Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/01236

 

Н.Сакены нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 212/МА2016/00031 дүгээр магадлалтай,

Н.Сакены нэхэмжлэлтэй

А.Женисбект холбогдох

9 279 500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

12 250 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Женисбек нь 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр надаас 50 000 000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэй зээлдэн авч зээлээ 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр баримт үйлдэж авсан ч тохиролцсон хугацаа 2 жилийн өмнө дууссан ч үүнээс хойш А.Женисбекийн хойноос зээлсэн мөнгөө гуйж, нэхэл дагал болсоор өдий хүрлээ. Сүүлд үлдсэн мөнгөө асуухад одоо бид хоёрын хооронд өр зээлийн тооцоо байхгүй, хэрэв өр зээлтэй гэж үзэж байгаа юм бол шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлж ав гэсний дагуу нэхэмжлэл гаргаж байна. А.Женисбекээс 50 000 000 төгрөгийн үндсэн зээлийн эргэн төлөлт болон зээлийн хүүд авсан мөнгө төгрөгийн тооцоо

1.2013 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл сар бүр 850 000 төгрөгөөр 8 сарын зээлийн хүүд 6 800 000 төгрөг төлсөн /2013 оны 11, 12 дугаар сар, 2014 оны 01, 02, 3, 4, 5, 6 дугаар саруудын хүүгийн бодолт 50 000 000 х 1,7% х 8 сар = 6 800 000 төгрөг/

2.2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 9 000 000 төгрөг өгсөн. Үүнээс үндсэн зээлд 7 300 000 төгрөг зээлийн хүүд 1 700 000 төгрөгийг тус тус төлсөн /2014 оны 7, 8 дугаар саруудын хүүгийн бодолт 50 000 000 х 1,7% х 2 сар = 1 700 000 төгрөг/

3.2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5 500 000 төгрөг өгсөн /5 унагатай гүүг 1 100 000 х 5 = 5 500 000 төгрөгөөр тооцож, тухайн үеийн зах зээлийн ханшнаас дээгүүр үнээр авсан/ Үүнээс үндсэн зээлд 4 048 200 төгрөг зээлийн хүүд 1 451 800 төгрөгийг тус тус төлсөн /2014 оны 9, 10 дугаар саруудын хүүгийн бодолт 42 700 000 х 1,7% х 2 сар = 1 451 800 төгрөг/

4.2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 8 550 000 төгрөг өгсөн. Үүнээс үндсэн зээлд 7 892 920 төгрөг, зээлийн хүүд 657 080 төгрөгийг тус тус төлсөн /2014 оны 11 дүгээр сарын хүүгийн бодолт 38 651 800 х 1,7% х 1 сар = 657 080 төгрөг/

5.2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 16 300 000 төгрөг өгсөн. Үүнээс үндсэн зээлд 13 162 595 төгрөг, зээлийн хүүд 3 137 405 төгрөгийг тус тус төлсөн /2014 оны 12 дугаар сар, 2015 оны 01, 02, 3, 4, 5 дугаар саруудын хүүгийн бодолт 30 758 880 х 1,7% х 6 сар = 3 137 405 төгрөг/

6.2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 10 000 000 төгрөг өгсөн. Үүнээс үндсэн 8 803 450 төгрөг, зээлийн хүүд 1 196 550 төгрөгийг тус тус төлсөн /2015 оны 6, 7, 8, 9 дүгээр сарын хүүгийн бодолт 17 596 285 х 1,7% х 4 сар = 1 196 550 төгрөг/

7.2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 50 000 000 төгрөгийн үндсэн зээлээс үлдсэн 8 792 835 төгрөг 6 сар 8 хоногт зээлийн хүүд бодогдох 936 700 төгрөг гээд нийт 9 279 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Н.Сакен, Б.Еркин бид гурав ашиг олох зорилгоор ОХУ-аас модон материал оруулан ирж, түүнийг борлуулан ашиг олохын тулд хөрөнгөө нийлүүлж байсан ба тухайн үеийн нөхцөл байдал буюу эдийн засгийн хямрал зэргээс шалтгаалан зах зээлд модон материалын борлуулалт нь удаан бөгөөд муу байсан учраас Н.Сакен энэхүү наймаанаас татгалзаж, өөрийнхөө оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан авахаар болсон. Гэтэл тухайн үед Б.Еркин бид хоёрт түүнд өгөх бэлэн мөнгө байхгүй байсан учраас түүнд хөрөнгө оруулсан мөнгийг нь сарын дараа өгөхөөр тохиролцож би баримт бичиж өгсөн. Энэхүү хэлцэл нь бодит байдал дээр зээлийн гэрээ биш бөгөөд дээрх хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн гэрээ юм. Нэгэнт хамтран үйл ажиллагаа явуулахаар харилцан тохиролцсон болохоор үүнээс үүсэх үр дагавар, хариуцлагыг хамтдаа үүрэх ёстой байсан. Миний бие түүнтэй нийлж хийсэн энэхүү наймаанаас болж хохирол амсаж байснаас гадна Н.Сакенд үндэслэлгүй илүү зээлийн хүү давхар төлж ирсэн. Би нийт 64 800 000 төгрөг Н.Сакенд өгч, 10 288 448 төгрөгийг илүү төлсөн гэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Би Н.Сакен, Б.Еркин нартай хамт бизнес хийж мөнгө олох зорилгоор хөрөнгөө нийлүүлж 2013 онд ОХУ-аас модон материал оруулж ирж байсан. Ингэхдээ Н.Сакен 50 000 000 төгрөг, Б.Еркин 29 000 000 төгрөг, би 100 000 000 төгрөг гаргаж нийлүүлсэн 179 000 000 төгрөгөөр ОХУ-аас барилгын модон материал /банз/ авчирсан. Гэтэл тухайн үеийн нөхцөл байдал буюу эдийн засгийн хямрал зэргээс шалтгаалан зах зээлд модон материалын борлуулалт нь удаан бөгөөд муу байсан учраас Н.Сакен наймаанаас татгалзаж, өөрийнхөө оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан авахаар болсон. Гэтэл тухайн үед Б.Еркин бид хоёрт түүнд өгөх бэлэн мөнгө байхгүй байсан учраас түүнд хөрөнгө оруулсан мөнгийг нь сарын дараа өгөхөөр тохиролцож би баримт бичиж өгсөн. Нэгэнт хамтран үйл ажиллагаа явуулж наймаа хийхээр бид гурав харилцан тохиролцсон болохоор үүнээс үүсэх үр дагавар, хариуцлагыг хамтдаа үүрэх ёстой байсан. Би Н.Сакенд үндэслэлгүйгээр илүү зээлийн хүү давхар төлсөн. Н.Сакенд 64 800 000 төгрөг өгснөөс 12 250 000 төгрөгийг илүү өгсөн байна. Н.Сакен 50 000 000 төгрөг надад өгснийг хүлээн зөвшөөрсөн байна. Хэрэв уг 50 000 000 төгрөгийг 1,7%-ийн хүүтэй 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгөхөөр тохиролцсон гэж үзвэл 50 000 000 х 1,7% х 3 сар = 52 250 000 төгрөг болохоос түүнд өгсөн 64 800 000 төгрөгөөс хасаж тооцвол 12 250 000 төгрөг илүү өгсөн байх тул нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: ОХУ-аас модон материал нийлүүлэх бизнест миний бие оролцсон нь үнэн. Гэхдээ уг бизнесийг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгож бүх тооцоогоо хийж дуусгасан. Миний бэлэн тохиролцож өгсөн мөнгөнд огт хамаарахгүй. А.Женисбек сөрөг нэхэмжлэлд дурдсан С.Алибек, К.Айжаныг гэрч мэтээр бичсэн нь хуульд нийцэхгүй. 5 унагатай гүүг мөнгө өгч чадахгүй болохоор аргагүй эрхэнд зээлээ төлж чадахгүй болохоор нь авсан болохоос сайн дураараа аваагүй. Сөрөг нэхэмжлэлд А.Женисбек өөрийн гарын баримтад дурдсанаар 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр надаас зээлсэн мөнгөө өгчихсөн бол би А.Женисбекээс хүү нэхэхгүй байсан. Тухайн үед А.Женисбект мөнгөө буцааж авмаар байна гэж хэлэхэд “мөнгө хэрэггүй бол аваад яах гэсэн юм бэ? би сар бүр 1,7%-иар бодож хүүг нь өгнө” гэж хэлээд тухайн оны 7 дугаар сар хүртэл сард 850 000 төгрөг өгч байсан. А.Женисбекийг айлган сүрдүүлж баримт бичүүлж аваагүй тул эргэлзээ байхгүй. Түүнээс нэг ч төгрөг илүү авъя гэсэн бодол байхгүй гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д тус тус заасныг баримтлан хариуцагч А.Женисбекээс 9 279 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Сакенд олгож, хариуцагч А.Женисбекийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Н.Сакены 163 422 төгрөг, хариуцагч А.Женисбекийн 210 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Женисбекээс 163 422 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Сакенд олгож шийдвэрлэжээ. 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 212/МА2016/00031 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.4.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Сакены хариуцагч А.Женисбект холбогдуулан гаргасан 9 279 500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч А.Женисбекийн нэхэмжлэгч Н.Сакенд холбогдуулан гаргасан 12 250 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “үлдээж,” гэснийг “үлдээсүгэй.” гэж өөрчилж, мөн заалтаас “хариуцагч А.Женисбекээс 163 422 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Сакенд олгосугай.” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.-д зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163 422 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагч А.Женисбект буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь шийдвэрийг өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч нь надаас 50 000 000 төгрөгийг бэлнээр зээлж авахдаа өөрийн гараар “Н.Сакенээс 50 000 000 төгрөгийг 1,7 хувийн хүүтэй авсан. Үүнийг 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгнө гэж 2013 10.13” гэж бичиж өгснөөр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т заасан шаардлагыг хангасан гэж үзнэ. Мөн зүйлийн 282.4.-т заасан “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн байх” гэсэн шаардлагыг хангасан болох нь зээлдэгчийн шүүхэд хүргүүлсэн тайлбарууд болон бичмэл баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл А.Женисбек нь зээлийг хүүгийн хамт төлж ирснээ үлдэгдэл хэсэгт нь маргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн эсэх нь эргэлзээтэй байна гэж үзэж зээлийн гэрээ байгуулаагүй хэмээн дүгнэсэн нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн давж заалдах шатны шүүх нь уг баримтыг гэрч Б.Еркиний мэдүүлэгтэй харьцуулан судалбал, талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан нь эргэлзээтэй хэмээн үзэж бичмэл нотлох баримтыг үгүйсгэсэн байна. Гэрчийн мэдүүлэг нь эх сурвалжаа зааж чадаагүй бөгөөд хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, хэрэгт авагдсан зарим нэгэн нотлох баримт, мэдүүлгүүдээр үгүйсгэгдсэн учраас анхан шатны шүүх Б.Еркиний мэдүүлгийг үнэлээгүй нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өгсөн мэдүүлэгт “Бид ОХУ-аас банз оруулж ирж зараад тооцоо хийж үзэхэд 8 000 000 гаруй төгрөгийн ашиг олж, мөнгө нийлүүлсэн 3 хүнд хуваахад 1 хүнд 2 500 000 төгрөгийн ашиг ногдож байсан” гэх мэдүүлгүүдээр наймаа хийхээр хамтарч байсан нь зээлийн гэрээг хийхээс өмнө болж дууссан явдал болохыг нотолж байна. Наймаа хийхээр нийлүүлсэн мөнгө болон надаас зээлсэн мөнгө 2 нь нэг нэгэнд огт хамааралгүй юм. Бидний хамтарч бизнес эрхэлсэн явдал нь цаг хугацааны хувьд аль хэдийнээ болж өнгөрч, тооцоо, ашгаа хуваарилан авч дууссан юмыг давж заалдах шатны шүүх зээлийн гэрээтэй холбон тайлбарласан нь үндэслэлгүй. Миний хүсэлтээр асуугдсан гэрчийн мэдүүлгийг давж заалдах шатны шүүх анхаарсангүй. Хариуцагчийн хоёр шатны шүүхэд гаргасан тайлбар мэдүүлэг нь зөрүүтэй байдаг. Иймд А.Женисбекийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол нь зөрүүтэй байна. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Н.Сакен нь А.Женисбекээс 9 279 500 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч  нэхэмжлэгчээс 12 250 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан байна. 

 “Н.Сакенаас 50 000 000 төгрөгийг 1,7 хувийн хүүтэй зээлэв. Зээлээ 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлнө” гэсэн 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хариуцагчийн үйлдсэн баримтыг нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэл болгосон бол хариуцагч уг баримтыг маргаж, ОХУ-аас модон материал оруулж, борлуулахаар нэхэмжлэгчтэй  хамтран  ажиллаж байсан, нэхэмжлэгч гэрээнээс гарахдаа оруулсан 50 000 000 төгрөгөө авах зорилгоор ийм баримт үйлдсэн, нэхэмжлэгчид 64 800 000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ. Хариуцагч нь “...зээлийн гэрээгээр хүү тооцвол 52 250 000 төгрөг төлөх байтал 64 800 000 төгрөг төлж, илүү 12 250 000 төгрөг төлсөн байх тул буцаан гаргуулна” гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтад дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ. Харин 50 000 000 төгрөг зээлсэн тухай баримтын агуулга тодорхой, уг гэрээний үндсэн дээр хариуцагчаас нэхэмжлэгчид буцааж мөнгө төлж байсан байхад давж заалдах шатны шүүх гэрээний дагуу 50 000 000 төгрөг шилжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай тул энэ талаар зөвтгөж дүгнэх замаар залруулах боломжтой байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Н.Сакен нь хариуцагчаас 56 150 000 төгрөг буцааж авсан байх ба 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 8 792 835 төгрөг, хүү 936 700 төгрөг нийт 9 279 500 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Хариуцагч нь гэрээний нөхцөлөөр үүргээ биелүүлсэн бөгөөд талууд гэрээг сунгаагүй тул нэхэмжлэгч нь хүүг үргэлжлүүлэн шаардах эрхгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 281.2.3.-т зааснаар хариуцагч нь авсан мөнгөө, тохирсон хүүгийн хамт гэрээний хугацаагаар бодож буцаан төлсөн байна.

Хариуцагч А.Женисбек нь 64 800 000 төгрөгийг буцааж төлсөн гэх боловч энэ талаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн 56 150 000 төгрөгийн хэмжээнд үүргийг гүйцэтгэсэн гэж үзнэ. Хариуцагч нь гэрээний дагуу зээл 50 000 000 төгрөг, хүү 2 250 000 төгрөг нийт 52 250 000 төгрөг төлөх ёстой хэдий ч 56 150 000 төгрөгийг төлсөн байх ба хүлээн зөвшөөрч төлсөн мөнгийг буцаан шаардах эрхгүй, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 212/МА2016/00031 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Сакены хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгчийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 163 422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР           

ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА