Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 0043

 

 

 

 

 

 

 

 

Ц.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Ц.Л

Шүүгдэгч                                                       Ц.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Б

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      Ц.Б

Хохирогчийн өмгөөлөгч                           Ц.Э

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж, шүүгч Г.Энхтунгалаг, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Энэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ц.Мын давж заалдах гомдлоор Ц.Мт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овогт Ц-н М,

 

Ц.М нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр         аймгийн        сумын         багийн          тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амь хохирогч Ц.Б-н толгойн тус газарт шаазан аягаар цохисны улмаас цус алдалтын шокоор 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нас барж, хүнийг алах гэмт хэрэгт,

мөн 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр        аймгийн        сумын        багийн           тоотод хохирогч З.С-н нүүрэн тус газар гараараа цохиж дээд урууланд зөөлөн эдийн няцрал, шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас:

Ц.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

   Шүүгдэгч Х овгийн Ц-н Мыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

   шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялын 60 хоногоор тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жил 2 сарын хугацаагаар тогтоож,

   Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мт оногдуулсан 10 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мын цагдан хоригдсон 201 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

   шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Маас 6.989.960 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бд олгож,

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн футболк 1 ширхэг, ариун цэврийн цааснууд, шаазан аяганы 8 ширхэг хагархайнууд, улаан өнгийн матраасны хэсгээс хайчилж авсан даавуу, ягаан өнгийн 2 ширхэг дэрний уут, “Меп Зиагк” гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн задгай энгэртэй хүрэм, яллагдагч Ц.Маас хураан авсан саарал өнгийн ноосон өмд, ногоон өнгийн гутлын үдээс, яллагдагч Ц.Мын биеэс авсан биологийн дээж болох хумснууд, толгойн баруун чамархай, зүүн чамархай, зулай, дагзны хэсгээс авсан үснүүд, амь хохирогч Ц.Б-н биеэс авсан хумснууд, толгойн баруун шанаа, зүүн шанаа, зулай, дагзны хэсгээс авсан үснүүд, Ц.Б, Ц.М нарын хатаасан цус, мөр хэсгээрээ хар өнгийн оруулгатай задгай энгэртэй саарал өнгийн хүрэм, урт ханцуйтай ногоон өнгийн ноосон цамц, урт ханцуйтай хүрэн бор өнгийн ноосон цамц, саарал өнгийн футболк, төмөр аралтай хар бор өнгийн тэлээгээр тэлээлсэн хар өнгийн жинсэн өмд, хар хөх өнгийн дотоож, хар хөх өнгийн 1 хос оймс, цахилгаантай хар өнгийн 1 хос ботинк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

   энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.М давж заалдах гомдолдоо:

... Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна. Би ах болон хүүгийн хамт       багийн       тоотод амьдардаг байсан. Цагдан хоригдож байх хугацаандаа ах маань гэртээ ганцаараа байх үедээ 2023 оны 01 дүгээр сарын 08-нд гэрийнхээ довжоон дээр нас барсан байсан. Би эхээсээ гурвуулаа нэг эгчтэй ба үүнээс болж би болон эгч мөн хүү маань сэтгэл санааны маш их цочролд орсон. Би 2005 онд аваарт орж хөл хадаастай, нурууны гэмтэлтэй болсон ба бамбай булчирхайн хавдар өвчин маань хүндрэн биеийн байдал муудаж байна. 10 жилийн ял эдлэхэд  нас болон биеийн байдал маань дийлэхгүй болж байна.

Хохирогч тал 8.489.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 2.000.000 төгрөгийг хүү болон эгч маань өгсөн. Үлдэгдэл 6.489.000 төгрөгийг хүү маань хашаа байшингаа зарж өгөхөөр хүмүүст үзүүлэхэд нэг нь шоронд хоригдож, нөгөө нь нас барсан гэдгээр хүмүүс авахгүй удлаа. Сая хүнд зарж үлдэгдэл 6.489.000 төгрөгийг хохирогчийн албан ёсны эмэгтэйд шилжүүлэн дарсан байна.

Одоо хохирогчийн нэхэмжилсэн 8.489.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Хүү минь орох оронгүй хоосон хоцорч байна. Миний биеийн байдал болон хүү бид хоёрын одоогийн амьдралын бодит байдлыг харгалзан үзэж ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.М тайлбартаа: ... Маш их гэмшиж байна. Тэр үед түргэн дуудаж өгөх минь яав гэж бодож байна. Бие муу байгаа. Хүүдээ хэдэн жил харагдмаар байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б тайлбартаа: ... Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирол төлбөрийг барагдуулсан. Эрүүгийн хуулийн доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б тайлбартаа: ... Түргэн дуудаагүйд нь гомддог. Хурлын дараа эгч нар нь над руу дайрсан. Дараа нь хохирол төлсөн ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ц.Э тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Түргэн дуудаж өгөөгүйд хохирогч тал гомдолтой байдаг. 2.000.000 төгрөг төлсөн. Нийт 6.490.000 төгрөг төлсөн ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Ц.Мын давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд хянаж үзэв.

 

         Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос “Х” овогт Ц-н Мыг амь хохирогч Ц.Б-н толгойн тус газарт шаазан аягаар цохиж, хүнийг алсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хохирогч З.С-н нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

            Шүүгдэгч Ц.М нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр         аймгийн           сумын       багийн      тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амь хохирогч Ц.Б-н толгойн тус газарт шаазан аягаар цохисны улмаас Ц.Б нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нас барсан,

 

            мөн 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр       аймгийн        сумын       багийн       тоотод хохирогч З.С-н нүүрэн тус газар гараараа цохиж дээд урууланд зөөлөн эдийн няцрал, шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Мын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуульд заасан хүнийг алах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

 

            Амь хохирогч Ц.Б-н эрүүл мэндэд учирсан гэмтэл, хохирогч З.С-н эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь шүүгдэгч Ц.Мын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой ба амь хохирогч нь хуйх, зүүн чамархай, зулай, дагзны зүүн дээд хэсэг няцарсан шархнаас цус алдаж, цус алдалтын шок шалтгаанаар амь насаа алдсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

 

            Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, зөрчсөн, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Ц.М нь ... Миний биеийн байдал болон хүү бид хоёрын одоогийн амьдралын бодит байдлыг харгалзан үзэж ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү ... гэсэн агуулгатай гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

            Гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг ял оногдуулахдаа баримталдаг бөгөөд шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх хуулийн шаардлагад нийцсэн байх учиртай.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хэмжээгээр буюу шүүгдэгч Ц.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялын 60 хоногоор тооцож хорих ялд нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 10 жил 2 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан“Шударга ёсны” зарчимд нийцсэн байна гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч Ц.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бд 6.490.000 төгрөг төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн хэдий ч анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Мын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Мын үйлдсэн гэмт хэргүүдэд хэд хэдэн төрлийн ял буюу нийтэд тустай ажил хийлгэх ял, хорих ял оногдуулж дээрх ялуудыг нэмж нэгтгэхдээ холбогдох зүйл, хэсэг, заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т” гэж Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн бичих шаардлагатайг цаашид анхаарвал зохино.

 

Тодруулбал: Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зохицуулах харилцааны онцлогоос хамаарч хуулийн зүйлийг дугаарлахдаа зүйлийн дугаарын өмнө нь баруун талдаа цэгтэй тухайн бүлгийн дугаарыг араб тоогоор бичиж, ард нь "дүгээр", эсхүл "дугаар" гэж, тухайлбал “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл” гэх мэт, харин хэсгийг “2 дахь хэсэг” гэж, хэсгийн доторх заалтыг баруун талдаа цэгтэй араб тоогоор буюу “2.2” гэж тус тус дугаарлахаар заасан тул хуулийн зүйл, хэсэг, заалтыг дээрх хуульд зааснаар, тухайлбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т гэж бичих нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Мын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бд хохирол төлбөрт 6.490.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР