний үнийн дүн дээр ажлын хөлсөө 35 135 000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд урьдчилгаанд 10 540 500 төгрөг, явцын төлбөр 10 540 500 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь ажил дуусахаар өгөхөөр болсон. Нийт гүйцэтгэх ажил болон түүний хөлс, төлбөрийн задаргааг тохиролцсон ба нийт үнийн дүн 43 919 252 төгрөгөөс компанийн шимтгэл 8 783 850 төгрөгийг ТЦ ХХК нь авахаар харилцан тохиролцсон. Нийт ажлын хөлс буюу 35 135 000 төгрөг төлөх байснаас бид гар дээр нь 24 440 500 төгрөг бэлэн өгсөн бөгөөд дансны хуулгыг хавсаргасан. Гэтэл 23 800 000 төгрөгийн ажлын хөлс авсан, үлдэх 20 119 252 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Ажлын үлдэгдэл 14 054 000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон боловч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, бүрэн хийж дуусгаагүй, хавсралтад дурдсан зарим ажлыг хийгээгүй, зарим ажил нь чанарын шаардлага хангаагүй буюу доголдолтой байсан учир бид эдгээр ажлыг дахин өөрийн зардлаар өөр хүмүүсээр шинээр хийлгэсэн болно. Б.Эийг ажлаа бүрэн хийж дуусгахыг удаа дараа өөрийнх нь барьдаг 88073314 дугаарын утсаар болон амаар шаардаж байсан боловч элдэв шалтаг тоочин ажлыг хийж дуусгаагүй болно. Утсаар ярьсан бичлэгийг хавсаргасан. Өнөөдрийн байдлаар Б.Эт хэрвээ ажлаа бүрэн гүйцэт хийж дуусгасан бол нийт 10 694 500 төгрөг өгөх ёстой байсан. Бидний зүгээс дутуу хийсэн ажил болон огт хийгээгүй ажил, мөн доголдолтой хийсэн ажлын хөлсийг бид өгөх үүрэггүй. Тодруулбал, Иргэний хуулийн 343.1, 346.1-т тус тус зааснаар ажлын үр дүнг хүлээн авч үүний дараа хөлс төлөх үүргийг захиалагч хүлээдэг. Иймд гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн аваагүй, хийгээгүй ажлын хөлс 16 892 180 төгрөгийг төлөхгүй ба харин ч эсрэгээрээ Б.Эоос илүү төлсөн цалинг буцаан гаргуулах болно. Цахилгааны холболт 12 694 000 төгрөгийг огт өгөөгүй гэж нэхэмжилсэн боловч цахилгааны ажлын хөлсийг 5 694 800 төгрөгөөс гарт олгох буюу компанийн шимтгэл 20 хувийг хасаад 4 555 840 төгрөг болж байсан ба энэ үнийг тэгшлэн 4 500 000 төгрөгөөр цахилгааны ажлыг хийхээр тохиролцсон. Харин хаанаас гэнэт ямар учиртай 12 694 000 төгрөгийг ажлын хөлс гаргаж ирснийг бол мэдэхгүй байна. Б.Эт 2019.08.03-ны өдөр 8 000 000 /цалин 4 500 000 төгрөг, материалын үнэ 3 500 000 төгрөг/, 2019.09.03-ны өдөр материал 3 000 000 төгрөг, 2019.09.05-ны өдөр материал 2 845 000 төгрөг нийт 13 845 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Үүнээс гүйцэтгэгчийн гаргаж өгсөн материалын төсөвт 6 063 100 төгрөг байсан хэдий ч зарим утас хүчин чадал хүрэхгүй гэх шалтгаанаар захиалагчаас материалын үнэ нэмж авч нийт 9 345 000 төгрөгийг цахилгааны материалд өгсөн. Харин ажлын хөлсийг нь бүрэн өгсөөр байтал түүний хийсэн цахилгааны ажил нь доголдолтой буюу 2.5 ПГБ-р холбосон ширээний кабел нь хайлсан учир дахин цахилгааны утас болон бусад материалд бид 1 000 000 төгрөг зарцуулсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

  3. Хариуцагч ТЦ ХХК-аас нэхэмжлэгч Б.Эт холбогдуулан хариуцагчид илүү олгосон цалин 6 197 800 төгрөг, материалын үнэ 15 149 370 төгрөг, доголдолын улмаас учирсан хохирол 5 477 000 төгрөг, хугацаа хожимдуулсан алданги 4 216 200 төгрөг, нийт 31 040 370 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Анх Б.Этой биш Д.Бтэй хийсэн гэрээнийхээ дагуу ажлыг хөлсийг нь төлөөд ажлаа хийлгэх ёстой. Ажлынхаа хөлсийг төлөөд явж байтал Б.Э ажлаа дуусгадаггүй, ажилчид нь ирдэггүй, чанарын шаардлага хангаагүй хийсэн учраас өөр хүмүүсээр ажлаа дуусгуулсан. Нийт 35 135 000 төгрөг ажлын хөлсөнд өгөхөөр гэрээ хийсэн. Үүн дээр нийт гар дээр 24 440 500 төгрөгийг олгосон. Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч нь үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанар хасагдахгүй бол гуравдагч этгээдэд шилжүүлж болно гэсэнтэй нийцэж байх тул Б.Этой хамтарч ажилласан. Б.Эийн хэлээд байгаа шиг материал таслалдаад, захиалагч талын буруутай үйл ажиллагаанаас болоод ажил хоцорсон зүйл байхгүй. Би Б.Эт 30 201 200 төгрөгийг материалын үнэ гэж данс руу нь шилжүүлж өгсөн. Надад авсан материалын баримт гээд 16 928 730 төгрөгийн баримтыг өгсөн. Зөвхөн энэ дээрээс тооцож үзэхэд 13 272 000 төгрөгийн материалын үнийг шамшигдуулсан байна. Зөвхөн цахилгааны утас гэхэд 1метрийг нь 2300 төгрөгөөр авсан гэдэг. Жишээ нь зах зээлийн дундаж ханшаар 1м, 2.5-тай утас нь метр нь 700 төгрөг байдаг. Тухайн үеийн ханшаар үнийн саналыг хавсаргаад өгсөн. Мөн тухайн барилга дээр огт ороогүй прүүс буюу 700 000 төгрөгийн баримтыг бас өгсөн байсан. Материалын мөнгөн дундаас мөнгө шамшигдуулсан, давхар үнэгүй зардал гаргасныг бид нэхэмжлээгүй. Хэрэв нэг бүрчлэн баримтуудыг шүүгээд, зах зээлийн бодит ханшаар шүүгээд харахад Б.Э нь материалын мөнгөнөөс хэдэн төгрөг шамшигдуулсан нь харагдана. Ямар нэг доголдлыг арилгуулахаар хугацаа өгөөд, ажил гүйцэтгэгч нь ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол захиалагч тал уг доголдолыг өөрөө арилгаж, түүнтэй холбоотой гарсан зардлыг нөхөн төлүүлэх, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүргийн гүйцэтгэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцдог. Бид нар Б.Эийн хийсэн цахилгааны ажлаас болоод материалд 977 000 төгрөг, цахилгааны утсыг хуулахад 480 000 төгрөг, ажлын хөлсөнд 2 000 000 төгрөг гэж нэмэлтээр өгсөн. Гэрээний үүргийн дагуу алдангийг тооцсон гэв.

  4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. ТЦ ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөөгүй гэсэн үндэслэлээр гаргаж байна гэж ойлголоо. Бид ажлыг Суу нэрит ХХК-ийн захирал Б.Номин-Эрдэнэд хүлээлгэж өгсөн. Энэ талаарх барими хэрэгт байгаа. Нөгөө талаар илүү олгосон цалин 6 197 800 төгрөг гаргуулна гэсэн. Илүү олгосон цалин гээд байх юм, аль ажил дээр илүү цалин олгосон гэж байгаа нь тодорхойгүй байна. Ажлын хөлсөнд 24 440 500 төгрөг шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэрээнд бол Д.Б гарын үсэг зураад, 8 783 800 төгрөгийг компанийн шимтгэлд авна гээд тохирсноо Б.Этой тохирсон мэтээр яриад байх юм. Компанийн шимтгэлд 8 783 800 төгрөгийг өгнө гэдгийг Б.Э хүлээн зөвшөөрөөгүй. Мөн 35 135 000 төгрөгөөс илүү 6 000 000 төгрөгийн цалин олгосон гээд нэхээд байгааг ойлгохгүй байна. Хоёрдугаарт. Материалын үнэ 15 149 370 төгрөгийг бас гаргуулна гээд байна. Материалын зардал, ажлын хөлс бүгд ТЦ ХХК-ийн данс руу орсон гэдэг нь дансны хуулгаар нотлогддог. Б.Э нь өөрөө мөнгө гаргаж материал авсан. Материалын зардлыг тухай бүрд нь ТЦ ХХК нь Б.Э руу шилжүүлээд, Б.Э нь шилжүүлсэн мөнгөөр нь материалаа авч байсан. Өгсөн мөнгөөр нь материал аваад, зарцуулаад явж байсныг өнөөдөр 15 149 370 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гуравдугаарт. Доголдлын улмаас учирсан хохирол 5 477 000 төгрөг гаргуулна гэж байсан. Хэрэв доголдол гарсан юм бол Барилгын тухай хуулиар тухай бүрд нь актаа тавиад, засуулаад явах ёстой. Гэтэл ажлын акт ч байхгүй. Нөгөө тал нь ажлаа хийгээд дууссан байхад доголдол гэж яриад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Алданги 4 216 000 төгрөг гаргуулна гэж байсан. Ажил гүйцэтгэх гэрээнээс алдангийн талаар харсангүй. Иргэний хуулийн ямар заалтыг бариад, ямар алданги нэхэж байгаа нь тодорхойгүй, үндэслэлгүй нэхэмжлэл байна. Hi Mongolian hotpot ресторан болон ТЦ ХХК нарын хооронд ажлыг хүлээж авсан талаар акт байхгүй. Дараагийн өөр хүмүүсээр ажлыг гүйцэтгүүлээд, өөрөө хүлээлгэж өгсөн юм шиг яриад байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх гэж заасны дагуу Б.Эоос хүлээж аваад, ТЦ ХХК-ийн Б.Мын данс руу ажлынхаа хөлсийг шилжүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Хэрэв материалын зардал дутуу, алданги, цалин хөлсний зөрүүг нэхэх нэхэмжлэлийг ТЦ ХХК гаргах эрхгүй. Энэ бүх санхүүжилт, зардал, материалын хөлсийг Hi Mongolia hotpot ресторан гаргасан. ТЦ ХХК нь хүнээр ажлаа гүйцэтгүүлчхээд, ажлын хөлсний үлдэгдэл төлбөр нэхэхэд үүнийг төлөхгүйн тулд үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

5. Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт ТЦ ХХК болон иргэн Д.Б нарын хооронд 2019 оны 7 сарын 25-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт, ажлын зураг болон фото зургууд, Б.Эийн Хаан банкны дансны хуулга, өмнөх болон хийсэн ажлыг харьцуулсан фото зургууд /1-р хх-ийн 6-33,195-212/, нэмэлт ажлын хөлсний тухай баримт 178,

6. Хариуцагч талаас хавтаст хэрэгт ТЦ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, ТЦ ХХК болон Суу нэрит ХХК-ийн хооронд 2019.09.25-ны өдрийн Барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт 1,2,3, Хаан банкны шилжүүлгийн баримтууд, ТЦ ХХК болон Б.Бямбахорлоо, Н.Золзаяа, Г.Хурцаа нартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнүүд, мөнгө шилжүүлсэн баримтууд, Суу нэрит ХХК-ийн захирал Б.Номин-Эрдэнэд Б.Эийн хүлээлгэж өгсөн бараа материал худалдаж авсан гэх зарлагын баримтууд, Суу нэрит ХХК-ийн 2019.10.18-ны өдрийн албан тоот, Б.Мын Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 58-180/, засварын ажлын талаарх фото зургууд, ТЦ ХХК Чаргаахээр ХХК байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2-р хх-ийн 118-120

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Х.Наранбаатар дүгнэлт 2-р хх-ийн 196, Хаан банкны албан тоот/3-р хх-ийн 32/ , гэрч Б.Номин-Эрдэнийг шүүх хуралдаанд оролцуулж, мэдүүлгийг сонсов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас нэмэлт ажлын хөлс 12 694 000 төгрөгийг хангаж, сөрөг нэхэмжлэлээс доголдолын улмаас учирсан хохирол 5 477 000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлын хөлсийг бүрэн төлөөгүй, мөн гэрээнд заагдаагүй нэмэлт ажил болох цахилгаан монтаж, гал тогооны тааз, салхивч, өрлөг, шавар, интернет, камержуулалт зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж, 2019 оны 9 сарын 12-ны өдөр СН ХХК-ийн Hi Mongolian hot pot рестораны захирал Б.Номин-Эрдэнэд хүлээлгэн өгсөн боловч ТЦ ХХК нь дээрх нэмэлт ажлын хөлсийг шилжүүлэн авсан боловч надад өгөөгүй. Иймд дутуу авсан ажлын хөлсийг, өөрөөс гаргасан зардлын хамт гаргуулна. гэж тайлбарлав.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б.Э нь гэрээний гол зүйл болох ажлын үр дүнг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй, хийсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй, хугацаа хожимдуулсан бөгөөд бид зардал гаргаж хохирсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. гэж маргажээ.

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...Ажлынхаа хөлсийг төлөөд явж байтал Б.Э ажлаа дуусгадаггүй, ажилчид нь ирдэггүй, чанарын шаардлага хангаагүй хийсэн учраас өөр хүмүүсээр ажлаа дуусгуулж, их хэмжээний зардал гаргаж хохирсон. Б.Эт 30 201 200 төгрөгийг материалын үнэ гэж данс руу нь шилжүүлж өгсөн. Надад авсан материалын баримт гээд 16 928 730 төгрөгийн баримтыг өгсөн. Зөвхөн энэ дээрээс тооцож үзэхэд 13 272 000 төгрөгийн материалын үнийг шамшигдуулсан байна. Ямар нэг доголдлыг арилгуулахаар хугацаа өгөөд, ажил гүйцэтгэгч нь ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол захиалагч тал уг доголдолыг өөрөө арилгаж, түүнтэй холбоотой гарсан зардлыг нөхөн төлүүлэх, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүргийн гүйцэтгэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцдог. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй. гэж тайлбарлав.

5. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ...ТЦ ХХК нь сөрөг нэхэмжлэлээ ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөөгүй гэсэн үндэслэлээр гаргаж байна гэж ойлголоо. Бид ажлаа Суу нэрит ХХК-ийн захирал Б.Номин-Эрдэнэд хүлээлгэж өгсөн. Гэрээнд материалын зардал гэсэн заалт байхгүй, бүгд мөнгө ТЦ ХХК-ийн данс руу орсон гэдэг нь дансны хуулгаар нотлогддог. Хэрэв доголдол гарсан юм бол Барилгын тухай хуулиар тухай бүрд нь актаа тавиад, засуулаад явах ёстой. Гэтэл ажлын акт ч байхгүй, гаргаж өгсөн зураг төслийнх нь дагуу ажлаа хийгээд дууссан байхад доголдол гэж яриад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. гэж маргажээ.

6. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч ТЦ ХХК, иргэн Д.Б нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, LS plaza-д байрлах Hi Mongolia Hotpot рестораны И-март дахь салбарын интерьер дотоод заслын ажлыг гүйцэтгүүлэхээр Б.Эт шилжүүлсэн, ажил гүйцэтгэгч нь ажлыг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хугацаанд гүйцэтгэж, захиалагч ажлын хөлсөнд 35 135 000 төгрөг төлөхөөр тохиролцсон гэрээний нөхцлийн тухайд талууд маргаагүй байна.

 ТЦ ХХК-ийн захирал Б.М нь СН ХХК-ийн захирал Б.Номин-Эрдэнэтэй 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, гэрээний үнийн дүнг 1 дүгээр хавсралтаар 119 495 600 төгрөгөөр харилцан тохиролцож, захиалагч СН ХХК нь ажил гүйцэтгэгч ТЦ ХХК-д 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 50 963 950 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг өгөхөөр талууд харилцан тохиролцсон баримт хэрэгт авагджээ. /2-р хх-ийн 58-71/

 Гэрээний 1-3 дахь хавсралт, ажлын зураг төслийн материалын түүвэр, интерьер тохижилтын зардлын тооцоогоор талууд гэрээний дагуу хийгдэх ажлыг нэг бүрчлэн зааж, ажлын хугацаа, зардал, гэрээний үнийн дүн, ажлын хөлс төлөх хэлбэрээ харилцан тохиролцож тогтоосон байна.

 Дээрх гэрээний ажил гүйцэтгэгч ТЦ ХХК нь мөн өдрөө буюу 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Д.Бтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулан хийх ажлын жагсаалт, ажлын хөлсний үнэлгээг харилцан тохиролцсон байх ба хариуцагч нь туслан гүйцэтгэгчээр гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх..., захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. гэж заасан байна.

Мөн хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-т Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд буюу туслан гүйцэтгэгчийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно. гэж зааснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, LS plaza-д байрлах Hi Mongolia Hotpot рестораны И-март дахь салбарын интерьер, дотоод заслын ажлын ерөнхий захиалагч нь СН ХХК, ерөнхий ажил гүйцэтгэгч нь ТЦ ХХК байх бөгөөд  туслан гүйцэтгэгчээр иргэн Б.Э ажилласан асуудлаар талууд маргаагүй байна.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Э нь тодорхой ажлуудыг гүйцэтгэсэн болон гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 24 440 500 төгрөгийг авсан асуудлаар талууд маргаагүй ба нэхэмжлэгч Б.Эийн дутуу авсан ажлын хөлс 10 694 500 төгрөг гаргуулна гэснийг хариуцагч тал гэрээгээр тохирсон ажлыг тохирсон хугацаанд гүйцэтгээгүй, улмаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой, түүнчлэн ажил гүйцэтгүүлэгчид ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэж маргаж байгаа нь дараах үндэслэлтэй байна.

Талуудын байгуулсан гэрээний хавсралт №2-т нийт хийгдэх ажлыг жагсаалтаар тохирч, ажлын хөлс үнэлгээг тохирсон байх боловч дээрх ажлыг ямар хэмжээнд хийж хүлээлгэж өгсөн, түүнчлэн ажлыг хүлээлгэж өгсөн талаарх баримтуудыг нэхэмжлэгч Б.Э нь хэрэгт ирүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын дутуу авсан хөлсөө шаардах эрхтэй гэх үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч нь нэмэлт ажлын хөлс 12 694 000 төгрөг гаргуулахаар шаардсан шаардлагаа ...Миний гэрээнд заагдаагүй нэмэлт ажил болох цахилгаан монтаж, гал тогооны тааз, салхивч, өрлөг, шавар, интернет, камержуулалт зэрэг ажлуудыг хийлгэхээр СН ХХК-ийн Hi Mongolian hot pot рестораны захирал Б.Номин-Эрдэнэтэй тохиролцож, уг ажлыг хийж гүйцэтгэж, 2019 оны 9 сарын 12-ны өдөр СН ХХК-ийн Hi Mongolia hotpot рестораны захирал Б.Номин-Эрдэнэд хүлээлгэн өгсөн. гэж тайлбарлаж, 2-р хавтаст хэргийн 178-р талд нэмэлт ажлын хөлс гэх баримтыг ирүүлснийг, хариуцагч тал ...нэмэлт ажлыг талаар бид мэдэхгүй тул хөлсөө нэмэлт ажлыг захиалж хийлгэсэн Б.Номин-Эрдэнээс шаардах эрхтэй гэж маргаж байна.

7. Хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтаас болон гэрч Б.Номин-Эрдэнийн мэдүүлсэн ... нэмэлт ажил буюу агааржуулалт болон камер суурилуулалтын жижиг, сажиг нэмэлт ажлыг Б.Эоор хийлгэсэн, тухайн үед суурилуулах камерийн мөнгийг Б.Эт өгсөн, харин ажлын хөлсийг Түмэнцамхаг ХХК-д шилжүүлж өгсөн. Миний хувьд Түмэнцамхаг ХХК-тай ямар нэг өр авлагын асуудалгүй ажлаа хүлээж авсан. ... гэсэн зэргээс Hi Mongolian hot pot рестораны нэмэлт ажлын хөлсийг захиалагч Суу нэрит ХХК-ийн захирал Б.Номин-Эрдэнэ ТЦ ХХК-д шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул нэмэлт ажлын хөлс 12 694 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

8. Хариуцагч Түмэнцамхаг ХХК нэхэмжлэгч Б.Эоос илүү олгосон цалин 6 197 800 төгрөг, материалын үнэ 15 149 370 төгрөг, доголдолын улмаас учирсан хохирол 5 477 000 төгрөг, хугацаа хожимдуулсан алданги 4 216 200 төгрөг, нийт 31 040 370 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, холбогдох баримтуудыг ирүүлжээ.

Иргэний хуулийн 355.1Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй., 355.2Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй. гэж заажээ.

Эдгээрээс дүгнэхэд хариуцагч ТЦ ХХК нь нэхэмжлэгч Б.Эийг гэрээгээр тохирсон ажлыг тохирсон хугацаанд гүйцэтгээгүй, улмаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой, түүнчлэн ажил гүйцэтгүүлэгчид ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй үндэслэлээр гэрээг цуцалж, хийгээгүй үлдсэн ажлыг болон доголдолтой ажлыг бусдаар гүйцэтгүүлж зардал гаргаж, хохирсон тул илүү төлсөн мөнгө болон материалын зардлаа гаргуулна гэснийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан ба ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд ТЦ ХХК нь Б.Эоос гэрээгээр тохирсон ажлын гүйцэтгэлийг шаардах эрхтэй хэдий ч хариуцагчийг ямар хэмжээнд тухайн ажлыг гүйцэтгэсэн талаар дүгнэсэн баримтгүй, түүнчлэн илүү төлсөн төлбөрийг ямар баримтад үндэслэн нэхэмжилж байгаа талаараа нотлоогүй байна.

 Харин нэхэмжлэгчийн хийсэн цахилгааны ажил дотоод заслын ажил доголдолтой байсны улмаас дахин зардал гаргаж, засуулсан тул доголдлын улмаас учирсан хохирол 5 477 000 төгрөг гаргуулна гэсэн нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 349.2-т ...ажилд ямар нэгэн догодол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор ...гаргаж болно. ...гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно. гэсэнтэй нийцэж байх ба Түмэнцамхаг ХХК нь доголдолтой холбоотой шаардлагыг хуульд заасан хугацаанд гаргасан байна.

9. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. гэснээр нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хангах үндэслэлтэй.

Түүнчлэн талуудын байгуулсан гэрээний 2.9-т Ажилтан талын буруутай үйл ажиллагаанаас гэрээт ажил төлөвлөсөн хугацаанд дуусаагүй тохиолдолд ...нийт ажил үйлчилгээний үнийн дүнгээс хоног тутамд 1%-иар алданги тооцно. гэж тохиролцсон хэдий гэрээний талуудын хэний буруутай үйл ажиллагааны улмаас гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн гэдгийг хэрэгт авагдсан баримтаар тогтоох боломжгүй тул алдангийг хангах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Түмэнцамхаг ХХК-иас нэмэлт ажлын хөлс 12 694 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эт олгож, илүү нэхэмжилсэн 11 881 248 төгрөгийн шаардлагыг, нэхэмжлэгч Б.Эоос 5 477 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Түмэнцамхаг ХХК-д олгож, хариуцагчийн илүү нэхэмжилсэн 25 563 370 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эоос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 327 950 төгрөгийг, хариуцагч Түмэнцамхаг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 313 160 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Түмэнцамхаг ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 218 054 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эт, нэхэмжлэгч Б.Эоос улсын тэмдэгтийн хураамжинд 102 582 төгрөгийг гаргуулж хариуцагч Түмэнцамхаг ХХК-д тус тус олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ  Б.МӨНХЖАРГАЛ