Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 00022

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.С-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/02361 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.С-ийн хариуцагч Н.Ц-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029153 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 71 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, 46.74 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг түүний эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол 34 541 896 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, орон сууцны төлбөрт шилжүүлсэн 43 000 000 төгрөг, хохирол 17 223 583 төгрөг, нийт 60 223 583 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 9 дүгээр сард RЕMAX-д хандаж байраа Н.Ц-д зарсан. Нэхэмжлэгч авлигатай тэмцэх газрыг анх байгуулагдсан цагаас нь эхлэн ажиллаж байгаа тул байгууллагаас байрыг хөнгөлөлттэй нөхцлөөр авах боломж гарч ирсэн учир байранд хамрагдахын тулд ипотекийн зээлгүй байх ёстой байсан. Иймд байрны урьдчилгаа төлбөрийг төлөх зорилгоор байраа зарсан. Анх байрыг 98 000 000 төгрөгөөр худалдаж аваад 45 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагчид орон сууцыг 70 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцож, 28 000 000 төгрөгийн урьдчилгаа авсан. 45 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй гэдгийг Н.Ц- мэдэж байсан ба Н.Ц- нь хамт банкинд очоод зээлийн эдийн засагчаас тодруулаад гарын үсэг аваад, нотариатчид хамт очиж, ярилцаад гэрээгээ хийсэн. Н.Ц- гэрээний хугацаанд сарын дараа мөнгө орж ирнэ, тухайн үед илүү ч мөнгө өгөх боломж байгаа. Гэхдээ засвар хийгээд байрандаа орно гээд 28 000 000 төгрөгийг өгсөн. 42 000 000 төгрөгийг Н.Ц- өгч, манайхаас 3 000 000 төгрөгийг өгөөд 45 000 000 төгрөгийг төлж зээлийг хаах талаар ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр байранд орсон. Сарын дараа гэрээний хугацаа дуусахад удахгүй мөнгийг өгнө гэж байсан. Манай зүгээс үлдэгдэл мөнгөө өгчихвөл, зээлийг хаамаар байна гэдгээ хэлсэн. Бидний зүгээс байрныхаа боломжоо алдах гээд байна гэдгийг хэлж, мөн энэ хугацаанд мөнгөө нэхэж байсан. Н.Ц- нь энэ оны төгсгөл дээр шүүхээр шийдүүлье гэж хэлсэн. Бид нар одоо байр авах боломжоо алдсан, байргүй болсон тул гэрээнээс татгалзан байраа буцааж авах хүсэлтэй байна. Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлуудаа тооцуулах хүсэлтэй. Гэрээний үүргээ биелүүлээгүй 33 сарын хугацаанд зээлийн хүүнд 8 917 918 төгрөг, зээлтэй холбоотой амь насны даатгал 246 978 төгрөг, түрээсийн байрны төлбөр 2 250 000 төгрөг, хариуцагч нь тухайн байрыг эзэмшээгүй байсан бол олох ёстой орлого буюу сарын 700 000 төгрөгөөр түрээсэлнэ гэж тооцвол 23 100 000 төгрөг нийт 34 544 896 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 332 035 төгрөг төлсөн. Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 71 байр, 01 тоот хаягт байршилтай 46.74 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай Ү-2206029153 эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Н.Ц-гийн эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Н.Ц- нь хүүхдүүдийнхээ сургуульд ойр байх зорилгоор 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр маргаан бүхий байрыг худалдаж авахаар тохиролцоод гэрээ байгуулсан. Тухайн орон сууц нь Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгаа тул Н.Ц-гээс шилжүүлэн авч буй мөнгөөр зээлийг төлж, барьцаанаас чөлөөлж, нэн түрүүнд Н.Ц-гийн нэр дээр шилжүүлнэ гэж тохиролцсон. Хариуцагчийн урьдчилгаанд төлсөн 28 000 000 төгрөгөөс банкны зээлд нэг ч төгрөг төлөөгүй байсан ба ямар учраас банкны зээлийг төлж багасгахгүй байгааг асуухад үлдэгдэл төлбөрийг төлсний дараа хамтад нь төлж зээлээ хаана гэж анх тохиролцсоноос өөр тайлбар өгсөн. Хариуцагч нь тухайн үед 4 750 000 төгрөгийн засвар хийсэн тул наймаагаа буцаахыг хүсээгүй, банкны зээлд төлөх ёстой 43 000 000 төгрөгийг гүйцээж өгөхөөр тохиролцож 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 15 000 000 төгрөгийг нэмж нийт 43 000 000 төгрөг өгсөн. Ж.С- нь нийт 43 000 000 төгрөгийг хүлээж авсан боловч тухайн мөнгийг зээлд төлөөгүй, банкны зээл нь хэвээрээ байгаа нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Орон сууцны төлбөрийн үлдэгдлийг бүрэн төлсөн ч Ж.С- банкны зээлээ төлж байраа Н.Ц-д шилжүүлэх ямар ч санаа сэдэл байхгүй, анхнаасаа дүр үзүүлэн энэ гэрээг хийсэн. Н.Ц- нь үлдэгдэл 27 000 000 төгрөгийг төлье, орон сууцны зээлийг бүрэн дарж миний нэр дээр шилжүүлэн өгөх баталгаа гаргаж өг гэхэд Ж.С- нь үлдэгдэл 27 000 000 төгрөг дээр 20 000 000 төгрөгийг нэмж төл, орон сууцны үнэ өссөн. Үгүй бол би байраа буцааж авна, би авлигатай тэмцэх газарт ажилладаг байрнаасаа хөөгөөд гаргаж чадна гэж сүрдүүлсэн. Шүүхэд маргаан үүссэний дараа үлдэгдэл 27 000 000 төгрөгийг төлөөд байраа авах биш одоо байгаа зээлийн үлдэгдлийг төлөөд байраа авъя гэж санал тавьсан боловч зөвшөөрөхгүй байгаа. Ж.С- нь байраа худалдах санаа зорилго байгаагүй, Н.Ц-гийн мөнгийг авч өөр зүйлд ашиглах зорилготой надтай дүр үзүүлэн гэрээ хийсэн гэж үзэж байгаа. Тиймээс 2017 оны 09 сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр хэлцэлд хамаарахаар байна гэж бодож байна. Нэхэмжлэгч нь мөнгө авах зорилготой байсан нь тайлбар үйл баримт, нотлох баримтаар харагдаж байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, уг орон сууц нь худалдаа хөгжлийн банкинд байсан тул банкны эдийн засагчаас хамт очиж зөвшөөрөл авсан гэж байгаа нь худал бөгөөд үүнийг нотлох баримт хэрэгт байхгүй. Худалдаа хөгжлийн банктай байгуулсан гэрээний 6.2.7-д банкны зөвшөөрөлгүйгээр худалдахгүй байх үүргийг зээлдэгч Ж.С- хүлээсэн. Н.Ц- зээлтэйг нь мэдэж байсан ч түүнээс авсан мөнгөөрөө төлөөд өгнө гэж итгэн нотариатаар гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзнэ. Гэрээ нь нэгэнт хүчин төгөлдөр бус учраас мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасан энэ гэрээг байгуулсан буруутай этгээд Ж.С-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэл нь гэрээний дагуу шилжүүлсэн 43 000 000 төгрөг, орон сууцанд засвар оруулсан 4 750 000 төгрөг. Хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан мөнгө хүлээн авсан нь Ж.С-ийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл. Н.Ц-гийн олох ёстой байсан орлого буюу хадгаламжийн хүү 12 108 383 төгрөг болж байгаа. 15 000 000 төгрөгөөс тооцоход 2017 оны 12 дугаар сарын хүү 462 250 төгрөг, 2018 оны 1-12 сарын хүү 5 160 000 төгрөг, 2019 оны хадгаламжийн хүү 4 859 000 төгрөг, 2020 оны 1-4 сар хүртэл хүү нь 1 648 333 төгрөг нийт 29 000 000 төгрөг болж байгаа. Ж.С-д өгсөн мөнгө нь Н.Ц-гийн хадгаламжид байсан мөнгө, хүүгээрээ ийм хэмжээний мөнгө олох ёстой байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 60 223 583 төгрөгийг Ж.С-ээс нэхэмжилж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Ц-гийн эзэмшлээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029153 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 71 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, 46,74 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, нэхэмжлэгч Ж.С-д олгож, нэхэмжлэгч Ж.С-ээс орон сууцны төлбөрт хүлээн авсан 43 000 000 төгрөг буцаан гаргуулж, хариуцагч Н.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол 34 541 896 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 56.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.С-ээс хохирол 60 223 583 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 839 985 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 602 235 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 507 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхмандах давж заалдах гомдолдоо:

... Хариуцагч гэрээний үүргээ тохирсон хугацаандаа төлсөн бол нэхэмжлэгчид зээл, зээлийн хүү, амь нас, эд хөрөнгийн даатгалд зардал гаргахгүй байсан. Хариуцагч гэрээ байгуулахдаа тухайн байр зээлтэй, зээлийн барьцаанд байсныг сайн мэдэж байсан, үүнтэй маргаагүй. Нэхэмжлэгч өөрт байсан ганц үл хөдлөх хөрөнгөө хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгөөд хүүхдийнхээ гэрт амьдарч байсан бөгөөд арга буюу байр түрээслэн амьдрах болсон нь хариуцагчийн гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой.

Нэгэнт л зээлтэй хүн орон сууцаа хариуцагчид биш өөр этгээдэд хөлсөлсөн бол тухайн орон сууцыг зах зээлийн дундаж ханшаар тооцож хөлслөөд түүнийгээ зээл, зээлийн хүүнд төлж байсан бол тодорхой хэмжээний орлого олох байсан. Үүнийг баримтаар нотлоогүй гэж үзсэн бөгөөд нотлох шаардлага байхгүй нийтэд ойлгомжтой ханш, эдгээр зардал, олох байсан орлогыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг ямар ч зардал гаргах, хариуцлага хүлээхгүйгээр бүтэн 3 жил эзэмшиж, ашиглаж байгаа нь хууль ёс, шударга ёсонд огт нийцэхгүйгээр үл барам шүүх шийдвэрлэснээс хойш ч ямар хугацаагаар эзэмшиж, ашиглан нэхэмжлэгчид дахин хохирол учруулах нь тодорхойгүй байна. Иймд давж заалдах гомдлыг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирдорж давж заалдах гомдолдоо:

... Шүүх хариуцагч Н.Ц-г гэрээний үүргээ биелүүлээгүйгээс Ж.С-ийг “Үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ”-нээс татгалзсан хэмээн хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарын уялдаа холбоог буруу ойлгож, хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн байна.

Хариуцагч Н.Ц- нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу урьдчилгаа 28 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөртөө, өөрийн хадгаламжийн данснаас шилжүүлсэн ба уг мөнгөөр Ж.С- нь банкинд төлөх зээлийн хэмжээг багасгаж байна гэсэн боловч 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл төлбөрийг төлөх болох үед өмнө өгсөн 28 000 000 төгрөгөөс огт зээлээ хаагаагүй, өөр зүйлд зарцуулсан байсан. Үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь өгөөд ч тэр мөнгөөр банкны зээл хааж хүрэхээргүй нөхцөл үүсч, тохиролцсоноос өөр зүйл ярих болсон тул тэдний хооронд маргаан үүссэн. Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тэд харилцан тохиролцон нэмж 15 000 000 төгрөг өгч, өмнө нь авсан 28 000 000 төгрөгийн хамтаар Худалдаа хөгжлийн банкны зээлийг хаахаар тохирсон боловч мөн адил банкны зээлээ төлөлгүй, шилжүүлсэн мөнгийг авч холбоо тасарсан. Н.Ц- нь тохирсон ёсоороо зээлээ төлүүлэхээр шаардахад нь 70 000 000 төгрөгөөс гадна нэмж мөнгө төлөхгүй бол байраа буцааж өг гэх зэргээр зүй бус хандсан. Үүнд Н.Ц-д итгэл төрөөгүй тул үлдэгдэл төлбөрийг төлөөгүй болох нь талуудын тайлбар, эсэргүүцлээ нотлоогүй зэргээс харагдана.

Нэхэмжлэгч Ж.С-ийн хэргийн үйл баримтаас харагдах үйлдлүүд нь анхнаасаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байгаа. Тухайн орон сууц нь 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ипотекийн зээлийн барьцаанд тавигдсан байх ба Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байгааг талууд мэдсэн хэдий ч Н.Ц- нь тухайн банкнаас зөвшөөрөл авах шаардлагатай эсэх тухай мэдэх боломжгүй юм. Учир нь хэрэгт авагдсан “Орон сууцны зээлийн гэрээ”-ний 6.2.7-р заалт, “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний 6.2.10-р заалтад тус тус Ж.С- нь банкны албан ёсны зөвшөөрөлгүй бусдад худалдахгүй, бусдын өмнө үүрэг хүлээхгүй байхаар заасан. Ж.С-ийг банкны өмнө ийм үүрэг хүлээсэн болохыг нөгөө тал Н.Ц- мэдэх боломжгүй юм.

Хариуцагч Н.Ц- нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргахдаа 60 223 583 төгрөгийг Ж.С-ээс гаргуулахаар шаардаж, Улсын тэмдэгтийн хураамжид 459 068 төгрөг төлөх байсан ч 602 235 төгрөг төлж, илүү төлсөн 143 167 төгрөгийг буцаан гаргуулах шүүхийн хэлэлцүүлгийн үед дурдсан боловч шийдвэртээ бүхэлд нь улсын орлого болгохоор шийдвэрлэж буй нь үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт заасан Ж.С-ээс Н.Ц-д буцаан олгосон 43 000 000 төгрөг дээр нэмж, хангаагүй үлдээсэн 17 223 583 төгрөгийг нэмж гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ж.С- нь хариуцагч Н.Ц-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 71 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, 46,74 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг түүний эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол 34 541 896 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, орон сууцны төлбөрт шилжүүлсэн 43 000 000 төгрөг, хохирол 17 223 583 төгрөг, нийт 60 223 583 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр Ж.С- нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029153 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 71 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, 46.74 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 70 000 000 төгрөгөөр Н.Ц-д худалдаж, шилжүүлэх, худалдан авагч нь орон сууцны үнийн урьдчилгаа 28 000 0000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, үлдэгдэл 42 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн,  талууд орон сууц нь Худалдаа хөгжлийн банкны зээлийн 45 000 000 төгрөгийн барьцаанд байгааг гэрээнд дурдаж, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байрны зээлийг болон орон сууцны нийт төлбөрийг дуусгаж, орон сууцны өмчлөлийг худалдан авагчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон, /хх-6/ гэрээний дээрх нөхцлийг талууд хүлээн зөвшөөрч, гарын үсгээр баталгаажуулсан байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг талуудад үүссэн талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Хариуцагч буюу худалдан авагч Н.Ц- нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 28 000 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 15 000 000 төгрөг төлсөн, орон сууцыг Н.Ц-гээс хүлээн авч ашиглаж байгаа  үйл баримт тогтоогдсон, төлбөр төлөгдсөн дүн, хугацааны тухайд талууд маргаагүй.

 

            Хариуцагч Н.Ц- нь гэрээнд заасан хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх бөгөөд худалдан авагчийн  үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзах Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэл бүрджээ.

 

Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч Н.Ц-гийн эзэмшил, ашиглалтад гэрээгээр шилжсэн байсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029153 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 71 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, 46,74 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс буцаан гаргуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хангаж, хариуцагч Н.Ц-д  орон сууц чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн нь зөв.

 

Харин нэхэмжлэгч Ж.С- нь худалдан авагч талаас шилжүүлсэн орон сууцны төлбөрийг банкны зээлд тушааж, орон сууцны өмчлөх эрхийг Ж.Цэдэвсүрэнд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буруутай тул хохирол шаардах эрхгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй 33 сарын хугацаанд зээлийн хүүд 8 917 918 төгрөг, зээлтэй холбоотой амь насны даатгал 246 978 төгрөг, түрээсийн байрны төлбөр 2 250 000 төгрөг, хариуцагч нь тухайн байрыг эзэмшээгүй байсан бол олох ёстой орлого буюу сарын 700 000 төгрөгөөр түрээсэлнэ гэж тооцвол 23 100 000 төгрөг нийт 34 544 896 төгрөгийг хохиролд тооцож гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг зөрчихгүй

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд гэрээний үүргээ зөрчсөний улмаас нөгөө тал гэрээнээс татгалзсан нь хуульд нийцэх бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар урьдчилгаанд шилжүүлсэн 43 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж Ж.С-ээс 43 000 000 төгрөг гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт заасанд нийцнэ.

 

            Сөрөг нэхэмжлэлийн хохиролд 17 223 583 төгрөг шаардсан шаардлагын тухайд талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Иймд хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдээс хохирол шаардах Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч Н.Ц-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэнийг зөвтгөж, “...нэхэмжлэгч Ж.Саранцэцэгээс...” гэснийг “... нэхэмжлэгч Ж.С-ээс...” гэж залруулсан өөрчлөлтийг оруулав.

 

Мөн хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжид 143 167 төгрөгийг илүү төлснийг буцаан олгох нь зүйтэй, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулна.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/02361 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...нэхэмжлэгч Ж.Саранцэцэгээс...” гэснийг “...нэхэмжлэгч Ж.С-ээс...” гэж,

 

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...602 235 төгрөгийг” гэснийг “...459 068 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн “...төсөвт хэвээр үлдээж” гэсний дараа “...илүү төлсөн 143 167 төгрөгийг хариуцагчид буцаан олгож” гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчээс 332 035 төгрөг, хариуцагчаас 244 100 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

А.ОТГОНЦЭЦЭГ