Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 500

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

            Улсын яллагч Д.Оюунгэрэл

            Шүүгдэгч Д.А,

Хохирогч Д.Баянжав нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Монгол улсын Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон, Боржигон овогт Д.Ат холбогдох 201625031864 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1973 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 4 дүгээр байрны 58 тоотод оршин  суух бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 41-36 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Д.А  (РД:0000000000)

Д.А нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Баянжавт “Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Гэгээ 39 хотхонд 2 өрөө байр авч өгнө” гэж хэлээд итгэл эвдэх залилан мэхлэх аргаар 2013 оны 12 дугаар сард 10.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сард 10.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сард 5.000.000 төгрөгийг тус тус авч иргэн Д.Баянжавт нийт 25.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ: -2015 онд Баянжав бид хоёрын дунд мөнгө авсан, өгсөн асуудал огтоос байхгүй. 2013 онд хоёр удаа 2014 оны нэгдүгээр улиралд нэг удаа мөнгө авч нийт 25 сая төгрөгийг авсан. Авахдаа би албан өрөөндөө авч уг мөнгийг Соронзонболдод өгсөн гэдгээ хэлсэн. 2016 оны 6 сард Баянжав надтай уулзаж хэлцэл удааширч байгаа тул хоорондоо баримт үйлдэж мөнгө авч өгөлцсөнөө баталгаажуулах ёстой юм байна гэсэн тул бид нотариат орж энэ тухай баримт үйлдэж уг баримтад байрандаа хэзээ орох тухай тохиролцсон. Энэ тухай баримтаа Нийслэлийн шүүхэд өгсөн. Улмаар 2016 оны 11 дүгээр сард Баянжавт 25 сая төгрөгийг буцааж өгсөн. Би энэ мөнгийг хэрэглээгүй хүнд өгсөн байсан. Одоо өөрөөсөө энэ мөнгийг буцааж өгч байна гэсэн гэв.

            Д.А мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлэхдээ: -Би он сар өдрийг нь мэдэхгүй байна хуурай дүү Соронзонболд намайг хоолны газар дуудахаар нь яваад очсон чинь Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Лью бау лин гэх хүнтэй сууж байсан. Уг иргэн нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Офицеруудын ордны цаад талд баригдаж байсан барилга нь хүнд байдалд орчихлоо барилгын гадна дотор засал, дулаан, улсын комисст хүлээлгэж өгөх эдгээр үүргүүдийг хангаж чадна гэвэл зарж борлуулах эрхээ танай талд өгье гэсэн. Ингээд харилцан тохиролцсоны дагуу Соронзонболд Лью бау лин хоёр хоорондоо байр зарж боруулах эрхийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Соронзонболд байр зарж борлуулах эрхийг Лью бау лин шилжүүлж өгсөн байдаг. …Би бол 24.000.000 төгрөг гэж бодож байна. Нэг сая төгрөгийн зөрүү гараад байгаа юм. Д.Баянжав нь надад мөнгөө өгөхдөө байрны урьдчилгаа гэж өгсөн, харин би чиний мөнгө ийм зүйлд зарцуулагдана гэдгийг нь өөрт нь хэлсэн байдаг. Би эхний 10.000.000 төгрөгийг дансаар, харин сүүлийн 2 удаагийн мөнгийг нь бэлнээр авсан байдаг. Баянжаваас авсан мөнгөө бэлнээр нь барилга дээр Соронзонболдод өгсөн байдаг. Би Баянжавт өрөөний метр квадратыг нь огт тохироогүй, Лью бау линтэй хийгдсэн гэрээний хэрэгжилт хангагдаагүй. Энэ Хятад улсын иргэн бид нарыг залилан мэхэлж өөр хүнтэй дахин гэрээ хийж хил гарсан байсан учраас гэрээний хэрэгжилтийг гүйцэтгэж чадалгүй хүнд байдалд ороод өнөөдрийг хүртэл үргэлжилж байна” гэжээ.

Шүүх хуралдаан дээр хохирогч Д.Баянжаваас мэдүүлэхдээ:-Би Д.Ат хэзээ мөнгө өгсөн гэдээ санахгүй байна. 2013, 2014 онд тус тус мөнгө өгч байсан.  Хамгийн сүүлд 25 сая төгрөг өгсөн. Би байртай болох гэж дээрх мөнгийг өгсөн. Тэгээд баримттай болъё гээд 2016 онд нотариат орж гэрээ байгуулж байсан. 2016 онд би өмгөөлөгч хөлсөлж авсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сард Д.А хохирлоо бүрэн барагдуулаад мөнгөө өгч авалцахдаа нотариат орж баталгаажуулж авсан. Бид хоёр гар бариад бие биенээсээ уучлалт гуйсан. Одоо надад гомдол санал байхгүй гэв. 

Д.Баянжав мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлэхдээ:-Д.А Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын дарга хийдэг байсан. Тэр надад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Гэгээ 39 гэсэн байрны 3 давхарт 46 метр квадрат 2 өрөө байр авч өгөхөөр харилцан тохиролцож 2013 оны 12 дугаар сарын сүүлээр яг өдрийг нь мэдэхгүй байна, өрөөндөө дуудаад чиний захиалсан орон сууц 2014 оны 01 дүгээр сард ашиглалтанд орно гээд нэг хүний данс өгсөн. Би тэр дансыг нь одоо мэдэхгүй байна, мөнгөө аваад ир гэхээр нь надад бэлэн 10,0 сая төгрөг байсан учраас мөнгөө аваад Чингэлтэй дүүргийн нутагт байрлах Ард кино театрын Хаан банкны дансанд 10,0 сая төгрөг хийсэн. Дансны баримтаа Д.Ат өгсөн. 2014 оны 9 сард ашиглалтанд орно гэж хэлж байсан. Тэрнээс хойш санхүүжилт байхгүй гэж явсаар байгаад 2014 оны 11 дүгээр сард одоо байр чинь ашиглалтанд орлоо гээд байхаар нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн хойд талд бэлнээр Артагт өрөөнд нь 10,0 сая төгрөг өгсөн. Мөнгө өгчихөөд бас асуухаар болно, хүлээж бай, удахгүй ашиглалтанд орно гэж явсаар байгаад 2015 оны 3 дугаар сард нөгөө байр чинь болчихлоо гэхээр нь ХААН банкнаас зээл аваад зээл авсан өдрөө ажил дээр очиж өрөөнд нь бэлнээр 5,0 сая төгрөг өгсөн. Тэгээд байраа ашиглалтанд орохыг хүлээсэн. Юу болж байгаа талаар асуухад улсын комисс хүлээж аваагүй байна гэсээр байгаад 2016 он гарсан. Сүүлдээ хужаагийн компанитай иргэний маргаан гараад шүүхдэлцэж байгаа гэсэн. Бид хоёр гэрээ байгуулаагүй. Гэгээ 39 дүгээр байрыг барьж байгаа хятад компаний монгол талын борлуулалтын албаны даргаар ажиллаж байгаа гэсэн. Намайг анх байрны урьдчилгаа 30 хувийг 25-30 сая төгрөг өгчихөөд байрандаа орчих, байраа авчихаад 8 хувьд хамруулж өгнө гэж хэлж байсан. Өөрийн ах шигээ бодож явсан учраас 3 хувааж 25,0 сая төгрөг өгсөн. Гэгээ-39 хотхон нь баригдаад дуусчихсан хүмүүс нь захиалгаа аваад байрандаа орчихсон, одоо ямар нэг сул байр байхгүй гэж хэлсэн. Артаг гэдэг хүнийг дарга хийдэг байсан учраас өдийг хүртэл итгэж явсан. Сүүлдээ өөрөө шалгасан чинь хятадуудтай шүүхдэлцэж байгаа нь худлаа болох нь тогтоогдсон гэжээ. 

            Гэрч М.Соронзонболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2016 оны 12 сарын 12-нд Д.А надтай уулзаад хэргээ хэрэгсэхгүй болгох гэсэн чинь хэрэгсэхгүй болгож болохгүй байна. Би эргээд төрийн байгууллагад ажил хийхэд болохгүй юм байна. Чи надад туслах хэрэгтэй байна гэсэн. 2016 оны 12 сарын 14-ний өдөр намайг дуудаад би Баянжавт мөнгө төгрөгөө төлчихсөн байгаа ямар ч хохирол байхгүй чамд ямар ч хамаа байхгүй гэсэн. Тэгээд бид хоёр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн ард талд нотариатын газар ороод хэлцэл хийгээд надаар гарын үсэг зуруулсан. Би бол Д.Ааас мөнгө авсан зүйл байхгүй гэжээ.

            М.Соронзонболд 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаан дээр гэрчээр мэдүүлэхдээ:-Би шүүгдэгчтэй нэг нутгийнх, Баянжав гэдэг хүнийг танихгүй. Би Хятад улсын иргэн Бадрахтай хамт Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны ойролцоо дутуу баригдсан 1 орон сууц,  Хан-Уул дүүрэг Нарны гүүрний цаана 2 орон сууц байна, үүн дээр хөрөнгө оруулалт хийгээд хэдүүлээ хамтарч ажиллая, сүүлд нь ашгаа хуваая гэж тухайн үед ярьж байсан. Харин хөрөнгө оруулна гэж яриагүй. Барилгыг дуусгая гэсэн асуудал яригдаагүй. Лью бау лин гэдэг Хятад хүнтэй хамтраад борлуулалт хийж өгөөч гэж байсан. Орон сууцны борлуулалтын итгэмжлэлийн гэрээг 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан байна. Итгэмжлэлийн гэрээ нь шүүгдэгчид холбоо байхгүй. Гэгээ 39 гэдэг хотхонд борлуулалт хийх талаар тэд нартай хамтарч ажиллаж байгаагүй. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан хэлцэл байгаа. Тэрийг  шүүгдэгч энэ хэлцлийг намайг хийж өгөөч, энийг хийж өгөхгүй бол ах нь төрд албан ажил хийхэд ялтай гэсэн байдал үүсчих гээд байна, чи ийм бичиг хийгээд өгчихвөл чамд ямар нэгэн хохирол болохгүй. Чи надад ийм бичиг зүгээр хийгээд өгчих. Би үүнийг хавтаст хэрэгт хавсаргах гэсэн юм, хийгээд өгөөч гэж гуйгаад надад 20.000 тонн нүүрсний квот 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговийн Таван толгойд хийж өгөөд, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатарт надаар наад бичгийг чинь хийлгүүлж авсан. Надад хэлэхдээ үүнийг ямар нэгэн юманд үзүүлэхгүй. Хавтаст хэрэгт хавсаргана гэж хэлж байсан. Сая намар намайг Сүхбаатар дүүргийн Иргэний шүүхээс 25.000.000 төгрөгийн нэхэмжлэлтэй шүүх хуралдаанд дуудсан. Тэгээд асууж тодруулахад энэ хэрэг нь шийдэгдээгүй, эрүүгийн хэрэг үүссэн байна гэсэн. Тэр Иргэний шүүх дээрээс нотолгоо авах гэсэн чинь намайг гэрчээр оролцож байгаа тул танилцуулж болохгүй гэсэн. 2013 онд шүүгдэгчээс 25.000.000 төгрөгийг зээлсэн асуудал байхгүй. Би тэр хэлцлийг шүүгдэгчид хэрвээ өөрт чинь тустай байгаа бол би бичээд өгье, энэ бичгээр дараа нь надад асуудал үүсэх үү, хэрвээ үүсэхгүй гэвэл би тэр 20.000 тонн нүүрсний квотыг чинь авъя гээд 7 хоног Өмнөговь аймгаар явсан гэжээ.

Гэрч А.Мөнхбатаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-“Гэгээ-39” хотхонд М.Соронзонболд нь хөрөнгө оруулалт хийсэн зүйл байхгүй. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээ 39 хотхон нь 2016 оны 5 сард ашиглалтанд орсон. Анх баригдаж эхэлсэн хугацааг нь мэдэхгүй байна. Д.А нь орон сууц захиалаагүй. Энэ барилгад Артаг нь хөрөнгө оруулалт хийгээгүй. Би тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Д.А нь Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын даргаар ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан Гэгээ-39 хотхоны орон сууц борлуулах эрхгүй, барилгын ажилд хөрөнгө оруулалт хийгээгүй, хамтран оролцоогүй атлаа уг орон сууцнаас 46 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууц авч өгнө, 8 хувийн заалд хамруулна хэмээн Д.Баянжавыг хуурч мэхлэн 2013 оны 12 дугаар сард урьдчилгаа нэрээр 10,0 сая төгрөг, барилга ашиглалтад орох гэж байна хэмээн 2014 оны 11 дүгээр сард 10,0 сая төгрөг, байр ашиглалтад орчихлоо гэж 2015 оны 3 дугаар сард 5,0 сая төгрөг тус тус цувуулан авч, нийт 25,0 сая төгрөг залилан авсан болох нь

            хохирогчийн “Тэр надад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Гэгээ 39 гэсэн байрны 3 давхарт 46 метр квадрат 2 өрөө байр авч өгөхөөр харилцан тохиролцож 2013 оны 12 дугаар сарын сүүлээр өрөөндөө дуудаад чиний захиалсан орон сууц 2014 оны 01 дүгээр сард ашиглалтанд орно гээд нэг хүний данс өгсөн. Би Хаан банкны дансанд 10,0 сая төгрөг хийсэн. 2014 оны 9 сард ашиглалтанд орно гэж хэлж байсан. 2014 оны 11 дүгээр сард одоо байр чинь ашиглалтанд орлоо гээд байхаар нь өрөөнд нь 10,0 сая төгрөг өгсөн. 2015 оны 3 дугаар сард нөгөө байр чинь болчихлоо гэхээр нь өрөөнд нь бэлнээр 5,0 сая төгрөг өгсөн. Тэгээд байраа ашиглалтанд орохыг хүлээсэн. Юу болж байгаа талаар асуухад улсын комисс хүлээж аваагүй байна гэсээр байгаад 2016 он гарсан” гэх мэдүүлэг,

гэрч М.Соронзонболдын “2016 оны 12 сарын 12-нд Д.А надтай уулзаад хэргээ хэрэгсэхгүй болгох гэсэн чинь хэрэгсэхгүй болгож болохгүй байна. Би эргээд төрийн байгууллагад ажил хийхэд болохгүй юм байна. Чи надад туслах хэрэгтэй байна гэсэн. 2016 оны 12 сарын 14-ний өдөр намайг дуудаад би Баянжавт мөнгө төгрөгөө төлчихсөн байгаа ямар ч хохирол байхгүй чамд ямар ч хамаа байхгүй гэсэн. Тэгээд бид хоёр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн ард талд нотариатын газар ороод хэлцэл хийгээд надаар гарын үсэг зуруулсан. Би бол Д.Ааас мөнгө авсан зүйл байхгүй. ...2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан хэлцэл байгаа. Тэрийг  шүүгдэгч энэ хэлцлийг намайг хийж өгөөч, энийг хийж өгөхгүй бол ах нь төрд албан ажил хийхэд ялтай гэсэн байдал үүсчих гээд байна, чи ийм бичиг хийгээд өгчихвөл чамд ямар нэгэн хохирол болохгүй. Чи надад ийм бичиг зүгээр хийгээд өгчих. Би үүнийг хавтаст хэрэгт хавсаргах гэсэн юм, хийгээд өгөөч гэж гуйгаад надад 20.000 тонн нүүрсний квот 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговийн Таван толгойд хийж өгөөд, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатарт надаар наад бичгийг чинь хийлгүүлж авсан.” гэх мэдүүлэг, гэрч А.Мөнхбатын ““Гэгээ-39” хотхонд М.Соронзонболд нь хөрөнгө оруулалт хийсэн зүйл байхгүй. Д.А нь орон сууц захиалаагүй. Энэ барилгад Артаг нь хөрөнгө оруулалт хийгээгүй” гэх мэдүүлэг, 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Д.Ааас Д.Баянжавт 25.000.000 төгрөг хүлээлцсэн акт, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.            

            Иймд шүүгдэгч Боржигон овогт Д.Аийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

            Шүүгдэгч нь хохирогч Д.Баянжаваас 25,0 сая төгрөгийг зээлж авсан, уг мөнгийг барилгын хөрөнгө оруулалтад зориулж М.Соронзонболдод зээлдүүлсэн хэмээн маргаж байгаа боловч хохирогчийн “Тэр надад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Гэгээ 39 гэсэн байрны 3 давхарт 46 метр квадрат 2 өрөө байр авч өгөхөөр харилцан тохиролцож ... 2014 оны 01 дүгээр сард ашиглалтанд орно гээд би 3 хувааж 25,0 сая төгрөг өгсөн” гэх мэдүүлэг, гэрч М.Соронзонболдын “Би бол Д.Ааас мөнгө авсан зүйл байхгүй” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

            Мөн шүүгдэгч Д.Ааас давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн, хэргийн 224 дүгээр авагдсан Д.Баянжав, Д.А нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хийсэн “Төлбөр барагдуулах гэрээ”-ний Ерөнхий зүйлд 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 25.000.000 төгрөгийн зээл, түүнийг төлөхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино хэмээн заасан нь шүүгдэгчийн мэдүүлсэнчлэн уг гэрээг Д.А нь Д.Баянжаваас 2013, 2014 онд авсан 25,0 сая төгрөгийн зээлийн гэрээ гэж үзэх боломжгүй байна. Нөгөө талаар төлбөр барагдуулах гэрээг хохирогч Д.Баянжавын санаачилгаар мөнгө өгснийг нотлох баримт болгон үйлдсэн хэмээн шүүх хуралдаан дээр хохирогч өөрөө мэдүүлсэн болно.    

            Мөн шүүгдэгч Д.А нь Д.Баянжаваас авсан мөнгийг М.Соронзонболдод зээлдүүлсэн гэж мэдүүлсэн боловч 2016 оны 12 дугаар сарын 14-нд үйлдсэн хэлцэлд, М.Соронзонболд нь Д.Ааас 2013 онд зээлсэн 25,0 сая төгрөгийг эргүүлэн төлөх талаар дурджээ. Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлж буй үйл баримт болох шүүгдэгч Д.А хохирогч Д.Баянжаваас 2013 оны 12 дугаар сарын сүүлчээр 10,0 сая төгрөг, 2014 оны 11 дүгээр сард 10,0 сая төгрөг, 2015 оны 3 дугаар сард 5,0 сая төгрөг тус тус авсан мөнгийг М.Соронзонболдод дамжуулан өгсөн гэж үзэх үндэслэл цаг хугацааны хувьд ч тохирохгүй байна. Түүнчлэн М.Соронзонболд нь Д.Ааас 25,0 сая төгрөг бодитоор зээлсэн асуудал байхгүй гэдгээ шүүхэд мэдүүлж байжээ.   

Шүүгдэгч Д.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасан хүнд хэргийн ангилалд, 2015 оны Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт тооцогдож байгаа тул уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол 25.000.000 төгрөгийг хохирогч Д.Баянжавт 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бүрэн төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Торгох ялын нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, уг ялыг 2018 оны 7 дугаар сарын 01-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д.Ат холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хууль /2015 оны/-ийн 17.3 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Боржигон овогт Д.Аийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хуурч залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Аийг 10.000 нэгж буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4.Торгох ялыг 2018 оны 7 дугаар сарын 01-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.А нь энэ тогтоолын 4-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ат хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Ат тавьсан хилийн хоригийг цуцалсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ