Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 00021

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02470 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Б-ын хариуцагч Т.О-т холбогдуулан гаргасан өв залгамжлалыг бүртгэсэн нотариатын үйлдлийг, 31 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.Б-ын эцэг Г.Д-, эх Д.М- нар нь дундаасаа Д.Б-, Д.Л-, Д.Х-, Д.Б.с- гэсэн 4 хүүхэд төрүүлсэн бөгөөд тэд гэрлэлтээ 1987 онд цуцлуулсан. Үүнээс хойш Д.М- нь Г.Б-тэй хамтын амьдрал эхлүүлж, 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нас барах хүртлээ цуг амьдарсан, гэхдээ гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй. Дундаас төрсөн хүүхэдгүй тэд хамт амьдрах хугацаандаа Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 00-00 тоот хаягт байрлах 60 м.кв хувийн сууцыг, мөн хаягт байрлах нэгж талбарын 18646319405769 дугаартай 700 м.кв талбайтай газрын хамт хамтран өмчилж байсан. Эх Д.М- 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр насан эцэслэсэн учир өв нээгдсэн. Өв нээгдсэнээс хойш Д.Б- тухайн газар, сууцыг эзэмдэн амьдарч байсан ба өвийг хүлээн авах талаар 1 жилийн хугацаанд ямар ч хүн маргаагүй. Эх Д.М-ыг нас барах үед хамт амьдарч байсан Г.Б- нь Д.Б- нарт хандаж өвөөсөө татгалзаач, надад хөрөнгө босгох шаардлага байна, насан эцэслэсэн хойноо Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 00-00 тоотод байрлалтай, байшин болон газрыг тус тус өвлүүлнэ гэж ярьсан. Нэхэмжлэгч Д.Б- болон түүний ах дүү нар нь хойд эцэг Г.Б-тэй их ойрхон байсан тул ингээд Д.Б-, Д.Л-, Д.Х-, Д.Б.с- нар бүгд өвлөх эрхээсээ татгалзсан хүсэлтээ 2011 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гаргаж, Т.О- нотариатч дээр очиж өгсөн. Ингээд өвлөх эрхийн 31 тоот гэрчилгээнүүд гарсан. Нотариат дээр очих үед Г.Б- нь Г.Д-, Д.М- нарын гэрлэлтийг цуцалсан шүүхийн шийдвэр, Д.М-ыг нас барсан тухай баримт, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны тодорхойлолт, гэрлэсэн эсэх лавлагаа, хувийн сууц болон газрын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримтуудыг авч очсон. Эдгээр баримтууд болон өвлөх эрхээсээ татгалзсан хүсэлтүүдэд үндэслэн нотариатч нь өв залгамжлалыг 31 дугаарт бүртгэж, өвлөх эрхийн 31 тоот гэрчилгээнүүд олгосон тул Г.Б- хувийн сууц, газрын өмчлөгч болсон юм.

Г.Б- нь 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр В.Цэрэнчимэгтэй гэр бүл болж, Тэрэлжид авсан газар дээрээ хамт амьдарч байгаад 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нас барсан учир В.Ц- гэх хүн нь нөхрийнхөө өмч хөрөнгө болох хувийн сууц болон газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох асуудлаар холбогдох байгууллагад хандсанаар өвлөх эрхтэй болохоо тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна. Үүний улмаас В.Ц- нэхэмжлэгч Д.Б-ыг одоо амьдарч, эх Д.М-ынх нь өмчлөлд байсан Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 00-00 тоот хаягт байрлах 60 м.кв хувийн сууцыг, мөн хаягт байрлах нэгж талбарын 18646319405769 дугаартай 700 м.кв талбайтай газраас албадан нүүлгэх зэрэг шаардлагыг шүүхэд гаргаж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж, хохироож эхэлсэн. Ийм учраас Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 00-00 тоот хаягт байрлах 60 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 18646319405769 дугаартай 700 м.кв талбайтай газрыг 29-30 жил амьдарч байгаа Д.Б-ын өвлөх, өв хүлээн авах, өмчлөх, эзэмших эрх, ашиг сонирхол нь зөрчигдөх болсон. Энэхүү хувийн сууц болон газар нь өөр хүний өмчлөлд шилжих гол үндэслэл нь хууль бус байсныг мэдсэн тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

Нотариатч Т.О- нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2-т заалтууд, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.3, 43 дугаар зүйлийн 43.2.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.1, 8.2.1 дугаар зүйлүүдийг зөрчсөн байна.

Учир нь, эх Д.М-ын хууль ёсны өвлөгч болох Д.Б-, Д.Л-, Д.Х-, Д.Б.с- нар өв хүлээн авахаас татгалзсан бол өвийг өвлөвөл зохих бусад этгээдүүдэд шилжүүлэх ёстой байсан бөгөөд тухайн үед нэр заан татгалзсан гэх хуульд байхгүй үндэслэлээр гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагч Г.Б-өөс Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.1-д заасан баримтыг шаардахгүйгээр нөхөр гэж бичиж, өвийг шилжүүлсэн буюу нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж, гэрлэлтийн гэрчилгээ байхгүй байхад өв залгамжлал бүртгэсэн нотариатын үйлдэл хийсэн. Хэрэв 4 хүүхэд татгалзсан бол нотариатч нь тэдгээрийн хүүхдүүд болох Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан өвлөгч нар байсаар байтал тэднээс өвийг хүлээн авах эсэхийг тодруулаагүй, бусад өвлөгчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээ олгох, татгалзвал энэ тухай бичүүлж авах үйлдлийг хийгээгүй. Энэ үйлдлийг хийсэн бол энэ тухай өвлөх эрхийн 31 тоот гэрчилгээн дээр тусгай тэмдэглэгээ хийгдэх байсан бөгөөд ямар ч тэмдэглэгээ байхгүй тул хийгээгүй гэсэн үг. Г.Б- болон Д.Б- нар 2 хаяг бүхий 1 том хашаанд цугтаа амьдардаг байсан. Д.Б- нь 33 тоотыг өнөөдрийг хүртэл эзэмдэн амьдарч байгаагийн зэрэгцээ холбогдох зардлуудыг төлсөөр ирсэн байгаа.

Иймд Г.Б-т эрхийн улсын бүртгэлийн Ү-2203011680 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 00-00 тоот хаягт байрлах 60 м.кв талбайтай хувийн сууцыг, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2203001138 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18646319405769 дугаартай 700 м.кв талбайтай газар зэргийг өвлүүлсэн өвлөх эрхийн 31 тоот гэрчилгээг өв залгамжлалын 31-т бүртгэж гэрчилсэн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Т.О-ын 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн нотариатын үйлдэл, уг үйлдэлд үндэслэн дурдсан хөрөнгөнүүдийг Г.Б-т өвлүүлсэн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн өвлөх эрхийн 31 тоот гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2011 онд нэхэмжлэлд дурдсан үйлдлүүдийг хийж, өвлөх эрхийн 31 дугаартай гэрчилгээнүүдийг олгосон байна. Тухайн үед 75 настай байсан Г.Б- гэгч хүн өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийн огноогоо 1 өдрөөр андуурсан байх боломжтой учир огноог зөрүүлсэн байх боломжтой. Г.Б- нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд хамгийн сүүлд амьдарч байсан тул өв нээгдэх газрыг Сүхбаатар дүүрэг гэж үзсэн. Өвлүүлэгч Д.М- нь өмнөх гэрлэлтээ цуцлуулсан, 4 хүүхэдтэй байсан бөгөөд тухайн үед 37-48 хооронд настай байсан 4 хүүхэд нь өвлөх эрхээсээ татгалзаж, өвийг Г.Б-т шилжүүлэх талаар нэр заан хүсэлтээ гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн байсан. Энэ хүсэлтүүдээ авч ирсэн. Өвөөс татгалзах хүсэлтдээ Д.Б- нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 42-34 тоотод амьдардаг гэсэн тодорхойлолт хавсарган өгч байсан байна. Үүнийг өвлүүлэгчтэй хамт амьдраагүй гэж үзэх үндэслэл Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар үүсэж байна. Хаягийн бүртгэлээрээ өнөөдрийн нэхэмжлэлийн үндэслэл нотлогдохгүй байна гэж үзэж байна. Би өв нээгдсэнээс хойш 1 жил 4 сарын дараа өвлөх эрхийн гэрчилгээ бичиж өгсөн байсан. 4 хүүхэд өвлөх эрхээсээ нэр заан татгалзсанаас өөрөөр хэн нэгэн этгээд өвийг хүлээн авах хүсэлтийг гаргаагүй, өвлүүлэгч гэрээслэл үлдээгээгүй байсан тул хүсэлтийн дагуу Г.Б-т өв залгамжлалын гэрчилгээ олгосон. Тэрээр гаргасан хүсэлт дээрээ өөрийгөө нөхөр гэж тодорхойлсон байсан болохоор тэр дагуу нь л гэрчилгээнд нөхөр гэж бичсэн. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5 дахь хэсэгт өвлүүлэгч нэр заан татгалзах эрхтэй гэж заасан тул Д.Б- нарын хүсэлтийг үүнд хамаарна гэж үзэж байна. Эхний ээлжийн өвлөгчид татгалзсан бол дараагийн өвлөгчийг бид шалгах шаардлагагүй. Харин тэд хүсэлт гаргаж болох байсан ч гаргаагүй. Г.Б- нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан, өвлүүлэгч Д.М- хамтран өмчлөгч байсан тул Д.Б- нарын хүсэлтийн үндсэн дээр Г.Б-ийг хууль ёсоор өвлөх эрхтэй гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Т.О-т холбогдуулан гаргасан Г.Б-т эрхийн улсын бүртгэлийн Ү-2203011680 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 00-00 тоот хаягт байрлах 60 м.кв талбайтай хувийн сууцыг, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2203001138 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18646319405769 дугаартай 700 м.кв талбайтай газар зэргийг өвлүүлсэн өвлөх эрхийн 31 тоот гэрчилгээг өв залгамжлалын 31-т бүртгэж гэрчилсэн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн нотариатын үйлдэл, уг үйлдэлд үндэслэн дурдсан хөрөнгөнүүдийг өмчлөх эрхийг Г.Б-т өвлүүлсэн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн өвлөх эрхийн 31 тоот гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н давж заалдах гомдолдоо:

... Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс давж шийдвэр гаргасан. 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 31 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгогдсон байхад 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн огноотой хүсэлтийн огноог техникийн алдаа гэж дүгнэсэн. Учир нь нотариатын үйлдэл нь аливааг үнэн, зөв, мөн болохыг батлах, нотлох үүргийг хүлээдэг, алдаа байвал хүлээж авахгүй эсхүл засуулдаг. Засуулсан шалтгааныг дурддаг. Гэтэл нотариатч дээрх үүргээ зөрчсөнийг шүүх зөвөөр дүгнэсэнгүй. Нотариатч өв хүлээн авагчийг “... өндөр настай хүн байсан болохоор андуурсан байлгүй, алдсан байлгүй” гэх тайлбарыг шүүхэд гаргасан. Тухайн иргэний аливаа үйлдэл бүхнийг, хүсэлт, баримт бичгийг нэг бүрчлэн шалгах ёстой байсан. Өв хүлээн авагч Г.Б- нь 2013 оны 3 дугаар сарын 14-ний В.Ц-тэй гэр бүл болсон, нэхэмжлэгчийг дээрх хаягаас албадан чөлөөлүүлсэн, энэ талаар маргаагүй гэж дүгнэсэн байна. Албадан чөлөөлүүлэх шаардлагаар В.Ц-тэй шүүхэд маргаж байгаа бөгөөд харин манай хамаарах маргаанд тэр хүнийг байх ёстой гэж хүсэлт гаргахад шүүх хүлээн аваагүй. Нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5 дахь хэсэгт зааснаар “өвлөх эрхээсээ татгалзсан” гэж үзэж байгаа бол энэ тухай 31 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”-нд энэ тухай заасан тусгасан байх ёстой. Шүүх хэлцлийг хууль ёсны бөгөөд хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болжээ гэж дүгнэж, гэтэл талуудын хооронд “... өвгөн надад эрхээ шилжүүлчих, юу хийхийг минь битгий асуугаарай, дараа нь энэ бүгд Д.Б-ынх” гэснийг шүүх нэг талыг баримталсан. Тухайн үед нотариатч Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т хамаарах этгээдүүдийн эрх зүйн байдлыг шалгаагүйг шүүх буруу дүгнэсэн. Нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлын нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийх зөрчсөн. Г.Б- нь хууль ёсны өвлөгч биш байхад өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй байх гэрлэсэн эсэх лавлагааг нуун дарагдуулж үйлдэл хийж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон гэх үндэслэлүүд нь зөв тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Т.О-т холбогдуулан Г.Б-т эрхийн улсын бүртгэлийн Ү-2203011680 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 00-00 тоот хаягт байрлах 60 м.кв талбайтай хувийн сууцыг, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2203001138 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18646319405769 дугаартай 700 м.кв талбайтай газрыг өвлүүлсэн өвлөх эрхийн 31 тоот гэрчилгээг өв залгамжлалын 31-т бүртгэж гэрчилсэн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн нотариатын үйлдэл, уг үйлдэлд үндэслэн газар, хувийн сууцыг өмчлөх эрхийг Г.Б-т өвлүүлсэн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн өвлөх эрхийн 31 тоот гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгчийн төрсөн эх Д.М- нь 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нас барж, өв нээгдсэнээр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 00-00 тоот хаягт байрлах 60 м.кв талбайтай хувийн сууцны, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2203001138 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18646319405769 дугаартай 700 м.кв талбайтай газрын өвлүүлэгчид ногдох хэсэг хууль ёсны өвлөгчдөд нь өвлөгдөх үндэслэл бүрдсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Харин нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч Г.Б- нь Д.М-тай гэрлэлтээ батлуулсан хууль ёсны гэр бүл биш байхад хамтран өмчлөгчид ногдох хэсгийг түүнд өвлүүлж үйлдсэн өв залгамжлалын гэрчилгээ хууль бус гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

 

            Өвлүүлэгч буюу нас барагч Д.М- болон хамтын амьдралтай байсан Г.Б- нар нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 00-00 тоот хаягт байрлах 60 м.кв талбайтай хувийн сууцыг, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2203001138 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18646319405769 дугаартай 700 м.кв талбайтай газрын хамт хамтран өмчилдөг байсан нь 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн 000043850 тоот, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000079512 тоот гэрчилгээгээр тус тус тогтоогджээ./хх-73, 80/

 

            Д.М-ын хууль ёсны өвлөгч нар болох Д.Б.с-, Д.Л-, Д.Х-, Д.Б- нар нь дээрх хувийн сууц болон газрын өвлүүлэгчид ногдох хэсгийг буюу 50%-ийн өөрт ногдох хэсгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар өвлөх эрхтэй боловч тэд тус бүрийн өвлөгдөх хэсгээсээ татгалзаж, эцэг болох Гэндэн овогтой Баттөмөрт өвлүүлэхийг зөвшөөрсөн тухай бичгийн баримтыг 2011 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүн тус бүр үйлдэж, нотариатчид өгсөн нь хэрэгт баримтаар авагдсан байна.

    /хх-75-79, 82-89/

 

            Үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч Г.Б- нь хууль ёсны өвлөгч нарын өвөөс татгалзсан талаарх болон бусад холбогдох баримтуудыг хавсарган нэхэмжлэлд дурдсан газар, хувийн орон сууцыг өвлөн авахаар хүсэлт гаргасныг нотариатч өв залгамжлалын үйлдлийн 31 дүгээрт бүртгэж, хувийн сууц болон газрыг өвлөх эрхийн 31 тоот гэрчилгээг 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Г.Б-т олгосон нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.3, 43 дугаар зүйлийн 43.2.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.1, 8.2.1-т заасныг зөрчөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Д.Б- нь өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг гаргахдаа хожим Г.Б-өөс хувийн сууц болон газрыг түүнд өмчлүүлэх болно гэсэн түүний амлалтад үндэслэсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх нотлох баримт нотариатчид гаргаж байсан нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.2 дахь хэсгийг нотариатч үйлдэл хийхдээ шалгаагүй гэх үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий газар, хувийн сууцанд өөрийн эх Д.М-, болон Г.Б-тэй хамт амьдардаг байсан гэж тайлбарласан боловч өөрт нь ногдох өвөөс татгалзсан хүсэлтийг нотариатчид гаргаж, уг хүсэлтдээ “эцэг болох Г.Б-т өөрийн ногдох хэсгийг өвлүүлэхийг зөвшөөрч байна, өвлөх эрхээсээ татгалзсан тул эд хөрөнгийн маргаан гаргахгүй” гэж тодорхой бичжээ. /хх79/ Иймд түүнийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өвийг хүлээн авсан буюу өвийг хүлээн авснаар өмчлөгч болсон гэж үзэхгүй.

 

Иймд өвийн ногдох хэсгийг Г.Б-т шилжүүлэхийг өвлөгч нар зөвшөөрснөөр эд хөрөнгө бүхэлдээ түүнд шилжихийг ойлгосон, талууд хүсэл зоригоо бичгээр илэрхийлсний дагуу үйлдэл хийгдсэн байх бөгөөд шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

           

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/02470 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                       ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР

 

А.ОТГОНЦЭЦЭГ