Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 0042

 

 

 

 

 

 

 

        М.У, Н.С нарт холбогдох

                                               эрүүгийн хэргийн тухай

 

 

          Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                   Прокурор                                               Н.Д

                   Шүүгдэгч                                                М.У /цахимаар/

Шүүгдэгч нарын өмгөөлөгч               Д.Б /цахимаар/        Ж.Д /цахимаар/

                   Нарийн бичгийн дарга                      Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан

 

           Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 127 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан дээд шатны прокурор Н.Ц-н эсэргүүцлээр шүүгдэгч М.У, Н.С нарт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

           М овогт М-н У,

 

           О овогт Н-н С,

  М.У нь нийтийн албан тушаалтан буюу         аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа 2017 оны 05 дугаар сард         аймгийн Засаг даргын тамгын газрын 1 давхарт байх цэргийн штабын өрөөнд          аймгийн       сум,         дүгээр багийн нутаг дэвсгэр “Х” ШТС-н урд талд байрлах ахуйн зориулалтаар эзэмших 762 м.кв талбай бүхий газрын гэрчилгээг Н.Сын нэр дээр гаргаж өгөхөөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр М.Б-р дамжуулан Н.Соос 1.500.000 төгрөгийн хээл хахууль авсан,

  Н.С нь дээрх газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авахаар        аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга М.Уд 2017 оны 05 дугаар сард          аймгийн Засаг даргын тамгын газрын 1 давхарт байх цэргийн штабын өрөөнд М.Б-р дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          аймгийн Прокурорын газраас: М.У, Н.С нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан,        аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.О-н 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар М овогт М-н Уд,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О овогт Н-н Сд тус тус яллах дүгнэлт үйлдсэн, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч М.У, Н.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

 

Дээд шатны прокурор Н.Ц эсэргүүцэлдээ:

 

... Шүүхээс газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох шийдвэр нь М.У-н албан үүрэгт хамааралгүй, тухайн орон нутгийн Засаг даргын эрх хэмжээний асуудал гэж дүгнэжээ.

Гэтэл иргэн, хуулийн этгээдэд газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх ажлыг тухайн орон нутгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хариуцдаг. Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий Засаг дарга нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга М.У-н үйлдэл оролцоогүйгээр шууд захирамж гарган гэрчилгээ олгох хууль зүйн боломжгүй юм. М.У-н албан үүрэг, бүрэн эрхэд газар эзэмшүүлэхтэй холбоотой харилцаа шууд хамааралтай байхад газар эзэмшүүлэх захирамж гаргадаггүй тул түүнийг хахууль авах гэмт хэргийн субъект биш байдлаар дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхээс үл хамааран, хахууль авснаар төгсдөг. Нийтийн албан тушаалтан М.У нь хахууль өгөгч Н.Сын ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд М.Б-р дамжуулан 1,500,000 төгрөг авснаар уг гэмт хэрэг төгссөн байна.

Шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч Н.С, М.У нарын үйлдэл нотлогдоогүй, эргэлзээтэй гэж дүгнэжээ.

Гэвч анхан шатны шүүх прокуророос яллагдагч М.У, Н.С нарыг хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн яллах талын нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж, эргэлзээ үүссэн талаараа огт дурдаагүй байна. Тухайлбал, М.У-г цагаатгах талын нотлох баримтад М.Б-н гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлэн эргэлзээтэй хэмээн дүгнэсэн атлаа түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үнэлээгүй.

Авлигын мөнгийг М.Уд өгсөн талаар Н.Сын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгийг хэрхэн ямар нотлох баримтаар үгүйсгэж байгааг дурдаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгнийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” буюу шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хахууль өгөгч хахууль өгсөн талаараа тогтвортой мэдүүлсэн, хахуулийн мөнгийг өөрийн арилжааны банкин дахь харилцах данснаас авч, улмаар М.Б-р дамжуулан өгсөн үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн М.У-н мэдүүлгээр эргэлзээтэй гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн Н.С нь       аймгийн        сум,         багийн нутаг дэвсгэрт “Х” ШТС-н урд талд байрлах ахуйн зориулалтаар эзэмших 762м2 талбай бүхий газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авах ашиг сонирхол байсан, М.У нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бусдаас хахууль авах талаар санал гаргасан буюу хахууль өгөгч, авагч нарын хооронд үүссэн харилцан ашиг сонирхлын нэгдэл үүссэн үйл баримт тогтоогдсон. Хахууль авах, өгөх гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг бөгөөд хахууль авч, өгч байгааг шууд нотолсон гэрчийн мэдүүлэг хэрэгт цуглараагүй нь гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ төрсөн гэж дүгнэх боломжгүй юм.

Дээрх байдлуудаар шүүгдэгч М.У, Н.С нарт холбогдох хэрэгт гарсан шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь хэсэгт заасан “Илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэсэн үндэслэлүүдэд бүрэн хамаарч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/127 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.У тайлбартаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан. Үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б тайлбартаа: ... Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: ... Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгох дүгнэлт гаргаж байна гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Ц-н эсэргүүцлээр шүүгдэгч М.У, Н.С нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг хянаж үзэв.

 

Шүүгдэгч М.У-г нийтийн албан тушаалтан буюу         аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа 2017 оны 05 дугаар сард         аймгийн Засаг даргын тамгын газрын 1 давхарт байрладаг цэргийн штабын өрөөнд тус аймгийн        сумын         дүгээр багийн нутаг дэвсгэр “Х” шатахуун түгээх станцын урд талд байрлах ахуйн зориулалтаар эзэмших 762 м.кв талбай бүхий газрын гэрчилгээг Н.Сын нэр дээр гаргаж өгөхөөр хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр М.Б-р дамжуулан Н.Соос 1.500.000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар,

 

Шүүгдэгч Н.Сыг дээрх газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авахаар тус аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын дарга М.Уд 2017 оны 05 дугаар сард        аймгийн Засаг даргын тамгын газрын нэг давхарт байрлах цэргийн штабын өрөөнд М.Б-р дамжуулан 1.500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн  Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймаг дахь сум дундын шүүхэд ирүүлсэн хэрэгт харьяалал тогтоон  Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр  ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.С, шүүгдэгч М.У нарын үйлдлийг буюу шүүгдэгч Н.Сын 1.500.000 төгрөгийг шүүгдэгч М.У авсан гэдэг үйлдлийг баримтаар тогтоож чадаагүй тул шүүгдэгч нарын үйлдэл нь хээл хахууль авах, өгөх гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд эргэлзээ төрж байна гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.д заасныг баримтлан М.У, Н.С нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн байна.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгасан эсэх, тэдгээр нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, хуульд заасан журмаар бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэж байгаа талаараа үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

 

Гэтэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэлүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эсрэг агуулга бүхий нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар хангалттай дүгнэлт хийхгүйгээр нотлох баримтад үндэслэхгүйгээр хийсвэр дүгнэлт хийж, хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан М.У-г Говь-Алтай аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн       аймгийн Засаг даргын       дугаартай захирамж,

 

тус аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон          аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн захирамж,   

 

тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолт,

 

гэрч Д.П-н ... С надаар барилга бариулахаар болоод барилгын суурийг нь цутгасан. Гэтэл “Х” шатахуун түгээх станцын эрхлэгч Г ирж газрын маргаан хийсэн. С газрын асуудлаа шийдвэрлүүлэхээр У гэдэг хүнд мөнгө өгөхөөр болсон. Надтай хамт мөнгө өгөхөөр Засаг даргын тамгын газарт очсон. С нэг давхарт байдаг Б хурандаагийн өрөө рүү 1.500.000 төгрөг бэлэн аваад орсон. Би тэр үед нь өрөөний үүдэнд нь суугаад хүлээж байсан. Удалгүй У өрөө рүү явж орсон бөгөөд С зөрөөд тус өрөөнөөс гарч ирсэн. С бид хоёр гадаа нь хүлээгээд сууж байхад У нь Б хурандаагийн өрөөнөөс цэргийн гутал бариад гарч ирсэн. Бид хоёр луу хараад үг дуугаралгүй яваад өгсөн. С Б-н өрөө рүү орж гарч ирээд “за өгчихлөө, одоо барилгаа барь асуудалгүй” гэсэн ... мэдүүлэг ,

 

            гэрч Д.Г-н ... Би газрын албаны дарга Утэй уулзаж “манай компанийн газар дээр С гэдэг залуу барилга бариад байна” гэж хэлэхэд “танай компани нь газрын төлбөрөө төлдөггүй тул газрыг чинь хураана” гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг,

 

            гэрч С-н ... П /П/ надад газраа зарахдаа энэ газартай залгаа газрыг С авах гээд Уд мөнгө өгсөн байгаа. Би мөнгө өгснийг нь нүдээрээ харсан. Чи энэ газрыг надаас авчихад алдах юм байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би У-г танина, ямар нэг асуудал байхгүй гэрчилгээг нь гаргуулж чадна гээд хэлчихсэн юм ... гэсэн мэдүүлэг,

 

            гэрч буюу цагдаагийн алба хаагч Д.Э-н ... С гэдэг залуу надад “мэдээлэл өгмөөр байна” гээд “Уд би газрынхаа асуудлыг хөөцөлдүүлэх гээд 1.500.000 төгрөг өгсөн. Энэ асуудлыг шалгуулмаар байна. Надад зөвлөгөө өгөөч, энэ тухай Б, П хоёр мэдэж байгаа” гээд сиди авчирч өгсөн ... гэсэн мэдүүлэг,

 

            гэрч Д.Б-н ... 2017 оны 05 дугаар сард Сд зөвшөөрөлгүй тул наад барилгын ажлаа зогсоо гэж шаардлага тавиад мэдэгдэл өгсөн. Хоёр дахь удаагаа мэдэгдэл шаардлага өгөх гээд явж байхад У дарга над руу утасдаад “наад газар луугаа битгий оч, буцаад ир” гэж хэлсэн. Даргыг тэгж хэлсэн болохоор очих ёсгүй газар байна гэж бодоод дахин очоогүй ... гэсэн мэдүүлэг,

 

            гэрч А.П-н ... Сын засварын газар албан ёсны зөвшөөрөлгүй. Нийт хэмжээ нь 162.1 м.кв, Ч.Г-н газраас 21.4 м.кв давхацсан байгаа. Уг газрыг 2014 оны 4 дүгээр сарын 23-ны А/164 тоот захирамжаар хүчингүй болгосон... С энэ газрыг эзэмших талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй ... гэсэн мэдүүлэг,

 

            гэрч Д. М-н ... С Уд 2017 оны 05 дугаар сард газрын асуудлаа шийдвэрлүүлэх гээд Б хурандаад 1.500.000 төгрөг өгсөн гэж хэлж байсан. Би нөхрийгөө хэлэхээр нь л тийм хүн байдаг гэдгийг мэдсэн. С өөрийн цуглуулж байсан мөнгөнөөсөө өгсөн ... гэсэн мэдүүлэг,

 

            Н.Сын ХААН банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 173 хуудас/, дансны хуулга /1 хх-ийн 174-176 хуудас/,

 

            Н.Сын яллагдагчаар өгсөн ... Б хурандаагаар дамжуулж 1.500.000 төгрөг Уд өгсөн. Энэ талаар П мэдэж байгаа гэсэн мэдүүлэг,

 

            яллагдагч М.Б-н ... С манай өрөөнд орж ирээд нэг боодол мөнгө Уд өгөх үү гээд надад өгөхөд би У-г утсаар дуудаад мөнгийг өгөхөд “газар нь болох байхаа ахаа, би буцаад хариу хэлье” гэсэн. Би У-г “мөнгөтэй болсон юм чинь нөгөө герман цэргийн гутлаа авах уу” гээд гутлаа 150.000 төгрөгөөр зарсан. Би тухайн мөнгийг тоолж үзээгүй. Харин У нөгөө мөнгөнөөсөө 150.000 төгрөг тоолж өгөөд уг гутлыг аваад гарсан. Өмнө нь Сын газрын асуудлыг хэлэхэд газрын асуудал хэцүү, ажлаа аваад удаагүй байна. Мөнгө төгрөг хэрэгтэй шүү гэж хэлж байсан болохоор нь Сд “цаадах чинь гар хараад байх шиг байна” гэж хэлсэн. Дараа нь Утэй хотод Е зочид буудлын хавьд машин дотроо уулзахад “ахаа та надад мөнгө өгөөгүй гээд хэлчихвэл болох гээд байна” гэхэд нь болсон асуудлыг үнэн зөвөөр нь хэлчихсэн гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг  /1 хх-ийн 227 хуудас/,

 

            2020 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор яллагдагч М.Б-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон тогтоол /3 хх-ийн 013 хуудас/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд анхан шатны шүүхийн цагаатгах  тогтоолд заасан үндэслэлүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.У-г цагаатгахдаа М.Б-н мэдүүлэг, Н.Сын мэдүүлэг, бусад гэрчүүдийн мэдүүлэг хэрхэн үгүйсгэгдэж байгаа, дээрх баримтуудад эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа талаараа хангалттай дүгнэлт хийгээгүй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ нотлох үүрэг хүлээхгүй.

 

            Хахууль өгөх авах гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэрэг тул шүүгдэгч Н.С нь газрын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авах ашиг сонирхлыг үүднээс хахуулийн мөнгийг  банкин дахь харилцах данснаасаа бэлнээр авч М.Б-р дамжуулан М.Уд өгсөн гэж тогтвортой мэдүүлсэн байхад бусад ямар нотлох баримтуудаар эргэлзээтэй гэж үзсэн нь тодорхойгүй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтууд хэрэгт цугларсан нь шүүгдэгчийн гэм бурууд эргэлзэх үндэслэлийг бий болгох боловч энэ нөхцөл байдал нь шүүхээс тэдгээр нотлох баримтын агуулга, тухайн хэрэгт хэр зэрэг ач холбогдолтой болох харилцан хамаарлын байдал, нотломжийн түвшин, бодит байдлыг илэрхийлж байгаа ач холбогдол зэргийг маш сайн үнэлж дүгнэхгүйгээр цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээ бүхий нөхцөл байдлын улмаас хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа цагаатгах тогтоолын тогтоох хэсэгтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэж шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож дүгнэлтээсээ зөрүүтэй шийдвэрлэжээ.

 

            Дээрх зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” буюу мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”,

            мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөчсөн” буюу мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “шүүхийн шийдвэр ... хуульд заасан шаардлага хангаагүй”, 1.10-д заасан “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж үзэх үндэслэл болно.

 

            Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

            Шүүгдэгч нарын үйлдэл, гэм буруугийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байна гэж үзэж цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон тул  давж заалдах шатны шүүх прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, гэм буруугийн асуудлаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.10, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 127 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2.Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

4. Шүүгдэгч М.У, Н.С нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА