Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 480

 

Ө.Од холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Г.Цогтгэрэл,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай прокурор Ц.Сүхбатын бичсэн дүгнэлтээр Ө.Од холбогдох эрүүгийн 171100360095 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ө.О, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1014 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

 

Ө.О нь 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс таур” төвийн 10 дугаар давхарын 1004 тоот өрөөнөөс Г.Гын эзэмшлийн “Делл” загварын зөөврийн компьютерийг хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ө.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ө.Ог 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Од оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ө.Огоос 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Г.Г-д олгох, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн СиДи-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Сүхбат бичсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлтдээ: “...Яллагдагч Ө.Од холбогдох ... эрүүгийн 1709007620012 дугаартай хэрэгт тус дүүргийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Гэтэл Ө.О нь 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс таур” төвийн 10 дугаар давхарын 1004 тоот өрөөнд нэвтэрч иргэн Г.Гын эзэмшлийн Делл загварын зөөврийн компьютерийг хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх 1711003630095 дугаартай гэмт хэрэг үйлдсэн ба дээрх гэмт хэрэгтээ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 498 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллагдагч Ө.Од холбогдох эрүүгийн 1709007620012 дугаартай хэрэгт 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 142 дугаартай яллах дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлсэн боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 206 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 459 дүгээр захирамжаар тус тус “...Гэмт хэрэг үйлдээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг хэрхэн нэгтгэх журмуудыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсгээр зохицуулж байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Ө.Од оногдуулах ялуудыг нэгтгэхэд энэхүү журмыг хэрэглэх үндэслэлгүй болсон. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар зохицуулаагүй орхигдуулснаас тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэгдэн, шүүхээр шийдвэрлэгдэж, хэд хэдэн шийтгэх тогтоол гарсан нөхцөлд шүүх ялуудыг нэгтгэж, жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох хууль зүйн боломжгүй болсон. Энэ тохиолдолд Ө.Од холбогдох хэргүүдийг ... нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байна. ...” гэж дүгнэн, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт, Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцааж тус тус шийдвэрлэжээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 498 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив. ...” гэжээ.

 

Прокурор Г.Цогтгэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Ц.Сүхбатын бичсэн дүгнэлтийг дэмжиж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Ө.О нь 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс таур” төвийн 10 дугаар давхарын 1004 тоот өрөөнд нэвтэрч иргэн Г.Гын эзэмшлийн Делл загварын зөөврийн компьютерийг хулгайлж, 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 498 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлжээ.

 

Гэтэл Ө.О нь 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол учруулсан байх бөгөөд түүний энэ хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэж, 431 дүгээр шийтгэх тогтоолоор Ө.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 5 жил хорих ял шийтгэсэн байна.

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.О гомдол гаргаснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 206 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ө.Од холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаажээ.

 

Давж заалдах шатны шүүх магадлалдаа:

“... Гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсгээр зохицуулж  байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Ө.Од оногдуулах ялуудыг нэгтгэхэд уг аргыг хэрэглэх үндэслэлгүй болсон.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

 

...  Тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулснаас тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хэд хэдэн шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд шүүх ялуудыг нэгтгэж, жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй болсон.

 

Энэ тохиолдолд Ө.Од холбогдох хэргүүдийг ... нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” гэж заажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу Ө.Од холбогдох хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол уг хугацаа дуусмагц шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ” гэж шийтгэх тогтоолыг хэдийд гүйцэтгэх хугацааг тодорхойлсон байх бөгөөд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нэг бүрчлэн зохицуулан хуульчилсан.

 

Харин уг хуульд хэд, хэдэн шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлсэн хоригдлын ялыг хэрхэн гүйцэтгэх талаар зохицуулаагүй бөгөөд уг нөхцөл байдлыг зөвхөн Эрүүгийн хуулиар шийдвэрлэж, хорих ял шийтгүүлсэн этгээдийн биечлэн эдлэх хорих ялыг шүүх тогтоодог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн хувьд бусдад материаллаг хохирол учирснаар гэмт хэргийн шинж бий болдог бөгөөд тухайн зүйлд их хэмжээний эд хөрөнгө хулгайлах шинжийг заасан байна.

 

Ө.О нь нэг төрлийн гэмт хэрэг үйлдэж, нэг төрлийн хор уршиг учруулсан байдлаас үзэхэд хулгайн бүх үйлдлийг нэгтгэж, нэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зохих хэсгээр зүйлчлэн, нэг ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчид ашигтай байдлыг бий болгож байх бөгөөд харин хэд, хэдэн шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлсэн хоригдлын ялыг шийтгэх тогтоол бүрээр тусад нь эдлүүлэх нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд хуульд нийцэхгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн...” нь тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл гэж үзнэ гэсний дагуу ялтан Ө.Од ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болжээ.

 

Иймд прокурор Ц.Сүхбатын бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 3 дугаартай дүгнэлтийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 498 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.