Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2020/02470

 

 

 

 

 

 

 

 

2020           10          05                                             181/ШШ2020/02470

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: О д холбогдох

 

Өв залгамжлалыг бүртгэсэн нотариатын үйлдлийг, 31 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Чимэдбадам, хариуцагч О, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгч Бын эцэг Г.Даваахүү, эх Д.Мягмаржав нар нь дундаасаа Б, Д.Лхагвасүрэн, Д.Хосбаяр, Д.Баярсайхан гэсэн 4 хүүхэд төрүүлсэн бөгөөд тэд гэрлэлтээ 1987 онд цуцлуулсан байдаг. Үүнээс хойш Д.Мягмаржав нь Г.Баттөмөртэй хамтын амьдрал эхлүүлж, 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нас барах хүртлээ цуг амьдарсан, гэхдээ гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй.

Дундаас төрсөн хүүхэдгүй тэд хамт амьдрах хугацаандаа Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 42-33 тоот хаягт байрлах 60 м.кв хувийн сууцыг, мөн хаягт байрлах нэгж талбарын 18646319405769 дугаартай 700 м.кв талбайтай газрын хамт хамтран өмчилж байсан. Эх Д.Мягмаржав 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр насан эцэслэсэн учир өв нээгдсэн. Өв нээгдсэнээс хойш Б тухайн газар, сууцыг эзэмдэн амьдарч байсан ба өвийг хүлээн авах талаар 1 жилийн хугацаанд ямар ч хүн маргаагүй.

Эх Д.Мягмаржавыг нас барах үед хамт амьдарч байсан Г.Баттөмөр нь Б нарт хандаж “…өвөөсөө татгалзаач, надад хөрөнгө босгох шаардлага байна, насан эцэслэсэн хойноо Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 42-33 тоотод байрлалтай, байшин болон газрыг тус тус өвлүүлнэ” гэж ярьсан байдаг. Нэхэмжлэгч Б болон түүний ах дүү нар нь хойт эцэг Г.Баттөмөртэй их ойрхон байсан тул ингээд Б, Д.Лхагвасүрэн, Д.Хосбаяр, Д.Баярсайхан нар бүгд өвлөх эрхээсээ татгалзсан хүсэлтээ 2011 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гаргаж, О нотариатч дээр очиж өгсөн байдаг. Ингээд өвлөх эрхийн 31 тоот гэрчилгээнүүд гарсан байдаг.

Нотариат дээр очих үед Г.Баттөмөр нь Г.Даваахүү, Д.Мягмаржав нарын гэрлэлтийг цуцалсан шүүхийн шийдвэр, Д.Мягмаржавыг нас барсан тухай баримт, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны тодорхойлолт, гэрлэсэн эсэх лавлагаа, хувийн сууц болон газрын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримтуудыг авч очсон байдаг. Эдгээр баримтууд болон өвлөх эрхээсээ татгалзсан хүсэлтүүдэд үндэслэн нотариатч нь өв залгамжлалыг 31 дугаарт бүртгэж, өвлөх эрхийн 31 тоот гэрчилгээнүүд олгосон тул Г.Баттөмөр хувийн сууц, газрын өмчлөгч болсон юм.

Г.Баттөмөр нь 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр В.Цэрэнчимэгтэй гэр бүл болж, Тэрэлжид авсан газар дээрээ хамт амьдарч байгаад 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нас барсан учир В.Цэрэнчимэд гэх хүн нь нөхрийнхөө өмч хөрөнгө болох хувийн сууц болон газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох асуудлаар холбогдох байгууллагад хандсанаар өвлөх эрхтэй болохоо тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна. Үүний улмаас В.Цэрэнчимэд нэхэмжлэгч Быг одоо амьдарч, эх Д.Мягмаржавынх нь өмчлөлд байсан Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 42-33 тоот хаягт байрлах 60 м.кв хувийн сууцыг, мөн хаягт байрлах нэгж талбарын 18646319405769 дугаартай 700 м.кв талбайтай газраас албадан нүүлгэх зэрэг шаардлагыг шүүхэд гаргаж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж, хохироож эхэлсэн байдаг.

Ийм учраас Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 42-33 тоот хаягт байрлах 60 м.кв хувийн сууц, мөн хаягт байрлах нэгж талбарын 18646319405769 дугаартай 700 м.кв талбайтай газрыг 29-30 жил эзэмдэн амьдарч байгаа Бын өвлөх, өв хүлээн авах, өмчлөх, эзэмших эрх, ашиг сонирхол нь зөрчигдөх болсон.

Энэхүү хувийн сууц болон газар нь өөр хүний өмчлөлд шилжих гол үндэслэл нь хууль бус байсныг мэдсэн тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

Нотариатч О нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2 дахь заалтууд, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.3, 43 дугаар зүйлийн 43.2.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.1, 8.2.1 дугаар зүйлүүдийг зөрчсөн байна.

Учир нь, эх Д.Мягмаржавын хууль ёсны өвлөгч болох Б, Д.Лхагвасүрэн, Д.Хосбаяр, Д.Баярсайхан нар өв хүлээн авахаас татгалзсан бол өвийг өвлөвөл зохих бусад этгээдүүдэд шилжүүлэх ёстой байсан бөгөөд тухайн үед нэр заан татгалзсан гэх хуульд байхгүй үндэслэлээр гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагч Г.Баттөмөрөөс Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.1-д заасан баримтыг шаардахгүйгээр нөхөр гэж бичиж, өвийг шилжүүлсэн буюу нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж, гэрлэлтийн гэрчилгээ байхгүй байхад өв залгамжлал бүртгэсэн нотариатын үйлдэл хийсэн байдаг.

Хэрэв 4 хүүхэд татгалзсан бол нотариатч нь тэдгээрийн хүүхдүүд болох Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан өвлөгч нар байсаар байтал тэднээс  өвийг хүлээн авах эсэхийг тодруулаагүй, бусад өвлөгчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээ олгох, татгалзвал энэ тухай бичүүлж авах үйлдлийг хийгээгүй. Энэ үйлдлийг хийсэн бол энэ тухай өвлөх эрхийн 31 тоот гэрчилгээн дээр тусгай тэмдэглэгээ хийгдэх байсан бөгөөд ямар ч тэмдэглэгээ байхгүй тул хийгээгүй гэсэн үг.

Г.Баттөмөр болон Б нар 2 хаяг бүхий 1 том хашаанд цугтаа амьдардаг байсан. Б нь 33 тоотыг өнөөдрийг хүртэл эзэмдэн амьдарч байгаагийн зэрэгцээ холбогдох зардлуудыг төлсөөр ирсэн байгаа.

 Иймд Г.Баттөмөрт эрхийн улсын бүртгэлийн Ү-2203011680 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 42-33 тоот хаягт байрлах 60 м.кв талбайтай хувийн сууцыг, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2203001138 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18646319405769 дугаартай 700 м.кв талбайтай газар зэргийг өвлүүлсэн өвлөх эрхийн 31 тоот гэрчилгээг өв залгамжлалын 31-т бүртгэж гэрчилсэн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Оын 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн нотариатын үйлдэл, уг үйлдэлд үндэслэн дурдсан хөрөнгөнүүдийг Г.Баттөмөрт өвлүүлсэн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн өвлөх эрхийн 31 тоот гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Би 2011 онд нэхэмжлэлд дурдсан үйлдлүүдийг хийж, өвлөх эрхийн 31 дугаартай гэрчилгээнүүдийг олгосон байна. Тухайн үед 75 настай байсан Г.Баттөмөр гэгч хүн өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийн огноогоо 1 өдрөөр андуурсан байх боломжтой учир огноог зөрүүлсэн байх боломжтой юм.

Г.Баттөмөр нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд хамгийн сүүлд амьдарч байсан тул өв нээгдэх газрыг Сүхбаатар дүүрэг гэж үзсэн. Өвлүүлэгч Д.Мягмаржав нь өмнөх гэрлэлтээ цуцлуулсан, 4 хүүхэдтэй байсан бөгөөд тухайн үед 37-48 хооронд настай байсан 4 хүүхэд нь өвлөх эрхээсээ татгалзаж, өвийг Г.Баттөмөрт шилжүүлэх талаар нэр заан хүсэлтээ гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн байсан. Энэ хүсэлтүүдээ авч ирсэн. Өвөөс татгалзах хүсэлтдээ Б нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 42-34 тоотод амьдардаг гэсэн тодорхойлолт хавсарган өгч байсан байна. Үүнийг өвлүүлэгчтэй хамт амьдраагүй гэж үзэх үндэслэл Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар үүсэж байна. Хаягийн бүртгэлээрээ өнөөдрийн нэхэмжлэлийн үндэслэл нотлогдохгүй байна гэж үзэж байна.

Би өв нээгдсэнээс хойш 1 жил 4 сарын дараа өвлөх эрхийн гэрчилгээ бичиж өгсөн байсан. 4 хүүхэд өвлөх эрхээсээ нэр заан татгалзсанаас өөрөөр хэн нэгэн этгээд өвийг хүлээн авах хүсэлтийг гаргаагүй, өвлүүлэгч гэрээслэл үлдээгээгүй байсан тул хүсэлтийн дагуу Г.Баттөмөрт өв залгамжлалын гэрчилгээ олгосон. Тэрээр гаргасан хүсэлт дээрээ өөрийгөө нөхөр гэж тодорхойлсон байсан болохоор тэр дагуу нь л гэрчилгээнд нөхөр гэж бичсэн.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д өвлүүлэгч нэр заан татгалзах эрхтэй гэж заасан тул Б нарын хүсэлтийг үүнд хамаарна гэж үзэж байна. Эхний ээлжийн өвлөгчид татгалзсан бол дараагийн өвлөгчийг бид шалгах шаардлагагүй. Харин тэд хүсэлт гаргаж болох байсан ч гаргаагүй. Г.Баттөмөр нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан, өвлүүлэгч Д.Мягмаржав хамтран өмчлөгч байсан тул Б нарын хүсэлтийн үндсэн дээр Г.Баттөмөрийг хууль ёсоор өвлөх эрхтэй гэж үзсэн.

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

 Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь Б нь Г.Баттөмөрт эрхийн улсын бүртгэлийн Ү-2203011680 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 42-33 тоот хаягт байрлах 60 м.кв талбайтай хувийн сууцыг, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2203001138 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18646319405769 дугаартай 700 м.кв талбайтай газар зэргийг өвлүүлсэн өвлөх эрхийн 31 тоот гэрчилгээг өв залгамжлалын 31-т бүртгэж гэрчилсэн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн нотариатын үйлдэл, уг үйлдэлд үндэслэн дурдсан хөрөнгөнүүдийг өмчлөх эрхийг Г.Баттөмөрт өвлүүлсэн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн өвлөх эрхийн 31 тоот гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг хариуцагч От холбогдуулан гаргасан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Бын эцэг Г.Даваахүү, эх Д.Мягмаржав нар нь 1963 онд бүртгүүлсэн гэрлэлтээ 1987 онд цуцлуулсан байх бөгөөд тэдний дундаас 1963 онд Д.Баярсайхан, 1968 онд Д.Лхагвасүрэн, 1971 онд Д.Хосбаяр, 1974 онд Б нар төрсөн байна.

 

Д.Мягмаржав нь 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нас барах хүртлээ Г.Баттөмөртэй хамтран амьдарч байсан, тэдний дундаас хүүхэд төрөөгүй болох нь тус шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01115 тоот шийдвэр болон хэргийн бусад баримтуудаар тогтоогдсон, талууд үүнд маргаагүй.

 

Тэрээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203011680 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 42-33 тоот хаягт байрлах 60 м.кв талбайтай хувийн сууцыг, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2203001138 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18646319405769 дугаартай 700 м.кв талбайтай газрын хамт Г.Баттөмөртэй хамтран өмчилдөг байсан нь 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн 000043850 тоот, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000079512 тоот гэрчилгээнүүдээр тус тус тогтоогджээ.

 

Г.Баттөмөр, Д.Мягмаржав нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч дээр дурдсан хаягт хамтдаа оршин сууж байсан бөгөөд 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.Мягмаржав нас барснаар Г.Баттөмөр нь ам бүл ганцаар оршин суух болсон нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын ажлын албаны 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд оршин сууж байсан Д.Мягмаржав нас барсан тул Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1, 519 дүгээр зүйлийн 519.1-д тус тус зааснаар 2009 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс Сүхбаатар дүүрэгт өв нээгдсэн байна.

 

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д “өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө” гэж заасан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203011680 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 42-33 тоот хаягт байрлах 60 м.кв талбайтай хувийн сууц болон мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2203001138 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18646319405769 дугаартай 700 м.кв талбайтай газар нь Г.Баттөмөр, Д.Мягмаржав нарын 2 хүний өмч гэж улсын бүртгэлд бүртгэгдсэнээс өөрөөр ямар хэмжээгээр өмчлөх талаар тусгагдаагүй тул тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй уг эд хөрөнгөөс Д.Мягмаржавд ногдох 50% нь өвлөгдөх үндэслэлтэй тул өв залгамжлалыг хуульд зааснаар буюу гэрээслэлээр гүйцэтгэх талаар мөн зүйлийн 515.3-т заасан журам үйлчилнэ.

 

Манай тохиолдолд гэрээслэл үйлдэгдээгүй учир өв залгамжлалыг хуульд зааснаар гүйцэтгэнэ.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх”-ийг хууль ёсны өвлөгч гэж үзэхээр заасан тул өвлүүлэгчтэй Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан гэрлэгчдийн эрх, үүрэг үүсгээгүй Г.Баттөмөр энд хамаарахгүй, харин  өвлүүлэгчээс төрсөн Д.Баярсайхан, Д.Лхагвасүрэн, Д.Хосбаяр, Б нар хамаарна.

 

Хууль ёсны өвлөгч нар нь өвлүүлэгчийн эд хөрөнгийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй тул Д.Баярсайхан, Д.Лхагвасүрэн, Д.Хосбаяр, Б нарын тус бүрт оногдох хэсэг нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар хувийн сууц болон газраас өвлүүлэгч Д.Мягмаржавд ногдох хэсэг /50%/-ийн ¼ буюу 25% гэж тодорхойлогдоно.

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1. “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.”, 528.2. “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.”, 528.3. “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.” гэж өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журмыг тогтоосон.

 

Манай тохиолдолд өвлүүлэгчийг нас барах үед түүнтэй хамт нэг гэрт амьдарч байсан хууль ёсны өвлөгч байгаагүй боловч 33, 34 гэсэн 2 өөр тоот хаяглалт бүхий нэг хашаанд тусдаа гэрт амьдарч байсан гэх тайлбарыг нэхэмжлэгч Б гаргаж, үүнийг нотлох зорилгоор “Б нь Бэлхийн 42-34 тоотод бүртгэлтэй боловч тус хороо 2007 онд байгуулагдах үед хойт эцэг Г.Баттөмөр, эх Д.Мягмаржав, эхнэр Т.Нармандах, охин Б.Мөнхзул, хүү Б.Мөнхтулга нарын хамт 42-33 тоотод амьдарч байсан бөгөөд эцэг, эх нь нас барсны дараа буюу өнөөг хүртэл тухайн хашаа, байшинд амьдарч байгаа болно” гэсэн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 95 тоот тодорхойлолтыг гаргасан бөгөөд өв нээгдэх үед тэрээр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 42-34 тоотод амьдарч байсан болох нь иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогджээ.

 

Баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хүн ам, өрхийн болон иргэний түр оршин суух бүртгэлийг зохих журмын дагуу бүртгэх бүрэн эрхийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11-д зааснаар хэрэгжүүлдэг тул шүүх Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын 2020  оны 95 тоот тодорхойлолтод үндэслэн нэхэмжлэгч Быг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасан өвлөгч гэж үзэх үндэслэлтэй.

 

Харин Д.Баярсайхан, Д.Лхагвасүрэн, Д.Хосбаяр нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан өвлөгчид хамаарна.

 

Дээрх дүгнэлтэд үндэслэвэл нэхэмжлэгч Б нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатад мэдэгдээгүй бол уг өвийг буюу өөрт ногдох хэсгийг хүлээн авсан гэж үзэх, харин Д.Баярсайхан, Д.Лхагвасүрэн, Д.Хосбаяр нар өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариатад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг ногдох хэсгүүдээр хүлээн авсан гэж үзэх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т заасан хууль зүйн үр дагавар үүсгэхээр байна.

 

Манай тохиолдолд нэхэмжлэгч Б нь өв хүлээн авахаас татгалзсан буюу өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй гэж үзэх, Д.Баярсайхан, Д.Лхагвасүрэн, Д.Хосбаяр нарыг өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан, эсхүл өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдлийг нотариатад гаргасан гэж үзэх үндэслэл тус тус хэргийн баримтаар нотлогдоогүй тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.3-т зааснаар нэхэмжлэгч Быг өвийг хүлээн авсан, харин Д.Баярсайхан, Д.Лхагвасүрэн, Д.Хосбаяр нарыг өвлөхөөс татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

“Хууль ёсны өвлөгчдийн аль нэг нь өөрт оногдох хэсгийг хэнд олгохыг заалгүй өвлөхөөс татгалзсан бол түүнд оногдох хэсгийг хууль ёсны бусад өвлөгчдөд тэгш хуваан олгоно” гэж Иргэний хуулийн 533 дугаар зүйлийн 533.1-д заасан тул Д.Баярсайхан, Д.Лхагвасүрэн, Д.Хосбаяр нар өөрсдөдөө оногдох өвийг өвлөхөөс татгалзсанаар тэдгээрт оногдох 75% /25%х3/-аар нэхэмжлэгч Бын өвлөх эд хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, тэрээр өвлүүлэгчийн эд хөрөнгийг 100% /75%+25%/ өвлөн авсан гэж үзнэ.

 

Гэхдээ тэрээр өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д зааснаар гаргаагүй, харин Д.Баярсайхан, Д.Лхагвасүрэн, Д.Хосбаяр, Б нарын гаргасан “өв хүлээн авахаас татгалзах тухай” 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хүсэлтэд үндэслэн Г.Баттөмөр нь 2011  оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч От гаргасан байна.

 

Хариуцагч буюу нотариатч О нь энэхүү хүсэлт болоод түүнд хавсаргасан Д.Мягмаржавын нас барсны гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын ажлын албаны тодорхойлолт, Г.Даваахүү, Д.Мягмаржав нарын гэрлэлтийг цуцалсан шүүхийн шийдвэр, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд, өв хөрөнгийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д заасныг үндэслэн өвлөх эрхээсээ татгалзаж, өвлөгдөх эд хөрөнгийг Г.Баттөмөрт өвлүүлэхийг зөвшөөрсөн агуулгатай Д.Баярсайхан, Д.Лхагвасүрэн, Д.Хосбаяр, Б нарын тус бүрдээ гаргаж, гарын үсгийн үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн “өв хүлээн авахаас татгалзах тухай” хүсэлт, хүсэлт гаргагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудад үндэслэн өв залгамжлалын 31 дугаарт бүртгэж, хувийн сууц болон газрыг өвлөх эрхийн 31 тоот гэрчилгээнүүдийг 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Г.Баттөмөрт олгосон байна.

 

  Г.Баттөмөрийн хүсэлт 2011 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөр огноолсон байх боловч энэхүү хүсэлтээ 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдөр бусад баримтын хамт гаргасан болох нь тогтоогдсон тул техникийн алдаа гарсан байна гэж үзлээ.

 

Энэхүү гэрчилгээнүүдэд үндэслэн Г.Баттөмөр нь хамтран өмчилдөг байсан хувийн сууц болон газрыг дангаар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, хожим 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нас барах хүртлээ өмчилж байсан болох нь “Г.Баттөмөр нь 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр В.Цэрэнчимэгтэй гэр бүл болж амьдарч байгаад 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нас барсан учир В.Цэрэнчимэд гэх хүн нь нөхрийнхөө өмч хөрөнгө болох хувийн сууц болон газрын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох асуудлаар холбогдох байгууллагад хандсанаар өвлөх эрхтэй болохоо тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна. Үүний улмаас В.Цэрэнчимэд нэхэмжлэгч Быг одоо амьдарч, эх Д.Мягмаржавынх нь өмчлөлд байсан Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 42-33 тоот хаягт байрлах 60 м.кв хувийн сууцыг, мөн хаягт байрлах нэгж талбарын 18646319405769 дугаартай 700 м.кв талбайтай газраас албадан нүүлгэх зэрэг шаардлагыг шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн” гэх нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдсон, үүнд талууд маргаагүй.

 

Шүүх маргаагүй үйл баримтыг нотлох ажиллагааг хийх шаардлагагүй тул тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.

 

Д.Баярсайхан, Д.Лхагвасүрэн, Д.Хосбаяр нарыг өвлөхөөс татгалзсан, үүний үр дүнд нэхэмжлэгч Бд оногдох өвийн хэмжээ нэмэгдэж, өвлүүлэгчийн эд хөрөнгийг бүхэлд нь өвлөн авсан гэж үзэх үндэслэл дээр дурдсанаар тогтоогдсон тул өв хөрөнгийг өвлөх эрхээсээ татгалзаж, өвлөгдөх эд хөрөнгийг Г.Баттөмөрт өвлүүлэхийг зөвшөөрсөн Бын гаргасан “өв хүлээн авахаас татгалзах тухай” хүсэлтийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д заасан татгалзал гэж үзэх үндэслэлгүй, харин үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ Г.Баттөмөрт шилжүүлэхийг хүссэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин Д.Баярсайхан, Д.Лхагвасүрэн, Д.Хосбаяр нарын хүсэлтийг өвлөхөөс татгалзсан тэдний хүсэл зоригийг бататгасан үйлдэл гэж үзэхээс өөрөөр тодорхойлох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Уг хэлцлээр шилжүүлэхийг хүссэн үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авахыг Г.Баттөмөр зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болжээ.

 

Өвлүүлэгчийн эд хөрөнгийг бүхэлд нь өвлөн авсан Б өмчлөх эрхээ тэр хэмжээгээр Г.Баттөмөрт шилжүүлэхээр тохиролцсон хэлцэл нь хэлцлийн талуудын хүчин төгөлдөр хүсэл зоригийн илэрхийлэл болсон “өв хүлээн авахаас татгалзах тухай” хүсэлт болон үүний үндсэн дээр эд хөрөнгийг Г.Баттөмөрт өвлүүлэх 31 тоот өвлөх эрхийн гэрчилгээнүүд олгогдсоноор тус тус илэрлээ олсон байх ба энэ нь үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх талаар Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байх тул хувийн сууц болон газрыг өмчлөх эрх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар Г.Баттөмөрт үүссэн гэж үзнэ.

 

Хувийн сууц болон газраас ногдох хэсгийг өмчлөх Бын эрхийг өвлөх эрхийн гэрчилгээ олгох замаар Г.Баттөмөрт шилжүүлсэн нотариатын үйлдэл тухайн хэлцлийн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэх, эсхүл өөрчлөх нөхцөл болохгүй. 

 

Өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй тул хууль ёсны өвлөгч Баас өвлөн авсан эд хөрөнгө өмчлөх эрхээ хэнд ч шилжүүлж болох бөгөөд хэлцлийн нөгөө тал нь хууль ёсны өвчлөгч байхыг шаардах нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасанд нийцэхгүй.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч Баас өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргаагүй, үүний оронд өвлөн авсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ Г.Баттөмөрт шууд шилжүүлэхийг хүссэн, үүнийг өвлөх эрхийн 31 дугаартай гэрчилгээ олгох үйлдэл хийх замаар Г.Баттөмөрт шилжүүлэх хэлцлийг гэрчилсэн нотариатчийн үйл ажиллагаанд Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.3-т заасан зөрчил тогтоогдоогүй, энэ тохиолдолд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.1-д заасан баримтыг Г.Баттөмөрөөс шаардах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Б Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5-д зааснаар өвлөхөөс татгалзаагүй, харин мөн зүйлийн 528.1-д зааснаар өвийг хүлээн авсан тул Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан өвийн ногдох хэсгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан хууль ёсны өвчлөгч Б.Мөнхзул /Бын охин буюу өвлүүлэгчийн ач/-д санал болгох, зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээ олгох зэрэг ажиллагааг хийх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.1.2 дахь заалтууд, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.3, 43 дугаар зүйлийн 43.2.1, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.1, 8.2.1 дугаар зүйлүүдийг зөрчсөн үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Үүнээс гадна нэхэмжлэгч нь өв хүлээн авахаас татгалзах хүсэлтийг гаргахдаа “хожим Г.Баттөмөрөөс хувийн сууц болон газрыг түүнд өмчлүүлэх болно” гэсэн түүний амлалтад үндэслэн Б гаргасан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагатай.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар энэ үйл баримт нотлогдоогүйн гадна энэ үндэслэл нь нотариатын үйлдэл хүчингүй болгох нэхэмжлэлийн үндэслэл болохгүй, өмчлөх эрх шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бүрдүүлэхгүй.

 

Иймд хариуцагч От холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, Нотариатын тухай хуулийн 31.1, 31.3-т заасан үндэслэлгүй тул От холбогдуулан гаргасан Г.Баттөмөрт эрхийн улсын бүртгэлийн Ү-2203011680 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 42-33 тоот хаягт байрлах 60 м.кв талбайтай хувийн сууцыг, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2203001138 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 18646319405769 дугаартай 700 м.кв талбайтай газар зэргийг өвлүүлсэн өвлөх эрхийн 31 тоот гэрчилгээг өв залгамжлалын 31-т бүртгэж гэрчилсэн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн нотариатын үйлдэл, уг үйлдэлд үндэслэн дурдсан хөрөнгөнүүдийг өмчлөх эрхийг Г.Баттөмөрт өвлүүлсэн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн өвлөх эрхийн 31 тоот гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 7 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА