Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 498

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга А.Болор,

            Улсын яллагч Д.Энх-Оргил,

            Шүүгдэгч Ө.О нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Хэрэйд овогт Ө.Од холбогдох 1711003630095 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Баянгол  дүүргийн  2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 31 дүгээр байрны 33 тоотод оршин суух хаягтай, төрөөс авсан гавъяа шагналгүй,

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1014 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар зүйлийн 17-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1014 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 1 жилийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, Хэрэйд овогт Ө.О  (РД:0000000000),

нь 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс таур” төвийн 10 давхрын 1004 тоот өрөөнөөс Г.Ганжаргалын эзэмшлийн “Делл” маркийн зөөврийн компьютерийг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

            Ө.О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр би ганцаараа “Пийс Таур” төв орсон. Тэгээд 10 давхар руу гарсан ба нэг өрөөний хаалга онгорхой байхаар нь хар өнгийн Делл маркийн нөүтбүүк байхаар нь залгууруудыг нь салгаад гэдсэндээ цамцныхаа дотуур хийгээд аваад гарсан. Тэндээсээ такси бариад ломбарданд тавих гэсэн боловч код нэхээд болоогүй. Тэгээд алхаж байтал танил Тэмүүжинтэй таарсан ба Тэмүүжинг та энэ нөүтбүүкийг зараад өгөөч гэтэл Тэмүүжин зөвшөөрсөн. Бид хоёр хамт яваад Гандангийн ард байх гар утас зардаг нэг залуу дээр очоод 300.000 төгрөгөөр зарсан. …би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би хохирлыг бүрэн барагдуулна.” гэжээ.

Хохирогч Г.Ганжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр би ажил дээрээ ажлаа хийж байгаад өрөөндөө өөрийн эзэмшлийн Делл маркийн хар өнгийн 14 инчийн зөөврийн компьютероо үлдээгээд 17 цаг 30 минутын үед ажлаасаа гарсан. Энэ үед манай зарим нэг ажилчид ажил дээрээ үлдсэн байсан. Тэгээд би тэр оройноо 20 цагийн үед буцаад ажил дээрээ ирээд өрөөндөө ортол миний ширээн дээр тавиад үлдээсэн байсан нөүтбүүк алга болсон байсан. Байгууллагын камерийг шүүж үзтэл 20 орчим насны залуу тэр давхрын өрөөнүүдийн хаалгыг татаж үзэж шагайж явж байснаа манай ажлын өрөөнд ороод миний нөүтбүүкийг аваад шатаар явж байгаа дүрс бичигдсэн байсан. …Би хохирлоо барагдуулж авмаар байна” гэжээ.

Гэрч Б.Солонго мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Тэр залуу тэр нөүтбүүкийг өөрийнхөө гэж байсан ба өмнө нь олон удаа ломбарданд тавьж байсан гээд ломбардны бичиг гаргаад үзүүлээд байхаар нь итгээд авчихсан. …би уг нөүтбүүкийг 300.000 төгрөгөөр худалдан авсан” гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Ө.О нь 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Пийс таур” төвийн 10 давхрын 1004 тоот өрөөнөөс Г.Ганжаргалын эзэмшлийн “Делл” маркийн зөөврийн компьютерийг хулгайлан авч, 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Ганжаргалын “…би тэр оройноо 20 цагийн үед буцаад ажил дээрээ ирээд өрөөндөө ортол миний ширээн дээр тавиад үлдээсэн байсан нөүтбүүк алга болсон байсан. Байгууллагын камерийг шүүж үзтэл 20 орчим насны залуу тэр давхрын өрөөнүүдийн хаалгыг татаж үзэж шагайж явж байснаа манай ажлын өрөөнд ороод миний нөүтбүүкийг аваад шатаар явж байгаа дүрс бичигдсэн байсан…” гэх мэдүүлэг, гэрч Б.Солонгын “…би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Тэр залуу тэр нөүтбүүкийг өөрийнхөө гэж байсан ба өмнө нь олон удаа ломбарданд тавьж байсан гээд ломбардны бичиг гаргаад үзүүлээд байхаар нь итгээд авчихсан. …би уг нөүтбүүкийг 300.000 төгрөгөөр худалдан авсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгийн үнэлгээ, эд мөрийн баримтаар хураагдсан Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Хэрэйд овогт Ө.Ог бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав.

Шүүгдэгч Ө.Огоос гэмт хэргийн улмаас учирсан хохирол 600.000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Хэрэйд овогт Ө.Ог Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ө.Ог 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ө.Ононд оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ө.Огоос 600.000 (зургаан зуун мянга) төгрөг гаргуулж, хохирогч Өөлд овогт Ганбаатарын Ганжаргал (РД:УК95030813)-д олгосугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ